Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 515

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Есөн шижир” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01226 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Саранцэцэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 30 526 667 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Есөн шижир" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Х.Саранцэцэг 2015 оны 3 сарын 21-ний өдөр манай компаниас ЗГ0502150035 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 30 хоногийн 4.5 хувийн хүүтэй, BENZ ML 350 маркийн 01-23 УНП улсын дугаартай автомашиныхаа эзэмших эрхийг манай компанийн нэр дээр шилжүүлэн барьцаалж, 20 000 000 төгрөг зээлсэн. Зээлдэгч Х.Саранцэцэгт зээл, хүүгээ төлөхийг удаа дараа шаардахад төлнө удахгүй мөнгө орж ирнэ, шүүхэд битгий өгөөрэй гэсээр хүүгээ төлөөгүй гэрээний хугацааг 252 хоног хэтрүүлсэн. Зээлдэгч Х.Саранцэцэг нь үндсэн зээл 20 000 000 төгрөгөөс огт төлөөгүй, 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 285 хоногийн зээлийн үндсэн хүүнд 8 550 000 төгрөг төлөхөөс 8 023 333 төгрөгийг төлж, үлдэгдэл 526 667 төгрөгийг төлөөгүй. 2015 оны 12 сарын 31-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл зээлээ төлөөгүй гэрээний хугацааг 252 хоног хэтрүүлсэн тул алданги 10 080 000 төгрөг төлөх ёстой боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй гэснийг баримтлан 10 000 000 төгрөгийн алданги төлөгдөх юм. Иймд Х.Саранцэцэгээс үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 526 667 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 30 526 667 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч Х.Саранцэцэг нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны автомашиныг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж байна. Хариуцагч Х.Саранцэцэг нэхэмжлэлийн шаардлага болох 30 526 667 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 11 сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 12 сарын 31-ний өдөр 20 526 667 төгрөгийг төлөхөөр, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.

 

Хариуцагч Х.Саранцэцэгийн шүүхэд гаргасан тайлбарт: "Есөн шижир ХХК-ийн зээлийн төлбөрт 30 526 667 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг би бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 158 дугаар зүйлийн 158.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар "Есөн шижир" ХХК-ийн Х.Саранцэцэгээс зээлийн гэрээний үүрэг, алданги 30 526 667 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Есөн шижир" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 583 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х.Саранцэцэг давж заалдах гомдолдоо:

Зээлдэгч Х.Саранцэцэг би 2015 оны 3 сарыг 21-ний өдөр "Есөн шижир" ХХК-иас 30 хоногийн хугацаатай, 4.5 хувийн хүүтэй, Бенз МЛ 350 маркийн 01-23 УНП улсын дугаартай автомашины эзэмших эрхийг тус компанийн нэр дээр шилжүүлэн барьцаалж, 20 000 000 төгрөг зээлсэн. Гэрээний хугацаанд зээлийн хүүнд 8 023 333 төгрөг төлсөн. Шүүх "Есөн шижир" ХХК анзыг барьцаагаар хангуулах шаардлага гаргасан нь Иргэний хуульд нийцээгүй тул зохигчийн эвлэрлийг батлах боломжгүй гэсэн байдаг. Шүүх зээлдэгч зээлийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь барьцаа хөрөнгийг худалдан борлуулж шаардлагаа хангуулах эрхийг олгож "Есөн шижир" ХХК нь 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хариуцагч Х.Саранцэцэгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан автомашиныг худалдан борлуулж, шаардлагаа хангуулах арга хэмжээ аваагүй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн.

Ингэж дүгнэсэн нь зээлдүүлэгч барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг явуулахгүйгээр өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авах эрсдэл үүсч байгаа юм. Учир нь уг машины үнэ надаас нэхэмжилсэн 30 526 667 төгрөгийг 2 нугалах хэмжээний үнэтэй юм. Энэ нь зээлийн гэрээгээр халхавчлан үндэслэлгүй хөрөнгөжих байдалд хүрч зээлдэгч би хохирох болоод байна.

Мөн “Есөн шижир" ХХК нь зээл олгохдоо Бенз МЛ 350 маркийн 01-23 УНП улсын дугаартай автомашины эзэмших эрхийг барьцаалж, машинаа унаж явах эрхтэйгээр олгосон мөртлөө уг машиныг хурааж авчихсан. Ингэснээр машиныг өөрөө зарж борлуулж зээлийг төлөх боломж олгохгүй байгаа бөгөөд барьцаалсан нэртэй өвлийн улиралд гадаа байлгаснаас уг машины цонх хагарч, техникийн үзүүлэлтүүд шаардлага хангахуйц чадахгүй болсон бөгөөд уг машины үнэ үлэмж буурч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хэмжээнд байж чадахаа больсон байна.

Иймд "Есөн шижир" ХХК нь гэрээ болон хуульд заасан эрх барьцаа хөрөнгийг худалдан борлуулж шаардлагаа хангуулах эрхээ хэрэгжүүлснээр зээлийн гэрээний шаардлагыг хангуулах бүрэн боломжтой гэж “Есөн шижир" ХХК-ийн 30 526 667 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК нь хариуцагч Х.Саранцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 526 667 төгрөг гаруулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар өгчээ.

 

Хариуцагч Х.Саранцэцэг 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК-иас 20 000 000 төгрөг, 1 сарын хугацаатай, сард 4.5 хувийн хүүтэй зээлдэн авч үүргийн гүйцэтгэлд “Бенз МL 350” маркийн 01-23 УНП улсын дугаартай автомашиныг барьцаалсан, үүргээ хугацаанд нь гүйцэтгэгээгүй нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон байх ба тэрээр зээлдэгчийн хүсэлтээр гэрээний хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан үйл баримт тогтоогдсон, талуудын байгуулсан гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281.1, 286 дугаар зүйлийн 286.5, 282 дугаар зүйлийн 282.4, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Хариуцагч нь гэрээний хугацаанд зээлийн хүүнд 8 023 333 төгрөг төлж,  үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэлд 526 667 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон тул үүргийн биелэлтийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Хэргийн 19, 21 дүгээр талд авагдсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч Х.Сарангэрэлийн тайлбар, мөн талуудын маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудыг үндэслэн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан журмын дагуу хариуцагчийн зөвшөөрлийг батлах эсхүл зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

 

Тодруулбал шүүх дүгнэхдээ анзыг барьцаагаар хангуулах шаардлага нь Иргэний хуульд нийцэхгүй гэсэн нь зөв боловч нэхэмжлэгч нь зөвхөн анз шаардаагүй, зээлийн үндсэн үүрэгт 20 000 000 төгрөг, зээлийн хүүд 526 667 төгрөг, алданги 10 000 000 төгрөг шаардсан байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрөөр тодорхойлж, Иргэний хуулий 286 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

 

Зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох автомашиныг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангах  шаардлага гаргасан тул шүүх хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг тогтоож, үүрэг биелэгдээгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр хэрхэн хангах талаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь зээлийн болон барьцааны гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй ба хариуцагч тал үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 526 667 төгрөг, алдангид 10 000 000 төгрөг шаардсан нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй тул хариуцагчаас нийт 30 526 667 төгрөг гаргуулж үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн биелэлтийг хангуулах нь зүйтэй.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Сүхбаатар дүүргийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01226 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Саранцэцэгээс 30 526 667 төгрөгийг гаргуулж, "Есөн шижир" ХХК-д олгож, үүргийн биелэлт хангагдаагүй нөхцөлд барьцаанд бариулсан бенз МL 350 маркийн 01-23 УНП улсын дугаартай автомашиныг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангасугай ” гэж,  

шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Есөн шижир" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 583 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Сарангэрэлээс 310 583 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Есөн шижир" ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                    ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                                  А.МӨНХЗУЛ