Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2018/ДШМ/023

 

Ш.О, Б.А, Х.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Ш.О

Хохирогч Б.Х

Хохирогчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Хын гаргасан давж заалдах гомдлоор Ш.О, Б.А, Х.А нарт холбогдох эрүүгийн 1714002240147 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Буурал овогт Ш.О, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, Чогдов овогт Б.А, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, Ямаатынхан овогт Х.А, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Ш.О нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг” зоогийн газарт С.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Б.Атэй хамт нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах “*******” баарны гадна талбайд Д.Оыг зодож бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Б.А нь Х.Атай бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мазаалай” телевизийн өрөөнд болон “Шар бүрд” худалдааны төвийн гадна Б.Хыг зодож бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн Ш.Отай хамт нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багт байрлах “*******” баарны гадна талбайд Д.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Х.А нь Б.Атэй бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мазаалай” телевизийн өрөөнд болон “Шар бүрд” худалдааны төвийн гадна Б.Хыг зодож бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Ш.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1, Б.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1, Х.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Буурал овогт Ш.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Чогдов овогт Б.Аийг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ямаатынхан овогт Х.Аыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ш.Оыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Б.Аийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Х.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ш.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Б.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил тус бүр оногдуулсан хүнд ялд нэмж нэгтгэн Ш.О, Б.А нарын нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ш.О, Б.А нарт тус тус оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.2-д зааснаар Ш.О, Б.А нарт тус бүрт 1 жил 1 сар хугацаагаар оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээг хэрэгжүүлж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 161 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Х.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 мянган төгрөгөөр торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний дотор төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихийг мэдэгдэж, биелэлтэд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Б.А, Х.А нараас тус бүр 65.550 төгрөг нийт 131.100 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэйг дурдаж, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ш.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2-д зааснаар Б.А, Х.А нарыг гэмт хэргийн хор уршиг 131.100 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны дотор төлж барагдуулж, шүүгдэгч Х.Аыг зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Ш.Оын эзэмшлийн “Нокиа” 3310 маркийн, Б.Аийн эзэмшлийн “Самсунг” маркийн, Х.Аын эзэмшлийн “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож дээрх гар утаснуудыг эзэмшигч Ш.О, Б.А, Х.А нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Ш.О, Б.А, Х.А нарт тус тус авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Х гаргасан давж заалдах гомдолдоо: Б.Х миний бие 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 7 сартай жирэмсэн байхдаа Баянхонгор сумын 1 дүгээр багт өөрийн нөхөр Б.А болон манай нөхөртэй эр эмийн харилцаатай Х.А нарт зодуулан ихэс ховхорч хөнгөн зэргийн гэмтэл авсан. Тухайн үед Х.А гэгч нь миний нөхөртэй бэлгийн харьцаанд орж байсан нь сонсогдсон учраас би ороод уурлаж хашгичсан. Гэтэл манай нөхөр намайг тэвэрч аваад хөдөлгөөнгүй болгож байгаад Х.А намайг үсдэж нүүр рүү цохисон. Мөн дараа нь “Шарбүрд” дэлгүүрийн өмнө үсдэж аваад түлхэж унагаасан. Үүнээс өмнө надад ямар нэгэн зовиур байгаагүй. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Х.А, Б.А, Ш.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн. Улмаар Х.Ад 450 нэгжээр торгох, Б.Аийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн.

Би 2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөө хугацаанаасаа өмнө амаржиж, хүү минь нас барьсан. Гэтэл шүүх хуралдаан дээр Х.Аыг чи хэдэн төгрөгөөр торгуулах юм бэ? гэж асууж байгаад яг өөрийнх нь хэлсэнээр торгосон. Намайг ийм байдалд хүрч гэмтэхэд хамгийн их нөлөөлсөн хүн бол Х.А байхад түүнд хамгийн бага ялыг өгсөнд гомдолтой байна. Х.А гэгч нь шүүх хуралдаанд зохисгүй байдлыг миний өмгөөлөгч бас төрийг төлөөлж буй прокурор руу гаргаж байсан. Бас намайг зодоогүй гэж худал мэдүүлж, гэм буруугаа огт хүлээхгүй хэргийн хүмүүсийг загнах өнгө аястай биеэ авч явж байснаас гадна надад хохирол төлөөгүй байсан. Энэ байдал шүүх хуралдааны бичлэгт бичигдсэн байгаа байх. Гэтэл хуульд заасан хамгийн бага ялыг Х.Ад өгсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо Х.А нь манай гэр рүү манай нөхрийг байнга явуулж надтай хэрэлдүүлдэг. Шүүх хурлын дараа гарын үсгээ гомдолгүй гэж өг гээд намайг удаа дараалан шахсан.

Миний дутуу төрсөн шалтгааныг эмч хэлэхдээ олон төрлийн хүчин зүйлээс үүссэн байна гэсэн бөгөөд ургийн ус багатай, мөн ихэс ховхорсоноос, сэтгэл санааны байдлаас болсон гэж хэлсэн. Би ингэж их хохирчихоод байхад Х.Ад хамгийн бага шийтгэлийг оноосныг би бодохдоо шүүх эрэгтэй, эмэгтэй гэдгээр нь ялгаварлаж харьцдаг юм байна гэж бодсон. Аль аль нь адилхан шийтгэл авах ёстой гэж бодож байна. Х.А нь би 450.000 төгрөгөөр торгуулвал торгуулна үгүй бол өөр мөнгө өгч чадахгүй ба нийтэд тустай ажил хийж чадахгүй гээд зогсоод байсан. Иймд миний хохирсон байдал Х.Аын хувийн байдлыг харгалзан Х.Ад Б.Атэй адилхан ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

Хохирогч Б.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 7 сартай жирэмсэн байхдаа нөхөр Б.А, Х.А гэх эмэгтэй хоёрт зодуулж ихэс ховхорсон. Үүнээс хойш гэртээ хэвтэж байгаад хугацаанаас өмнө дутуу төрж хүүхэд минь эндсэн байхад анхан шатны шүүхээс Х.Ад хамгийн хөнгөн ялыг өгсөнд гомдолтой байна. Мөн шүүх хуралдаан болсоны дараагаар ч гэсэн ажил дээр ирэн намайг дарамталсан. Дөнгөж сая хүртэл шүүхийн гадаа намайг зодлоо. Энэ хүн намайг сэтгэл санаа болон бие махбодийн дарамтанд оруулж байхад яагаад зохих ял шийтгэлийг нь өгч болохгүй байгаа юм бэ. Удахгүй намайг гэрээс чинь хөөлгөнө би танай гэрт очиж амьдарна гэж хүртэл хэлж байгаа гэв.

Хохирогчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд Х.Аын биеэ авч явж байгаа байдлыг шүүх харгалзан үзэлгүйгээр ял оногдуулсан. Иймд түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалан ял шийтгэлийг хүндрүүлэн оногдуулах эрх нь давж заалдах шатны шүүхэд байгаа хэдий ч анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэн хуульд заасан ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хохирогч Б.Хын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.А, Х.А нарыг бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мазаалай” телевизийн албан өрөөнд болон “Шар бүрд” худалдааны төвийн гадна Б.Хыг зодож бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Хавтаст хэргийн 102 дугаар талд авагдсан Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №510 дугаар хохирогч Б.Хын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтийн хохирогчийн биед үзлэг хийсэн хэсэгт /хх-ийн 103-р тал/ “...2017.10.12-ны эхо-д ихэсийн зүүн хажуу ар ханаар 5.1х1.7 см, эхо холимог бүрдэлтэй. Онош Жирэмслэлт 2, 28 долоо хоногтой, ураг хэвийн байрласан, ихэс хэсэгчлэн ховхорсон, дутуу төрөхөөр завдаж буй...”,

Дүгнэлт хэсэгт “...Б.Хын биед ихэсийн зүүн хажуу ханын хэсэгчилсэн ховхорол... гэмтэл тогтоогдлоо..., ...дээрх гэмтлүүд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх болон хохирогч Б.Хын анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд “...уг гэмтлээс болж урагт нөлөөлж дутуу төрж, хүүхэд эндсэн...” хэмээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзвэл хохирогчийн биед үүссэн ихэс ховхрох гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээс болж үүсэх, уг гэмтэл нь урагт нөлөөлөх эсэх, энэ төрлийн гэмтлийг авсан эх хэдий хугацаанд ургийг хэвлийдээ тээх боломжтой, хүүхэд төрөөд эндсэн нь уг гэмтэлтэй холбогдох эсэхийг тогтоогоогүй байгаа нь буруу байна.

Түүнчлэн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын Гуравдугаар хэсэг буюу “Гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуур”-ын 3.5.2-т “...үр тогтоох, жирэмслэх, ураг тээх, хүүхэд төрүүлэх чадвахгүй болгох..., ...зэрэг үлдэц уршиг энэ ангилалд хамаарна...” мөн 3.5.3-т “...жирэмслэлт таслагдах Үүнд: гэмтлийн улмаас жирэмслэлтийн хугацаанаас үл хамааран дутуу төрөх, ураг зулбах, ураг амьгүй болох тохиолдол хамаарна...” гэх зэргээс үзвэл шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №510 тоот дүгнэлт илт эргэлзээтэй байх тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасны дагуу дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, хохирогч Б.Хын гаргасан шүүгдэгч Х.Ад оногдуулсан торгох ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар солиулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Х.А нь тус аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болох өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Б.Хыг шүүхийн гадна дахин зодсон, хэл амаар доромжилсон, мөн байнга сэтгэл санааны болон бие махбодийн дарамт учруулж байгаа талаар хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан үндэслэл тогтоогдож байх тул хохирогчийн аюулгүй байдлыг хангах үүднээс Х.Ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн болохыг дурдав.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Ш.О, Б.А, Х.А нарт холбогдох эрүүгийн 1714002240147 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ш.О, Б.А нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                 ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                           Н.ЭНХМАА