Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 710

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, 

Нэхэмжлэгч: Н.Ш

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

                    Баянзүрх дүүргийн Засаг дарга 

                    Баянзүрх дүүргийн Газрын алба 

Гуравдагч этгээд: Б.Б, Г.Э, Д.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн Г.Эод, мөн оны А/257 дугаар захирамжийн Б.Бад,  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Б.Б, Г.Эод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Р.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээд Д.Ц, гэрч Ц.Т, иргэдийн төлөөлөгч М.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Н.Ш миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны уугуул иргэн бөгөөд одоог хүртэл энэ нутагтаа амьдарч, ажиллаж байна. Уг маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн 23-1а тоот газарт дугуй засварын үйл ажиллагаа эрхэлж амьдарч ирсэн. Энэ хугацаанд уг газраа өөрийн нэр дээр авах гэж удаа дараа Баянзүрх дүүргийн Газрын албанд очиж хандахад наад газар чинь үерийн ам зөвшөөрөх боломжгүй гээд буцаагаад байсан. 20 дугаар хорооноос миний нөхцөл байдлыг ойлгож үйл ажиллагаа явуулаад эзэмшээд байгааг ойлгоод уг газарт үйл ажиллагаа явуулж эзэмшиж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтыг хийж өгдөг боловч газрын албаныхан авч хэлэлцэхгүй байсаар ирсэн. Гэтэл гэнэт үзэгдэж харагдаагүй иргэн Н.Агэж хүн миний газар гэж гарч ирэн шүүхэд хандсан. Тэр үед уг газар дээр мөн Г.Э, Б.Б гэж хүмүүс өмчилсөн байсныг мэдсэн. Н.Ань газрын албатай тохиролцож нэхэмжлэлээ буцааж авсан. Гэтэл намайг эрх ашиг зөрчигдсөн гуравдагч этгээдээр татсан боловч эрх ашиг минь хохироод үлдсэн. Уг газрыг намайг эзэмшиж ашиглаж, хашаа хороогоо татаж байхад эдгээр хүмүүс огт байхгүй байсан. Уг газрыг огт эзэмшиж ашиглаж байгаагүй. 

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.” гэж заасныг хариуцагч нар зөрчсөн. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг зөрчсөн байгааг анхаарч үзэх шаардлагатай. Төрийн эрх бүхий байгууллага нь миний хүсэлтийг авч хэлэлцэхгүй үүднээсээ буцаадаг мөртлөө танил талаараа огт эзэмшиж ашигладаггүй хүнд бичиг баримт гаргаад өгч байгаа нь миний ажиллаж, амьдрах эрхийг зөрчиж байна. Миний бие уг нутаг орондоо хар бага наснаасаа амьдраад 0.7 га газраа авч чадахгүй байхад эдгээр хүмүүст 1400 мкв газар олгоод нөгөө хүмүүс нь эзэмшиж ашигласан ч зүйл байхгүй дамлаж зараад явж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Газрын алба үнэхээр надад үерийн ам зөвшөөрөл олгохгүй гэж хэлсэн шигээ эдгээр хүмүүст зөвшөөрөл олгохгүй байх байтал олгож байгаа нь хууль бус байгаа юм. Миний бие уг газарт үйл ажиллагаа явуулж ирснийг Баяндөхөмийн уугуул суурин иргэд бүгд мэднэ. Газрын алба нэг ч удаа уг газарт хэн ямар этгээд эзэмшиж ашиглаж байгааг нүдээр ирж үзээгүй мөртлөө мөн үнэхээр үерийн ам зөвшөөрөл олгохгүй газар байсан юм бол яагаад энэ олон хүнд давхцуулж газар олгодог юм бэ? Энэ хууль бус байдлыг тогтоож, миний эрх ашгийг хамгаалж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:  “... Дүүргийн Засаг даргын 2014 оны А/585 дугаар захирамжаар 20 дугаар хороо Баяндөхөмийн 23-13в тоотыг Б.Бад, 23-13 г тоотыг Г.Эод иргэний ахуйн зориулалтаар тус бүр 700м2 газрыг газар эзэмшүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ. 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан байна. Үүнээс үзэхэд захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэгдүгээрт хууль бус захиргааны акт байх, хоёрдугаарт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг хуулиар шаардаж байна.

Нэхэмжлэгч Н.Ш нь маргаан бүхий акт гарахаас өмнө эзэмшиж, ашиглаж байсан гэж маргаж буй нь үндэслэлгүй. Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасан тул нэхэмжлэгч нь газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа этгээд гэж ойлгогдож байна. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Иргэн Г.Эод Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баяндөхөмийн 23-1Зг тоотод Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжаар 700 м.кв газар эзэмших эрх олгосныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжаар өмчлүүлжээ.

Иргэн Б.Бад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөмийн 23-13 в тоотод Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжаар 700 м.кв газрыг эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжаар өмчлүүлсэн.

Иргэн Н.Шийн тухайд уг иргэнд газар эзэмших эрх үүсээгүй, хуулийн холбогдох заалтыг зөрчиж зохих эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газар эзэмшиж ашиглаж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчиж байна. 

Иргэн Г.Э, Б.Б нарт газар эзэмшүүлж ашиглуулсан нь иргэн Н.Шийн эрх ашгийг хөндөөгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Маргаан бүхий газрын ойр орчим бол ус бүхий газрын онцгой хамгаалалтын бүс буюу Туул голын хамгаалалтын бүсэд багтдаг. Түүнээс үерийн ам биш” гэжээ. 

Гуравдагч этгээд Д.Ц шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “ Цагаанцоож миний бие энэ газрыг худалдан авсан, бичиг баримт бүрэн өмчилсөн газар авсан. Авахад тухайн газар дээр хашаа байгаагүй. Хашаа барих гээд очиход хашаа татсан байсан. Би холбогдох газраас нь шаардах хуудас авч наасан. Удалгүй Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гуравдагч этгээдээр энэ газартай холбоотой дуудагдаж, нэхэмжлэл гаргасан Н.Ань нэхэмжлэлээ татаж авсан. Одоо хашаа татах гэхээр энэ асуудал үүсээд байна. Н.Ш нь энэ олон жилийн хугацаанд байхдаа бичиг баримтгүй тул ажил саатуулаад байгаа учир шийдэж өгнө үү.” гэжээ. 

Гуравдагч этгээд Б.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Б.Б миний бие уг газрыг дүрэм журмын дагуу албан ёсны бичиг баримтыг бүрдүүлэн хүсэлт өгсний дагуу Баянзүрх дүүргийн газрын албанд шийдвэрлүүлж авсан болно. Монгол Улсын иргэн нэг удаа газраа өмчилж авах эрхээ ашиглан өмчилж авч өөрийн өмчөө худалдсан болно. Одоо хянагдаж буй хэргийн шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж зөвшөөрнө. Иймд миний зүгээс уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлгүй байна.” гэжээ . 

Гуравдагч этгээд Г.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Ганболд овогтой Энхболд миний бие Баянзүрх дүүрэг Баяндөхөмийн 23-13г тоот газрыг 2014 онд өргөдөл бичиг баримтаа хууль ёсны дагуу өгч тус газрыг эзэмшиж авсан. Тухайн үед тус газарт ямар ч кадастрын зураг, хууль ёсны эзэмшигч байгаагүйг тодорхойлсон. Тус газрыг хууль ёсны дагуу худалдсан болно. Иймээс миний бие хөдөө орон нутагт удаан хугацаагаар ажилладаг тул дуудсан үед шүүхэд очих боломжгүйг мэдэгдье. Шүүхээс ямар шийдвэр гарна түүнийг хүндэтгэн хүлээн авна.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Шээс Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн Г.Эод, мөн оны А/257 дугаар захирамжийн Б.Бад,  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Б.Б, Г.Эод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэн Н.Ш нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээ эрхлэх 0000246, 160112, 0000355  тоот гэрээний үндсэн дээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 23-1а тоотод “Дугуй засварын үйлчилгээ” эрхэлж байгаа бөгөөд 2016 онд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаар уламжлан Өмч, газрын харилцааны албанд “Тус хорооны иргэн Нармандахын Шинэтөр олон жил амьдарч байгаа тул газрыг эзэмшүүлж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан байна.  

Хэрэгт авагдсан иргэн Г.Э, Б.Б нарын газар баталгаажилтын хувийн хэрэг, Иргэнд өмчлүүлсэн газрын хувийн хэрэг болон бусад нотлох баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 23-13в тоотыг Б.Бад, 23-13г тоотыг Г.Эод тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлснийг үндэслэн уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41, А/257 дугаар захирамжуудаар тус иргэдэд өмчлүүлсэн болох нь тогтоогдож байна. Ийнхүү иргэн Б.Б, Г.Э нарт газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцжээ.

Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн агуулга, зохицуулалтаас үзвэл иргэн газар эзэмших, өмчлөх хүсэлт гаргасан газартаа заавал амьдрахыг шаардаагүй бөгөөд харин Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан заасны дагуу хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай давхцаагүй байх талаар зохицуулжээ. 

Нэхэмжлэгч иргэн “Баянзүрх дүүргийн 23-1а тоот газарт дугуй засварын үйл ажиллагаа явуулж, олон жил амьдарч ирсэн. Энэ хугацаанд уг газраа өөрийн  нэр дээр авах гэж удаа дараа Баянзүрх дүүргийн Газрын албанд хандсан бөгөөд өнөөдрийг хүртэл шийдвэр гараагүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байх боловч нэхэмжлэгчийн 2016 онд газар эзэмших хүсэлт гаргасан газар нь бусдад өмчлүүлсэн газартай давхацсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2018 оны 2/1096 дугаар албан бичгээр ирүүлсэн зургаар  нотлогдож байна. 

Нэхэмжлэгч тухайн газарт амьдардаг гэх боловч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр “...тухайн газар байнга байдаггүй, зундаа түр амьдардаг...” гэж тайлбарласан бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заажээ. 

Иргэн Н.Ш нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүсэлтийг удаа дараа гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмших юм. Гэтэл нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээ эрхлэх гэрээний үндсэн дээр дугуй засварын үйлчилгээ эрхэлж байгаа нь тус газрыг эзэмших эрхтэйг нотлохгүй бөгөөд түүнд газар эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэр гараагүй байна. 

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх үүсээгүй, түүний хүсэлт гаргасан газар нь бусдад эзэмшүүлсэн газартай давхацсан , гуравдагч этгээд Г.Э, Б.Б нараас өмнө хүсэлт гаргаж байсан нь нотлогдохгүй байх тул  нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 585 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/257 дугаар захирамжийн Г.Э, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Газрын албаны газар олгохгүй, хүсэлт шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй  хууль бус  болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан  шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно.“, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон хөдөлгөөний бүртгэлийг  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу хөтөлнө.” гэж зааснаар улсын бүртгэлийн байгууллага маргаан бүхий газрыг өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Г-2204024369 дугаарт иргэн Б.Цагаанцоожийн өмчлөлд бүртгэсэн байна. 

Хэдийгээр нэхэмжлэгч, иргэн Б.Цагаанцоожийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч Б.Цагаанцоож маргаан бүхий газрыг өмчлөх эрхийг баталгаажуулсан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000354770 дугаартай гэрчилгээтэй байх тул түүнийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг дурдах нь зүйтэй. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Н.Шөөс Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн Г.Эод, мөн оны А/257 дугаар захирамжийн Б.Бад,  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Б.Б, Г.Эод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч   шүүхийн  шийдвэрийг  эс  зөвшөөрвөл  гардан  авсан  өдрөөс  хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ДАМДИНСҮРЭН 

                       ШҮҮГЧ                                      Л.БАТБААТАР

                       ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ