Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0511/3 |
Дугаар | 221/МА2022/0675 |
Огноо | 2022-10-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2022/0675
Т.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга О.А
Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан мөнгөн урамшуулал олгохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 659 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.С
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 128/2022/0511/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.С-ээс Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан мөнгөн урамшуулал олгохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 659 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, Цагдаагийн албаны тухай хуулийн /2017 оны/ 89 дүгээр зүйлийн 89.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн төвөөс бусад суманд 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тасралтгүй ажилласан Т.С-д 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг олгохоос татгалзсан Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэр илт хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Т.С нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “2009 оны 01 дүгээр сарын 01-ээс 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар, Дулаанхаан, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг суманд замын байцаагчаар ажиллаж байсан хугацааны мөнгөн урамшуулал олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах” гэж, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тодруулсан шаардлагадаа “Урамшил олгохгүй байгаа тул хууль, журмыг зөв тайлбарлан хэрэглэж, урамшил олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урамшлыг олгохыг даалган шийдвэрлэж өгнө үү.” гэж тодорхойлсон.
3.2. Анхан шатны шүүхээс мөн хэргийг хянан хэлэлцэхэд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа “Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан мөнгөн урамшил олгохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгах” гэж тодорхойлсон атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар илт хууль бус актад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж дурдсан.
3.3. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтад хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулаагүй ба энэ хуульд дээр дурдсан заалт байхгүй.
3.4. Хэрэгт авагдсан нэхэмжлэлийн үндсэн болон тодруулсан шаардлага, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараас үзвэл “нэхэмжлэлийн шаардлага нь “урамшил олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг даалгаж, олгуулах” гэж тодорхойлсон байхад шүүхээс тухайн маргааныг илт хууль бус гэсэн байдлаар буюу нэхэмжлэлийн тодорхойлсон шаардлагыг өөрөөр тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангасанд гомдолтой байна.
3.5. Мөн хариуцагчийн төлөөлөгч нарын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 94.1 дэх хэсэгт заасан “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэж тус тус заасныг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:” гээд 14.1.1 дэх заалтад “доод шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;” гэж заасныг баримтлан татгалзлаа илэрхийлсэн байхад энэ талаар огт дүгнэлт хийхгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
3.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-д “эс үйлдэхүй” гэж маргаж байгаа боловч бичгээр хариу өгсөн тухай дурдаж энэ нь “шийдвэр” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн ажиллаж байсан цагдаагийн газарт хүргүүлсэн албан бичиг нь өөрөө захиргааны байгууллагаас “эс үйлдэхүй” гаргаж байгааг илэрхийлж байгаа баримт болно.
3.7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд тодорхой тохиолдлуудыг зааж өгсөн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт аль заалтын дагуу цагдаагийн байгууллагаас гаргаж байгаа эс үйлдэхүй илт хууль бус болоод байгааг дүгнээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2.1. Анх нэхэмжлэгч Т.С-ээс Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан “...Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгоно” гэсэн заалтын дагуу Цагдаагийн ерөнхий газраас 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар, Дулаанхаан, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг суманд ажилласан хугацааны урамшлыг олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргажээ.
2.2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Цагдаагийн албаны тухай хууль /2013 оны/-ийн 39 дүгээр зүйлийн 39.2, Цагдаагийн албаны тухай хууль /2017 оны/-ийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар, Дулаанхаан, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг суманд ажилласан хугацаанд тооцон олгохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урамшууллыг тооцож олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах” гэж тодруулсан байна.
2.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Т.С нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад “Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу 30 сарын мөнгөн урамшууллыг олгуулах” тухай хүсэлтийг гаргажээ.
2.4 Үүний дагуу Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 46/1-1516 дугаар албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Б-д цагдаагийн хошууч Т.С-д 30 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгуулах саналыг холбогдох материалын хамт хүргүүлсэн бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5б/2720 дугаар албан бичгээр Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын даргад “...Одоогийн мөрдөгдөж байгаа Цагдаагийн албаны тухай болон Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгоход өмнөх хугацааг хэрхэн тогтоох талаар зохицуулалт байхгүй тул шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг хүргүүлсэн байна.
2.5. Улмаар Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 46/1-1875 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Т.С-д дээрх Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5б/2720 дугаар албан бичгийг хүргүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрээс үзэхэд, нэхэмжлэгч тухайн албан бичгийн өдөрт нь буюу 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан болох нь тогтоогдож байна[1].
2.6. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” шүүхэд нэхэмжлэл гаргахаар хуульчилжээ.
2.7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.С-ээс 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил олгохоос татгалзсан хариуг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах байжээ.
2.8. Нэхэмжлэгчээс хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байгаа энэ тохиолдолд анхан шатны шүүх “... “эс үйлдэхүй” гэж маргаж байх боловч албан бичгээр хариу өгсөн байх тул энэ нь татгалзсан шийдвэрт хамаарах бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “хуульд үндэслэх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай нийцээгүй, илт хууль бус...”, “... илт хууль бус актад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй...” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагаас хальж, өөрчлөн дүгнэх замаар хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байтал нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 659 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар Т.С-ийн Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан мөнгөн урамшуулал олгохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
[1] Хавтаст хэргийн 32 дугаар талд,