Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 134/ШШ2017/00065

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                                        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Засаг даргын тамгын газрын байрны 320 тоотод байрлах, Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газар /Хуулийн этгээдийн РД:4614999, утас: 99188816/, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, өөрийн байранд байрлах, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газар /Хуулийн этгээдийн РД:9018522, утас: 9411319/ нарынгаргасан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багт байрлах Чойр хайрхан ХХК /Хуулийн этгээдийн РД:4612043, утас:99050014/-д холбогдох түрээсийн төлбөр 7 192 800 төгрөгийг гаргуулж, төрийн сан банкны 220000953 тоот дансанд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газар болон Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газар нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багт байх төмөр агуулах хоёр, шороон агуулах нэг, нийт 333 м2 талбайтай гурван агуулахыг Чойр хайрхан ХХК нь 2016 онд Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газар, Баянтал сумын Засаг даргын Тамгын газартай гурван талт түрээсийн гэрээ байгуулан ашигласан юм. Чойр хайрхан ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээгээр эд хөрөнгийн 1 м2 талбайн үнэ 1 800 төгрөг, 333 м2 талбайн сарын түрээсийн төлбөр 599 400 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд төлбөрийг төрийн сан банкны 220000953 дугаартай дансанд сар бүр төлж байхаар гэрээнд тусгасан болно. Гэтэл түрээсийн төлбөрийг 2016 онд огт төлөөгүй бөгөөд түрээсийн гэрээнд заасан үүргээ ноцтойгоор зөрчсөн тул төлбөр төлөхийг шаардсан албан бичгийг удаа дараа хүргүүлсэн боловч өнөөг хүртэл нэг ч удаа түрээсийн төлбөр төлөөгүй болно. Иймд түрээсийн гэрээний дагуу сар бүрийн төлбөр 599 400 төгрөг, гэрээний хугацаа 1 жил буюу 12 сарын хугацаатай байгуулсан тул нийт төлөх түрээсийн төлбөр 7 192 800 төгрөгийг гаргуулж, төрийн сан банкны 220000953 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нэхэмжлэгч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанцэцэг, В.Гантуяа нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Чойр хайрхан ХХК нь түрээсийн төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Чойрхайрхан ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одбаясгалан нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газар болон Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газруудтай байгуулсан гурван талт гэрээний дагуу 2016 оны түрээсийн төлбөр болох 7 192 800 төгрөгийг нэхэмжилж, тус байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлийг манай компани хүлээн зөвшөөрч байна. Иймд түрээсийн төлбөр буюу 7 192 800 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төрийн сан банкны 220000953 тоот дансанд төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Зохигчид хоорондоо: ...хариуцагч Чойрхайрхан ХХК нь түрээсийн төлбөр 7 192 800 /долоон сая нэг зуун ерэн хоёр мянга найман зуун/ төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төрийн сан банкны 220000953 тоот дансанд төлж барагдуулна гэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хүлээн зөвшөөрч зохигчид хоорондоо тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газар болон Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газар нар нь хариуцагч Чойр хайрхан ХХК-аас нэг жилийн түрээсийн төлбөр 7 192 800 төгрөгийг гаргуулж, төрийн сан банкны 220000953 тоот дансанд төвлөрүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Чойрхайрхан ХХК нь түрээсийн төлбөр 7 192 800 /долоон сая нэг зуун ерэн хоёр мянга найман зуун/ төгрөгийг төлөхийг маргаангүй хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Төрийн сан банкны 220000953 тоот дансанд төлье гэсэн тайлбар гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нэхэмжлэгч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанцэцэг, В.Гантуяа нар нь хүлээн зөвшөөрч зохигчид хоорондоо тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

 

Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 130 035 төгрөгийн тавин хувь болох 65 017 төгрөгийг гаргуулж орон нутгийн төвсийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Чойрхайрхан ХХК нь нэг жилийн түрээсийн түрээсийн төлбөр 7 192 800 /долоон сая нэг зуун ерэн хоёр мянга найман зуун/ төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Төрийн сан банкны 220000953 тоот дансанд төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газар болон Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газар нар нь хүлээн зөвшөөрсөн тул зохигчдыг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Энэхүү нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 65 017 /жаран таван мянга арван долоон/ төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

4.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ