Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 232

 

 

 

 

 

 

 

   

   2021        02           26                                  2021/ШЦТ/232

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч С.Чинзориг,

Иргэний хариуцагч Д.Сүхбат,

Хохирогч Л.Батзориг,

Шүүгдэгч С.Б түүний өмгөөлөгч Г.Минжмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бт холбогдох эрүүгийн 2006 04285 0012 дугаар хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Ногоон толгойн 3-587 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С.Б

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч С.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 10 дугаар сарын 28-наас 29-нийг шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цайз захын баруун урд уулзвар замд “Тоёота Приүс” маркийн 12-42 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо “Тоёота Приүс” маркийн 61-37 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хохирогч Л.Батзоригийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, улмаар хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Батзориг мэдүүлэхдээ: “Эмчилгээний зардал, өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүү 900000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-10-12/, хохирогч Л.Батзоригийн мэдүүлэг, /хх-16-19/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12551 дугаартай дүгнэлт /хх-30/, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн №8917 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, /хх-46-47/, гэрч Ц.Батхүүгийн мэдүүлэг, /хх-89/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн магадалгаа, /хх-48-49/, Зам тээврийн ослыг бичсэн Си Динд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-99/,  урьд ял шийтгүүлж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-95/, хохирол төлсөн баримт /хх-108/, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай тогтоол /хх-38/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч С.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 10 дугаар сарын 28-наас 29-нийг шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цайз захын баруун урд уулзвар замд “Тоёота Приүс” маркийн 12-42 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо “Тоёота Приүс” маркийн 61-37 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хохирогч Л.Батзоригийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, улмаар хэргийн газрыг зориуд орхин зугтаасан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-10-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Батзоригийн өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 00 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Цайзын уулзвар замд би Приүс 20 маркийн 61-37 УБП улсын дугаартай автомашиныг жолоодон хойноос урд чигт 1 дүгээр эгнээгээр уулзвар дээр зогсож байгаад ногоон гэрэл асахаар чигээрээ уулзварыг нэвтэртэл зүүнээс баруун чигт Приүс 30 маркийн 12-42 УАН улсын дугаартай автомашин чигээрээ ирээд миний машины зүүн хойд хэсэг рүү мөргөөд явчихсан...” /хх-18-19/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Батзоригийн гэрчээр өгсөн “...Би автомашинаасаа буугаад 5-10  минут орчим болж байтал нөгөө цагаан өнгийн автомашинаас хар бараан хувцастай эрэгтэй хүн бууж ирэхээр би дөхөж очих гэтэл нөгөө хүн уулзвараас хойд зүгт буюу миний ирсэн тал руу явган хүний замаар гүйгээд явсан. Хөнгөн хурдан хөдөлгөөнтэй хүн байсан болохоор нь би залуу хүн байна гэж бодсон. Ингэж байтал уулзварын урд талаас замын цагдаа машинтайгаа ирэхээр нь хүн хойд зүгт зугтаачихлаа гэтэл нөгөө цагдаа явган хойд зүгт гүйсэн. 5 минут орчим болоод нөгөө цагдаа бараа сураг алга гээд буцаад ирсэн...” /хх-16/ гэх мэдүүлэг,

 Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №2551 дугаартай “1. Л.Батзоригт баруун богтосны шөвөг ургацгийн далд хугарал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-30/ гэх дүгнэлт.

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн №8917 дугаартай хохирлын үнэлгээний тайлан дүгнэлтээр “Тоёота Приүс 20 маркийн 61-37 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3.433.000 төгрөг” /хх-46-47/ гэх дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн магадалгаа /хх-48-49/,

 

Зам тээврийн ослыг бичсэн Си Динд үзлэг хийсэн тэмдэглэл дэх “...202001031_110435 дугаартай бичлэг нь нийт 1 минут 16 секундийн бичлэг байх ба бичлэгийн дээд хэсэгт харагдах цагаар 01 цаг 20 минут 31 секундэд уг уулзварын хойд талд зогсож байсан 2 жижиг тээврийн хэрэгсэл нь зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр хөдлөх ба зүүн гар талын тээврийн хэрэгсэл нь зүүн гар тийш эргэж, баруун гар талаас хөдөлж буй тээврийн хэрэгсэл нь уг уулзвараар чигээрээ явах үед буюу бичлэгийн цагийн 01 цаг 20 минут 38 дахь секундэд уг уулзварын зүүн гар талаас цагаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэл ирж урд хэсгийг мөргөөд чигээрээ явж байв. Хойд талаас ирж явсан тээврийн хэрэгсэл нь мөргөгдөөд буцаад хойд зүгт харж зогсов...” /хх-99/ гэх мэдүүлэг

 

Урьд ял шийтгүүлж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-95/,

 

Хохирол төлсөн баримтууд /хх-108/,

 

Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай тогтоол /хх-38/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч С.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 10 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цайз захын баруун урд уулзвар замд “Тоёота Приүс” маркийн 12-42 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо “Тоёота Приүс” маркийн 61-37 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хохирогч Л.Батзоригийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан, хэргийн газрыг зориуд орхин зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Хохирогч Л.Батзориг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохиролд 3700000 төгрөг шүүгдэгчээс авсан, эмчилгээний зардал, өвчтэй байх үеийн цалингийн зөрүү зэрэгт 900000 төгрөг нэхэмжилж байна гэсэн боловч холбогдох баримт нь хэрэгт хангалттай авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинээр баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэж хохирогч нь гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хариуцагчид хариуцуулбал зохих төлбөр байхгүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч С.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо барагдуулах талаар санаачлагатай байсан, гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч гэмшиж буй байдал нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй

 

Шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, өөрийн оршин суух газраас явахыг хориглох үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэх тухай зорчих эрхийг хасах ял,

 

-мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэх, торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си Диг хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

             2. Шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, өөрийн оршин суух газраас явахыг хориглох үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял,

 

             -мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

             7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Хохирогч Л.Батзориг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардалд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

             9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА