Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 236

 

 

 

 

 

 

 

2021          02          26                                 2021/ШЦТ/236

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж  

Нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

Улсын яллагч: М.Очбадрах,

   Шүүгдэгч О.М нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Мд холбогдох эрүүгийн 2002 00601 0003  дугаар хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                           

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 23-103 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 7 дугаар байрны 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, О.М,

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

          Шүүгдэгч О.М нь 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 7 дугаар байрны 00 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц” –ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0,0296 грамм цэвэр жинтэй, “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлэхдээ: “...Би 10 дугаар сарын үед өдөрт 200-аас 300 хүнд нийт 20 бараа хүргэдэг ажил эрхэлдэг байсан. Тэр өдөр гэртээ ирээд хувцсаа тайлж тавиад ээжтэйгээ ярилцаад оройн хоол бэлдэхээр болсон. Би хоолны материал авахаар дэлгүүр явсан. Тэр зуур тамхи татах гээд халааснаасаа асаагуураа гаргатал эвдэрчихсэн байсан. Тиймээс асаагуураа хаях гэхэд газарт өмнө нь хэрэглэж байсан бодис байсан. Тухайн үед тэрийг яагаад хэрэглэснээ би өөрөө сайн мэдэхгүй байна. Түүнийг хэрэглээд байж байхад манай найз зугтаачихлаа гэсэн. Би түүнээс хойш долоо хоногийн дараа байрны гадна нэг дүүтэйгээ юм яриад зогсож байхад цагдаа нар хүрээд ирсэн. Цагдаа нар танай найз баригдсан чи ч бас хэрэглэсэн нь тодорхой гэж хэлсэн. Би сүүлийн зургаа, долоон сар тэр бодисыг хэрэглээгүй байсан. Би цагдаа нарт төвөг удахыг хүсээгүй тул тиймээ манай гэрт тэр бодис байгаа гээд бичлэг хийлгээд хэргээ хүлээн зөвшөөрсөн...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-3/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-4-13/, хүний биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестэрээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-14-16/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №5798 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-25-27/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №5802 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-30-32/, яллагдагч О.Мөнгөнтулгын мэдүүлэг /хх-61/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч О.М нь 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 7 дугаар байрны 00 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц” –ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0,0296 грамм цэвэр жинтэй, “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

 

Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-3/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-4-13/,

 

Хүний биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестэрээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-14-16/,

 

 Шүүийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №5798 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн О.М СЖ97091010 2020.10.19” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно” гэрэл зураг /хх-25-27/ гэх шинжээчийн дүгнэлт,

 

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №5802 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн толгой хэсэг нь эвдэрсэн шар өнгийн асаагуурын хажуу дээр наасан хар ногоон өнгөтэй шавар мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно” /хх-30-32/ гэх шинжээчийн дүгнэлт гэрэл зураг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.М “...Надад яллагдагчаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Өмнө үнэн зөвөөр мэдүүлсэн. Тухайн бодисыг өмнө гэртээ хаяна гэж нууж тавьснаа мартсан байсан. Тэр өдөр гайтай юм шиг олоод нэг удаа хэрэглэчихсэн. Надад хэн нэгэн өгөөгүй. Би асаагуур дээр наагаад л хаяна даа гэж бодоод мартчихсан. Угаасаа хэрэглэхгүй эвдэрхий асаагуур дээрээ наачихсан байсан юм. Нямбаяр гэх өөр хэн нэгэн энэ хэрэгт хамааралгүй. Би өөрийгөө барьж, дийлж байгаад санамсаргүй гэрээсээ олоод л хэрэглэчихсэн. Цагдаа нар ирэхэд ч гэсэн би шууд өөрөө зааж өгөөд гэм буруугаа хүлээсэн. Надад өөрийгөө өмөөрөөд байх үг байхгүй. Би маш буруу болохгүй гэдгийн нь мэдсээр байж ийм зүйл хийчихлээ. Өөрийнхөө энэ тэнэг үйлдэлд маш их харамсаж байна. Анх бол баригдаад эхний мэдүүлэгээрээ Нямбаярыг цагдаа нараас зугтаж байгааг мэдсэн болохоор л Нямбаяр руу бурууг өгсөн юм. Үнэн гэвэл энэ хэрэгт хэн ч хамааралгүй. Би одоо хэргээ шийдүүлээд дахин энэ зүйлээс хол явах болно. Би өөрөө 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд айлын ууган хүү нь болж төрсөн. Намайг төрөөд нэг настай байхад миний төрсөн эцэг, эх бид хоёрыг орхиод явсан. Би бага насаа эмээ, ээжтэйгээ хамт байдаг байсан. Дараа Багануур дүүрэгт хойд аав, ээжийн хамт амьдардаг байсан. Ээж дахин хүнтэй суугаад миний дүү охин Мөнхзаяаг төрүүлсэн. Мөнхзаяаг бага байхад 3 настай байхад хойд аав хүнд алуулаад, шатаж нас барж байсан. Тэгээд л ээж минь хотын төв рүү орж ирээд бид хоёрыг хүн болгох гэж 17 жил орцны жижүүр цэвэрлэгч хийж байна. Би ээждээ хань болоод л ажил төрөл хийдэг юм. Ийм зүйлд орооцолдсон болохоор ээжийнхээ царайг харахад хэцүү байна...”/хх-61/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч О.М нь 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 7 дугаар байрны 00 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц” –ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0,0296 грамм цэвэр жинтэй, “шавар” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүхээс шүүгдэгч О.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд нийгмийн хор аюулын түвшин нь өндөрт тооцогдоно.

 

Шүүгдэгч О.М нь өмнө нь удаа дараа мансууруулах бодис хэрэглэн зөрчлийн хэрэг бүртгэлт хийгдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 587 дугаар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 256 дугаар шийтгэвэрүүдээр баривчлах шийтгэл хүлээж байжээ.   

 

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.М үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, өмнө нь мансууруулах бодис хэрэглэж зөрчлийн хэрэгт холбогдож байсан хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Мд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн асаагуур дээр наалдсан 0,0296 грамм цэвэр жинтэй, “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад нь даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О.Мыг хориглосон мансуурулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Мд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа шар өнгийн асаагуур дээр наалдсан 0,0296 грамм цэвэр жинтэй, “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

            6. Шүүгдэгч О.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй  болохыг дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ц.МӨНХТУЛГА