Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 229

 

 

 

 

 

 

 

 

     2021        02        26                                  2021/ШЦТ/229

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Шүүгдэгч М.Н түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 04561 0078 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, уулын 2 дугаар гудамжны 10 тоотод оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1803 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар хойшлуулсан,М.Н,

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч М.Н нь “Бүгд Найрамдах Солонгос Улсын ажлын гэрээний виз гаргаж өгч чадна” хэмээн иргэн Т.Батхүүд итгүүлж, түүнийг хуурч 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Хаан банк дахь 5072148981 дугаартай дансыг ашиглан Т.Батхүүгээс 2.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол /хх-3/, хохирогч Т.Батхүүгийн мэдүүлэг /хх-4-6/, М.Нгийн Хаан банк нь дахь 5072148981 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-12/, Т.Батхүүгийн Хаан банкны 5035293783 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-11/, талуудаас гаргасан хүсэлт /хх-67, 75/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч М.Н нь “Бүгд Найрамдах Солонгос Улсын ажлын гэрээний виз гаргаж өгч чадна” хэмээн иргэн Т.Батхүүд итгүүлж, түүнийг хуурч 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Хаан банк дахь 5072148981 дугаартай дансыг ашиглан Т.Батхүүгээс 2.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол /хх-3/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Батхүүгийн “...Миний бие нь 2019 оны 03 дугаар сарын эхээр өөрийн танилаар дамжуулан Мөнхнасангийн Н гэх хүнтэй танилцсан юм. Тухайн эмэгтэй нь би бүгд найрамдах Солонгос улсын ажлын гэрээний виз гаргаж өгч чадна, урьдчилгаа 2 сая төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 2 сая төгрөгийг өөрийн Хаан банкны 5035293783 тоот данснаас М.Нгийн 5072148981 тоот данс руу Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз 11а гудамж 333 тоот гэртээ байхдаа гар утасны мобайл банк ашиглан шилжүүлсэн юм. Улмаар өнөөдрийг хүртэлх хугацаанд миний виз гараагүй, сүүлдээ мөнгөө авъя гэж хэлэхэд М.Н нь “удахгүй өгнө гэж хэлээд адааг хүрээд байгаа юм. М.Н нь миний хохирлоос 200.000 төгрөгийг төлсөн, өөр мөнгө төлөөгүй. М.Н нь надад нэг үйлдвэрийн зураг үзүүлээд “Та энэ үйлдвэрт очиж ажиллана” гэж хэлу байсан бөгөөд Солонгос бичигтэй байсан...” /хх-4-6/ гэх мэдүүлэг зэрэг болно.

Иймд шүүгдэгч М.Н нь “Бүгд Найрамдах Солонгос Улсын ажлын гэрээний виз гаргаж өгч чадна” хэмээн иргэн Т.Батхүүд итгүүлж, түүнийг хуурч 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Хаан банк дахь 5072148981 дугаартай дансыг ашиглан Т.Батхүүгээс 2.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Залилах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч М.Н нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч М.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нь хор уршгийн шинж чанар багатай, тэрээр учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж дүгнэлт өгсөн хувийн байдал байна.

 

Прокурор яллагдагчид 450000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж уг ялаас чөлөөлөх саналыг яллагдагч зөвшөөрсөн, энэ нь бусдын эрх ашгийг хөндөөгүй хууль нийцсэн байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч М.Нг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас чөлөөлсүгэй.

 

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА