Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 234

 

 

 

 

 

 

 

 

   2021        02         26                                  2021/ШЦТ/234

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа /томилолтоор/,

Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Оид холбогдох эрүүгийн 2008 01174 3011 дугаар хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч 3 дүүгийн хамт, хэрэгт холбогдохын өмнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамал 9-71 тоотод түр оршин сууж байсан, Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 417 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа,

Урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон 61 хоногийг ажлын 8 цагаар тооцож эдлэх ялаас хасаж нийтэд тустай ажил хийлгэх ялаа эдэлж дууссанд тооцсон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 633 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж урьд цагдан хоригдсон 29 хоногийг хасаж эдлэх ялыг 2 сар 1 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг эдэлж дууссан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 895 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлын арга хэмжээ авсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 415 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Т.О,

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Т.О нь А.Тэмүүжинтэй бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12 настай хохирогч У.Цолмонгийн хоолойг боож халааснаас нь 133.340 төгрөгний үнэ бүхий Самсунг Галакси Эс-5 загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О мэдүүлэхдээ: “...“Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч У.Цолмонгийн мэдүүлэг /хх-53/, гэрч А.Уртнасангийн мэдүүлэг /хх-54/, “Уваа уул аудит” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ нь 133.340 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-64-70/, шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд, Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 417 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлсэн талаарх байдлыг тооцсон тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Т.О нь А.Тэмүүжинтэй бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12 настай хохирогч У.Цолмонгийн хоолойг боож халааснаас нь 133.340 төгрөгний үнэ бүхий Самсунг Галакси Эс-5 загварын гар утсыг дээрэмдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч У.Цолмонгийн “...2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 13 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын түннелийн автобусны буудлын хажуу талд автобус хүлээгээд зогсож байтал сүүлд нь нэрийг мэдэж авсан Тэмүүжин О гэх нэртэй хүүхдүүд ирээд Тэмүүжин нь чи манай дүүг яасан гэлээ гэхээр нь би хариу дугаралгүй байж байтал О нь араас миний хоолойгоор баруун гарын шууны хэсгээр боохоод Тэмүүжин нь миний өмсөж явсан өмдний баруун талын халаасанд байсан Самсунг Эс-5 загварын гар утсыг өөрөө халаас уудлан гаргаж аваад автобусанд суугаад зугтаад явсан. Би тухайн үед Тэмүүжин, О нарыг таньж мэддэггүй байсан бөгөөд сүүлд нь 2017 оны 09 дүгээр сарын Сандэй худалдааны төвд явж байгаад Тэмүүжинтэй таараад уулзахад өөрөө надад би чиний утсыг аваад Их орд худалдааны төв дээр явж байгаад танихгүй хүнд 100.000 төгрөгөөр зарчихсан тухайн үед О гэж хүүхдийн хамтаар явж байсан гэж хэлсэн юм. Тэгээд энэ хүүхдийн нэрийг нь таньж мэддэг болсон...” /хх-53/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Уртнасангийн “...Хүүхэд дээрэмдүүлсэн гэж хэлсэ. Харин өнөөдөр өөрийн хүүхдийн хамт Сандей худалдааны төв дотор явж байсан чинь манай хүүхэд гарч явахдаа миний утсыг булаасан хүүхэд хажуугаар зөрөөд орчих шиг боллоо гэхээр нь эргэж ороод хамгаалагчид нь ийм хүүхдүүд барих гээд тэгээд цагдаа иртэл танай өрөөнд байлгаж болох уу гэж хэлтэл болно гэхээр нь нөгөө хоёр хүүхдийн араас гарсан чинь хамгаалагчид нь баригдчихсан байсан. Тэгээд цагдаа дээр ирээд өргөдөл өгч байна. Намхан биетэйг нь Тэмүүжин гэж байсан...” /хх-54/ гэх мэдүүлэг,

 

“Уваа уул аудит” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ нь 133.340 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-64-70/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Т.Оийн А.Тэмүүжинтэй бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12 настай хохирогч У.Цолмонгийн хоолойг боож халааснаас нь 133.340 төгрөгний үнэ бүхий Самсунг Галакси Эс-5 загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрэмдэх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

            Шүүгдэгч Т.О нь хохирогчид 66.670 төгрөгийг төлөх төлбөртэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Оийн 18 насанд хүрээгүй 14 настай байхдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар бага, хэр хэмжээ их биш, шүүгдэгчийн өмнө нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж, засран хүмүүжээгүй хувийн байдал түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Оид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэлийг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана..” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Оид оногдуулсан ялыг 2 дахин багасгаж хорих ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Оийн урьд Сүхбаатар дүүргийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 415 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Оид 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснээс биеэр эдэлсэн ял, шагналын хоног, тухайн хэрэгтээ цагдан хоригдож байсан хоног зэргийг хасаад эдлээгүй үлдсэн 07 сар 15 хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг/ жил 7 /долоон/ сар 15 /арван таван/ хоногоор тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.О нь энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж хорих ялын хугацааг 1 /нэг/ жилээр тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ял дээр урьд Сүхбаатар дүүргийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 415 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 07 сар 15 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгч Т.Оийн эдлэх хорих ялын нийт хэмжээг 1 жил 7 сар 15 хоногоор тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Оид оногдуулсан 1 /нэг/ жил 7 /долоон/ сар 15 /арван тав/ хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оийн энэ хэрэгт цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.О /РД:НУ02271110/-аас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 66.670 /жаран зургаан мянга зургаан зуун далан мянган/ төгрөг гаргуулан хохирогч У.Цолмонд /РД: УК04321116/-т олгосугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.О нь түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

     9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Оид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА