Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 169

 

 

 

 

 

 

 

 

   2021        02           02                                  2021/ШЦТ/169

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Э.Ариунболд,

Шүүгдэгч О.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Хыг холбогдох эрүүгийн 2006 04254 2988 дугаар хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эцэг эгчийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хархорин хорооллын 51/3 байр 42 тоотод оршин суух хаягтай, О.Х

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч О.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны Энканто тооцооны төвд хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг ашиглахтай холбоотой баримт бичиг болох түрээсийн гэрээг хуурамчаар үйлдэн иргэн Ж.Оюунбаатар, О.Оюунболор нарыг ашиглан банканд гаргуулан өгч зээл авч хуурамч бичиг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Х мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Долгормаагийн мэдүүлэг /хх-43-44/, гэрч Б.Мөнх-Ундраагийн мэдүүлэг /хх-46-47/, гэрч О.Оюунболорын мэдүүлэг /хх-52-53/, “Хархорин хүрээ” ХХК-наас Төрийн банканд ирүүлсэн албан бичиг /хх-18/, ажлын байрны түрээсийн гэрээ /хх-58-61/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч О.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны Энканто тооцооны төвд хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг ашиглахтай холбоотой баримт бичиг болох түрээсийн гэрээг хуурамчаар үйлдэн иргэн Ж.Оюунбаатар, О.Оюунболор нарыг ашиглан банканд гаргуулан өгч зээл авч хуурамч бичиг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Долгормаагийн “...2020 оны 01 дүгээр сарын 11-15-ны өдрийн хооронд Ж.Оюунбаатар, О.Оюунболор нар нь Төрийн банкны Энканто тооцооны төвд бичил зээл авахаар судлуулж, хурлаар орж 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 50.000.000 төгрөгийг 40 сарын хугацаанд эргүүлэн төлж дуусгахаар зээлийг гэрээг байгуулсан. Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс бүх зээлийг шалгаж, Ж.Оюунбаатар, О.Оюунболор нарын зээлийн хувийн хэрэгт хавсаргасан “Түрээсийн гэрээ”-г хуурамчаар үйлдсэнийг тодруулж Хархорин үйлчилгээний газрын захирагаанд хандахад “Хархорин худалдааны төвийн ХҮТ-2 барилгад 115,116 тоот лангуу огт байдаггүй бөгөөд ажлын байрны түрээсийн гэрээ нь хуурамч болно” гэж хариуг албан тоотоод өгсөн...” /хх-43-44/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнх-Ундраагийн “...Би өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Төрийн банкны Өнөр тооцооны төвд ажилладаг байсан. О.Х гэх хүн тухайн нэгжийн зээлдэгч байсан. Иймд Энкота тооцооны төвд шинэ байршилд нүүж ирснээр Энконта салбарт зээлийн харилцагч бага байсан. Иймд би өмнөх ажиллаж байсан нэгж болох Өнөр тооцооны төв рүү ачаалал ихтэй байгаа бол зээлдэгч нараа О.Х нь өөрийн төрсөн эцэг, эгчийн нэр дээр зээл авахаар манай Энконта тооцооны төв рүү хандсан. Үүний дагуу би зээлийн хувийн судалгаанд шаардлагатаы материалуудыг О.Оюунболор, Ж.Оюунбаатар нараас авсан. Тухайн үед О.Х нь энэхүү зээлийн ажиллагаанд хамтран ажилласан. 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр манай нэгжид дотоод хяналт шалгалтын газрын мэргэжилтэн шалгалтаар орж О.Оюунболор, Ж.Отгонбаатар нарын зээлийн хувийн авагдсан материалыг хуурамч болохыг тогтоосон. Шалгалтаар Ж.Оюунбаатар, О.Оюунболор нарын хувийн хэрэгт авагдсан материалаас хуурамч болохыг тогтоосон. Иймд тухайн баримт бичгийг хуурамч байна гэх талаар Ж.Оюунбаатар, О.Оюунболор нарт хэлэхэд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн...” /хх-46-47/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах гэрч О.Оюунболорын “...Цагаан сарын бэлгийн бараа авах зорилгоор тухайн зээлийг авсан. Яг зориулалтын дагуу ашиглаж цагаан сарын бараагаа автал цагаан сар ковид-19 нийгмийн нөхцөл байдлын улмаас цуцлагдсан. Иймд авсан бараа бол яг одоо байна. Гэвч авсан зээлээ өгөх боломжгүйгээр болчихоод байна...” /хх-52-53/ гэх мэдүүлэг,

 

“Хархорин хүрээ” ХХК-наас Төрийн банканд ирүүлсэн албан бичиг /хх-18/,

 

Ажлын байрны түрээсийн гэрээ /хх-58-61/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч О.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны Энканто тооцооны төвд хүний хувийн байдлыг тодруулсан, эдийн баялгийг ашиглахтай холбоотой баримт бичиг болох түрээсийн гэрээг хуурамчаар үйлдэн иргэн Ж.Оюунбаатар, О.Оюунболор нарыг ашиглан банканд гаргуулан өгч зээл авч хуурамч бичиг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хуурамч баримт бичиг үйлдэх ашиглах гэмт хэрэг нь баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хуурамч болохыг мэдсээр байж ашигласан нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч О.Х нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.Х нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд 450.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч О.Хт эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэх

гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хт 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 450.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                О.Хт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА