Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 176

 

 

 

 

 

 

 

 

    2021        02           02                                  2021/ШЦТ/176

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

Хохирогч Т.Өлзийбаяр,

Шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий  нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Мт холбогдох эрүүгийн 2006 04343 3035 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 91-26 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.М

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 91 дүгээр байрны 26 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Т.Өлзийбаярыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Бид хоёрын хооронд болсон маргаан байрнаас болсон. Намайг хүүхэдтэй маань хамт гадаа хөөж гаргаж байсан үе байгаа. Тэр бүрд би машинд хонодог байсан. Бид хоёрын хувьд зодолдсон зүйл болоогүй. Би зүгээр түлхсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Өлзийбаяр мэдүүлэхдээ: “...Миний бие “Таван толгой” ХХК-д оператораар ажилладаг. Тухайн өдөр ажлаасаа ирэхэд эмээ хөдөөгөөс ирсэн байсан. Эмээтэй хамт цай уугаад сууж байхад Мядагаа араас гэнэт цохисон. Тэгэхээр нь би “яасан бэ яаж байгаа юм” гэхэд чи байраа авах байсан юм бол яах гэж засвар хийлгэсэн юм гэж хэлсэн. Тэгээд миний уруул руу цохисон. Би тухайн үедээ гомдоод Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан юм. Цагдаагийн байгууллага дээр байцаагдаж байхад мөрдөн байцаагч Мядагаад эгчээсээ уучлалт гуй гэж хэлсэн. Мядагаа надаас үхсэн ч уучлалт гуйхгүй гэж хэлсэн. Тэр үед уучлалт гуйсан бол ийм зүйл болохгүй байсан...” гэв.

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Т.Өлзийбаярын мэдүүлэг /хх-16-17/, гэрч Б.Намчингийн мэдүүлэг /хх-21-23/, гэрч Н.Сарангэрэлийн мэдүүлэг /хх-24-26/, яллагдагч Б.Мын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-18-20/, гэрч П.Сугарын мэдүүлэг /хх-27-28/, яллагдагч Б.Мын өгсөн мэдүүлэг /хх-39-40/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 91 дүгээр байрны 26 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Т.Өлзийбаярыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Өлзийбаярын “...2020 оны 10 дугаар сарын 31-ний орой 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 91 дүгээр байрны 26 тоотод ирсэн. Тухайн үед М, охин Энхжин 8 настай, эмээ Сугар нар байсан. Тэгээд би цай уугаад сууж байсан чинь М миний хажуу талд хоол хийх гээд мөх өшиглөөд зогсож байсан. Тэгсэн гэнэт ар нуруу руу гараагаа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би эргэж хараад яаж байна аа гэсэн чинь М босож ирээд миний энгэрээс нэг гараараа барьж аваад толгой руу нэг гараараа 2 удаа цохисон. 3 дахь цохилтондоо дээд уруул руу гараараа барьж аваад тогой руу нэг гараараа хүчтэй цохьсон чинь уруул ялзарсан. Тэгээд бөөр, нуруу болон хөл гар руу олон удаа өшиглөсөн. Тэгсэн эмээ цаанаас гарч ирээд бид хоёрыг болиулсан...” /хх-16-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Намчингийн “...Т.Өлийбаяртай ажил төрлийн холбоотой байж байгаад сүүлийн хэдэн сараас үерхэж хааяа уулздаг болсон. Би Т.Өлзийбаярыг зодож эрх чөлөөнд нь халдаж байсан удаа байхгүй. Өөрөө тэр талаараа хэлэх байх. Т.Өлзийбаярыг намайг зодсон гэж Б.М гэх эмэгтэй ярьсан байна. Энэ ямар ч ор үндэсгүй худлаа зүйл. Харин Б.М нь өөрөө Т.Өлзийбаярыг зодсон. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа буугаад Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 91 дүгээр байрны 26 тоотод очиж усанд орсон. Т.Өлийбаяр нь М гэх эмэгтэйгээс айгаад байна хамт хоноё гэхээр нь хамт хоносон. Маргааш өглөө нь 06 цагийн орчим сэрээд ажил руугаа явах гээд гэрээс гарсан чинь Б.М өөдөөс утсандаа бичлэг хийгээд ороод ирсэн. Тэгээд бид хоёр гараад ажил руугаа явцгаасан. Ингээд шөнийн 23 цаг өнгөрч байхад Т.Өлийбаяр над руу залгасан. Б.М намайг зодчихлоо, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр байна гэж хэлсэн. Уруул нь шалбарсан, баруун талын шилбэ нь хөхөрчихсөн. Баруун талын шанаа нь 3-4 см-ийн урттай урагдсан байсан...” /хх-21-23/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Сарангэрэлийн “...Манай найзын охин болох Т.Өлзийбаяр нь манайд хүрч ирсэн. М намайг зодчихлоо гэж хэлсэн. Миний харснаар Т.Өлийбаяр нь дээд уруул нь язарчихсан, баруун талын хацар хэсэгт нь урчихсан байсан. Өөр хүнд зодуулсан талаараа надад хэлж байгаагүй. Тэр өдөртөө айгаад байна гээд манайд хоноод явсан...” /хх-24-26/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Мын өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байхад 19 цагийн орчим шиг санагдаж байна. Т.Өлзийбаяр гаднаас орж ирсэн. Тухайн үед би хоол хийх гэж байгаад больчихсон. Тэгсэн чинь Т.Өлзийбаяр миний хоол хийх гэж байсан төмөр халбагаар хусаад байхаар нь наадах чинь палан нь уначихдаг юм гэж хэлсэн. Тэгсэн чинь өөдөөс хуц гичий минь, өшөө үүнийг чинь яаж хусах юм гэж хэлсэн. Өөдөөс зайлаачээ гээд хашгираад байсан. Тэгээд бид хоёрын дунд хэрүүл эхэлсэн. Тэгээд чи цаашаа бай гээд баруун гарын булчин хэсэгт нь гараараа 1 удаа түлхсэн...” /хх-39-40/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №12612 дугаартай “...Т.Өлзийбаярын биед тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-30-31/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.М нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 91 дүгээр байрны 26 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Т.Өлзийбаярыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Өлзийбаярт 128.000 төгрөгийн бэлнээр төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.М нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 540 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд оруулан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор дүйцүүлэн торгох ялын 90.000 төгрөгийг ял эдэлсэнд тооцож, 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал тохиолдлын шинжтэй гэж үзэж болохоор, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бага, хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон 6 хоногтой, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 540 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд оруулан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор дүйцүүлэн торгох ялын 90.000 төгрөгийг ял эдэлсэнд тооцож, түүний эдлэх торгох ялын хэмжээг 450.000 төгрөгөөр тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

             7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

             8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА