Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 134/ШШ2017/00073

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плазад байрлах, Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1986 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7-48 тоотод оршин суух, Боржигон овогт Нямсүрэнгийн Нарантуяа /РД: ТЗ86010208/-д холбогдох

 

Үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл, нотариатын зардал, нийт 54 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Нарантуяа нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дараа төлбөрт Postpaid BC20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж, 90077888 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Н.Нарантуяа нь гэрээний үүргээ үл биелүүлж, 90077888 дугаарын 2016 оны 01 дүгээр сарын байдлаарх төлбөр 100 950 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Н.Нарантуяад төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд, Н.Нарантуяагаас төлбөрийн үлдэгдэл болох 100 950 төгрөг, үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 50 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 50 950 төгрөг, нотариатын зардал 4 000 төгрөг, нийт 54 950 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итэгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Н.Нарантуяа нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 54 950 төгрөгийг төлж барагдуулсан байх тул тус нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Скайтел ХХК нь Н.Нарантуяад холбогдуулан үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл, нотариатын зардал, нийт 54 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Нарантуяа нь үйлчилгээний төлбөр 54 950 төгрөгийг төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Иймд, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагчаас төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар хөнгөлж, 2 275 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогоос 2 275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75 дугар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Нарантуяад холбогдох үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл, нотариатын зардал, нийт 54 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 2 275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Нарантуяагаас 2 275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, Скайтел ХХК-д олгосугай.

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА