| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2021/0242/Э |
| Дугаар | 287 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 287
2021 03 09 2021/ШЦТ/287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч М.Отгонжаргал,
Хохирогч У.Солонго,
Шүүгдэгч Ш.О нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Оод холбогдох эрүүгийн 2106 00000 0103 дугаар хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 28-ны Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 8а-311 тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар баривчлах, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 сар 10 хоног баривчлах, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, РД:ЖМ89092877, Ш.О,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.О нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах “Асайт” худалдааны төвийн Хаан банкны АТМ дээрээс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний шөнийн 03 цагийн үед У.Солонгын Хаан банкны 5069053286 тоот данснаас виза картыг нь ашиглан 3.970.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.О мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулсан. Хөнгөн шийдэж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Солонго мэдүүлэхдээ: “Би мөнгөө бүгдийг нь буцааж авсан.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ш.Ооос У.Солонгын данснаас хулгайлан авсан 2.155.800 төгрөгийг хураан авч хохирогч У.Солонгод хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-2-5/, хохирогч У.Солонгын мэдүүлэг /хх-08-10/, гэрч Н.Цэрэнбатын мэдүүлэг /хх-13-14/, яллагдагч Ш.Оын мэдүүлэг /хх-22-23/, хохирогч У.Солонгын Хаан банкны 5069053286 тоот дансны хуулга /хх-49/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ш.О нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах “Асайт” худалдааны төвийн Хаан банкны АТМ дээрээс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний шөнийн 03 цагийн үед У.Солонгын Хаан банкны 5069053286 тоот данснаас виза картыг нь ашиглан 3.970.000 төгрөг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,
2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ш.Ооос У.Солонгын данснаас хулгайлан авсан 2.155.800 төгрөгийг хураан авч хохирогч У.Солонгод хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-2-5/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Солонгын “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 20 цагт манай нөхөр бид хоёр, нөхрийн төрсөн дүү болон түүний нөхөртэй хамт 2 том пиво уусан. Тэгээд ууж дуусаад нөхөр бид хоёр гэртээ орсон. Манай хоёр нэг хашаанд байдаг юм. Тэгээд удалгүй дүүгийн нөхөр авч ирсэн найзтайгаа эхнэрээ хардаад хэрүүл маргаан гаргаад байхаар нь тэдний гэрч очоод юу болоод байгааг асуугаад зохицуулж байхад дүүгийн нөхөр О гараад явсан. Гараад явсныхан дараа миний гадуур хувцас олдохгүй байсан ба нөхөр миний гадуур хувцасыг гаднаас олсон гэсэн. Би буцаж гэртээ ороод цэнэглэж байсан гар утсаа шалгахад миний картын зарлагын мэдээлэл ирсэн байсныг шалгаж үзэхэд 500.000 төгрөг дараа нь 800.000 төгрөг, 1.500.000 төгрөг, 170.000 төргөг, 1.500.000 төгрөг тус тус зарлага хийгээд 4.000.000 төгрөг авсан байна. Оргилбодын 80893989 дугаар луу залгахад яагаад мөнгө авсан гэж асуухад би аваагүй гээд байгаа. Ооос өөр манай гэрээс гарсан хүн байхгүй ба О миний картын нууц үгийг мэднэ. Би О гэх хүнд өөрийн картаа ашиглах эрх өгөөгүй. Миний приус-20 маркын машинаа зарж олсон мөнгө байгаа юм. Хэрэг болох орой 2021 оны 01 дүгээр сарын 11-нд миний гадуур өмсдөг хувцасны халаасанд байхад нь авсан байсан. Хэрэг болсноос хойш 360000 төгрөг 3 удаа хувааж өгсөн...” /хх-8-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Цэрэнбатын “...Эхнэр бид 2 дундаа нэг карттай. Би дулаан болохоор барилгын ажил хийдэг юм. Би Ш.Оыг өөрийн ажилдаа авч хамтран ажиллаж байхдаа ундаа цайнд яваад ир гээд хаан банкны картаа өгч явуулахдаа нууц кодоо хэлээд явуулдаг байсан тэгээд мэдсэн байх...” /хх-13-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ш.Оын “...Асет худалдааны төвийн тэнд байдаг АТМ ороод 800.000 төгрөг, 1.500.000 төгрөг, 700.000 төгрөг, 1.500.000 төгрөг уншуулсан ба нийт 3970000 төгрөг уншуулж өгсөн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирлын мөнгөө бүрэн барагдуулах болно...” /хх-22-23/ гэх мэдүүлэг,
Хохирогч У.Солонгын Хаан банкны 5069053286 тоот дансны хуулга /хх-49/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Ш.О нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах “Асайт” худалдааны төвийн Хаан банкны АТМ дээрээс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний шөнийн 03 цагийн үед У.Солонгын Хаан банкны 5069053286 тоот данснаас виза картыг нь ашиглан 3.970.000 төгрөг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээ зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Ш.О нь хулгайлсан мөнгөө буцаан төлж барагдуулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал алга байна.
Шүүгдэгч Ш.О нь урьд хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдэж ял шийтгүүлж байсан, мөн хамгийн сүүлд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 98 дугаартай шүүгчийн захирамжаар Ш.Оын эдлээгүй үлдсэн 1 сар 5 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож шийдвэрлэж байсан зэрэгт дүгнэлт хийж гэмт зан үйлээ засаагүй хувийн байдал, улсын яллагчийн 1 жил 6 сар хорих санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Оод 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Оыг 6 /зургаан/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ш.Оод оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Оод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА