Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 134/ШШ2017/00075

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүххуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1984 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 10 дугаар байрны 25 тоотод түр оршин суух, мөн багийн 12 дугаар байрны 1-11 тоотод албан ёсны хаягтай, Политехникийн коллежид гадаад хэлний багш ажилтай, Хаад боржигон овогт Батдэлгэрийн Золзаяа /РД:НВ84052108, утас: 99993718/-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Цог-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  Б.Золзаяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Цог-Эрдэнэ нь 2015 оны 11 дүгээр сард Хэрлэн захын хүнсний дэлгүүрийн зориулалтаар түрээслэн ажиллаж байх үедээ надаас манай 3 өрөө байрны ордерыг барьцаанд тавьж багахан хэмжээний зээл аваад Хэрлэн захыг баар, ресторан болгон засах гэсэн чинь мөнгө дутаад гэж гуйж байгаад өөрийн нэр дээр шилжүүлж зээл авсан. Ц.Цог-Эрдэнэ бид хоёр төрсөн эгч дүү хоёрын хүүхэд, мөн хүнсний дэлгүүр ажиллуулж байсан болохоор би түүнд итгэж байрны ордероо өгсөн. Тэрээр манай байрны ордерыг Арвижих прогрес ХХК-д 6 сарын хугацаатай сарын 20 хувийн хүүтэй барьцаанд тавиад 8 860 000 төгрөгийг зээлж авсан байсан. Мөн зээлж авчихаад зээлж авсан хүүгээ нэг ч удаа төлөөгүй учир тус байгууллага нь шүүхэд хандан манай байрыг Д.Цог-Эрдэнийн зээлсэн мөнгө болох 8 860 000 төгрөг болон түүний хүү 2 668 000 төгрөгний хүү, нийт 11 518 000 төгрөгийг шилжүүлэх тухай тогтоол гарсан. Үүнийг нөхөр бид хоёр мэдээд 3 өрөө байраа алдахгүйн тулд удаа дараа Д.Цог-Эрдэнэд хэлээд өрөө хурдан төлж ордерыг маань авч өг хэмээн шаардсан боловч тэрээр мөнгө олж өгөөгүй. Ингээд байраа 30 000 000 төгрөгөөр зарж, түүний Арвижих прогресс ХХК дахь 11 518 000 төгрөгний өрийг төлөөд шүүхийн шийдвэр дээрээс ордероо суллуулах тухай бичиг авахаар очиход ахин Д.Цог-Эрдэнийн нэр дээр 4 390 000 төгрөгний өр гарч ирсэн. Ингээд бид үүнийг бас төлсөн. Энэ бүх үйл явдал болоход Д.Цог-Эрдэнэ бидэнтэй хамт явж байсан. Бид Д.Цог-Эрдэнийн өр болох 15 908 000 төгрөгийг төлж өөрсдөө орон гэргүй болон хохирсон. Бид нар ам бүл 4, би саяхан амаржсан нялх хүүхэдтэй. Бид одоогоор түрээсийн байранд амьдарч байгаа юм. Д.Цог-Эрдэнэ дээрх бүх өрөө төлүүлснийхээ дараа би та хоёрт бүх мөнгийг чинь 2016 оны 08 дугаар сарын 20 гэхэд өгнө гэж бичиг хийж өгсөн боловч утсаа унтраагаад ор сураггүй алга болсон. Миний бие нялх биетэй учраас түүнийг олж чадахгүй байгаа. Иймээс Д.Цог-Эрдэнийг эрэн сурвалжуулж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Золзаяа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Сартуул овогт Дагвын Цог-Эрдэнийг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч Б.Золзаяа нь иргэн Д.Цог-Эрдэнийн хүлээсэн үүрэг болох Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 134/ШШ2016/00094 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу үүссэн нэхэмжлэгч Арвижих прогресс ББСБ-д төлөх төлбөр 11 518 000 төгрөг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар өөр бусдад төлөх ёстой 4 390 000 төгрөг нийт 15 908 000 төгрөгийн өрийг түүний нэрийн өмнөөс төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан Д.Цог-Эрдэнийн гаргасан баталгаа, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 134/ШШ2016/00094 дугаартай Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Арвижих прогресс ББСБ-д 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 11 518 000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан Б.Золзаяагийн 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хүсэлт, ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Амарсайханы 4 390 000 төгрөг, 11 518 000 төгрөгийг хүлээн авсан баримт зэргээр нотлогдож байна.

 

Тухайлбал нэхэмжлэгч Б.Золзаяа нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар иргэн Д.Цог-Эрдэнийн өрийг түүний өмнөөс төлж, шаардах эрхийг шилжүүлэн авчээ.

 

Ийнхүү шаардах эрхээ хэрэгжүүлэх нөхцөл үүссэн ч иргэний эрх зүйн маргаан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Цог-Эрдэнэ нь албан ёсны хаягийн шилжүүлэг хийгдээгүй боловч оршин суугаа хаягаа өөрчлөн, хаана амьдарч буй нь тодорхойгүй байгаа болох нь Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13 дугаартай тэмдэглэл, Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5/339 дугаартай тогтоол, Д.Цог-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Сартуул овогт Дагвын Цог-Эрдэнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж, тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

Д.Цог-Эрдэнэ нь 1986 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ВЭ86081318 регистрийн дугаартай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 2-02 тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоо Архангай аймгийн Цэнхэр суманд алтны уурхайд ажиллаж байж болзошгүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдлаа.

 

Хэрэгт авагдсан 000219881 тоот үл хөдлөх эд хөрөнгө эмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, О.Түвшинжаргал, Ш.Энхцэцэг нарын иргэний үнэмлэхний хуулбар, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 187 тоот лавлагаа зэрэг нотлох баримтууд нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгонТОГТООХ НЬ:

 

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Золзаяагийн гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Сартуул овогт Дагвын Цог-Эрдэнийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Цог-Эрдэнийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Д.Цог-Эрдэнэ нь 1986 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ВЭ86081318 регистрийн дугаартай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 2-02 тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоо Архангай аймгийн Цэнхэр суманд алтны уурхайд ажиллаж байж болзошгүй гэснийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ