| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 185/2017/0547/Э |
| Дугаар | 242 |
| Огноо | 2018-03-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 242
Г.С-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,
хохирогч Х.А-н өмгөөлөгч Ш.Жаргалсайхан,
шүүгдэгч Г.С-н өмгөөлөгч Д.Энхбаатар,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 496 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.А-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.С-т холбогдох 1709013360132 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М овгийн Г-н С, 19.. оны .. дугаар сарын 18-ны өдөр .......... аймгийн ........... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны .. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ........../;
Г.С нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “О” караоке баарны 3 тоот өрөөнд үйлчлүүлж байсан Х.А-той эр эмийн хардалтын улмаас маргалдан, түүний толгойн тус газарт гараар цохиж, хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.С-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.С-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.С-т оногдуулсан 2.800.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.С-с хохирогч Х.А-д гэм хорын хохиролд 1.536.600 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч Х.А-д нь гэмт хэргийн улмаас хохирсон гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.С-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогч Х.А давж заалдах гомдолдоо: “…Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө үл таних С гэгчид онц хэрцгийгээр зодуулж, “Айфон” гар утсаа дээрэмдүүлсэн. Хэргийн улмаас нүүрний хацрын яс, шанааны яс цөмөрч, хоёр чихэнд гэмтэл учирсан. Нүүрний хэсэг, нүд, хамар хавдаж, хөхөрч, цус хурсан. 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүх эмнэлэгт үзүүлж, онц хүнд гэж тодорхойлж акт гаргахаар мөрдөн байцаагчид өгнө гэсэн. Гэтэл миний бие муудаж, гэмтлийн эмнэлэгт эрүү, нүүрний мэс засалд орж, хугарсан яс түүлгэж, гадны яс орлуулагч тавиулсан. Би 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Гранд мед” эмнэлэгт дахин хэвтэж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн. Одоо тархи доргилттой тагнай болон буйл мэдээгүй болж байнгын зовиуртай болж үлдсэн. Анхан шатны шүүх хурлын ажиллагаа ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Үүнд: Шүүх эмнэлгийн акт өөрчлөгдөж, хугацаандаа гараагүй. Мөн ахлах офицер хүнээр дамжуулж яриулж байсан. Олон албан тушаалтай таньдаг хүнээр гуйлгаж байсан. Энэ хэргийг анхнаас нь нарийн тодорхой шалгаж өгөөгүй. Зодуулснаас үүдэж гарсан хохирлыг бүрэн барагдуулаагүй. Зөвхөн ор хоногийн мөнгийг л төлсөн. Энэ хэргийг нягтлан шалгуулах хүсэлтэй байна. Гар утсаа дээрэмдүүлж, мөн хүнд гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирсон хүнийг хамгаалах биш, зодсон хүнийг 3 сая төгрөгөөр торгож өнгөрч байгаад харамсаж байна. Би сэтгэл санаа, эрүүл мэнд, цаг хугацаагаар давхар хохирсон. Ямар ч гэм хийгээгүй огт танихгүй хүнийг зодож танхайрсан этгээдийг зүгээр өнгөрөөж байгаад харамсаж байна...” гэжээ.
Хохирогч Х.А-н өмгөөлөгч Ш.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Х.А-оос “би хохирол төлбөр авч чадаагүй, нүүрний гэмтлээс болж хохирол үзэж байна, гэмтлийн зэрэг эргэлзээтэй гарсан, миний “Айфон-6” загварын гар утсыг надаас зөвшөөрөлгүй авч яваад хоёр хоногийн дараа буцааж өгсөн. Үүнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргасан. Мөн “шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөн байна. Г.С нь хүний хувьд ирээд уучлалт гуйгаагүй, эмнэлгийн ор, хоногийн төлбөр гэж 600 гаран мянган төгрөг өгсөн. Өөр төлбөр мөнгө надад өгсөн зүйлгүй, сарын 1.200.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалуудыг компани төлөхгүйгээр гэрээ байгуулсан. Үүнийг анхан шатны шүүх хүлээж авч үзээгүй. Би хоёр сарын цалин, эрүүл мэндээрээ хохирч байна” гэсэн. Тийм учраас Г.С-т холбогдох хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилсэн гэж үзэж байна. Хэт хөнгөн ял оногдуулсан, зарим зүйлийг орхигдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэсэн. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар давж заалдах шатны шүүх ял шийтгэлийг хүндрүүлж, хөнгөрүүлэх боломжтой байхаар хуульчилсан. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хохирогчийн биеийн байдлын хувьд нүүрний ясыг солиход нүүрний арьс сөхөж мэс засал хийсэн учраас хоол идэхэд зовиуртай, амтлах мэдрэмжгүй болсон гэж ярьж байсан...” гэв.
Шүүгдэгч Г.С-н өмгөөлөгч Д.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитойгоор авч үзэж шийдвэрлэсэн. Хохирогч нь “хохирлын баримт авчирна, өмгөөлөгч авна” гэсэн үндэслэлүүдээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Анхан шатны шүүхээс хохирогчийн эрхийг бүрэн хангасны эцэст хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт гэм хорын хохирлын талаарх баримт байхгүй. Өөрийнх нь ярьсаар “Гранд мед” эмнэлэгт хэвтэнэ гэсэн шаардлагаар нь 680.000 төгрөгийг өгч хэвтүүлсэн. Хоёр жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэхээр 103.600 төгрөг, гар утасны төлбөр өг гэхээр нь 100.000 төгрөг, бэлнээр 230.000 төгрөг гэх зэргээр нийт 536.600 төгрөгийг хохирогчид өгснийг хүлээж авсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хангалттай өгч байсан. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, Г.С-н хувийн байдал зэргийг харгалзан, түүнд хуульд заасан торгох ялыг сонгож, ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч нь “миний гар утсыг дээрэмдсэн” гэж ярьдаг. Г.С нь эхнэрээ өөр хүнтэй явалдаад байна гэдэг хардалтын улмаас бааранд дайрч орсон. Ороход шүүгдэгчийн эхнэр А-той ойрхон суугаад утсыг нь үзэж байсан. Энэ байдлыг хараад эхнэрээ хардаж, хохирогч А-ыг үгийн зөрүүгүй зодож, үүний улмаас хохирогч гар утсаа газар унагасан. А-ыг гар нүүрээ угаахаар явах хооронд юу үзэж байсныг шалгах зорилгоор түүний гар утсыг авсан. Гэхдээ гар утас авсан нь шунахайн сэдэлт болон ашиглах, завших санаа зорилгогүй байсан нь хэрэгт авагдсан гэрч, яллагдагчийн мэдүүлгээр нотлогддог. Тийм учраас энэ үйлдлийг дээрмийн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй. Хэргийн зүйлчлэл тохирсон. “Танд хүндэвтэр хохирол учирсан байна. Эмнэлгийн болон эм тариа авсан баримт байна уу...” гэхэд хохирогч гаргаж өгдөггүй. Анхан шатны шүүх баримтгүйгээр нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй. Харин хохирогчийн зүгээс эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжилнэ гэсэн учраас нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Г.С-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Г.С нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “О” караоке баарны 3 тоот өрөөнд үйлчлүүлж байсан Х.А-ыг эхнэртэйгээ хардсаны улмаас маргалдан, түүний толгойн тус газарт гараар цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Х.А-ын “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн үед найз Чимгээ, Улаанхүү нарын хамт “О” төвийн караокены өрөөнд орсон... Би гар утсаа ширээн дээр гаргаад бичлэг тавиад Чимгээд үзүүлж байтал нүдний буланд хүн орж ирэх шиг болоод хаалга онгойсон. Хүн орж ирж байна гэж мэдсэн ба ямар хүн орж ирснийг хараагүй. Тэгтэл гэнэт толгой руу цохиод, манараад ухаан алдсан нэг сэртэл би шалан дээр дөрвөн хөллөөд, миний үснээс зулгаагаад нүүрээр шал руу саваад нүүр лүү олон удаа өшиглөж, гараараа цохисон. Би ямар ч тамиргүй болоод арай хийж өндийж босоод нойлын өрөө ороод өөрийгөө толинд хартал хамар, ам, чихнээс цус гарсан, зүүн нүд таглагдсан, баруун нүд бага зэрэг нээгдэж байсан. Тэгээд би цусаа угааж тогтоогоод үсээ хартал үс халцарсан байсан... Намайг, өмнө нь зүс харсан С ганцаараа цохиж зодсон... Намайг зодуулж байхад Чимгээ, Улаанаа хоёр хамт байсан...” /хх 8-9/,
гэрч О.Г-ийн “...Орой намайг караокендоо орж ирэхэд 3 номерийн өрөөнд зүс таних Х.А зодуулсан байдалтай нүүр ам нь цус болсон байсан. Юу болсон талаар асуухад “сая нэг нөхөр орж ирээд зодчихлоо” гэсэн. Өрөөгөөр дүүрэн үс унасан байсан. Би цусыг нь арчаад, цай хийж өгсөн ба түүнтэй хамт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан...” /хх 15/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Х.А-н биед зүүн гайморын урд ханын цөмөрсөн хугарал, гайморовын хөндийд цус хуралт, тархи доргилт, дух, баруун чихний ар хэсэг, 2 чихний дэлбэн, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, баруун шуунд цус хуралт, зүүн хацар, завьж, эрүүний зүүн булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун тохойд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11654 дугаартай дүгнэлт /хх 18/,
“Натур” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хх 19/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Г.С-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Прокуророос шүүгдэгч Г.С-т холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн ба анхан шатны шүүх тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байх тул “ял шийтгэл хөнгөдсөн” гэх хохирогч Х.А-н давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Мөн хохирогч Х.А-с “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулаагүй, миний гар утсыг дээрэмдсэн үйлдлийг шалгаагүй...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Г.С нь эхнэр Д.М-г Х.А-той караокены өрөөнд хамт сууж байхыг хараад хардсаны улмаас хохирогч Х.А-ыг зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан байх ба Г.С нь хохирогчийн гар утсыг дээрэмдэх санаа зорилгогүй байсан нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.С нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогч Х.А-д учирсан эмчилгээтэй холбоотой зардал болон гэм хорын хохиролд нийт 1.536.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд анхан шатны шүүх уг гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Иймд хохирогч Х.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.