Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 779

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж,

Нэхэмжлэгч: “О” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал Ж.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал Ж.Цэрэндагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О” ХХК нь 2001 оны 08 дугаар сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдаж, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2004 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар “О” ХХК-д тусгай хамгаалалттай газар нутагт 0.7 га газар ашиглах эрх олгосон. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “О” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Б******* газрын хамгаалалтын захиргаа, Х******* дүүргийн газрын алба зэрэг төр захиргааны байгууллагаас манайд мэдэгдэл хүргүүлээгүй. Б******* газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 602 дугаар бичгээр газар ашиглах эрх дуусгавар болсон талаар ирүүлснийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаалын Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд тус компани 2006 онд цөөн тооны гэр барьж үйл ажиллагаа явуулж байсан. 2009 онд Б******* газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын хамт газар дээрээ эргэлтийн цэг тавиулж, хаашаагаа илүү үзэмжтэй болгон барьж үйл ажиллагаа үргэлжлүүлж байтал засмал зам тавих болсонтой холбогдуулан зам хааж үйл ажиллагаа 3 жил орчим хугацаагаар түр зогссон. Бид 2015 онд ашиглаж буй газартаа үйлчлүүлэгчдийн тав тухыг бодолцон 10х12 хэмжээтэй байшингийн суурь цутган, 2015 оны 06 дугаар сараас 09 дүгээр саруудад нэг давхар байшин барьсан. Уг байшинг тухайн үеийн ханшаар 114,000,000 /нэг зуун арван дөрвөн сая/ гаруй төгрөгөөр, 2009 онд хашааг тухайн үеийн ханшаар 70,000,000 /далан сая/ гаруй төгрөгөөр, 2009 онд таван гэрийн суурь цутган тухайн үеийн ханшаар нэг гэр бүрийг 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр, 2009 онд 2 хаалгатай дөрвөн метр гүн битүү цементлэн плитадаж, орчин үеийн Био суултуурыг тухайн үеийн ханшаар 10,000,000 /арван сая/ гаруй төгрөгөөр, 2008 онд 1 манаачийн 4х3 харьцаатай блокон байшинг тухайн үеийн ханшаар 10,000,000 /арван сая/ төгрөгөөр, 2006 онд торон хашаа тухайн үеийн ханшаар 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр, 2006 онд гурван гэрийн суурь цутган тухайн үеийн ханшаар нэг гэр бүрийг 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр тус тус худалдан авч, барьж хөрөнгө оруулалт хийсэн байтал газар дээрээ 2 жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэх боломжгүй юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаалд “Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн байна. Манай компани 2004 оноос 2009 он хүртэл, 2010 оноос 2016 он хүртэл, 2016 оноос 2021 он хүртэл нийт 3 удаа газар ашиглах эрхээ сунгуулж, 2004 оноос 2016 он хүртэл газрын төлбөрөө бүрэн төлсөөр ирсэн. Х******* дүүргийн газрын албанд 2016 оноос хойш газрын төлбөр төлөөгүй шалтгаан нь Б******* газрын хамгаалалтын захиргаанаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирсэн албан шаардлагын дагуу газар ашиглах гурвалсан гэрээний маягт шинэчлэгдэх хүртэлх хугацаанд иргэн, аж ахуй нэгжүүдийн гурвалсан гэрээ хийхгүй гэсэнтэй холбоотойгоор хүлээгдсээр байна. Х******* дүүргийн газрын итгэлцүүр тогтоосон Иргэдийн төлөөлөгчдийн тогтоол нь Хууль зүйн яамны мэдээллийн санд бүртгэлгүй гэсэн тул батлагдах хугацаа хүртэл хүлээж байгаа болно. Бидэнд газрын төлбөр төлөхгүй байх шалтгаан байхгүй бөгөөд гурвалсан гэрээ байгуулаагүйн улмаас газрын төлбөр төлөх боломжгүй байна. Манай компани Богдхан уулын Ч******* аманд үйл ажиллагаа явуулж байгаа ууган компаниудын нэг болохынхоо хувьд Б******* газрын хамгаалалтын захиргаатай хамтран ажиллаж жил бүрийн цагаан сараар х******* овоон дээр хамгаалалтаар гардаг байгаль хамгаалагч тус бүрт халуун хоол, цай, аяллын зам дагуу жил бүр мэдээллийн, танин мэдэхүйн самбар, цагаан сарын дараа жил бүр Х******* овооны хогийг цэвэрлэн тухайн ам хариуцсан байгаль хамгаалагчид хүлээлгэн өгдөг. Бид нийгмийн сайн сайхны тулд хэвлэл мэдээллийн байгууллагаар удаа дараа Богдхан уулын талаар танин мэдэхүйн мэдээлэл явуулж байсныг хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид мэднэ. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “О” ХХК-ын газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг удирдлага болгосон. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б******* газарт газар ашиглах эрхийг авсан боловч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаагүй 78 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Тус компани нь дээрх шалтгааны улмаас 2016 онд авсан 07 га газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй гэдэг нь Х******* дүүргийн газрын албаны газрын төлбөрийн мэдээлэл, Б******* газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байна. Б******* газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчныг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, газар ашиглагч нарын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, газар ашиглах гэрээний хэрэгжилтийг хангах, тайлагнах, уг тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах боломжтой болон боломжгүй, мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, хуулийн этгээдийн талаар санал, дүгнэлтийг яаманд ирүүлэх зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага юм. Бид бүхэн Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх үүднээс газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуй нэгж байгууллагад удаа дараа анхааруулж яамны албан ёсны www.mne.mn сайтад 2018 оны 01 дүгээр сарын 02 болон 04-ний өдөр, 02 дугаар сарын 12-ны өдөр тус тус зарлал, мэдээлэл тавьж ажиллаж байсан. Гэвч зарим газар ашиглагч нар хуулийн дагуу тавьсан анхааруулгыг үл ойшоож газрын төлбөрөө төлөхгүй, газраа зориулалтын дагуу ашиглахгүй байсаар байсан учраас холбогдох байгууллагын санал, дүгнэлт зэргийг үндэслэн дээрх тушаалыг гаргасан болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зааж өгсөн бөгөөд “14.4-д Дээд шатны захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор  нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.” гэж заасан. Яам нь төрийн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дээд шатны албан тушаалтан гэж байдаггүй. Иймд нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акттай холбоотой нэхэмжлэлээ 06 дугаар сарын эхээр шүүхэд гаргах байсан. Гэтэл нэхэмжлэгч 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд хандсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол” шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “О” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “О” ХХК 2004 оноос Б******* газар тусгай хамгаалалттай газар нутгийн Чандманы ам нэртэй газар 0,7 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/110 дугаар тушаалаар  газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунган, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ******* дүгээр гэрчилгээг  олгосон байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6, Б******* газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар саналыг тус тус үндэслэн Б******* газрын хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр “О” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгч нь “... 2016 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй шалтгаан нь газар ашиглах гурвалсан гэрээний маягт шинэчлэгдэх хүртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгжүүдтэй гурвалсан гэрээ байгуулаагүй, Х******* дүүргийн газрын төлбөрийн итгэлцүүр тогтоосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь Хууль зүйн яамны мэдээллийн санд бүртгэлгүй тул батлагдах хүртэл хүлээж байгаа” гэж, хариуцагч нь “.. Б******* газарт газар ашиглах эрхийг авсан боловч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд зааснаар газраа зориулалтын дагуу ашиглаагүй учраас газар ашиглах эрхийг нь цуцалсан” гэж тус тус мэтгэлцэж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж зааснаар үзвэл газар ашиглагчаас хамаарах шалтгаанаар гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлтэй юм.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.”, Газрын төлбөрийн тухай хуулийн З дугаар зүйлд “Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна.”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, … газарт төлбөр ногдуулна.”, 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ.” гэж зааснаар гурвалсан гэрээ байгуулах нь зөвхөн газар ашиглагчийн үүрэг биш бөгөөд газар ашиглуулахаар гаргасан шийдвэрийг үндэслэн захиргааны байгууллагаас газар ашиглагчтай гурвалсан гэрээг байгуулсны үндсэн дээр газрын төлбөр ногдуулах учиртай.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “О” ХХК нь 2007, 2008, 2009, 2010, 2011, 2013, 2014, 2015 онуудад газрын төлбөрөө төлсөн байх бөгөөд маргаан бүхий газар дээрээ 380 вольтын цахилгаан татсан, 1 давхар 1 байшин, 4 гэртэй, цахилгаан, дулаан, холбоо сүлжээ, техникийн нөхцөл бүрэн хийгдсэн, Архитектур төлөвлөгөөний даалгавар, эскиз зураг төслөө Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраар батлуулсан, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан Б******* газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 243 дугаар албан бичиг  болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр  тус тус тогтоогдож байна. 

Хэдийгээр “О” ХХК 2016 оноос газрын төлбөр төлөөгүй боловч газар ашиглагчаас үл хамаарах шалтгаанаар Х******* дүүргийн Засаг дарга, Богдхан уулын хамгаалалтын захиргаатай гурвалсан гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 заасан газар ашиглагчийн үүргийг хүлээхгүй юм.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.” 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд хүргүүлэх;” гэж заажээ. 

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа хэдий ч дээрх иргэн, аж ахуйн нэгж тус бүрдээ газар ашиглагч учир эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээд тус бүрд нь сонсох ажиллагааг явуулахаар байна.

Хариуцагч нь “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэгч маргаан бүхий акттай холбоотой нэхэмжлэлээ 2018 оны 06 дугаар сарын эхээр шүүхэд гаргах ёстой байсан” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалыг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18 цаг 06 минутад гардаж авч (гардан авсан нь “Монгол шуудан” ХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 08/426 дугаар албан бичгээр  тогтоогдсон) 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа нь болон газар ашиглах гэрээ байгуулж газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, Газрын төлбөрийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 1-д дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Оюун цоож” ХХК-д олгосугай.

3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДАМДИНСҮРЭН