Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0674

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.О-ийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгож, иргэн Д.Б миний эзэмшиж байгаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, дунд гол гудамж, Эрэлийн 80 машины гарааш, 18 м.кв талбайтай, 54 тоот гараашийг нэхэмжлэгч миний нэр дээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 576 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0344/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Д.Б-ээс Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.О-д холбогдуулан “Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.О-ийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгож, иргэн Д.Б миний эзэмшиж байгаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, дунд гол гудамж, Эрэлийн 80 машины гарааш, 18 м.кв талбайтай, 54 тоот гараашийг нэхэмжлэгч миний нэр дээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах”-аар маргасан байна.

            2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 576 дугаар шийдвэрээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.О-ийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11-2115131 дүгээр Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгож, Д.Б-ийн эзэмшиж байгаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, дунд гол гудамж, Эрэлийн 80 машины гарааш, 18 м.кв талбайтай, 54 тоот гараашийг нэхэмжлэгч Д.Б-ийн нэр дээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж шийдвэрлэжээ.

            3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Улсын бүртгэгч М.О-ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэн Д.Б-ийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлгээр хандахад татгалзсан үндэслэл нь хууль зүйн шаардлага хангахгүй хангалтгүй байсан ч тус өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэх асуудал нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хуульд үндэслэх зарчмыг зөрчиж байна.

            3.2. Нэхэмжлэгч иргэн Д.Б үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхээр мэдүүлгээр хандахдаа газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг баримт бичгийг хавсаргаагүй бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх бөгөөд нэг нэгж талбарт нэг хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг уг нэгж талбар газрын эрхтэй нэг бүрдлээр бүртгэнэ”, мөн хуулийн 10.3-10.6 дахь хэсэгт хуульд нийцсэн нотлох баримтад үндэслэн Улсын бүртгэлийн байгууллага нь өмчлөх эрхийн гэрчилгээг олгодог.

            3.3. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших гэж газрын гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 3.1.4-д “газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”, 3.1.10-д “нэгж талбарын хувийн хэрэг гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхтэй холбоотой цаасан болон цахим баримт бичгийн бүрдлийг”, 27 дугаар зүйлийн 27.3-д “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 34 дүгээр зүйлийн 34.5, 34.6 дахь хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээнд дараахь зүйлийг тусгана гэж заасан бөгөөд 34.6.1-34.6.11-д тус тус заасан байна.

            3.4. Үл хөдлөх эд хөрөнгийн эрх гэж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “... газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг” гэх, эрх хүлээн авагч гэж мөн хуулийн 3.1.7-д “өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаар эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг шилжүүлэн авч буй этгээдийг” гэж заасны дагуу тухайн иргэн С.О-ийн өмчлөлд өмчлөх эрх үүсээгүй байна. Тиймээс өмчлөх эрх үүсч хүчин төгөлдөр болж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй байхад тухайн өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй юм.

            3.5. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан байна.

            3.6. Улсын бүртгэлийн байгууллага нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон хуулийн шаардлага хангасан нотлох баримтад үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгодог. Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, Газрын тухай хулийн 27, 28, 34, 35 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.3-д “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрын өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрт тусгасан зориулалтын дагуу бүртгэнэ” гэж заасан байна.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:     

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Д.Б 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороололд байршилтай “Эрэл” компанийн барьж, ашиглалтад оруулсан автомашины гараашийн 54 тоотыг 13 800 000 төгрөгөөр худалдан авахаар иргэн С.О-той гэрээ байгуулжээ.

2.2. Уг хэлцлээр нэхэмжлэгч Д.Б “дээрх гараашийг одоо байгаа бичиг баримтыг үндэслэн 13 800 000 төгрөгөөр худалдан авч улмаар өөрийнхөө нэр дээр эрхийн гэрчилгээ авах үүргийг гүйцэтгэх”-ээр тохиролцсон байна.

2.3. Ийнхүү маргаан бүхий гараашийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11-2115131 дүгээр мэдүүлгийг гаргажээ.

2.4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана:”, 10.6.1-д “өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг”, 10.6.2-т “газар өмчлөх эрх олгосон шийдвэр”, 10.6.3-д “газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг”, 10.6.4-д “иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт”, 10.6.5-д “барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг”, 10.6.6-д “тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг”, 10.6.7-д “улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт”, 10.6.8-д “тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт” зэргийг хавсаргахаар хуульчилсан байна.

2.5. Дээрх зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгч Д.Б өмчлөх эрхийг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргахдаа хавсаргавал зохих баримтыг бүрэн хавсаргасан гэж үзэхээр байна.

2.6. Тодруулбал, нэхэмжлэгчээс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11-2115131 дүгээр мэдүүлэгт “иргэн С.О-той байгуулсан хэлцэл, “Эрэл” ХХК-ийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тус компанийн өмчлөлийн автомашины гараашийн 54 тоот гараашийг С.О-ийн өмчлөлд шилжүүлэх талаарх 1/160 дугаар тодорхойлолт, “Эрэл” ХХК болон С.О нарын хооронд байгуулсан 2003 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №Г-05/014 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ, нийслэлийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Барилгын байршил тогтоох тухай” А-54 дүгээр захирамж, 1996 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №96/96 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл, уг зөвшөөрлийн хавсралт, 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 81 машины гараашийн инженерийн шугам сүлжээ, дотор халаалтыг хүлээлцсэн акт, 2001 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын №04 дүгээр акт, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 1997 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Эрэлстрой” ХХК-д 100 машины гараашийн барилгад зориулж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын мөн оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-54 тоот захирамжаар 2.0 га газар олгосон талаарх мэдэгдэл, Улаанбаатар цахилгаан сүлжээний газрын 1998 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Техникийн нөхцөл олгох тухай” №2/248 дугаар албан бичиг, 1999 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 68/99 дүгээр техникийн нөхцөл, 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Барилга байгууламжийг худалдан авагчид хүлээлгэн өгсөн тухай акт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, дунд гол гудамж, 54 тоот гараашийн гэрэл зураг” зэрэг баримтуудыг хавсаргасан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2.7. Гэтэл хариуцагчаас “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай” мэдэгдэлдээ татгалзсан шалтгааныг “Нотлох баримт зөрүүтэй” гэх боловч хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдсонгүй.

2.8. Мөн түүнчлэн, нэхэмжлэгч Д.Б-ээс Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, дунд гол гудамж, Эрэлийн 80 машины гарааш, 18 м.кв талбайтай, 54 тоот гараашийг иргэн С.О-оос хэлцлийн үндсэн дээр худалдан авсан буюу өмчлөх эрхийг шударгаар олж авсан энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “иргэн С.О-ийн өмчлөлд өмчлөх эрх үүсээгүй байна. Тиймээс өмчлөх эрх үүсч хүчин төгөлдөр болж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй байхад тухайн өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Цаашид шүүхийн шийдвэрийн бүтэц, логик дараалал, дугаарлалт зэргийг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтаар батлагдсан “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”-д нийцүүлэх шаардлагатай болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 576 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                              Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН