Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/180

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Б.Е, түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Б-ийн Тд холбогдох эрүүгийн 2005032530105 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ********* аймгийн *********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ***************, ************** мэргэжилтэй, ******************* ажилтай, ам бүл ************* хамт Б*********************************************** тоотод оршин суух хаягтай боловч, одоо *********** дүүргийн ** дугаар хороо *************** тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б-ийн Т /РД:********************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Е нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Б” төвд байрлах “М” нэртэй караокед үйлчлүүлж байсан иргэн Ц.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газар пивоны шилээр 3 удаа цохиж эрүүл мэндэд гавлын зүүн зулай ясны ил цөмрөл хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулайн ар хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Е мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15- 20/, 

Хохирогч Ц.Б-ы:

“...2020 оны 10 дугаар сарын 23-ны орой бичил хороололд “М” нэртэй караокед Т гэх хамт ажилладаг залуутай муудалцсаны улмаас толгойдоо цохиулж гэмтэл авсан. Одоогоор гэмтлийн эмнэлгээс гараад хувийн эмнэлгээр хэвтэн эмчлүүлж байна. Миний биеийн байдал тогтвортой хэвийн байна. Эмчилгээний зардлуудыг Т тус бүр өгч дэмжиж эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлж байгаа, ...эмчлэгч эмч маань намайг  хялгасан судсыг дэмжих зорилгоор хийлгэдэг 306.000 төгрөгийн үнэтэй тариаг цаашид хийлгэж болно. Гэхдээ зайлшгүй хийх шаардлагатай гэж хэлээгүй. Энэ талаар би Т-д хэлсэн чинь энэ удаагийн 42 ширхэгтэй 306.000 төгрөгийн үнэтэй тариаг надад авч өгсөн. Цаашид энэ тариаг хийлгэх шаардлагагүй болсон. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 23-24/,

Гэрч Л.Г-ын: 

“...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай байгууллагын /ТЭЦ-4/ волейболын тэмцээн болсон. Тэндээс гараад хамт олноороо караокед орохоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Бичлийн аркийн орчимд байрлах “М” нэртэй караокед орсон. Тэгээд ууж, идэх юм захиалаад дуулаад сууж байтал Ц.Б эхнэр лүүгээ ярьж байгаад хүрээд ирсэн. Тухайн үед Б халамцуу ирээд сууж байтал түүний эхнэр Болороо уйлаад байх шиг байсан, ...би тамхи татах гээд тамхины өрөө рүү ортол Б, Т хоёр заамдалцчихсан маргаад зогсож байхаар нь би очиход салгасан. Тэгтэл Т караоке руу орсон. Харин би Ц.Б-д “чи хамт олон үймүүлээд байх юм боль, битгий эхнэрээ уйлуулаад бай, эсхүл яв” гэж хэлээд өрөө рүүгээ буцаад орсон. Тухайн үед Болороо Т нар караоке руу орсон байсан. Би араас нь явж ороод дуулаад сууж байтал Ц.Б гэнэт орж ирээд Т хэд хэдэн удаа ширээ давж орж ирээд цохисон. Тэгтэл Т ширээн дээр байсан лонхоор Ц.Б-ыг цохисон...” гэсэн мэдүүлэг /хх 26/,

Гэрч Б.Б-гийн:

“...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай ТЭЦ-4 төрийн өмчит хувьцаат компанийн волейболын тэмцээн болсон. Тэрний дараа арвуулаа хорооллын бичилд “М” нэртэй караокед 20 цагийн үед орсон санаж байна. Тухайн үед 2 шил 0,7 литрийн Эдэн нэртэй архи, 10 пивотой авсан. Тэгээд дахиад нэмж 2 шил Болор нэртэй архи авч уугаад суугаад байж байх үед манай нөхөр Ц.Б 22 цагийн үед гаднаас халамцуу орж ирээд бид нартай хамт суугаад уугаад, дуулаад сууж байх үед манай нэг ажилтан аавын тухай дуу дуулахаар нь би сонсоод уяраад уйлсан. Энэ үед Т намайг аргадаад тамхины өрөө рүү авч яваад хамт тамхи татангаа “яагаад уйлсан юм бэ, битгий уйлаад бай” гээд зогсож байх үед манай нөхөр Ц.Б гаднаас орж ирээд хардаад “та хоёр уулзаад байгаа юм уу” гээд муудалцаад Т манай нөхөр Ц.Б хоёр заамдалцаад зогсож байх үед П.Гантулга ах орж ирээд тэр хоёрыг салгаад Ц.Б-ыг аваад үлдсэн. Энэ үед би Т-тэй хамт караокены өрөө рүү явсан байсан. Удалгүй араас Г орж ирээд түүний араас Ц.Б орж ирсэн. Тэгээд Т-г гараараа хэд хэдэн удаа цохисон чинь Т уурандаа урдаа байсан пивоны шилийг аваад Ц.Б-ы толгой руу 2-3 удаа цохисон. Тэгтэл манай нөхрийн толгой руу шил нь зоогдсон байсан учир би шилийг нь гараараа авч цусыг нь 00-н цаасаар дарж тогтоогоод гадаа гарч сууж байх үед цагдаа ирээд Т-г авч явсан. Харин түргэн Ц.Б-ыг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх 28/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12409 дугаартай:

“...Ц.Б-ы биед гавлын зүүн зулай ясны ил цөмөрсөн хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулайн ар хэсгийн хуйханд шарх зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 37-38/,

Шүүгдэгч Б.Е-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...тухайн өдөр би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бүрэн плаза төвд байрлах “Мишээл” нэртэй караокены 1 дугаартай өрөөнд ажлын хамт олонтойгоо тэмцээн дуусаад караокед байтал Ц.Б хүрч ирээд бөөндөө ууж суусан. Тэгтэл Ц.Б-ы эхнэр уйлаад байхаар нь юу болсон талаар асуугаад байж байтал Ц.Б хойноос тамхины өрөөнд хүрч ирээд хардаад маргалдаж заамдалцсан. Тэгтэл Г ах орж ирээд салгаад намайг оруулж Ц.Б-ыг согтсон байна гээд явуулах шиг болсон. Тэгээд би өрөөнд орж ирээд сууж байтал гэнэт хохирогч Ц.Б намайг цохиод авахаар нь би зөрүүлээд ширээн дээр байсан шилээр 3 удаа цохисон. Тэгээд намайг салгаад би хэсэг 00-ын өрөөнд ороод байж байгаад тайвшраад буцаад гараад иртэл Ц.Б-ы толгойноос цус гарсан байхаар нь түргэн дуудтал 20 орчим минутын дараа эмч ирсэн, ...хохирогч намайг гэнэт ирээд цохисон учир би сандралд ороод өөрийгөө хамгаалахын тулд ийм үйлдэл гаргасан. Би дараа нь 00-ын өрөөнд ороод юу хийчих вэ гэж бодсон, ...би хохирогчтой урд нь хэвийн сайхан харилцаатай байсан, ...би хохирогч Ц.Б-тай эвлэрсэн. Эмнэлэгт хэвтсэн цагаас нь хойш эмнэлгийн төлбөр, эмчилгээний зардлыг байнга төлж, байнга санаа тавьж уулзаж холбогдож байсан. Би хохирогчид хагалгааны төлбөр болон эмчилгээний зардалд дансаар нийт 2.350.000 төгрөгийг шилжүүлсэн. Бид хоёр одоо буцаад урьдынх шигээ сайхан харьцаатай байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 52/ болон шүүгдэгч Б.Е-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Е-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Е нь хохирогч Ц.Б-ы эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Е-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Е нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Бүрэн плаза” төвд байрлах “Мишээл” нэртэй караокед үйлчлүүлж байсан иргэн Ц.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газар пивоны шилээр 3 удаа цохиж эрүүл мэндэд гавлын зүүн зулай ясны ил цөмрөл хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулайн ар хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

- Хохирогч Ц.Б-ы “...2020 оны 10 дугаар сарын 23-ны орой бичил хороололд “Мишээл” нэртэй караокед Т гэх хамт ажилладаг залуутай муудалцсаны улмаас толгойдоо цохиулж гэмтэл авсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Л.Г-ын “...Т ширээн дээр байсан лонхоор Ц.Б-ыг цохисон...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Б-гийн “...Т уурандаа урдаа байсан пивоны шилийг аваад Ц.Б-ы толгой руу 2-3 удаа цохисон. Тэгтэл манай нөхрийн толгой руу шил нь зоогдсон байсан учир би шилийг нь гараараа авч цусыг нь 00-н цаасаар дарж тогтоогоод гадаа гарч сууж байх үед цагдаа ирээд Т-г авч явсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12409 дугаартай “...Ц.Б-ы биед гавлын зүүн зулай ясны ил цөмөрсөн хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулайн ар хэсгийн хуйханд шарх зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч Б.Е нь хохирогч Ц.Б-ы эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Е-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-ы биед хүнд хохирол учирсан байх ба гэмтэлтэй холбоотой 2.500.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд, шүүгдэгч Б.Е нь 2.500.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Б.Е-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Е-тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Б.Е нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 2.500.000 төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Мөн түүний хувийн байдлыг харгалзан прокурортой тохирсон торгох ялыг оногдуулах, уг ялыг хуульд зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.   

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Е нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

Шүүгдэгч Б.Е нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулсан байна.

Шүүгдэгч Б.Е нь гэм буруугаа болон прокурорын ялын саналыг тус тус  зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005032530105 дугаар хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч Б.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-г 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч Б.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Е-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            М.ДАЛАЙХҮҮ