Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,

нэхэмжлэгч- Говь-Алтай аймаг, Халиун сум, 2 дугаар баг, Гүү бариач гэх газарт оршин суух, эрэгтэй, РД- ДК57031811, Жалайр уяач овогт Чойжилжавын Жамъян-Очирын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. 1979 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг бригадад кино механикчаар томилогдон 1986 оны 01 дүгээр сарын 10-ны дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн он сар өдөр зөрүүтэй, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон.

Ч.Жамъяан-Очир нь 1979 онд цэргээс халагдаж ирээд Халиун сумын Олонбулаг багт кино механикчаар томилогдон ажилласан. Тэгээд бригадад байдаг салбар нь татан буугдсан учраас 1986 оны 01 сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд 1986 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Халиун сумын Гүү бариач бригадад аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байсан. Олонбулаг бригадын кино механикчийн ажлаас чөлөөлсөн тушаал архивт байдаггүй, цалингийн цэс нь байхгүй болоод байгаа. 1990 оноос хөдөлмөрийн дэвтрийн нөхөн сэргээлт явагдаж, Ч.Жамъян-Очирт хөдөлмөрийн дэвтэр шинээр нээж нөхөн бичилт хийгдсэн. Архиваас бүхий л баримтууд шүүлгэсэн боловч кино механикчийн ажлаас халагдсан гэх баримт олдохгүй, тушаал, цалингийн цэс нь архивт шилжиж ирээгүй гээд байгаа. Ганц нотлох баримт нь үйлдвэрчний эвлэлийн батлах, ажилд орсон тушаал л байна. Дахиж архиваас баримт шүүлгээд олоогүй. Иймд 1979 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Халиун сумын Олонбулаг бригадад кино механикчаар, 1986 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Халин сумын Гүү бариач бригадад аж ахуйн эрхлэгчээр ажилласан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Жамъян-Очир нь 1979 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг бригадад кино механикчаар ажилласан байдлаа тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж 1986 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач бригадад аж ахуйн эрхлэгчээр ажилласан байдлаа тогтоолгохоор шаарджээ /хх-1, 66/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1979 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаартай “...Халиун сумын Олон булаг бригадын кино механикчаар 9 дүгээр сарын 15-ны өдрөөс Чойжилжавын Жамъян-Очирыг томилсугай...” гэсэн тушаалын архивын хуулбар /хх-3/,

285858 дугаартай 1975 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нээсэн Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх 1975-1976 оны 6 сар, 1980-1984 он хүртэл бичилт хийгдсэн дэвтэр эх хувиараа /хх-5-18/,

нэхэмжлэгч Ч.Жамъян-Очир нь өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг Ч.Пүрэвдоржид 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэл эх хувиараа /хх-19-20/,

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 109 дугаартай “...архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтанд кино театрын даргын тушаал болон цалингийн баримт шилжиж ирээгүй...” тухай тодорхойлолт /хх-27/,

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаартай “...Халиун сумын Коммунизмын төлөө нэгдлийн Гүү бариач бригадад аж ахуйн эрхлэгч, няраваар ажиллаж байсан Ч.Жамъян-Очирын 1986, 1987, 1988, 1989 онуудын...” цалингийн лавлагаа /хх-32/,

Говь-Алтай аймгийн Халиун сумын Халиун нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 111 дугаартай “...нэгдэл 1991 оны 12 дугаар сарын 31-нээр тасалбар болгон үйл ажиллагаагаа зогсоож байгаа тул ажлаас чөлөөлөх тухай” гэсэн тушаалын архивын хуулбар, хавсралтын 65 дугаарт нь Гүү бариач, аж ахуйн эрхлэгч Чойжилжавын Жамъян-Очир гэсэн /хх-33-34/,

444223 дугаартай хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа /хх-35-65/,

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 200 дугаартай “...аймгийн Халиун АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1986 оны захирамж, АДХ-ын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн 1986 оны тушаалыг шүүж үзэхэд Чойжилжав овогтой Жамъян-Очирт холбогдох баримт байхгүй” гэсэн тодорхойлолт /хх- 80/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Жамъян-Очир нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг бригадын кино механикчаар 1979 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр томилогдсон болох нь Говь-Алтай аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1979 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаартай архивын хуулбар тушаалаар тогтоогдож байна /хх-3/.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан цалингийн лавлагаанд 1986 оноос 1989 оныг дуусталх хугацааны лавлагаа гарсан байх бөгөөд зарим сарууд дутуу, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Халиун нэгдлээс нээсэн 444223 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Чойжилжавын Жамъян-Очир, мэргэжил гэдэгт киномеханикч гэж бичигдсэн байна /хх-35-65/.

Уг хөдөлмөрийн дэвтрийг 1990 онд хөдөлмөрийн дэвтрийн шинэчлэл явагдах үед шинээр нээж бичилтийг нь тухайн үеийн албан газар нь хийсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, дэвтрийн 6-7 дугаар хуудсанд “1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Халиун сумын Олонбулаг бригадад кино механикчаар томилов, 1986 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Олонбулаг бригадын кино цэг татан буугдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв” гэсэн бичилт хийгдэж, БНМАУ, Говь-Алтай аймгийн Халиун сумын А.Д.Х гүйцэтгэх захиргаа гэсэн тамга /хх-39-40/,

8-9 дүгээр хуудсанд “1986 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Гүү бариач бригадын аж ахуйн эрхлэгчээр томилов, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аж ахуйн нэгжүүд хуулийн дагуу нэгдлийн нэр, хэлбэр өөрчлөн зохион байгуулагдаж байгаа тул үүрэгт ажлаас чөлөөлөв” гэсэн бичилт хийгдэж, Говь-Алтай аймгийн Халиун сумын Халиун нэгдэл гэсэн тамга /хх-41-42/ тус тус дарагдсан байх бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажлаас чөлөөлсөн тушаалын он, сар, өдөр тушаалын дугаар нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 111 дугаартай тушаалын архивын хуулбартай тохирч байна /хх-33/.

Түүнчлэн уг хөдөлмөрийн дэвтрийг 2002 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 072 дугаартай нийгмийн даатгалын байцаагч, 014 дугаартай нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нар тус тус баталгаажуулж тэмдэг дарсан байх /хх-45-48/ бөгөөд 1975 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нээсэн 285858 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх дэвтрийн 1975 он, 1976 оны 1-6 дугаар сар, 1980-1984 оныг дуусталх хугацааны бичилт хийгдэж тэмдэг дарагдсан байна /хх-5-13/.

Нэхэмжлэгч Ч.Жамъян-Очирыг киномеханикчаар 1986 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд ажилласан талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх боловч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн цалингийн лавлагаанд 1986 оны 01 дүгээр сараас Халиун сумын Коммунизмын төлөө нэгдлийн Гүү бариач бригадад аж ахуйн эрхлэгч, няраваар ажилласан талаарх цалингийн лавлагаа гаргасан байна /хх-32/.

Мөн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтанд кино театрын даргын тушаал болон цалингийн баримт шилжиж ирээгүй,  аймгийн Халиун АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1986 оны захирамж, АДХ-ын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн 1986 оны тушаалыг шүүж үзэхэд Чойжилжав овогтой Жамъян-Очирт холбогдох баримт байхгүй гэсэн тодорхойлолтыг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас ирүүлсэн байна /хх-27, 80/.

Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн Ч.Жамъян-Очир нь 1979 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг бригадад кино механикчаар,

1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарыг дуусталх, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарыг дуусталх, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс  1991 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Коммунизмын төлөө нэгдлийн Гүү бариач бригадад аж ахуйн эрхлэгч, няраваар тус тус ажилласан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг буюу 1988 оны 6 дугаар сар, 1989 оны 2 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилласан болох нь нотлогдоогүй тул энэ хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жалайр уяач овогт Чойжилжавын Жамъян-Очир /РД-ДК57031811/ нь 1979 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг бригадад кино механикчаар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарыг дуусталх, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 1 дүгээр сарыг дуусталх, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Коммунизмын төлөө нэгдлийн Гүү бариач бригадад аж ахуйн эрхлэгч, няраваар тус тус ажилласан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                      Д.ЯНЖИНДУЛАМ