Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/171

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Б.Батнасан,

хохирогч Ш.Б, түүний өмгөөлөгч Д.Батдулам,

шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э-ийн Д-т холбогдох эрүүгийн 2005006941160 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 7 дугаар сарын 11-ний өдөр ********** аймгийн ********** суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, ************** захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхэд, хадам эцэг нарын хамт *********************************тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Э-ийн Д /РД: *************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД Андууд” худалдааны төвийн гадна иргэн Ш.Б-т “*************” ХХК-д фидукцийн гэрээний дагуу өмчлөх эрхээ шилжүүлсэн ** ** улсын дугаартай Тоёото Харриер /Toyota harrier/ маркийн автомашинаа “зээлийн барьцаанаас чөлөөлж худалдана, зээлийн үлдэгдэл төлбөрийг банк бус санхүүгийн байгууллагад төлнө” гэж хуурч төөрөгдөлд оруулж 8.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс Моол” /Max mall/ худалдааны төвд иргэн Ш.Ү-д “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж хуурч 6.050.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Б мэдүүлэхдээ: “...Э.Д нь надад 8 сая төгрөгийг шүүх хуралдааны өмнө төлсөн боловч миний бие Т.Т- ит  тьолрлоаас 8 сая төгрөг сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж зээлж аваад Э.Д-т өгсөн. Гэрээний дагуу би сар бүр тодорхой хүү төлж байсан тул гэрээнд заасан зээлийн хүүнд төлсөн 6.500.000 төгрөгийг Э.Д-аас нэхэмжилж байна. Харин эрүүгийн хариуцлагын тухайд түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ш.Б-ын:

“...Д хар өнгөтэй Тоёота Харриер маркийн ** ** улсын дугаартай автомашиныг нийт 16.000.000-17.000.000 сая төгрөгөнд зарна гэсэн. 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр урьдчилгаа 8.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж зээлж аваад, Д гэх эмэгтэйд Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах ТБД Андууд нэртэй худалдааны төвийн үүдэнд бэлнээр өгсөн. Мөнгө өгөх үед надтай хамт Мөнх-Эрдэнэ байсан. Банк бус санхүүгийн байгууллагын өрийг хэрхэн яаж барагдуулах талаар Д-аас асуусан чинь “өөрөөс чинь авсан мөнгийг банк бус санхүүгийн байгууллагад тушааж зээлийг хаагаад, нэр дээр чинь машины бичиг баримтыг шилжүүлж өгнө, энэ үед үлдэгдэл 9.000.000 төгрөгийг авна шүү гэсэн. Э.Д бид хоёр “*************” банк бус санхүүгийн байгууллага дээр хамт очиж зээлийн мэргэжилтэн, захирал зэрэг хүмүүстэй уулзсан юм. Энэ үед Э.Д нь банк бус санхүүгийн байгууллагад 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн төлбөрийг төлнө гэсэн хүсэлт гаргасан юм...” гэсэн мэдүүлэг /1 хх 11-13/,

2. Гэрч Ч.М-ийн:

“...Б-аас авсан 8.000.000 төгрөгийг Э.Д нь банк бус санхүүгийн байгууллагад өгч зээлийг багасаж үлдэгдэл төлбөрийг өөрөө төлж бичиг баримтаа шилжүүлж өгнө, энэ үед Б нь үлдэгдэл төлбөрийг төлнө гэж тохирсон юм. 2019 оны 12 дугаар сарын эхээр Д-аас авсан машиныг банк бус санхүүгийн байгууллагаас хүмүүс ирээд аваад явчихлаа. Би 8.000.000 төгрөг өгсөн боловч хохирлоо гэсэн. Ингээд банк бус санхүүгийн байгууллага дээр Д, Б нарын хамт очиж уулзсан чинь Д нь автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад өгчих, 8.000.000 төгрөгөнд газар өгнө гэсэн зүйл яриад байдаг, сүүлдээ алга болсон...” гэсэн мэдүүлэг /1 хх 20-21/,

3. “*************” ХХК-ийн зээлдэгчийн анкет, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуцийн гэрээ/ Зээлийн гэрээ /1 хх 33-38/,

4. “*************” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20/78 дугаартай”

“...Э.Д нь тус компаниас 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж 14.000.000 төгрөгийг 4.9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. Э.Д нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй ба төлж барагдуулах хугацаа тохирсон ч зээлийн төлбөр төлөгдөхгүй байсаар ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүү алдангийн төлбөрт 1.500.000 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Э.Д нь уг төлбөрөөс өөр төлбөр манай компанид төлөөгүй болно...” гэсэн албан бичиг /1 хх 55/,

5. Хаан банкны зарлагын баримт /1 хх73/,

6. Хохирогч Ш.Ү-ын:

“...2019 оны 01 дүгээр сарын эхээр Д өөрийнхөө 9909-8884 дугаараас холбогдоод 1 жилийн хугацаатай гэрээт ажилчны виз байна сонирхох уу гэхээр нь наадахыг чинь сонирхож байна гээд уулзахаар болсон. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Макс молл” дэлгүүрийн дотор кофе шопод эхнэрийнхээ хамт Д-тай уулзсан. Тэгсэн нэг хүний 6.050.000 төгрөг болно гэхээр нь эхнэр бид хоёр хамт явна гэхэд 12.000.000 төгрөг болно. Тэрнийхээ 50 хувийг одоо өгөөд виз гарсны дараа үлдсэн 50 хувийг авна гээд эхнэр бид хоёрын гадаад паспортыг аваад 6.050.000 төгрөгийг би өөрийнхөө данснаас Д-ын хаан банкны 5075366554 тоот данс руу шилжүүлж өгсөн. 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 50.000 төгрөг өгсөн. Түүнээс өөр мөнгө өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 99-100/,

7. Э.Дын 2019 оны 9 дүгээр сар 01-ний өдөр мөнгө хүлээж авсан:

“...Ш.Үад миний бие Энхцэцэг овогтой Д нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр баруун дөрвөн замын “Макс молл” худалдааны төв дотор уулзаж Солонгос улс руу гаргах зуучлалын талаар ярилцаж тохирсон. Нийт гарах зуучлалын хөлс болох 6.050.000 төгрөгийг дансаар хүлээн авсан ба хэрвээ ажил бүтэхгүй бол хариуцлагыг би хүлээн хохирлыг барагдуулах буюу бусад зардал болох 1.000.000 төгрөгийн хамт нийт 7.050.000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлж барагдуулахаар болов...” гэсэн гар бичмэл /1хх 118/,

8. Хохирогч нарт хохирол төлбөрийг төлсөн талаарх баримтууд, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай прокурорын тогтоол, албан бичиг, хохирогч Ш.Б-ын иргэн Т.Төгсбаатартай байгуулсан зээлийн гэрээ, зарлагын мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Д-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Э.Д нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ш.Б-аас 8.000.000, Ш.Ү-аас 6.050.000 төгрөгийг тус тус авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “шүүгдэгч Э.Д нь хохирогч Ш.Б-т 8 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн боловч хор уршиг бүрэн арилаагүй гэж үзэж байна. Хохирогч Ш.Б нь зээлийн гэрээний дагуу сар бүр тодорхой хүү төлж байсан тул зээлийн хүүнд төлсөн 6.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Э.Д нь гэм буруу дээр маргахгүй. Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуульд хохирол төлбөрт хүү, алданги төлүүлнэ гэсэн заалт байхгүй. Мөн зээлийн хүүд тэдэн төгрөг төлсөн гэсэн баримт хэрэгт авагдаагүй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Д-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Д нь: 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД Андууд” худалдааны төвийн гадна иргэн Ш.Бт “*************” ХХК-д фидукцийн гэрээний дагуу өмчлөх эрхээ шилжүүлсэн ** ** улсын дугаартай Тоёото Харриер /Toyota harrier/ маркийн автомашинаа “зээлийн барьцаанаас чөлөөлж худалдана, зээлийн үлдэгдэл төлбөрийг банк бус санхүүгийн байгууллагад төлнө” гэж хуурч төөрөгдөлд оруулж 8.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан болох нь:

- Хохирогч Ш.Б-ын “...Д Тоёота Харриер маркийн ** ** улсын дугаартай автомашиныг нийт 16.000.000-17.000.000 сая төгрөгөнд зарна гэсэн. 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр урьдчилгаа 8.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах ТБД Андууд нэртэй худалдааны төвийн үүдэнд бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ч.Мөнх-Эрдэнийн “...Ш.Баас авсан 8.000.000 төгрөгийг Э.Д нь банк бус санхүүгийн байгууллагад өгч зээлийг багасаж үлдэгдэл төлбөрийг өөрөө төлж бичиг баримтаа шилжүүлж өгнө, энэ үед Ш.Б нь үлдэгдэл төлбөрийг төлнө гэж тохирсон. ...2019 оны 12 дугаар сарын эхээр Д-аас авсан машиныг банк бус санхүүгийн байгууллагаас хүмүүс ирээд аваад явчихлаа. Би 8.000.000 төгрөг өгсөн боловч хохирчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,  

- “*************” ХХК-ийн зээлдэгчийн анкет, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуцийн гэрээ/ Зээлийн гэрээ,

- “*************” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20/78 дугаартай албан бичиг,

- Хаан банкны зарлагын баримт болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс Моол” /Max mall/ худалдааны төвд иргэн Ш.Ү-д “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэж хуурч 6.050.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

- Хохирогч Ш.Ү-ын “...2019 оны 01 дүгээр сарын эхээр Д өөрийнхөө ************* дугаараас холбогдоод 1 жилийн хугацаатай гэрээт ажилчны виз байна сонирхох уу гэхээр нь наадахыг чинь сонирхож байна гээд уулзахаар болсон. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Макс молл” дэлгүүрийн дотор кофе шопод эхнэрийнхээ хамт Д-тай уулзсан. Тэгсэн нэг хүний 6.050.000 төгрөг болно гэхээр нь эхнэр бид хоёр хамт явна гэхэд 12.000.000 төгрөг болно. Тэрнийхээ 50 хувийг одоо өгөөд виз гарсны дараа үлдсэн 50 хувийг авна гээд эхнэр бид хоёрын гадаад паспортыг аваад 6.050.000 төгрөгийг би өөрийнхөө данснаас Дын хаан банкны ---------------------- тоот данс руу шилжүүлж өгсөн. 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 50.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг,

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

- Шүүгдэгч Э.Д-ын 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр мөнгө хүлээж авсан тухай гар бичмэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд залилан мэхлэх гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх гэх зэрэг бусад аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр үйлдэгддэг ба, хуурах гэдэг нь үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх ба илрэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг үйлдэх гэх зэрэг бусад байдлаар илэрнэ.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Э.Д нь “автомашинаа зээлийн барьцаанаас чөлөөлж худалдана, зээлийн үлдэгдэл төлбөрийг банк бус санхүүгийн байгууллагад төлнө”, “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргуулж өгнө” гэх зэргээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан байна.  

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед
нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Б-т 8.000.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Э.Д нь мөрдөн байцаалтын шатанд 2.000.000 төгрөг, шүүхийн шатанд 6.000.000 төгрөгийг хохирогч Ш.Б-т төлсөн байна.

Мөн хохирогч Ш.Ү-д 6.050.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Э.Д нь мөрдөн байцаалтын шатанд 50.000 төгрөг, шүүхийн шатанд 6.000.000 төгрөгийг хохирогч нарт тус тус төлсөн байх тул шүүгдэгч Э.Д-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Ш.Б нь иргэн Т.Т-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу сар бүр тодорхой хүү төлж байсан гэх үндэслэлээр 6.500.000 төгрөгийг шүүгдэгч Э.Д-аас нэхэмжилсэн боловч сар бүр хүү төлж байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байхаас гадна гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Э.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Э.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Э.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Э.Д-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу шүүгдэгч Э.Д нь үргэлжилсэн үйлдлээр санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд дээрх хуулийн заалтыг хэрэглэж торгох ялаас чөлөөлөх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Д-ыг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005006941160 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-ыг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ш.Б-ын нэхэмжлэлийн шаардлагаас 6.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ