Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 108

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 3-28 тоотод оршин суух Баатар овгийн Загдрагчаагийн Хосбаярт /РД: НХ84122811/ холбогдох 
Зээлийн үлдэгдэл 1.712.015 төгрөг, 2014 оны аудитын алданги 911.376 төгрөг, 2015 оны аудитын алданги 338.346 төгрөг нийт 2.961.737 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чанцалдулам, хариуцагч З.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн З.Хосбаяр нь Чандмань сумын сум хөгжүүлэх сангаас 2012 оны 01 дүгээр сарын 10-нд 3.000.000 төгрөгийн зээлийг авч 3.139.715 төгрөг болгон төлж барагдуулах байснаас 1.427.700 төгрөгийг төлж, 1.712.015 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа болно. Зээлээ графикт хугацаанд нь төлөөгүйн улмаас 2014 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар 911.376 төгрөгийн алданги, 2015 оны жилийн эцсийн аудитын шалгалтаар 338.346 төгрөгийн алданги тавигдаж нийт 2.961.737 төгрөг төлж барагдуулах шаардлагатай байна. Иймд З.Хосбаяраас сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөрийг төлж барагдуулан хохиролгүй болгох нэхэмжлэл гаргаж байна гэжээ.  
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чанцалдулам шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2012 онд 3 сая төгрөгийн зээл авсан. Сар болгон зээлийн гэрээнд заасан төлбөрийг төлж барагдуулахаар авч үйл ажиллагаа явуулсан. Зориулалтын дагуу зарцуулсан. Эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу хугацаандаа төлөөгүй учраас 2014, 2015 онд нийт 1.249.722 төгрөгийн алданги гарсан. З.Хосбаяр үндсэн зээлийг төлөх хүсэлт тавьсан. Гэхдээ алдангийг хасах боломжгүй. 2014 оноос хойш эргэн төлөлт хийгээгүй. Иймд сум хөгжүүлэх сангийн зээл, алданги 2.961.737 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч З.Хосбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2009 онд Төв аймгийн Борнуур сумаас шилжин ирж 2013 он хүртэл Говь-Алтай аймгийн Чандмань сумд хувиараа гагнуур хийж байсан. 2012 онд сум хөгжүүлэх сангаас 3.000.000 төгрөгийн зээл авч, бизнесээ өргөжүүлэхийг зорьсон. 3.000.000 төгрөгөөс ажлын багаж, мөн төмрийн түүхий эд худалдаж авсан. Түүнээс хойш ажлаа үргэлжлүүлэн хийж эхэлсэн боловч сумын иргэд зээлээр хийлгэж, улмаар мөнгөө хугацаанд нь өгөлгүй удааж, цувуулж, зарим нэг нь алга болсноор эргэлтийн хөрөнгөгүй болж ажлаа үргэлжлүүлэхэд хэцүү болсон. 2013 оноос Чандмань сумаас шилжиж, Говь-Алтай аймгийн төвийг зорин ирж “Шинэ-Алтай” захын зүүн талд гагнуур авто засварын чиглэлээр түрээсийн байранд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж эхэлсэн. 2013-2016 оны хооронд ажлын байрны түрээсэнд сар бүр 300.000 төгрөг төлж ажилладаг байсан. Эхнэр ажилгүй, 2 хүүхдээ харж гэртээ байдаг, ажилд ороод ажиллаж байгаад цалингаа авах гэхэд алга болдог. Тэгээд миний ажлын байрнаас манай амьдрал хамааралтай болсон. Түрээсийн байртай, ганцаараа ажилладаг болохоор сум хөгжүүлэх сангийн зээлээ төлөхөд хэцүүхэн болсон. Төв аймгаас Говь-Алтай аймагт шилжин ирж ажиллахад таньж мэдэх, тусалж дэмжих хүнгүй өдий хүртэл ганцаараа зүтгэсэн. Одоогийн байдлаар 2016 оны 09 сараас эхлэн өөрийн гэсэн ажлын байртай болж, 10 сард Харзат багт хүнээс хашаа авч, ажлаа үргэлжлүүлсээр байна. Эдийн засгийн хямралаас шалтгаалан үйлчлүүлэгч багасч, орлого муудсаны улмаас одоогийн хугацаа хэтрэлттэй зээл болох 2.961.737 төгрөгийг төлж барагдуулахад маш хүндрэлтэй байна. Тиймээс Говь-Алтай аймагт таньж мэдэх, тусалж дэмжих хүнгүй миний бие энэхүү зээлийн хугацаа хэтрэлтийн алданги болох 1.249.722 төгрөгийг чөлөөлж өгөхийг хүсэж байна. Үлдсэн 1.712.015 төгрөгийг та бүхний тогтоосон хугацаанд ямар нэгэн аргаар хийх болно гэв. 
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг дарга нь З.Хосбаярт холбогдуулан зээлийн үлдэгдэл 1.712.015 төгрөг, 2014 оны аудитын алданги 911.376 төгрөг, 2015 оны аудитын алданги 338.346 төгрөг нийт 2.961.737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь З.Хосбаяр  нь 2014 оноос хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй тул зээлийн үлдэгдэл 1.712.015 төгрөг, 2014 оны аудитын алданги 911.376 төгрөг, 2015 оны аудитын алданги 338.346 төгрөг нийт 2.961.737 төгрөг гаргуулна хэмээн маргаж байна. 
Хариуцагч З.Хосбаяр нь зээлийн үлдэгдэл 1.712.015 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин алдангийг төлөх боломжгүй хэмээн маргаж байна. 
З.Хосбаяр нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаанд 3.000.000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэй сар бүр тогтоосон хугацаанд зээлийн төлбөрийг төлж, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийг төлж дуусгахаар зээлийн гэрээ байгуулсан болох нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр тогтоогдож байна. 
Улмаар Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/27 дугаар захирамжаар 2011 оны сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс санхүүжилт авсан жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 1 жилийн хугацаатайгаар сунгажээ. 
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “...зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээнэ...” гэж заасны дагуу хариуцагч З.Хосбаяр нь гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч зээлийн үлдэгдэл 1.712.015 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь 2014 оны аудитын алданги 911.376 төгрөг, 2015 оны аудитын алданги 338.346 төгрөг нийт 1.249.722 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. 
Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. 
Зохигчдын байгуулсан 2012 оны 01 сарын 19-ний өдрийн 08 дугаар гэрэээний 2.4-т “Энэхүү гэрээний 2.2-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 3 хувийн торгууль төлнө” гэж заажээ. 
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заасан байх тул үүрэг гүйцэтгүүлэгч Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг дарга нь анз шаардах эрхтэй байна. 
Харин ийнхүү шаардаж буй анзын хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. 
Иймд нэхэмжлэгч нь хариуцагч З.Хосбаярын гүйцэтгээгүй үүрэг 1.712.015 төгрөгийн 50 хувь буюу 856.007 төгрөгийн торгуулийг шаардах эрхтэй байна. 
Дээрх үндэслэлээр  зээлийн үлдэгдэл 1.712.015 төгрөг, анз /торгууль/ 856.007 төгрөг нийт 2.568.022 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас анз /торгууль/ 393.715 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар 2.568.022 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 56.038 төгрөгийг хариуцагч З.Хосбаяраас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үлдэгдэл 1.712.015 төгрөг, анз /торгууль/ 856.007 төгрөг нийт 2.568.022 төгрөгийг хариуцагч З.Хосбаяраас гаргуулж Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас анз /торгууль/ 393.715 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар 2.568.022 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 56.038 төгрөгийг хариуцагч З.Хосбаяраас гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ