Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 109

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Цагаан хайрхан багт оршин суух Жандар овгийн Дашзэвэгийн Цэвээндуламын /РД: ДЙ97013100/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн эх багт оршин суух Дамиран овгийн Ганбаатарын Гантулгад /РД: ДЙ94111013/ холбогдох 
Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэвээндулам шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Ганбаатар овогтой Гантулгатай 2014 оноос хамтран амьдарч байгаад хүү Гантулга овогтой Шаравдоржийг 2015 оны 12 сарын  25-ны өдөр төрүүлсэн. 2016 оны 05 сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд Гантулга нь үүнээс хойш бид хоёр дээр ирэхгүй, утсаар ч яриагүй бөгөөд Facebook-ээр дамжуулж 2016 оны 09 сард өөр найз охинтой болсон гэдгээ хэлсэн. Би цаашид Гантулгатай хамтран амьдрах боломжгүй болно. Иймд миний хүү Гантулга овогтой Шаравдоржид хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Гантулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Цэвээндуламтай 2014 оноос үерхэж эхлэн 2015 оны 12 сарын 25-ны өдөр хүүтэй болсон. Миний хувьд Д.Цэвээндуламтай цаашид гэрлэж амьдрал зохиох хүсэлтэй байсан. Үл ойлголцох шалтгаанаас болж хоёр тийш хөндийрсөн. Надад Facebook-ээр найз охинтой болсон гэж хэлсэн зүйл байхгүй, ар гэрийнхэн нь надад муу байдаг. Уг нь энэ зунаас айл орон болно гэсэн бодолтой ажил хийгээд холбоо бариагүй, очиж чадаагүй юм. Гэтэл шүүхэд өгсөн байсан. Түүний дараа би хоёулаа амьдралаа бодъё гээд очих үед одоо тийм зүйл байхгүй гэсэн тул би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Цэвээндулам нь хариуцагч Г.Гантулгад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Д.Цэвээндулам, Г.Гантулга нар нь 2014 оноос хамтран амьдарсан байх бөгөөд нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын  25-ны өдөр хүү Гантулгын Шаравдорж төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Г.Шаравдоржийн 8231000001 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. 
Хэрэгт авагдсан 8231000001 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт эцгийн овог нэр Дамиран Ганбаатарын Гантулга /РД: ДЙ94111013/, эхийн овог нэр Боржигон Дашзэвэгийн Цэвээндулам /РД: ДЙ97013100/ гэсэн байх бөгөөд өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоожээ. 
Мөн хариуцагч Г.Гантулга нь шүүх хуралдаанд Г.Шаравдоржийг өөрийн хүү мөн болохыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байна. 
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар эцэг Г.Гантулга, хүү Г.Шаравдорж нарын хооронд эрх үүрэг үүссэн байх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Иймд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Гантулгын Шаравдоржийг эх Д.Цэвээндуламын асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүү Г.Шаравдоржид тэтгэлэг тогтоож эцэг Г.Гантулгаар тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Нэхэмжлэгч Д.Цэвээндулам нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Гантулгаас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 999.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.526 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Гантулгын Шаравдоржийг эх Дашзэвэгийн Цэвээндуламын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Гантулгын Шаравдоржийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нар /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Г.Гантулгаар тэжээн тэтгүүлсүгэй. 
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Цэвээндуламд даалгасугай.
4. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Г.Гантулга нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Гантулгаас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 999.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.526 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. 
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ