Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 116

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5 дугаар багт оршин суух Олхонууд овгийн Хасаановын Ерөөлтийн /РД: ДВ83092811/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут баг, Цахир толгой гэх газарт оршин суух Хөхдан овгийн Гэндэнжамцын Мөнх-Оргилд /РД: ДО94062613/ холбогдох 
Машины үнэ 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ерөөлт шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.Мөнх-Оргил нь миний эзэмшлийн Ланд-80 ГАҮ 19-94 номертой машиныг 2016 оны 07 сарын 24-нд амаар ярилцан, утсаар ээжтэй нь ярьж зөвшөөрүүлэн 2016 оны 08 сард 3.000.000 төгрөгийг бэлэн мөнгө өгнө, үлдэгдэл 7.000.000 төгрөгөнд 2016 оны 10 дугаар сарын 01 гэхэд үхэр өгнө гэж авсан. Удаа дараа нэхэн гэрт нь очсон боловч өөрөө байхгүй, аав ээж нь хүү ирээд удахгүй дуусгана гэж ярьдаг. Уг машины үнэ болох /тохирсон/ 10.000.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.  
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Х.Ерөөлт нь Г.Мөнх-Оргилд холбогдуулан машины үнэ 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Нэхэмжлэгч нь 2016 оны 07 сарын 24-нд Г.Мөнх-Оргилд өөрийн эзэмшлийн ГАҮ 19-94 улсын дугаартай машиныг 10.000.000 төгрөгөөр зарахаар харилцан тохиролцож, Г.Мөнх-Оргилд машинаа өгч явуулсан тул машины үнийг гаргуулна хэмээн маргаж байна.
Х.Ерөөлт нь 19-94 ГАҮ дугаартай ланд круйзер маркийн машины өмчлөгч болох нь Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 54 дугаартай албан бичиг, тээврийн хэрэгсэл бүртгэх картаар тогтоогдож байна. 
Нэхэмжлэгч нь 2016 оны 08 сард 3.000.000 төгрөгийг бэлэн мөнгө өгнө, үлдэгдэл 7.000.000 төгрөгөнд 2016 оны 10 дугаар сарын 01 гэхэд үхэр өгнө гэж тохиролцсон гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. 
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байна. 
Х.Ерөөлт нь машинаа хариуцагч Г.Мөнх-Оргилын эзэмшилд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээр тогтоогдож байх тул машины үнэ 10.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.  
Хариуцагч Г.Мөнх-Оргил нь 2017 оны 01 сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байх бөгөөд шүүхээс тогтоосон хугацаа болох 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. 
Мөн шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн Засаг даргад, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Г.Мөнх-Оргилын ээж Болормаад тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхийн мэдэгдэх хуудсанд дурдсан хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй, мөн тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд хариуцагч Г.Мөнх-Оргилоос машины үнэ 10.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Ерөөлтөд олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 
Нэхэмжлэгч Х.Ерөөлт нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн, хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мөнх-Оргилоос 10.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ерөөлтөд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар машины үнэ 10.000.000 төгрөгийг хариуцагч Г.Мөнх-Оргилоос гаргуулж нэхэмжлэгч Х.Ерөөлтөд олгосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мөнх-Оргилоос 10.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ерөөлтөд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ