Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2017/00077/И/ |
Дугаар | 117 |
Огноо | 2017-03-22 |
Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 117
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 1-28 тоотод оршин суух Дуганч овгийн Пүрэвжавын Дэлгэрмаагийн /РД: ДЖ72091001/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр цэцэрлэгт холбогдох
2016 оны 09 сарын 15-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Дэлгэрмаа, хариуцагч байгууллагын эрхлэгч Б.Энхтогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, гэрч Н.Отгонжаргал, Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Дэлгэрмаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 01 сарын 29-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар туслах багшийн орон тоонд томилогдон ажилласан бөгөөд 2016 оны 09 сарын 15-ны өдөр Б/39 дугаартай тушаалаар миний ажлын байрыг өөрчилж угаагч үйлчлэгчийн хавсарсан орон тоонд шилжүүлсэн. Ингэхдээ надаар түр хугацаанд угаагч, үйлчлэгчийн ажлыг хийлгэж өгнө үү гэсэн утга бүхий өргөдөл бичүүлсэн. Угаагчийн ажилд орох хүсэл, сонирхол надад байгаагүй. Бичээд өгөөч гэхээр нь бичиж өгсөн. Би түр хугацаа гэдгийг 1 сар байх гэж ойлгосон. Би туслах багшаар ажиллахдаа ТҮБД 1-1 шатлалаар үндсэн цалин 416.521 төгрөгийн цалин авч байтал цэцэрлэгийн эрхлэгч өөрчлөгдөж миний 01 дүгээр сарын цалин гүйцэтгэж байгаа ажил болох угаагчийн үндсэн цалин 371.016 төгрөгөөр бодогдож шатлал ТҮ 1-1 болон буурч миний эрх ашиг хөндөгдөж байна. Иймд миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг сэргээж, 2016 оны 09 сарын 15-ны өдрийн Б/39 дугаартай тушаалыг хүчингүй болгож намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож цалингийн зөрүүг олгуулж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын эрхлэгч Б.Энхтогтох нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн ажиллаж байна. Ажилтан П.Дэлгэрмаа анх тухайн байгууллагын харьяа Баяншанд багийн салбар цэцэрлэгт туслах багшаар 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар ажилд орсон. П.Дэлгэрмаа нь ажлын хариуцлага алдсан учраас үндсэн цэцэрлэг дээр хуучин эрхлэгч дэргэдээ авсан гэж надад танилцуулсан. Ямар шалтгаанаар өөрөө угаагч болохыг хүлээн зөвшөөрсөн бэ гэхээр өөрийн бичсэн өргөдөл дээрээ эрүүл мэндийн хувьд бага насны хүүхэдтэй ажиллахад тархи, толгой өвдөөд хүнд байгаа учраас хөнгөн ажилд шилжүүлж өгнө үү гэсэн өргөдлийн дагуу угаагчийн ажилд томилсон байсан. Хуучин эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тушаалаар 3 бүлэгтэй цэцэрлэгт 4 дэх багш болгож П.Дэлгэрмааг томилж, цалинг баталсан байсан. Би анх ажлаа аваад батлагдсан орон тооны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаар тогтоолыг баримтлан гүйцэтгэж байгаа албан тушаалых нь буюу одоо эрхэлж байгаа угаагчийн авах цалингаар цалинжуулсан. Өмнөх эрхлэгчтэй угаагчийн гэрээ байгуулахдаа ТҮ-1-1 шатлалаар цалингаа авахаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байсан. П.Дэлгэрмаа нь угаагчаар ажиллах гэрээндээ гарын үсэг зурж зөвшөөрсөн боловч үйлчлэгчийн 40 хувийн цалинг нэмэгдлээр авдаг байсан юм байна лээ. Манай байгууллагад үйлчлэгч гэх орон тоо байхгүй. Тийм учраас батлагдаагүй орон тоонд 40 хувийг өгч болохгүй гэж Аудитын дүгнэлт гарсан. Угаагч нь 3 ангийн бохир цэвэрлэдэг. Хавсран ажиллах талаар заасан зүйл байхгүй. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн манай салбар цэцэрлэг бие даан 8 дугаар цэцэрлэг болон ажиллаж байна. 2017 оны 04 дүгээр сараас шинээр нэг бүлэг нэмэгдэж, туслах багшийн орон тоо байгаа. Уг орон тоог харгалзан үзнэ үү. П.Дэлгэрмаа өөрийн хүсэлтээр угаагчийн ажилд орсон гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч П.Дэлгэрмаа нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь туслах багшаар ажиллахдаа ТҮБД 1-1 шатлалаар үндсэн цалин 416.521 төгрөгийн цалин авч байтал цэцэрлэгийн эрхлэгч өөрчлөгдөж миний 01 дүгээр сарын цалин гүйцэтгэж байгаа ажил болох угаагчийн үндсэн цалин 371.016 төгрөгөөр бодогдож шатлал ТҮ 1-1 болон буурч миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү гаргуулна хэмээн мэтгэлцэж байна.
Хариуцагч байгууллагын эрхлэгч Б.Энхтогтох нь П.Дэлгэрмаа нь 2016 оны 09 сарын 15-нд тархи толгой өвдөж байгаа учраас хөнгөн ажилд шилжүүлж өгнө үү гэсэн өргөдөл өгч, угаагчийн ажилд шилжиж орсон байсан. Угаагчаар ажиллаж байхдаа туслах багшийн цалингаар ажиллаж байсныг гүйцэтгэж байгаа угаагчийн албан тушаалын цалингаар цалинжуулсан гэж мэтгэлцэж байна.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нь 2016 оны 09 сарын 15-ны өдрийн “П.Дэлгэрмаагийн ажлын байрыг өөрчлөх тухай” Б/39 дүгээр тушаалаар цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан П.Дэлгэрмааг 2016 оны 09 сарын 15-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, угаагч үйлчлэгчийн хавсарсан ажлын орон тоонд шилжүүлж, ТҮ-1-1 шатлалаар 371.016 төгрөгөөр цалинжуулж, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг 40 хувиар тооцон олгохоор шийдвэрлэсэн болох нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн Б/39 дүгээр тушаал, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч П.Дэлгэрмаа нь 2016 оны 09 сарын 15-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчид “...хүүхдийн шуугианд тархи толгой өвдөж шалтгаан гарсан учир эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж угаагчаар түр ажиллуулж өгнө үү...” гэсэн өргөдөл гаргажээ. Уг өргөдөлд тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Наранцэцэг нь “...П.Дэлгэрмаад өөрийн хүсэлтийг үндэслэн угаагчаар ажиллуулъя...” гэсэн цохолт хийсэн байна. /хх 43/
Гэрч Б.Наранцэцэг нь шүүх хуралдаанд “....Хүүхэдтэй ажиллахдаа дотоод журам зэрэг зүйлд зааснаар хүүхдийг эзгүй орхихгүй, ажлын байраа орхиж явахгүй байх заалттай. 6 сар мэдэгдэх хуудас өгөөд багш нарын хурлаар хэсэг хугацаа өгсөн байсан. Энэ хугацаанд ажлын бүтээмж бага зэрэг сайжирсан ч гэсэн ажлын ур чадвар муутай байсан учраас өөртэй нь зөвшилцөж угаагчаар ажилд авсан. Өөрөө өргөдөл бичиж өгсөн. Би шахаж шаардсан зүйл байхгүй. Өөрийнхөө оронд орсон хүнтэй харилцан ярилцсан байсан...” гэж мэдүүлж байна.
Ажилтны албан тушаалыг бууруулж, өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь тухайн ажилтныг ажлаас халсан гэдэг ойлголтод хамаарна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заажээ.
Нэхэмжлэгч П.Дэлгэрмаа нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд 2016 оны 09 сарын 15-ны өдөр угаагчаар түр хугацаагаар ажиллуулж өгнө үү гэсэн өргөдлийг бичиж өгсөн болох нь хэрэгт авагдсан П.Дэлгэрмаагийн өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.
П.Дэлгэрмаа нь өргөдөл бичсэн өдрөө буюу 2016 оны 09 сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээнд угаагчийн албан тушаалын цалинг ТҮ-1-1 371.016 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч гарсан үсгээ зурсан байна.
Хэрвээ нэхэмжлэгч нь ажил албан тушаал бууруулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бол 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байжээ.
Нэхэмжлэгч нь ажил албан тушаал бууруулсан шийдвэр гарснаас хойш 1 сарын дотор шүүхэд гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацааг сэргээх талаар хүсэлт ирүүлээгүй, уг хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт цугласан нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул хэргийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар П.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр цэцэрлэгт холбогдох тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ