Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/20

 

 

 

 

 

 

 

 

 

    2021          01               21                                             2021/ШЦТ/20

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Амаржаргал,

Шүүгдэгч Б.Я, Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржигон Б.Я-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Боржигон Т.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034000000565  дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Боржигон Б.Я, 1985 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот ХУДүүрэг 9-р хороонд оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УХ85070911регистрийн дугаартай.

2.Монгол улсын иргэн, Боржигон Т.Н, 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот ЧДүүрэгт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЖИ90025687регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.Я нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Т.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Яын өгсөн: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.Нын өгсөн: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Х.Т /хх 5, 8/, Д.Х нарын өгсөн мэдүүлгүүд /хх 7, 15/,

 гэрч Ц.Номин-Эрдэнэ /хх 9/, Б.Батхишиг /хх 10/, Б.Оюунжаргал нарын өгсөн мэдүүлгүүд /хх 11/,

 шүүгдэгч Т.Н-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 13-14, 33-34, 37, 95/, шүүгдэгч Б.Я-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 16-17, 29-30, 35-36, 94/,

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №534 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 19-20/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх 12/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38-39/, шүүгдэгч Т.Н-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 42-48/, шүүгдэгч Б.Я-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 51-56/ зэрэг болно. 

 

            Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч Т.Н нь согтуурсан үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол сумын 3 дугаар багийн нутаг “Сөгнөгөрийн ам” гэх газарт 2020 оны 9 дүгээр сарын 05-ны орой Төв аймаг дахь Цагдаагийн газрын Батсүмбэр сум дахь экологийн асуудал хариуцсан байцаагч Д.Х-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан бичиг баримтаа шалгуулах, согтуурлын зэргээ шалгуулах шаардлагыг эсэргүүцэн маргалдаж ноцолдож эрх чөлөөнд нь халдсан,

Шүүгдэгч Б.Я нь 2020 оны 9 дүгээр сарын 05-ны орой Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Сөгнөгөрийн ам” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймаг дахь Цагдаагийн газрын Батсүмбэр сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа Х.Т-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан согтолтын зэргээ шалгуулахгүй гэж, мөн хөдөө хууль үйлчлэхгүй гэх зэргээр зүй бус авирлан маргалдаж, улмаар Х.Т-гийн эрх чөлөөнд нь халдаж зүүн хацар, шанаа хэсэгт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын салстанд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь;

 

Шүүгдэгч Б.Я-ын өгсөн: "2020 оны 9 дүгээр сарын эхээр Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн голын амралт дээр найз Б.Н, Т.Н, О, Н, Х нарын  хамт нэг шил виски уусан. Өмнө нь бид нар пиво ууцгаасан байсан. Дараа ньН, Х нар маргалдаад үүнээс болоод Х нөхөр хүүхдээ аваад гэр лүү харих гээд гарсан. Нэг мэдэхэд би Б-гийн машин дотор унтаж байгаад сэрсэн. Тухайн үед би юу болоод байгаа учрыг нь ойлгохгүй байсан ба 2 эргүүлийн цагдаа ирчихсэн байсан. Тухайн үед би согтуу байсан болохоор хоёр цагдаад согтуурхан маргалдаж хэл амаар доромжилсон. Би энэ хоёр цагдааг алчихъя хоёулаа юм байна гээд нэг цагдаа нь бичлэг хийж байхаар нь гар утсыг нь гараараа доош нь дарсан. Б тухайн 2 цагдаатай бага зэрэг ноцолдож, маргалдаж байгаад салсан. Тэгээд би амралтын нэг ахын машин дотор суугаад явсан. Б согтуурлыг шалгах гэсэн нэг цагдаа намайг хойш нь татахаар нь би унагаах гэж оролдсон. Тэгээд бид хоёр салсан." гэх мэдүүлэг /хх 33-34, 37, 95/,

           

Шүүгдэгч Т.Н-ын өгсөн: "2020 оны 9 дүгээр сарын 05-ны шөнө 22 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн амралтын газраас өөрийнхөө 6044 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад эхнэртэйгээ муудалцаад автомашинаас буугаад Батсүмбэр сум руу алхсан. Тэгээд 10 орчим минут алхаж байх үед цагдаа араас дуудаад шалгасан. Тэгээд цагдаагийн алба хаагч намайг машин руугаа авч явсан. Тэгээд надтай хамт явсан Б, Б.Я нар эхнэр хүүхдүүдийнхээ хамт байсан. Тухайн үед манай найз Б.Я нэлээн согтчихсон, би бас нэлээн халамцуу байсан. Нэг цагдаагийн алба хаагч нь Б.Я-ыг гавлах гээд футболкоор нь доош нь дарчихсан байсан. Тэгэхээр нь би болиоч ээ гээд нэг цагдаагийн ханцуйнаас нь татсан. Тэгээд би тэр цагдааг унагах гээд зууралдсан чинь намайг боогоод унагаад удалгүй босгосон. Тэгээд би тэр цагдааг "Чам шиг цагдааг мэдэхгүй юм байна” гэж хэлсэн. Миний согтуурлын зэргийг багажаар үлээлгэж шалгахад 2,85 хувь байсан. Би согтуу байсан болохоор эсэргүүцсэн байх, буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би цагдаагийн алба хаагчийг цохиогүй, харин та нар шиг цагдаа байдаггүй юм, чи хэн юм бэ” гэх зэргээр хэлсэн. Тухайн хоёр цагдаа албаны хувцастай байсан." гэх мэдүүлэг /хх 13-14/,

 

Хохирогч Х.Т-гийн өгсөн: "2020 оны 9 дүгээр сарын 05-ны орой 17 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар баr Сөгнөгөр гэх газар хүн алга болсон гэх дуудлагын дагуу экологийн байцаагч цагдаагийн дэслэгч Д.Х-ын хамт хэргийн газарт очиж амралтын газруудаар эргүүл шалгалт хийгээд тухайн алга болсон гэх хүнийг эрэн хайх ажил хийгээд орой 23 цагийн үед сумын төв рүү буцаж явсан. Тэгтэл мөнгө хураах постоос 2 километр орчим зайд замын хажууд хашаа дагаад нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь тухайн эрэгтэй хүнийг очиж шалгатал чи хэн юм, чамд шалгуулах ёстой юм уу чи цагдаа юм уу, зайл чи гэж хэлээд хэл амаар доромжилсон. Тэгтэл ногоон өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирсэн ба тухайн тээврийн хэрэгслийг шалгаад дэслэгч Д.Х  жолооч нь согтуу байх шиг байна драгеp багаж авчраад согтолтыг нь шалга гэж үүрэг өгсөн. Тэгтэл тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б шалгуулахаас татгалзаж би архи уучихсан байгаа шалгуулахгүй гэсэн. Тэгтэл Б.Я гэх залуу машины цаад талаар тойрч ирээд намайг мөрлөөд байсан тэгэхээр нь би цагдаагийн алба хаагчийн биед халдаад байна шүү зайгаа бариарай гэж хэлтэл хөдөө газар хууль үйлчилдэггүй шүү та нар юу юм гэж хэл амаар доромжлоод салаавч гаргасан. Тэгэхээр нь би гар утсаараа бичлэг хийтэл гар утас булааж авч шидсэн ба миний зүүн хацар, шанаа хэсэгт гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь би гарыг нь барьж аваад хүзүүг нь давуулаад боолт хийсэн тэгтэл сул байсан гараараа дахин миний нүүр хэсэгт гараараа цохисон. Тэгээд байж байтал машинаас хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн бууж ирээд наад хүнээ аллаа гээд миний чихнээс татаад малгай унагаагаад үстэх шиг болсон. Б.Я сууж байгаад дахиж босож ирээд над руу дайрахаар нь би хавирч унагаасан. Тэгтэл уг залуугийн ард байсан хүүхэд тэвэрсэн эмэгтэй хамт унасан. Цагдаагийн дэслэгч Д.Х-ыг хамгийн анх замын хажууд хэвтэж байсан залуу цохиод боож байх шиг байсан. Тэдгээр хүмүүс бүгдийг нь ал гэж орилоод дайраад байсан. Тэгэхээр нь машиныг чинь журамлахаа больё та нар согтолтын зэргээ шалгуулаад яв гэж хэлээд согтолтыг нь шалгаад явуулсан. Мөн тэд нартай хамт явсан гэх эрүүл жолоочтой Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл ирээд Б.Я-ыг хүүхдүүдтэй нь аваад явсан. Миний биед ноцолдож байхад хуруу тулсан, одоо нүүрний зүүн нүд хэсгээр өвдөнө өөр зовиур байхгүй байна. Гар утасны ар талын хагарсан тагаа төлүүлмээр байна." гэх мэдүүлэг /хх 5, 8/,

 

Хохирогч Д.Х-ын өгсөн: "...23 цагийн үед сумын төв рүү буцаж явсан. Тэгтэл мөнгө хураах постноос 2 километр орчим зайд замын хажууд хашаа дагаад нэг эрэгтэй хүн хэвтэж байхаар нь Х.Т-г буугаад шалгаадах гэж хэлсэн. Тэгтэл тэр согтуу хүн Х.Т-г доромжилсон. Тэгтэл ногоон өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирсэн ба тухайн тээврийн хэрэгслийг би шалгаад жолооч нь согтуу байх шиг байхаар нь Х.Т-г драгер багаж авчраад согтолтыг нь шалга гэж үүрэг өгсөн. Тэгтэл тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б шалгуулахаас татгалзаж би архи уучихсан байгаа шалгуулахгүй гэсэн. Цуг явсан нэг залуу бууж ирээд хөдөө газар хууль үйлчилдэггүй шүү та нар юу юм гэх зэргээр хэл үгээр доромжлоод салаавч гаргасан. Тэгэхээр нь би Х.Т-д гар утсаараа бичлэг хий гэж хэлэхэд Х.Т-гийн гар утсыг нэг салаавч гаргадаг залуу булааж авч шидсэн. Тэгээд бүгдийг нь ал гэж орилоод Х.Т рүү дайрсан нөгөө хээр байсан хүн бас дайрахаар нь би болиулах гээд таттал тэр хүн миний цээж рүү цохиод энгэрээс зуурч 2 гараараа миний хоолойг боосон. Би амьсгалгүй болж унахын даваан дээр гарыг нь хазаж тавиулаад тэр хүнд мэх биеийн хүч хэрэглэж газар унагаад цээжин дээр нь босгохгүйн тулд өвдөглөөд Х.Т-гийн зүг хартал Х.Т-г салаавч гаргадаг эрэгтэй болон цуг явсан 2 эмэгтэй гурвуулаа нийлээд зодож байсан. Та нар яагаад цагдаагийн бие эрх чөлөөнд халдаад байгаа юм боль гэж 2-3 удаа орилтол тэд нар тоохгүй байсан. Миний дарж байсан хүн надаас одоо больё намайг босгочих би одоо яах ч үгүй гэж гуйхаар нь тэр хүнийг босгосон. Тэгээд би очиж Х.Т-г салгаж тухайн хүмүүст хандаж машиныг чинь журамлахаа больё та нар согтолтын зэргээ шалгуулаад яв гэж хэлээд согтолтыг нь шалгаад явуулсан. Мөн тэд нартай хамт явсан гэх эрүүл жолоочоор машиныг бариулаад явуулсан." гэх мэдүүлэг /хх 7, 15/,

 

Гэрч Ц.Номин-Эрдэнийн өгсөн: "2020 оны 9 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн үед манай гэр бүлийнхний амарч байсан амралтын газар манай нөхрийн найзууд болох Б.Я, Т.Н нар эхнэр, хүүхдүүдтэйгээ ирсэн. Бид нар хоорондоо юм яриад 1 шил 1 литрийн виски уугаад сууж байтал Т.Н эхнэртэйгээ маргалдаад Т.Н-ын эхнэр хүүхдүүдээ аваад машинтайгаа Улаанбаатар хот руу явчихсан. Тэгтэл араас нь Т.Н амралтын газрын гэрээс гараад алхаад явчихсан. Араас нь манай нөхөр, би хүүхэдтэйгээ, Б.Я эхнэр хүүхэдтэйгээ манай 7867 УАК улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гараад явсан. Амралтын газраас гараад 400 метр газар явж байтал Т.Н-ыг хоёр цагдаа шалгаж байсан. Тэгэхээр нь бид нар очсон бөгөөд манай нөхрийг согтуу жолоо барьсан байна гээд шалгана гэхээр нь манай нөхөр согтуурал хэмжигч багаж үлээхгүй гэснээс болж маргалдаж Б.Я, Т.Н хоёр мөн тухайн хоёр цагдаатай маргалдсан. Тэгтэл удалгүй зодолдоод эхэлсэн. Тэгээд нэг цагдаа нь Б.Я-ыг боогоод газарт суулгачихаар нь би шар цагдаагийнх нь чихнээс нь татаад салгасан. Манай нөхөр нөгөө цагдаа Т.Н хоёрыг салгасан. Тэгтэл тэр хоёр цагдаа манай нөхрийн согтуурлыг хэмжээд өглөө цагдаагийн хэсэг дээр ирээрэй гээд бид нарыг явуулсан. Манай нөхөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан байсан учир мөн тэд нар согтуу байсан учраас цагдаа нартай маргалдаж цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. Т.Н өндөр бор цагдаатай зууралдаад зодолдож байсан. Б.Я нь шар цагдаатай зодолдсон. Б.Я-ыг боогоод унагаачихаар нь би салгах гэж шар цагдаагийн чихнээс татсан. Хууль зөрчөөгүй байхад шалгасан, зодож дарамталсан зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх 9/,

 

Гэрч Б.Батхишигийн өгсөн: "...Т.Н-ыг хоёр цагдаа дагуулчихсан явж байхаар нь тухайн хоёр цагдаатай очиж уулзтал намайг нэг цагдаа нь согтуу байна согтуурлыг чинь шалгана гэхээр нь би архи уучихсан эндээ тохиролцоод явчихъя гэж хэлээд согтуурал хэмжигч үлээхээс татгалзаж цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. Тэгтэл Т.Н, Б.Я хоёр цагдаагийн тавьж байгаа шаардлагыг эсэргүүцэж хэл амаар доромжилж тухайн цагдаа нартай барьцалдаж авч зодолдсон. Б.Я-ын эхнэр нь Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй ахыгаа дуудаад Б.Я-ыг аваад явсан. Би согтуурал хэмжигч багаж үлээгээд эхлээд 4 бүхэл дараа нь 2 бүхэл гарсан сумын цагдаа миний бичиг баримтыг хурааж аваад маргааш өглөө сумын төвд ирж уулзаарай гэж хэлээд явсан.  Архи уусан байсан учраас согтуурхаад л цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Т.Н өндөр бор цагдаатай зууралдаад зодолдож байсан. Б.Я нь шар цагдаатай зодолдсон. Би зодоонд оролцоогүй тэд нарыг салгасан." гэх мэдүүлэг /хх 10/,

 

Гэрч Б.Оюунжаргалын өгсөн: "...Т.Н-ыг нэг цагдаа дагаад явж байсан. Тэгээд яваад очтол тэд нар хоорондоо маргалдаад зодолдоод байх шиг байсан. Би хүүхдүүдээ аваад машин дотор сууж байсан юунаас болж маргалдаж зодолдсон талаар нь сайн мэдэхгүй байна. Ногоон өнгийн Тоёота Приус 20 маркийн 78-67 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг Батхишиг жолоодож явсан ба согтуу байсан. Б.Я, Батхишиг, Т.Н нар нь архи уусан байсан гэхдээ биеэ авч явах чадвартай байсан." гэх мэдүүлэг /хх 11/,

 

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №534 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.2.Х.Т-гийн биед дээд уруулын салстанд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх /хх 19-20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

            Шүүгдэгч Б.Я-ыг согтуугаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            Шүүгдэгч Т.Н-ыг согтуугаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

            Хохирогч Х.Т, Д.Х нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдав.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Б.Я-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, шүүгдэгч Т.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг,

Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч Д.Амаржаргал нар улсын яллагчийн саналд тусгайлан санал гаргаагүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Я, Т.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгч Т.Н, Б.Я нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, шүүгдэгч Б.Я-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 700 000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг тогтоож, шүүгдэгч нарын хөрөнгө орлогын байдлыг харгалзан торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

 Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2034000000565 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон Б.Я-ыг согтуугаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

            Шүүгдэгч Боржигон Т.Н-ыг согтуугаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Б.Я-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 Шүүгдэгч Т.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 700 000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн түүнд оногдуулсан торгох ялын нийт хэмжээг 3 150 000 /гурван сая нэг зуун тавин мянга/  төгрөгөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я-ад оногдуулсан 3 150 000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Т.Н-т оногдуулсан 2 700 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я, Т.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6.Эрүүгийн 2034000000565 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Я, Т.Н нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Я, Т.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.БАТЖАРГАЛ