| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0002/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/30 |
| Огноо | 2021-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/30
2021 01 29 2021/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга,
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон А.Б-нд холбогдох эрүүгийн 2034006110653 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон А.Б, 1973 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Төв аймаг Жаргалант сум 2 дугаар баг Өгөөмөр, Бургас 2-р гудамжны 02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 4 сар хорих ялаар тогтоосон,
2.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 3 сар хорих ялаар тогтоосон,
3.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, НГ73021516 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.Б-гийн өгсөн: Маргаан үүссэнээс болж барьцалдаж авсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч О.Н /хх 5-6, 7-8/, шүүгдэгч А.Б /хх 10-11/ нарын өгсөн мэдүүлэг,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн №575 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 13-14/,
гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 36-51, 52-54/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэн О.Н-ын нүүрэн тус газарт хутгаар хатгаж зүүн хацарт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч А.Б-гийн өгсөн: "Би 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хөдөөнөөс орж ирээд өөрийн хүүхэд А-тай уулзах гээд очсон. Би Н гэх хүнтэй хамт амьдарч байсан бөгөөд бидний дундаасаа А гарсан юм. Тэднийд Ц-гийн хүүхэд Н надтай таараад Б гуай зүгээр байхад зүгээр байна шүү гээд надтай муудалцсан. Тэгээд надтай барилцаад авсан. Тэгэхээр нь би морь хатгадаг хатгуурын хутгаар Н-ын баруун хацар луу нэг удаа хатгаад авсан. Тэгээд өөр зүйл болоогүй. Би Н-ын хацар луу хатгасан хутгаа хээр хаясан. Би архи уугаагүй байсан. Н бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй." гэх мэдүүлэг /хх 10-11, 19-20/,
Хохирогч О.Н-ын өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 22-ны орой гэртээ байж байхад өмнө нь манай эгчтэй хамтран амьдарч байсан Б гэх хүн гаднаас орж ирээд хүүхэдтэйгээ уулзах гэж яваа гээд гэрт ороод ирсэн. Тэгээд манай гэрийн хойморт байх хэсэг рүү шавартай гуталтай гарахаар нь би наагуур чинь жоохон хүүхдүүд мөлхдөг шавартай гутлаараа явлаа гэж хэлсэн. Тэгсэн манай гэрт байсан ах, эгч нар гадаа гарцгааж Б бид хоёр үлдсэн. Би утсаа оролдоод зуухны хажууд байж байтал Б миний хажууд ирснээ юу гээд байна гээд миний хацарт хүрэх шиг болсон би цааш нь түлхээд босоод иртэл гаднаас манай дүү орж ирээд Б-г салгаад гаргасан. Би хохирлоо гаргуулж авна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Б бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 5-8/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн №575 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1. О.Н-ын биед зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэжээ /хх 13-14/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Иймд шүүгдэгч А.Б-нг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч О.Н нь хохирлоо гаргуулна гэсэн хэдий ч хохирлын баримт шүүхэд болон хэргийн материалд ирүүлээгүй байх тул түүний гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,
Шүүгдэгч А.Б ямар нэг санал гаргаагүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн 2034006110653 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Хохирогч О.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
6.Эрүүгийн 2034006110653 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ