Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/35

 

 

 

 

 

 

 

 

 

    2021          02              05                                                 2021/ШЦТ/35

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Балган С.Б холбогдох эрүүгийн 2134000000030 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Балган С.Б, 1985 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын 1-р баг хадатын 4-р гудамжны 6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар түүнд оногдуулсан хорих ялаас 3 жилийн хасаж, түүний эдлэх хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, ЖИ85022419 регистрийн дугаартай.

 

         Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч С.Б-ын өгсөн: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч П.М /хх 9-10, 11/, шүүгдэгч С.Бат-Од /хх 21-22, 34-35/, насанд хүрээгүй гэрч Ө.М /хх 12/,  гэрч Д.Д /хх 13-14/ , П.Г /хх 15-16/ , Б.О /хх 17-18/, Ч.Т /хх 19-20/ нарын өгсөн мэдүүлэг,

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №31 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 24/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 3, 7/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 46, 53/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 54-56/, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографын шинжилгээ /хх 61/, яаралтай тусламжийн хуудас /хх 62-64/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 69, 74/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 75-76/ зэрэг болно. 

 

            Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч С.Б нь хууль зүйн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, санаатай үйлдлээр хохирогч П.М-ын эрх чөлөөнд халдаж нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн  хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын ХАДАТ 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.М-ыг нуруун тус газар нь хутгалж П.М-ын биед нуруунд шарх, зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч С.Б-ын өгсөн: "2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн орчимд эхнэрийн дүү Г түүний эхнэр Д нар гэрт ирээд би гэрээс гараад дэлгүүр орж 2.5 граммтай 3 пиво, мөн жимстэй 0.5 граммтай 4 лааз пиво авсан. Тэгээд гэрт ирээд Г түүний эхнэр Д манай эхнэр М бид нар хувааж уусан. Тэгээд хашааны гадаа Г болон Д нарыг авах гээд машинтай дүү нь ирчихсэн байсан. Би явуулах гээд хашааны гадаа зогсож байснаа мэдэж байна тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд хашааны урд гудамжинд явган явж байтал цагдаа нар ирээд намайг бариад саатуулсан юу болсон талаар асуухад эхнэрээ хутгаар хутгалсан гэдгээ мэдсэн. Би эхнэр П.М-тай 10 гаран жил нэг гэрт ханилж байна. Бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй. Манай эхнэр М хоёр хүүхэдтэй. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Тухайн үед манай гэрт Ганхуяг түүний эхнэр, манай эхнэр М бид нар согтууруулах ундаа ууж байхад эхнэр М-тай хэрүүл маргаан болоогүй бид нар шагай тоглоод пиво ууж байсан. Тухайн үед би согтсон байсан мэдэхгүй байна. Архи гараад ухаан ороход цагдаа нар намайг эхнэр П.М-ын эрүүл мэндэд хутгаар хохирол учруулсан гэж хэлсэн. Эхнэр П.М-ын эрүүл мэндэд хохирол учруулсан бор шар иштэй хутга манай гэрийн хутга, би гэрээс авсан юм шиг байгаа юм түүнийгээ мэдэхгүй байна. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 21-22, 34-35/,

 

Хохирогч П.М-ын өгсөн: “...дүү явах гээд гэрээс гараад манай нөхөр Бат-Од араас нь гарсан. Тэгтэл хашааны гадаа Б, Г хоёр хашаанаас гараад хоорондоо барьцалдсан маргалдаж байсан. Хартал манай нөхөр Б-ын гарт хутга байсан түүнийг нь авах гэтэл миний зүүн далны доод хэсэгт нэг удаа хутгалаад нуруу дагаад халуу оргиод явчихсан. Б цаашаа яваад өгсөн. Миний нуруу руу нойтон оргиод байхаар нь хажуу айлын хүмүүс болон гэрээс хүүхдүүдийг дуудаж гаргаж ирээд нуруугаа үзүүлэхэд хутгалсан байна эмнэлэг яв гэсэн. Тэгээд сумын эмнэлэгт очиж үзүүлж оёдол тавиулсан. Тухайн үед нөхөр Б бид хоёр маргалдаагүй. Тухайн үед би нэг жижиг пиво уусан байсан согтоогүй. Болж байгаа явдлыг мэдэх чадвартай байсан. Харин нөхөр Б болон дүү Г нар их согтуу байсан болж байгаа үйл явдлыг мэдэх чадваргүй согтуу байсан. Тухайн үед хашааны гадаа хажуу айлын хүүхэд С байсан. Миний зүүн далны доод орчимд хутгаар нэг удаа хутгалсан сумын эмнэлэгт очиж үзүүлэхэд 5 см гүнтэй шарх үүссэн байна гэсэн. Сумын эмнэлэгт хоёр оёдол тавьсан өвчин намдаах тариа хийсэн. Одоо нуруугаар хөндүүрлэж өвдөж байна. Б-той 10 гаран жил ханилж байна. Гэрлэлт батлуулаагүй. Бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй, Б 2 хүүхэд, би хоёр хүүхэдтэй хоёр талаасаа нийлж ханилсан. Би одоо он сарыг нь мэдэхгүй байна. 1-2 удаа эрүүлдээ бид хоёр маргалдаж намайг цохиж зодож байсан эмнэлгийн тусламж автал эрүүл мэндэд хохирол учруулж байгаагүй. Тэр үед нь Цагдаагийн байгууллага болон гэр бүл бусад хүмүүст мэдэгдэж байгаагүй. Нөхөр Б-ын гартаа барьж байсан миний эрүүл мэндэд хохирол учруулсан бор иштэй хутга манай гэрийн хутга байгаа юм. Тухайн үед гэрт пиво ууж байхад нөхөр Б бид хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Б бид хоёр хоорондоо маргалдаагүй юм чинь надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 9-10/,

 

Гэрч Д.Д-гийн өгсөн: "Би өөрийн нөхөр болох Г болон өөрийн хүүхдийн хамт Б ахын гэрт очсон. Манай нөхөр Г нь М эгчийн төрсөн дүү байгаа юм. Бид нар шинэ жилийн үеэр очиж чадаагүй гээд Б ах адууны мах чанасан хүрээд ир гэхээр нь очоод том 2.5 литрийн пиво 3 савыг авч уусан. Пивоноос М эгч бид хоёр уугаагүй. Б ах манай нөхөр 2 л уусан. Тэгээд би өөрийн дүү болох Н-гаар гэртээ хүргүүлэх гээд дуудсан. Н,  Б ахын гэрт ороогүй гадаа машиндаа сууж байсан. Тэгтэл Б ах намайг хүүхдээ хувцаслаад гарахаас өмнө бид гурваас түрүүлээд гараад Н-тай уулзаад зогсож байсан бид гурвыг л явуулахгүй жоохон байж байгаад явна гэхээр нь Н гадаа машиндаа хүлээгээд сууж байя гэж яриад л маргалдсан гэсэн. Тэгээд би нөхөр хүүхдийн хамт гарч ирээд Н-г аваад гэр лүүгээ явсан. Б ахыг гэртээ ор гэж хэлээд явсан. Гэртээ хариад байж байхад Б ахын хүүхэд нь чат бичээд та нэгж байвал явуулаач ээжийг аав хутгалчихлаа гэсэн. Тэгээд би Б ахын гэрт нь яваад очтол охин нь ээж одоо аймаг руу эмнэлэг явах гэж байна гээд байж байсан. Б ах тухайн үед согтолт нь гайгүй л байсандаа бид нарыг явлаа гэж байхад зүгээр л байсан. Гэхдээ бага хэмжээний согтуу байсан. Бид нарыг байхад Б, М нар нь хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Бид нар Б ахын гэрт адууны мах идэж байхад олон л хутга байсан. Б ах М эгчийг хутгалахад бид нар гэртээ харьсан байсан болохоор энэ талаар мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 13-14/,

 

Гэрч П.Г-гийн өгсөн: "Б ах гэртээ адууны мах чанасан байна манай гэрт хүрээд ир гэсэн. Тэгээд би өөрийн эхнэр Д, мөн хүүхдийн хамт очсон. Тэгээд тэндээ том пиво хоёрыг уугаад орой болоод гэртээ харих болоод хадам дүү Н-г дуудсан. Манай хадам дүү хашааны гадаа байна гээд тэгээд гараад очтол Н-тай Б ах гараад ирчихсэн маргалдаж байсан. Юунаас болж маргалдаад байгааг нь сайн мэдэхгүй салгаад Б ахыг гэрт нь оруулчхаад би эхнэр хүүхдээ аваад Намсрайгаар хүргүүлсэн. Гэртээ очоод байж байтал Б ахын охин нь манай эхнэрт хэлсэн гэсэн. Аав ээжийг хутгалчихлаа та нэгж өгөөч гээд хэлж байна гэсэн би эхнэрийн хамт Б ахын гэрт яваад очтол аймаг руу эмнэлэг аваад явж байна гэсэн. Бид нарыг гэрт нь байхад Б, М нар нь ямар нэгэн хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Б ах бид нар Нийслэл нэртэй том пиво 3-ийг уусан өөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Б ахын гэрээс би эхнэр хүүхдээ аваад явсны дараа хоорондоо маргалдсан болохоор би ямар хутга байсан талаар мэдэхгүй. М манай төрсөн эгч байгаа юм.” гэх мэдүүлэг /хх 15-16/,

 

Гэрч Б.О-гийн өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн төв дээр ээлжийн ажилтай гарч байхад хутгалуулсан гэх М ирж үзүүлсэн баруун нурууны баруун хэсэг далны доод ирмэгээр 2-3 см өргөнтэй, 4-5 см гүн зүсэгдсэн байдалтай ирж үзүүлсэн өөр ямар нэгэн гэмтэл шархгүй байсан нуруу хэсэг нэлэнхүйдээ цус болсон давуугаар дарсан байдалтай ирсэн. Би М гэх хүнд цус тогтоох эмчилгээ хийгээд, шархыг нь цэвэрлээд, 2 оёдол тавиад дээд шатлалын эмнэлэг явуулсан эмнэлгийн машин болон эмчийн хяналттай явсан.” гэх мэдүүлэг /хх 17-18/,

 

Гэрч Ч.Т-гийн өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 10-ны орой 17 цаг өнгөрч байхад манай урд хашааны Б гэх залуу архи уусан бололтой хашааны гадаа эхнэр нь биш өөр нэг эрэгтэй хүнтэй маргалдаад байсан. Тэгээд удалгүй манай гэрт Б-ын эхнэр М намайг манай нөхөр хутгалчихлаа гээд ороод ирсэн. Араас нь Б-ын хүүхэд нь орж ирээд манай аав болохоо байгаад байна та манай гэрт ороод байчих гэсэн. Тэгээд манай хүү Б-ын гэрт ороход нь Б хүзүүндээ оосор хийсэн байдалтай өөрийгөө боож ална гээд байсан гэсэн. Манай хүү салгаад тайвшруулсан. Энэ үед нь манай эхнэр Мөнхзулыг эмнэлэг хүргэж өгсөн би хойд Петровисын колонк орж цагдаад дуудлага өгсөн. Ийм зүйл болсон. М манай гэрт орж ирээд орилоод байсан надад яаралтай туслаач гэсэн. Тэгээд такси таарч эмнэлэг хүргэж өгсөн. Яг хаана нь хутгалсан талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх 19-20/,

 

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №31 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.П.М-ын биед нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх /хх 24/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Хохирогч П.М нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж С.Б-д оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч С.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 550 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2134000000030 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Балган С.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 550 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 2134000000030 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.БАТЖАРГАЛ