| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 186/2017/0629/Э |
| Дугаар | 244 |
| Огноо | 2018-03-13 |
| Зүйл хэсэг | 10.2., |
| Улсын яллагч | Ч.Нямсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 244
Ш.А-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П-н өмгөөлөгч Т.Баясгалан,
шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Н.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 614 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.А-н гаргасан давж заалдах гомдлоор Ш.А-т холбогдох эрүүгийн 201725030856 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Ш-н А, 19.. оны ... дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, артлерчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................. дүүргийн .. дүгээр хороо, ....... 1 дүгээр гудамжны ... тоотод оршин суух,
2010 оны 12 дугаар сарын 7-ны өдөр .... дүүргийн шүүхийн 459 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД: ...../;
Ш.А нь 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө ............. дүүргийн .. дүгээр хороо, .... зуслангийн задгайд оршин суух Б.С-н гэрт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.С-той маргалдаж, улмаар цээжин дээр нь дэвсэх, бөгсөн тус газар хайруулын таваг, битүү чанагч, өмдний тэлээгээр цохих зэргээр зодож, элэгний язрал, олон хавирганы хугарал, зүүн нүдний зовхинд цус харвалт, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зүүн доод зовхи, хамар, эрүү, хүзүү, баруун тохойн хонхор, баруун шуу, цээж, хэвлий, дал, ахар сүүл орчим, баруун гуя, зүүн ташаа, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, хуйх, чамархайн булчин, дээд уруул, цээж, өвчүү, зүүн чих, баруун бугалга, баруун шуу, хэвлий баруун гуя, зүүн ташаан толгой, зүүн өгзөгт цус хуралт бүхий олон тооны шарх үүсгэсэн гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ш.А-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан буюу хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Ш.А-н цагдан хоригдсон 231 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П-н нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээс 4.107.150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ш.А-с 7.556.978 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П-д олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хайруулын таваг, төмөр сав, аралгүй суран бүс, эвдэрхий суран бүсний арал тус бүр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ш.А давж заалдах гомдолдоо: “... Миний бие мэдүүлэгтээ: 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр мэдүүлэг өгөхөөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст ирэхэд гэрч Ган-Эрдэнэ тус хэлтсийн зааланд сууж байсан ба намайг хараад өөрийгөө зааж, “намайг гараад явсан гэж хэлээрэй, би тэнд байгаагүй шүү” гээд амаар болон биеийн хөдөлгөөнөөр хэлж байсан. Тэр нь камерт бичигдсэн. Ган-Эрдэнийн тэр дүрс бичлэгийн талаар байцаагч болон прокурорт хэлэхэд “амны хайрцаг унших боломжгүй, одоо бичлэг устсан” гээд авч хэлэлцээгүй. Мөн өдрөө хошууч Мөнхбат нь мэдүүлэг авахын өмнө болсон хэргийн талаар надаар яриулаад “тухайн үед чамайг хайруулын тавагны хавтгай хэсгээр цохиход С.. “больё оо хөгшөөн, миний буруу” гэж хэлэхэд чи больсон юм байна. Тэгэхэд Ган-Эрдэнэ гараад явсан уу гэж асуухад би “үгүй ээ, би хамт байсан” гэхэд “Ган-Эрдэнэ гараад явсан гээд байна, бөгсөн дээр цохисон чиний үйлдэл шинжээчийн дүгнэлтээр аминд хүрэх эсэх нь тогтоогдоно, Ган-Эрдэнийгээ гараад явсан гэхгүй бол хам хэрэгтэн болоод хүндэрнэ, хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж байгаа болохоор 91.1 дэх хэсэгт зааснаар шалгадаг юм, дараа нь гэм буруутай эсэхийг чинь шалгаад тогтоочихно” гэж хэлсэн. Бас “чи өмгөөлөгчгүй юм байна, заавал өмгөөлөгчтэй байцаалт авдаг юм” гээд гаднаас Тогмид гэдэг өмгөөлөгч дуудаж анхны мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахдаа “Ган-Эрдэнэ нь чамайг хайруулын тавгаар цохиод болиход гараад явсан уу” гэж асуухад нь би “гараад явчих шиг болсон” гэж мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгч Тогмид нь надад ямар нэгэн хууль зүйн туслалцаа үзүүлээгүй. Хувиараа өмгөөлөгч авах бол байцаагчаараа дамжуулж хэлээрэй гээд мэдүүлэгт гарын үсэг зураад явсан. Байцаагч Мөнхбат надад “чи өмгөөлөгч авахаар бол Тогмид өмгөөлөгчийг авахгүй юу, манай цагдаад байсан сайн өмгөөлөгч” гэж хэлж байсан. Тэр өдрөөс хойш Тогмид гэдэг өмгөөлөгчийг хараагүй. Гэтэл шийтгэх тогтоолд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 461 дүгээр ангид Тогмид өмгөөлөгч хамт байсан мэт гарын үсэг зурсан байсан. Үнэндээ хоёр дахь байцаалтад Тогмид өмгөөлөгч болон өөр ямар нэг өмгөөлөгч байгаагүй. Тухайн үед надаас мэдүүлэг авахдаа “хуулийн л хүн байвал болдог юм, таниас мэдүүлэг авах шаардлагатай байна” гээд мэдүүлэг авч хамт явсан байцаагчаар гарын үсэг зуруулсан. Мөрдөн байцаагч Мөнхбат, прокурор Нямцэцэг нар намайг хуурч мэхэлснээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Учир нь миний үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэл нь бүх насаар нь хорих заалттай.
2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Мөнхбат нь надаас мэдүүлэг авахаар ирсэн. Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэхэд “чамд 6 хэрэг гарсан, хэргээ хүлээ” гэх зэргээр зандрахад нь би “надад ямар гэмт хэрэг байхгүй” гэхэд “тэгвэл урьд өгсөн 2 мэдүүлэгт гарын үсэг зур” гээд хоёр хуудсанд гарын үсэг зуруулсан.
2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байцаагч Мөнхбат нь надаас томилолтын өмгөөлөгч авах тухай хүсэлт бичүүлж аваад явсан нь өмгөөлөгчдийн холбоонд очоогүй. 2017 оны 6 дугаар сарын 20-ны үед хошууч Мөнхбат ирсэн боловч хэргийн материал танилцуулаагүй... Хавтаст хэргийн материалаас Ган-Эрдэнийн мэдүүлэг, талийгаачийн үхлийн шалтгаан, зүйлчлэл өөрчилснийг өмгөөлөгч Баярмаагаар уншуулж танилцсан. Ган-Эрдэнийн мэдүүлэг нь миний хэлсэн үгийг өөрчлөн, түүний хэлсэн үг болгон засаж ашигласан байна. Энэ хэргийн буруутан намайг гэж худал мэдүүлсэн. Өмгөөлөгч Баярмаа нь “...чиний эрхийг зөрчсөн байна, прокурорын даргад өргөдөл бич...” гэж хэлсэн. Би өргөдөлдөө Ган-Эрдэнийг татан оролцуулах, хэргийн газар хамт байсан Энхболдоос мэдүүлэг авахуулах, дахин шинжээч томилох, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан талаар бичсэн. Хошууч Анхбаяр нь миний дээрх гаргасан хүсэлтийн дагуу Ган-Эрдэнийг шалгаагүй, миний эсрэг үзэл бодолтой Баттулга, гэрчээр оролцсон Энхболд, хадам эх Нэргүй нараас гэрчийн мэдүүлэг авсан...
Тухайн үед миний бие эхнэртэйгээ интернэтээр холбогдохоо мартсан байна гэж хэлэхэд талийгаач С... надад “чиний эхнэр одоо өөр хүнтэй болсон, март” гэж хэлэхэд нь би “чи амаа мэдэж яриарай, миний эхнэр тийм хүн биш” гээд хамт явж байсан хүмүүст хандаж талийгаач С...-ийг “Энэ ер нь их сонин ааштай болоод эвдэрч, хамт явсан хүмүүсийн утсыг хулгайлна, эсвэл худлаа яриад мөнгө аваад явчихна, тийм нэг балиар зантай болчихсон” гэж тэдэнд хэлсэн. Энхболд мэдүүлэхдээ “А.. С-ийг утас хулгайлсан бацааныг ална гээд “суу, бос” гээд сууж босгоод байсан гэж хэлсэн байдаг. Миний бие огт тийм зүйл хэлээгүй. Мөн Энхболд нь явахдаа машинд байсан тал шил архийг А-т үлдээсэн гэдэг нь худал зүйл юм... Хэрэг гардаг өдөр хамт байсан бөгөөд маргааш өглөө нь талийгаачийнд очиж нас барсныг мэдэж дуудлага өгсөн хүн нь Энхболд байтал түүнээс мэдүүлэг аваагүй. Энхболд нь “талийгаач С нь ээждээ түлээний мод бэлдэж өгөх гэсэн юм, мод ачаад өгөөч гэхэд нь халтуур хийх санаатай маргааш өглөө нь 08 цагт очсон” гэж мэдүүлсэн. Талийгаач С-нх зусланд 3 сар гардаг айл тул машинаар нь түлээний мод авдаггүй бөгөөд мод агуулах амбаар байдаггүй тул энэ нь худал зүйл юм... Намайг талийгаач С-ийг “ална пизда, суу, бос” гээд байсныг мэдсээр байж цагдаагийн дүрэмт хувцастай, төрийн албан хаагч хүн байж тийм нөхцөл байдалд орхин явна гэдэг нь зохисгүй бөгөөд өгсөн мэдүүлэгтэй нь авцалдахгүй байна... Ган-Эрдэнэ нь мэдүүлэгтээ “А нь С-н урьдах юм сөхөж яриад цохиж унагаагаад бөгсөн дээр нь битүү чанагчаар цохиод, зодоод байсан” гэж хэлсэн. Өмнөх юм сөхөж яриад гэдэг нь чухам юуны талаар ярьсан нь тодорхойгүй байдаг. Талийгаач С-нд битүү чанагч огт байдаггүй бөгөөд үүнийг талийгаачийн ар гэрийнхэн нь нотлох байх. Талийгаач нь тухайн үед орон дээрээ сууж байсан бөгөөд ардаа түшлэгтэй ханатай, урдаа ширээтэй тул миний бие ширээний араас талийгаачийг цохих, газар унах боломжгүй юм. Цохиод унахад нь өшиглөж дэвсээд байсан гэдэг. Тухайн үед миний хөлийн хурууны үзүүрүүд хайрагдаж, өрөвссөн байсан тул эмчилгээ хийлгэж байсан. Ийм их хөндүүртэй өвчтэй хөлөөр хохирогчийг олон удаа өшиглөх боломжгүй бөгөөд хэргийг бодит байдалтай нийцэхгүй байна. Харин ч Ган-Эрдэнэ нь талийгаачийг “чи ойрд эндээ байнга байгаа биз дээ, орж ирээд уулзчихгүй” гээд заамдаад орны өмнүүр татаж гаргаад хавсарч унагаан дээр нь өвдөглөж суусан. Би Ган-Эрдэнэд “наадахаа цохиж болохгүй шүү, бие муутай хүн” гээд талийгаачийн дээрээс Ган-Эрдэнийг түлхэж холдуулж С-ийг өргөж босгосон. С-ийг босоход намайг түлхэн цохисонд миний бие ухрах хөдөлгөөн хийхдээ тэлээнээс нь татсанд тэлээ нь мултарч гараад ирэхээр нь татан авч ороолготол С... над руу довтолсон. Би С-ийг ор луу нь түлхэн өмд нь шувтрахад нь гүйцэд доошлуулж, бөгсөн хэсэгт нь тэлээгээр ороолгоход С... тэлээгээ барьж авсан. Хажуу ширээн дээр хайруулын таваг байсныг би аваад хайруулын тавагны хавтгай хэсгээр бөгсөн дээр нь хоёр цохиход С... нь эргэх хөдөлгөөн хийхэд гурав дахь цохилт нь зүүн ташаан дээр туссан. Тэгээд талийгаачийг “больё, миний буруу” гэхэд нь би больсон. Ган-Эрдэнэ, С.. бид гурав талийгаачийн зан аашийн талаар ярилцаж сууж байгаад Ган-Эрдэнэ бид хоёр ууж байсан архи талдаа орсон байсныг С-д үлдээгээд явсан... Ган-Эрдэнэ надаас нэг шил архи аваад өгөөч гэхэд нь би “маргааш ажилтай” гээд явсан. Ган-Эрдэнийн “намайг гараад явсан” гэсэн дохио зангаагаар хэлсэн бичлэгийг хасаж бичсэн байна. Мөн Ган-Эрдэнэ, С-д хандан “чи ер нь хэд хоногийн өмнөөс ирчихээд нуугдаад өглөөдөө гараад орой ирж хоноод байгаа биз дээ” гэж хэлснийг өөрчилж “өглөөдөө гарч орой орж ирчихээд худлаа яриад яваад байдаг” гэж бичсэн байна. Би С-н бөгсөн дээр хайруулын тавагны хавтгай хэсгээр хоёр цохиод гурав дахь удаа цохиход С... “миний буруу” гэхээр нь би больсон байхад “утсыг чинь тэгэж байгаад аваад өгчихнө” гэж хэлэхээр нь больсон гэж шийтгэх тогтоолд өөрчилж бичсэн байна. Гар утасны талаар бид хоёр огт маргаагүй. Би С-д “нэгнийхээ утсыг авчихдаг муу зуршлаа болиорой” гэдгийг хэлж ойлгуулах санаатай хэлдэг юм... Анх бид уулзахад С... 0.75 грамм архи авсан байсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан зурагт Хараа архины шил болж өөрчлөгдсөн байна.
Ган-Эрдэнэ “А... битүү чанагчаар бөгсөн дээр нь цохиод байсан” гэж мэдүүлдэг. Хэргийн газарт битүү чанагч огт байгаагүй тул орлуулан будаа агшаагчны жижиг хөнгөн цагаан савыг нэмж, битүү чанагчны саваар цохисон гэж бичсэн байна. Битүү чанагч гээд байгаа будаа агшаагчны савыг шинжлэн судлаагүй. Мөн шийтгэх тогтоолд “2-3 хоногийн өмнөөс С-нд протер машинтай 2, 3 залуу ирж архидаад байгаа” гэж хэлснийг өөрчлөн “2-3 хоногийн өмнө талийгаачийнд портер машинтай хэдэн залуучууд ирсэн” гэж бичсэн байна. Би мэдүүлэгтээ “талийгаач С-ийн ард нь хоёр малтай хөгшин байдаг, баруун талд нь Ган-Эрдэнийнх байдаг” гэж хэлснийг Ган-Эрдэнийнхийг хасаж бичсэн. Талийгаачийнд хоёр гурав хоног ямар хүмүүс ирж архидаад байсныг шалгах гэснийг “хоёроос гурав хоногийн өмнө талийгаачийн гэрт ямар хүмүүс ирснийг шалгах” гэж өөрчилсөн байна. Өмгөөлөгч Баярмаагаар Ган-Эрдэнийн мэдүүлэг, талийгаачийн үхлийн шалтгаан, зүйлчлэл өөрчлөн ялласан талаар уншуулж сонслоо гэснийг “талийгаачийн үхлийн шалтгаан зэрэг нөхцөл байдлууд өөрчлөгдсөн талаар хэлсэн” гэж өөрчилж бичсэн байна.
Хэрэгт авагдсан фото зурагт С... нь гутлаа тайлан өмдөө хагас шувталсан байдалтай орондоо орсон байдаг. Намайг хайруулын тавгаар бөгсөнд нь цохиод болиход талийгаач өмдөө татсан байсан. Намайг өмдийг нь шувталж цохисныг харсан хүн нь Ган-Эрдэнэ юм. Би талийгаачийн бөгсөн дээр нь цохихдоо бэртэл гэмтлийг учруулахгүй тооцоолон, гаргаж байгаа зан араншингаа ухамсарлаасай гэж над руу довтолсон үйлдлийг няцаасан нь үнэн. Шүүхийн шатанд гэрч Энхболд, Ган-Эрдэнэ нарыг гэрчээр оролцуулах хүсэлт удаа дараа гаргасан боловч Ган-Эрдэнэ нь өөрийн байнга байдаг хаягтаа байхгүй гэж хэлүүлэн зугтаж байсан.
Миний хувийн байдлыг тодорхойлохдоо хошууч Анхбаяр нь гэрчүүдээс мэдүүлэг авахдаа надаас хувийн таарамжгүй харьцаатай, урьд өмнө нь намайг занаж байсан Баттулгаас мэдүүлэг авсан байна. Баттулга нь намайг эхнэрээ зоддог, эхнэр нь зугтаж Солонгос улс руу явсан гэж худал мэдүүлсэн байна. Эхнэр бид хоёр 16 жил амьдарч байгаа ба албан ёсны баталгаатай, хүү маань 16 настай. Бид хоёр Солонгосын виз гартал хүнд хэлэхгүй байхаар тохиролцсон байсан. Би эхнэртэйгээ интернэтээр байнга харьцаж байсан. Тухайн үед байцаагч эхнэр бид хоёрын харьцааны талаар асууж болох байсан. Байцаагч Анхбаяр нь Баттулгатай хамт ажиллаж байсан гэдгээ надад хэлж байсан. Мөн гэрч Энхболдыг эрх зүйч мэргэжилтэй хүн, худал мэдүүлэхгүй гэж уурлан өмөөрч байгаа нь илт байдаг байсан. Баттулга нь миний эхнэрийн талаар нотлогдоогүй, үндэслэлгүй мэдүүлэг өгсөнд гомдолтой байна. Энэ хэргийн бодит байдалтай нийцээгүй мэдээлэл юм. Мөн гэрч Баттулга нь гэрч Ган-Эрдэнээр хувийн зүйлээ хийлгэдэг дотно харьцаатай байдаг. Миний бие эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Гэтэл шийтгэх тогтоолд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй гэж бичсэн байна... Миний ойлгож байгаагаар хувийн байдлыг тогтоохдоо сургуулийн багш, цэргийн алба хаасан байдал, ажлын хамт олон, улсаас авсан гавьяа шагнал, багын найз нөхөд зэргээс асууж тодруулбал үнэнд нийцэх байсан гэж бодож байна...” гэжээ.
Шүүгдэгч Ш.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд шинжээч томилох хүсэлт гаргасныг прокурор хүлээж аваагүй. Энхболд, Ган-Эрдэнэ нар нь миний эсрэг мэдүүлэг өгөөд байгаа учир энэ хэрэгт холбогдолтой гэж үзэж байна. Энэ хоёр хүнийг шалгуулах хүсэлтэй тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж, тал бүрээс нь шалгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ш.А-ийн өмгөөлөгч Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ш.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Ган-Эрдэнэ, Энхболд нарын мэдүүлгээр Ш.А-ийг буруутай гэж үзэж байгаа. Гэтэл энэ хоёр гэрчийн мэдүүлгүүд нь яг адилхан байгаа нь үнэн эсэхэд эргэлзээ төрж байна. Тийм учраас Ган-Эрдэнээс дахин байцаалт авах хүсэлтэй байна. Талийгаачийн элэг няцарсны улмаас нас барсан гэж дүгнэсэн бөгөөд уг гэмтлийг хэн учруулсныг тогтоогоогүй. Ш.А нь хохирогчийг дэвсээгүй гэсэн мэдүүлэг нь тухайн үед хөл нь өвчтэй, боолттой байснаар нотлогддог. Мөн тэрээр зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч өөрийнх нь үйлдлийн улмаас хохирогч нас бараагүй гэдгийг анхнаасаа мэдүүлж байсан...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П-ын өмгөөлөгч Т.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас давж заалдах гомдол гаргаагүй. Шүүгдэгч Ш.А нь уг гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хангалттай тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлүүдийг давж заалдах гомдолд тусгаж өгөөгүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хэргийн бодит байдлыг зөв дүгнэсэн гэж үзэж байна. Гэм буруугийн шүүх хуралдаанд Ш.А нь “би хохирлыг барагдуулахгүй” гэж мэдүүлсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн гол агуулга нь “хохирогчийн эрх ашгийг хамгаалах зорилготой бөгөөд хэрэв хохирол төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд ял шийтгэлийг хөнгөрүүлэхээр хуульчилсан. Гэтэл гэм буруутай нь тогтоогдсон байхад өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулах талаар арга хэмжээ авахгүй байна. Анхан шатны шүүх Ш.А-т хөнгөн ял оногдуулсан байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Ш.А-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Ш.А нь 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө .... дүүргийн .. дүгээр хороо, .... зуслангийн задгайд оршин суух Б.С-ийн гэрт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.С-той маргалдаж, улмаар цээжин дээр нь дэвсэх, бөгсөн тус газар хайруулын таваг, битүү чанагч, өмдний тэлээгээр цохих зэргээр зодож, элэгний язрал, олон хавирганы хугарал, зүүн нүдний зовхинд цус харвалт, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зүүн доод зовхи, хамар, эрүү, хүзүү, баруун тохойн хонхор, баруун шуу, цээж, хэвлий, дал, ахар сүүл орчим, баруун гуя, зүүн ташаа, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, хуйх, чамархайн булчин, дээд уруул, цээж, өвчүү, зүүн чих, баруун бугалга, баруун шуу, хэвлий баруун гуя, зүүн ташаан толгой, зүүн өгзөгт цус хуралт бүхий олон тооны шарх үүсгэсэн гэмтэл учруулж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Д.Ган-Эрдэнийн “... 2017 оны 4 дүгээр сарын 29-ний орой 20 цагийн үед Ш.А бид хоёр автобусанд явж байгаад Цэкү буюу Б.С-той тааралдсан... Тухайн үед Б.С халамцуу байсан. Автобуснаас буусны дараа Ш.А Б.С-д “чи өмнө архи ууж байхад миний мөнгийг аваад явчихсан, дараа нь архи уухад миний гар утсыг аваад явчихсан...” гэж хэлэхэд Д.С “хөгшин нь тийм хогийн гар биш” гэж хэлээд энгэрээсээ тал хэмжээтэй 0,75 литрийн архи гаргаж ирсэн. Тэгээд архиа Б.С-н гэрийн гадаа ууж байхад амьжиргаа цагаан машинтай 2 залуу ирсэн. Уг хоёр залуу нэмж 0,75 литрийн архи авч бид тав хувааж уугаад удалгүй тэр хоёр яваад өгсөн. Б.С, Ш.А бид гурав Б.С-ийн гэрт ороод сууж байхад Ш.А өмнөх юм сөхөж яриад “чи надаас олон удаа зугтаж бултаж байгаа шүү” гэж хэлээд нүүр лүү нь цохиод унангуут нь гэдэс орчимд өшиглөөд, дэвсээд байхаар нь би Ш.А-ийг салгаад “наадах чинь чиний гарын бярыг яаж даах юм” гэж хэлээд салгасан. Тэгээд би Ш.А-т хандаж “наад нөхөр чинь олон хоног архи уусан гэдсэнд нь дэвсэж байж гай болов” гэж хэлэхэд Ш.А, Б.С-ийн өмдийг тайлж байгаад битүү чанагчаар бөгс рүү нь цохиод байсан. Би салгах гэтэл намайг хойш нь түлхээд унагаачихсан. Тэгээд Ш.А-ийн уур нь гайгүй болоод тэр хоёр хоорондоо эвлэрээд гайгүй болохоор нь “за за би гэртээ харилаа” гэж хэлээд явсан. Тэгээд би гэртээ орж ирээд удалгүй 30 минутын дараа байх Ш.А орж ирээд “Баянхонгор луу ноолууранд явах боллоо” гээд надаас мешок авахдаа “нөгөөдөхийг чинь жоохон зодсон чинь хөдөлгөөнгүй болчихлоо” гэхээр нь би “чи галзуу юм уу гай болно” гэхэд “зүгээр ээ, тэр үхэхгүй, танайхаас гараад шалгана” гэж хэлээд гарсан. Би гэртээ унтаад үлдсэн...” /хх 1-н 57-59/,
гэрч Ц.Энхболдын “...Намайг байх үед зодоон болоогүй маргаан үүссэн, Ш.А нь “чи миний гар утсыг зарсан биз дээ, чамайг ална аа” гээд Б.С руу дайраад байсан. Талийгаач огт дуугарахгүй байсан. Гэтэл Ш.А нь талийгаачийг “бос, суу” гээд байсан... Тэгээд би Мягмар ахыг аваад явсан. Маргааш өглөө 8 цагийн үед Мягмар ахын хамт талийгаач Б.С-ийн гэрт нь модыг нь ачиж өгч, халтуур хийхээр очсон юм. Гэтэл талийгаач орон дээрээ унтаж байгаа юм шиг хэвтэж байсан. Хартал амьсгаагүй юм шиг байхаар нь би 102-т дуудлага өгсөн...” /хх 1-н 67-68/,
гэрч Д.Мягмарын “...Би хөрш айлын Энхболд гэх залуутай хамт жижиг ачааны автомашинтай Жигжид өнгөрөөд явж байтал Ш.А нь танихгүй 2 хүнтэй явж байхаар нь зогсож, Ш.А-тай уулзахад дөхүүлээд өг гээд Д.С гэх залуугийн гэр лүү явсан... Биднийг явахад Ш.А, Б.С бас нэг залуугийн хамт гурвуулаа үлдсэн...
гэрч Д.Гүррагчаагийн “... Би тухайн өдөр зуслан дахь Цагдаагийн дэд хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан ба өглөө 10 цаг 15 минутын орчимд “Согоот 10”-аас дуудлага ирсний дагуу хэргийн газар очиход Б.С гэртээ бусдад зодуулсан байдалтай нас барсан байсан...” /хх 1-н 61/,
шинжээч Ө.Сарангэрэлийн “...Талийгаач Б.С нь элэгний язралын улмаас цус алдаж, хэвлийн хөндийд 750 грамм цус алдаж, цус алдалтын шоконд орж нас барсан. Цээж хэвлий орчимд дэвсэлж өшиглөснөөр тухайн гэмтэл үүснэ. Цээжинд олон төрлийн гэмтэл учирсан байна. Олон хавирганы хугарал гэмтэл нь өшиглөлт, дэвсэлтээс шууд учирна...” /хх 1-н 116-117/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Талийгаач нь элэгний язралын улмаас хэвлийн хөндийд цус алдаж, цус алдалтын шоконд орж нас баржээ. Талийгаачид элэгний язрал, олон хавирганы хугарал, зүүн нүдний зовхинд цус харвалт, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зүүн доод зовхи, хамар, эрүү, хүзүү, баруун тохойн хонхор, баруун шуу, цээж, хэвлий, дал, ахар сүүл орчим, баруун гуя, зүүн ташаа, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, хуйх, чамархайн булчин, дээд уруул, цээж, өвчүү, зүүн чих, баруун бугалга, баруун шуу, хэвлий баруун гуя, зүүн ташаан толгой, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Элэгний язрал, олон хавирганы хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт, цус хуралт, цус харвалт, зулгаралтууд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шилбэний зулгаралт гэмтэл нь хуучин, бусад гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Талийгаач нь баруун уушгины архаг сорвижилт сүрьеэ, зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, зүрхний булчингийн сорвижилт бүхий архаг хууч өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй. Дээрх гэмтлүүд нь амьд үед үүссэн гэмтлүүд байна. Талийгаач нь элэгний язралаас хэвлийн хөндийд цус алдаж цус алдалтын шоконд орох хүртлээ амьд байх боломжтой...” гэх 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 900 дугаартай дүгнэлт /хх 1-н 81-83/, уг дүгнэлтэд хавсаргасан фото зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 84-86/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...Ш.А нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байна...” гэх 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 567 дугаартай дүгнэлт /хх 1-н 102-103/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 16-20/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 25-26/ зэрэг нотлох баримтуудаар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан боловч анхан шатны шүүх шүүгдэгч Ш.А-т холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Шүүгдэгч Ш.А-аас “...хэргийн бүрэн гүйцэд шалгаагүй, гэрч Д.Ган-Эрдэнэ, Ц.Энхболд нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрч Д.Ган-Эрдэнэ, Ц.Энхболд нарын мэдүүлгүүдийг тухайн үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зохих зүйл, заалтуудыг сануулж, мэдүүлэг авсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, байцаалт авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэг учрал болох үед хамт байсан гэрч Д.Ган-Эрдэнийн “...Б.С, Ш.А бид гурав Б.С-ийн гэрт ороод сууж байхад Ш.А өмнөх юм сөхөж яриад “чи надаас олон удаа зугтаж бултаж байгаа шүү” гэж хэлээд нүүр лүү нь цохиод унангуут нь гэдэс орчимд өшиглөөд, дэвсээд байхаар нь би Ш.А-ийг салгаад “наадах чинь чиний гарын бярыг яаж даах юм” гэж хэлээд салгасан. Тэгээд би Ш.А-т хандаж “наад нөхөр чинь олон хоног архи уусан гэдсэнд нь дэвсэж байж гай болов” гэж хэлэхэд Ш.А, Б.С-жийн өмдийг тайлж байгаад битүү чанагчаар бөгс рүү нь цохиод байсан. Би салгах гэтэл намайг хойш нь түлхээд унагаачихсан. Тэгээд Ш.А-ийн уур нь гайгүй болоод тэр хоёр хоорондоо эвлэрээд гайгүй болохоор нь явсан...”, шинжээч Ө.Сарангэрэлийн “...Цус алдалтын шок гэдэг нь ойролцоогоор зургаан цагаас хойш буюу дээш хугацаанд үүснэ...” /хх 1-н 116-117/ гэсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь амьд үед үүссэн гэмтлүүд байна. Талийгаач нь элэгний язралаас хэвлийн хөндийд цус алдаж цус алдалтын шоконд орох хүртлээ амьд байх боломжтой...” гэсэн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 900 дугаартай дүгнэлт зэргээс үзэхэд Б.С-н үхэлд хүрэх гэмтэл авсан цаг хугацаа нь Ш.А-ийн талийгаач Б.С-той хамт байх үеийн цаг хугацаатай тохирч байна.
Түүнчлэн Ш.А нь хамт архи ууж байхдаа талийгаач Б.С-той “мөнгө, гар утас авсан” гэх шалтгаанаар маргалдаж байсан, мөн Д.Ган-Эрдэнэ нь талийгаачтай хувийн таарамжгүй харьцаа үүсээгүй болох нь гэрч Ц.Энхболд “...Гэтэл Ш.А нь талийгаачийг “алив бос пизда минь, суу пизда минь” гээд байсан... Д.Ган-Эрдэнэ гэх залуу хэрүүл маргаанд огт оролцоогүй, сандал дээр томоотой суугаад архи уугаад байсан...” /хх 1-н 68/, гэрч Д.Мягмар “...Ш.А нь Б.С гэх залууг “чи миний гар утсыг хулгай хийж ээждээ зарсан биз дээ” гээд дайрч уурлаад байсан. Тэгэхэд нь Б.С айгаад юу ч хэлэхгүй байсан...” /хх 1-н 76/ гэж мэдүүлснээр нотлогдон тогтоогдож байна.
Дээрх байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд, хэдэн зүйл, хэсгийг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.