Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 126/2022/0007/3 |
Дугаар | 221/МА2022/0673 |
Огноо | 2022-10-20 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2022/0673
“Х Г Т” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 4 дүгээр мөр болон 2 дугаар хавсралтын 3 дахь мөрд байсан тус үйлдвэрийн эзэмшлийн 6712011840 нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 625.2 м.кв газрыг “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид үйлдвэрлэлийн зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлснийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 126/2022/0007/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х Г Т” ХХК-иас Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 4 дүгээр мөр болон 2 дугаар хавсралтын 3 дахь мөрд байсан тус үйлдвэрийн эзэмшлийн 6712011840 нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 625.2 м.кв газрыг “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид үйлдвэрлэлийн зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлснийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3. 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Х Г Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Уг хуралдааныг даргалсан шүүгч Ж.Г нь 1 жилийн өмнө тус компанитай холбоотой Улсын бүртгэлийн газрын Компанийн дүрмийг хууль бусаар 1 эзэнтэй, 1 үүсгэн байгуулагчтай болгон өөрчилсөн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох талаар гаргасан гомдлыг 2021 оны 05 дугаар сард Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргахад Ж.Г өөрөө миний ээж энэ гурил тэжээлийн үйлдвэрт хувьцаа эзэмшигч тул ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ нотлон шүүх ажиллагаанд оролцохоос татгалзан 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг шүүгч н.Энхтайван даргалж асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн.
3.2. Шүүгч Ж.Г-ийн ээжийн хувьцаа түүгээр дамжсан ашиг сонирхлын зөрчил арилаагүй байхад “Х Г Т XXК-ийн захирал миний бие гаргасан гомдлыг хэлэлцсэн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хурал дээрх болоод түүний өмнө хурал хойшлуулсан хүсэлтийн үндэслэлдээ шүүгч Ж.Г-ээс татгалзан гаргасаар атал шүүгч Ж.Г Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-д заасныг зөрчин өөрөө дангаар, ашиг сонирхлын зөрүүтэй шийдвэр гарган тус компанийн алдагдсан газар, өмч, хувьцаа эзэмшигчдийн алдагдсан эрхийг сэргээх талаар алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2.1. Нэхэмжлэгч “Х Г Т” ХХК-иас Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 4 дүгээр мөр болон 2 дугаар хавсралтын 3 дахь мөрд байсан тус үйлдвэрийн эзэмшлийн 6712011840 нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 625.2 м.кв газрыг “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид үйлдвэрлэлийн зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлснийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Маргаан бүхий Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/491 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Х Г Т” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 6712011840 дугаар бүхий 625.2 м.кв газрыг гуравдагч этгээд “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн эзэмшилд шилжүүлжээ.
2.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Х Г Т” ХХК-иас Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт “манай компанийн эзэмшилд байгаа хуучин уурын зуухны барилгыг газрын хамт “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-д шилжүүлэн өгч байгаа тул манай компанийн эзэмшил газраас 625 м.кв газрыг хасч өгнө үү” гэх хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан болох нь тогтоогдож байна.
2.4. Маргаан бүхий захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд хавсаргавал зохих баримтуудыг дурдсан бөгөөд мөн хуулийн 38.3-т эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн аваад дараах зүйлсийг тодруулахаар зохицуулжээ. Үүнд:
2.5. Дээрх хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг шалгаж тодруулах ба маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга нь газар эзэмших эрхийг шилжүүлж буй нэхэмжлэгч “Х Г Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр улсын бүртгэлд бүртгэлтэй байсан гүйцэтгэх захирлын хүсэлт болон холбогдох бусад бүрдүүлбэр, шаардлагуудыг хангуулсны эцэст газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд нийцсэн байна.
2.6. Тодруулбал, тухайн үед газар эзэмших эрхээ шилжүүлэхээр хүсэлт гаргаж буй нэхэмжлэгч компанийн тамга, тэмдэг хуурамч эсэх, бүртгэл хуульд нийцсэн байсан эсэхийг шалгах эрх хариуцагч Засаг даргад олгогдоогүй юм. Энэ тохиолдолд газар эзэмших эрхийг шилжүүлсэн аймгийн Засаг даргын захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй.
2.7. Харин Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу нэхэмжлэгч компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаас гаргуулахаар жичдээ иргэний журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй талаар анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.8. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдлын үндэслэлээ “... шүүгч Ж.Г-ийн ээжийн хувьцаа түүгээр дамжсан ашиг сонирхлын зөрчил арилаагүй, ... шүүгч Ж.Г-ээс татгалзан гаргасаар атал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-д заасныг зөрчин өөрөө дангаар шийдвэр гарган ашиг сонирхлын зөрүүтэй шийдвэр гаргасан” гэж тайлбарлах боловч Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б-ээс “шүүгчээс татгалзаж буйгаа илэрхийлснийг даргалагч шүүгчээс татгалзлыг хүлээн авч, шүүгчийг татгалзах хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ” гэж тайлбарласан[1] боловч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “Би татгалзлаа буцааж авлаа та өөрөө шийд”[2] гэж шүүгчийг татгалзан гаргах хүсэлтээсээ татгалзан улмаар шүүх хуралдаан цааш үргэлжилсэн болох нь тогтоогдож байна.
2.9. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2.10. Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт утга найруулгын алдаа гаргасан байх тул зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
2.11. Мөн цаашид шүүхийн шийдвэрийн бүтэц, логик дараалал, дугаарлалт зэргийг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтаар батлагдсан “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”-д нийцүүлбэл зохихыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...холбогдуулан гаргасан...” гэсний дараа “...холбогдуулан...” гэснийг хассан өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН