Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 135

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Тахарын 16 дугаар гудамж 25 тоотод оршин суух Захар овгийн Даваахүүгийн Эрдэнэтуяагийн /РД: ДК58031418/ хүсэлттэй 
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 02 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Эрдэнэтуяа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь 1958 оны 03 сарын 14-нд Говь-Алтай аймгийн Халиун сумд төрсөн. 1973 онд 7 дугаар анги төгсөөд 1976 онд “Коммунизмын төлөө” нэгдэлд туслах адуучнаар ажиллаж байсан. 1978 оны 03 сарын 01-нээс мөн оны 06 сарын 28 хүртэл аймгийн Зам ангид ажиллаж байгаад цэргийн албанд явсан. Цэргээс халагдаж ирээд Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдэлд жолоочоор ажиллаж байгаад нэгдэл тарж “Халиун” хувьцаат компанид 1 жил жолооч хийж 1993 оноос хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Тухайн үед миний ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний 1976 оны 01 сарын 01-нээс 12 сарын 31-нийг дуустал малчин, 1978 оны 03 сарын 01-нээс 06 сарын 28 хүртэл Зам ангид ажилчин, 1981 оны 07 сарын 19-нөөс 1991 оны 07 сарын 10 хүртэл “Коммунизмын төлөө” нэгдэлд жолооч, 1991 оны 07 сарын 11-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал “Халиун” хувьцаат компанид жолоочоор ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Учир нь Д.Эрдэнэтуяа нь 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдэлд малчин, 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 28-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын Замын хэлтэст замчин, 1981 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдэлд жолооч, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Халиун сумын “Халиун” хувьцаат компанид жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь 
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай лавлагаа, Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1978 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, мөн газрын даргын 1978 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 53 дугаартай “Ажлаас чөлөөлөөх ба ажилд томилох тухай” тушаал, Говь-Алтай аймгийн Халиун сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаал, мөн зөвлөлийн даргын 1984 оны 11 дүгэээр сарын 12-ны өдрийн 76 дугаартай “Мал хөрөнгийн тооллогыг явуулах комисс байгуулах тухай” тушаал, 1991 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаал, уг тушаалын хавсралт, 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Депутатын үнэмлэх, 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Баярын бичиг, 1992 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Гэрчилгээ, фото зургууд, 
Гэрч Б.Цэдэнбалжирын “...Би 1974 оноос 1993 он хүртэл Халиун сумд ажилласан. Намайг курс төгсөөд нэгдэлд 1982 оны 08 сарын 01-нд нягтлан бодогчоор ороход Д.Эрдэнэтуяа нэгдэлд сүүний тэрэг барьдаг байсан. Сүүлд нь тээвэрт явдаг болсон. Их олон жил нэгдэлд ажилласан. Би данс тооцоог нь хийдэг байсан. “Коммунизмын төлөө” нэгдэл 1991 оны 12 сарын 31-нд тарж “Халиун” ХК болж өөрчлөгдсөн. Нэгдэл тараад хувьчлал болж байхад Д.Эрдэнэтуяа бид нар бүгдээрээ нэгдлээс “Халиун” ХК-д шилжиж ажилласан. Намайг “Халиун” ХК-д нягтлан бодогч хийж байхад жолоочоор ажиллаж байсан. Дараа нь хэсгийн ахлагч болоход жолоочоо хийж байсан. Нэгдэл гэж байхаас компани болтол олон жил тасралтгүй жолооч хийсэн хүн. Нэгдэл тараад 2 жил “Халиун” компани гэж явсан. Тэр нь тараад жолооч нар нь машинаа хувьчилж аваад гарсан. Д.Эрдэнэтуяа компани тарахад 1993 оны үе байх машинаа хувьчилж аваад гарсан...” гэх мэдүүлэг
Гэрч Б.Дөвцөлийн “...Би 1963 оноос хойш Халиунд ажилласан. 1963-1977 он хүртэл багийн дарга, нэгдлийн тоо бүртгэгч хийсэн. 1978-1990 он хүртэл Халиун сумын Коммунизмын төлөө нэгдэлд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. 1991-1992 онд Халиун сумын Худалдаа бэлтгэлийн ангийн дарга байсан. Д.Эрдэнэтуяа намайг нягтлан байхад Коммунизмын төлөө нэгдэлд машин барьдаг байсан. Яг хэзээнээс нэгдэлд орсныг санахгүй байна. Ямар ч байсан хамт л нэгдэлд ажиллаж байсан. Хэзээ ажлаасаа гарсныг мэдэхгүй байна. 53-тай үйлчилгээнд яваад байдаг байсныг л санаж байна...”  гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 
Иймд Д.Эрдэнэтуяаг 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдэлд малчин, 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 28-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын Замын хэлтэст замчин, 1981 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдэлд жолооч, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Халиун сумын “Халиун” хувьцаат компанид жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Харин 1992 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын “Халиун” хувьцаат компанид жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Гэрч Б.Цэдэнбалжирын Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт “1991 оны 12 сарын 31-ний өдөр Нэгдлийн үйл ажиллагаа зогсож байгааг үндэслэн тооцооны ня-бо-ийн үүрэгт ажлаас чөлөөлөв” гэсэн бичилт хийгдсэн байгааг үндэслэн Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдлийн тарсан хугацааг 1991 оны 12 сарын 31-ний өдөр гэж тогтоосон болно. 
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан арга хэрэгслээр цуглуулсан, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.  
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Захар овгийн Даваахүүгийн Эрдэнэтуяаг 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдэлд малчин, 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 28-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын Замын хэлтэст замчин, 1981 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдэлд жолооч, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Халиун сумын “Халиун” хувьцаат компанид жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын “Халиун” хувьцаат компанид жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Эрдэнэтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ