Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/37

 

 

 

 

 

 

 

 

 

    2021          02               05                                                2021/ШЦТ/37

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Хохирогч Ё.Х, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг /онлайнаар/,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигин Б.Б-д холбогдох эрүүгийн 2034004660551 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигин Б.Б, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймаг Жаргалант сум 3 дугаар баг  3-1 тоотод оршин суух, “Таван толгой шен” ХХК-нд жолооч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:  

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ЖИ76032313 регистрийн дугаартай.  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Б-ны өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Согтуу байснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, 

 

Хохирогч Ё.Х-ын өгсөн: 2020.5.03-ны шөнө 22 цаг болж байхад Б манайд орж ирсэн. Би тухайн үед хоёр нялх хүүхэдтэй байсан. Нэг нь гурван настай нэг нь дөрвөн сартай хүүхдүүдийн хамт байсан. Б манай гэрт шууд дайрч орж ирээд надаас архи нэхсэн. Тэгэхээр нь би архи байхгүй, байсан ч би чамд архи өгөхгүй. Харанхуй шөнө айлд орж ирээд архи нэхэж явна гэдэг чинь юу гэсэн үг юм гэсэн чинь чамтай ярих юм байна гэсэн. Чи тэгвэл эрүүл саруул өдөр орж ир гэсэн. Шөнө дөлөөр ингэж дайрч орж ирдэггүй юм би амарч байна гэсэн чинь л учир зүггүй дайраад намайг барьж аваад хэд хэдэн удаа гуд татаад хэд хэдэн удаа дараад өмдөндөө шээтэл намайг зодсон. Намайг зодоод байгаа шалтгаан нь чи хаана ирчхээд хэнд томроод байгаа юм гээд орилоод байсан. Яахлаараа чи миний аавыг доромжилдог юм. Яагаад чи миний аавыг дорд үздэг юм гэсэн. Би тэр хүний аавтай нэг удаа ч харилцаж байгаагүй нэг удаа ч уулзаж байгаагүй гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Ё.Х /хх 18-19, 20-22/, гэрч Б.Б /хх 23/, Б.Б /хх 24, 25, 49-50/ нарын өгсөн мэдүүлэг,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн №257 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 27-28/,

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн №59 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 33-34/,

            гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/, торгох ял биелсэн талаарх ШШГЕГазар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.02.02-ны өдрийн 1/151 дугаартай албан тоот зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болно. 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 03-ны шөнө 22 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын 3-р баг 1407 тоотод Ё.Х-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хүзүүний 6-7-р нугалам хоорондын жийргэвчийн цүлхийлт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:  

 

Шүүгдэгч Б.Б-ны өгсөн: "Хишигжаргал тухайн үед манай ээж, аавыг маань үг хэлээр доромжилсон байсан. Тэгээд би архи согтууруулах ундаа уусан үедээ түүнийг нь санаад Хишигжаргалын гэрт очсон. Тэгэхэд Хишигжаргал намайг шалны модоор цохиж байсан. Тэгээд би Хишигжаргалын үснээс нь зулгаагаад ширээн дээр арагш нь дарж байсан түүнийг мэдэж байна би цохиж зодсон зүйл байхгүй. Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг дэвсгэрт 2020 оны 5 дугаар сарын 03-ны орой хүмүүстэй 0,75 литрийн 2 шил архи уусан. ...Би гэрт нь яаж орсноо санахгүй байна. Нэг мэдсэн шалны модоор цохиулж байсан. Тэгэхээр нь би давраад байгаарай гээд үсдээд дарж байтал манай дүү Батсайхан орж ирээд салгаад аваад гарсан. Би гэрт нь анх орохдоо ширүүхэн орсон юм шиг байна лээ. Би нэлээн архи уусан ухаангүй тасарчихсан байсан. Хишигжаргал нь манай нутагт ногоо тарьдаг, манай дүү Батсайхан Хишигжаргалын хашаанд нь манаач хийдэг байсан юм. Хишигжаргал өөрөө тэр гэртээ ирэн очин байдаг юм. Би зүс таних төдий л байдаг. Хишигжаргал бид хоёрт өс хонзон, өр авлага байхгүй. Би тухайн үед манай аав, ээжийг загнасан гэхээр нь л очсон. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх 24-25, 49-50/,

 

Хохирогч Ё.Х-ын өгсөн: “Би Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг 3 дугаар багт хувийн газар тариалангийн аж ахуй эрхэлдэг. Улирлын чанартай учраас өвөлдөө Улаанбаатар хотод зун нь Төв аймгийн Жаргалант суманд ирж ногоо тарьдаг. Ингээд Жаргалант сумын Тал булаг 3 дугаар баг дээр байдаг өөрийн хашаанд сахиул буулгахаар Жаргалант сумаас Батсайхан гэх хүнийг гэр бүлийн хамт сарын 200 000 төгрөг өгөөд харуулж байсан. Ингээд 2020 оны 3 дугаар сарын 17-ны үед Батсайханы аав Боролзой гуай өөрийн гэр бүлийн хүмүүсийн хамт хүү Батсайханы гэрт ирсэн. Тэгээд буцаад хашаанаас гарахдаа манай нохойг машинаараа дайрчхаад яваад өгсөн байсан. Би гэрээс гараад нохойгоо хартал нүднээс нь цус гараад босож чадахгүй хэвтэж байсан. Би Боролзой гуайн утасны дугаарыг олж аваад залгаад ярьтал эхнэр нь утсыг нь авахаар нь та нар нохой дайрсан байна малын эмч авчирч тариа хийлгэж өг, нохой ч гэсэн ингээд орхиж болохгүй байх гэж хэлтэл Боролзой гуай малын эмч авчраад нохойнд тариа хийлгэж өгсөн. Манай нохой 2 хоног тариа хийлгээд гайгүй болсон. Ингээд би нохой гайгүй болохоор нь Боролзой гуайтай ярьсан зүйл байхгүй дахиж ч уулзаагүй ингээд өнгөрсөн. Тэгтэл 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр би Жаргалант сумын Тал булаг 3 дугаар багт гэртээ байж байтал орой 22 цагийн үед өөрийн бага хүү Содном гэртээ ирээгүй байхаар нь сахиул ажилтай Батсайханыг утсаар яриад хүү Содномыг олоод ирээч гэж хэлтэл тэгье гээд явсан. Ингэж явахдаа манай охин Ишинжаваагын хамт явсан байсан. Би байшингийн дээд давхарт байж байтал байшингийн хаалга дуугарах шиг болохоор нь дээд давхраас буугаад иртэл Хишигээ гээд хүн дуудах шиг болохоор нь хартал Баярсайхан гэрт ороод ирсэн байсан. Ингээд над руу хандан архи гаргаад ир би архи уумаар байна гэхээр нь би юу яриад байгаа юм гэрээс гар хүүхэд айлаа гээд хэлсэн. Тэгтэл Баярсайхан нь над руу чи хаана ирчхээд хэнд томроод байгаа юм бэ манай аав, ээжийг нохойноос дор үзлээ гээд шууд над руу дайраад ширээн дээр дарж унагаад ам руу салаавч гаргасан. Би гэрээс гаргах гээд түлхтэл намайг боогоод газар унагаад миний дээрээс хөлөөрөө дэвсээд, миний үснээс зулгааж байгаад үүдний таамбарын хана руу толгойгоор савсан би ухаан алдсан байсан. Ингээд сэргээд харахад манай охин Ишинжаваа, Батсайхан, хүү Содном нар ирчихсэн салгасан байсан. Тэгээд манай хүүхдүүд та яагаад манай ээжийг зодож байгаа юм бэ гэж асуухад Баярсайхан нь би наадахыг чинь зодоогүй үснээс нь зулгаасан гээд байсан. Баярсайханыг гэрээс гаргаад хаалгаа түгжсэн байхад над руу залгаад гараад ир хоёулаа учраа ольё гээд байсан. Мөн машинаа манай байшинд тулгаж зогсоод гадаа нэлээн удаан байсан. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан. Миний хүзүүг боосон толгойгоор хүчтэй хана мөргүүлсэн болохоор олон өдөр толгой өвдөж хоолой боох гээд ханиалгаад байсан. Миний хувьд Баярсайхантай ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй урьд өмнө нь Баярсайханыг зүс л харж байсан. Тухайн үедээ миний толгой өвдөж, хамаг биеэр өвчин болсон байсан, маш их айж сандарсан учраас унтаж байгаад өөрийн мэдэлгүй орондоо шээх тохиолдол байсан. Баярсайхан намайг зодож байхдаа миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөж байсан учраас ийм зүйл болсон. Одоо толгой өвдөх нь гайгүй, 2-3 сар эмнэлгээр явж бариа засал хийлгэсэн учраас гайгүй болсон. Би эмнэлгээр явж эмчилгээ хийлгэсэн, бүх эмчилгээ хийлгэсэн зардлаа бүгдийг нэхэмжилнэ. Гэртээ зүгээр байж байгаад Баярсайхан гэх хүнд зодуулж сэтгэл санаа, эрүүл мэндээр хохирсон учраас маш их гомдолтой байна. Гарсан бүх зардлаа баримтаар нь нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 20-22/,

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Гэрч Б.Б-ны өгсөн: “Би 2020 оны 5-р сарын 03-ны орой гэртээ орондоо ороод хэвтэж байсан. Тэгтэл Хишгээ гээд эмэгтэй залгаад манай охинтой хамт бага хүүхдийг Болдоогийн гэрээс авчраад өгөөч гэсэн. Харанхуй байсан учраас ханиндаа охинтой нь цуг явахаар гэрээс нь гарахад тэдний гадаа манай ах Баярсайхан зогсож байсан. Юу хийж яваа юм гэж асуухад зөрөөд машинтайгаа орсон. Тэгээд би Болд гэх айлаас хүүхдийг нь аваад 3-5 минутын дараа эргээд иртэл Баярсайхан, Хишгээ 2 гэрийнх нь үүдэнд хэрэлдээд зогсож байсан. Баярсайхан Хишгээ эгчийн үснээс зулгаагаад доош нь дарчихсан байсан. Намайг салгатал Хишгээ манай ахыг 2 удаа шалны модоор цохиод авсан. Тэгээд би боль гээд ахыг аваад явсан. Юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна. Ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй.” гэх мэдүүлэг /хх 23/,

 

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн №59 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.2.Ё.Хишигжаргалын биед хүзүүний баруун бугалга, хэвлийд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. З.Ё.Хишигжаргалын биед хүзүүний 6-7-р нугалам хоорондын жийргэвчийн цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой." гэжээ /хх 33-34/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

              Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хохирогч Ё.Хишигжаргалыг миний эцэг, эхийг нохойноос дор үзэж үг хэлээр доромжилсон гэх шалтгаанаар түүний Төв аймгийн Жаргалант сумын 3-р баг Гангын 1407 тоотод байх гэрт нь очиж хэрүүл маргаан үүсгэн улмаар эрх чөлөөнд нь халдаж боож газар унаган дээрээс хөлөөрөө дэвсэж, үснээс зулгааж толгойгоор нь хана савсны улмаас  эрүүл мэндэд нь хүзүүний баруун бугалга, хэвлийд цус хуралт гэмтлүүд, хүзүүний 6-7-р нугалам хоорондын жийргэвчийн цүлхийлт бүхий гэмтлүүд учруулжээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар дээрх гэмтлүүдээс хүзүүний 6-7-р нугалам хоорондын жийргэвчийн цүлхийлт гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой хөнгөн гэмтэл болох нь Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн №59 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

            Шүүгдэгч Б.Б-ны дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний амьд явах эрхэд халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл түүний улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учирсан гэж шүүх үзсэн тул,   

 

            улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Б-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч Ё.Х эрүүл мэндэд учирсан хохирол болон ирэх очих унааны зардал гэж 1 906 000 төгрөг нэхэмжилснийг шүүх нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3-36.5 дахь хэсэгт заасныг баримтлахаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  44 дүгээр зүйл, мөн хуулийн 38.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална. Өөрөөр хэлбэл бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Хохирогч Ё.Хишигжаргалын хуулбарлан ирүүлсэн хохирлын нотлох баримт хуулийн дээрх шаардлагыг хангаагүй шүүх ямар нэг таамаглалд үндэслэн шийдвэр гаргах боломжгүй тул үнэлэх боломжгүй байна гэж үзсэн. Иймд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтын шаардлага ханган иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч Б.Б ямар нэг санал гаргаагүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж дээрх ялыг биелүүлсэн болох нь ШШГЕГазар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.02.02-ны өдрийн 1/151 дугаартай албан тоотоор тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.Б-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн 2034004660551 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигин Б. Б-ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ныг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-нд оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          5.Хохирогч Ё.Х нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

   6.Эрүүгийн 2034004660551 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАТЖАРГАЛ