Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 136

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 5-32 тоотод оршин суух Жороо морьтынхон овгийн Таравын Эрдэнэтогтохын /РД: ДЭ57030513/ хүсэлттэй 
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Эрдэнэтогтох нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь 1984 оны 05 сарын 25-ны өдрөөс 1992 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл 1 дүгээр хэсгийн үйлчилгээний жолоочоор ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Тээврийн удирдах газрын халсан тушаал, 7 дугаар баазад орсон тушаалууд байхгүй учир байгууллагын нэршлийн өөрчлөлт гарч шүүхээр тодорхойлж тогтоох шаардлагатай болсон. Иймд бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1984 оны 05 сарын 25-ны өдрөөс 1992 оны 09 сарын 15-ныг хүртэл Тээврийг удирдах газар, 7 дугаар баазад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Т.Эрдэнэтогтохын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Т.Эрдэнэтогтох нь 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газар, Говь-Алтай аймгийн Автотээврийн 7 дугаар баазад тус тус жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ. 
Т.Эрдэнэтогтох нь 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газар, Говь-Алтай аймгийн Автотээврийн 7 дугаар баазад тус тус жолоочоор ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Зарим хүмүүсийг  ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” 75 дугаар тушаал, Говь-Алтай аймгийн Авто тээврийн 7 дугаар баазын даргын 1994 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Тарав овогтой Эрдэнэтогтохыг ажлаас чөлөөлж халах тухай” 37 дугаар тушаал, Улсын дугаар ГО76-81, Гараашийн дугаар 52 гэх Эрдэнэтогтохын авто машин, механизмын хувийн хэрэг, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 431310 дугаартай Бат илэрхийлэх, Б.Осорын “Алтайн автотээврийн 7-р бааз” номын 241-242 дугаар талд хэвлэгдсэн жолооч Таравын Эрдэнэтогтохын намтар, 1984, 1985 оны Тээврийг удирдах газрын зөвлөгөөн, баярын хурлын урилга, ГО 76-81 дугаартай Уаз-469 маркийн машины 1993 оны 07 сарын 14-ний өдөр үзлэг тооллогод орсон гэрчилгээ, ажиллаж байх үеийн фото зургуудаар тус тус тогтоогдож байна. 
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаартай лавлагаанд “...Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад Тээврийг удирдах газар ... 1990 онд татан буугдаж Тээвэрчин компани, 7 дугаар бааз гэсэн хоёр хувийн аж ахуйн нэгж болж хувьчлагдан өөрчлөгдсөн...”, Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 63 дугаартай лавлагаанд “...7-р бааз нь 1991-1992 онуудад ажилагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан нь үнэн болохыг тодорхойлов...” гэж тодорхойлсныг үндэслэн Тээврийг удирдах газрын татан буугдсан хугацааг 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж тогтоосон болно. 
Иймд Т.Эрдэнэтогтохыг 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолооч, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Автотээврийн 7 дугаар баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Жороо морьтынхон овгийн Таравын Эрдэнэтогтохыг 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолооч, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Автотээврийн 7 дугаар баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.Эрдэнэтогтохын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.ОЮУНБИЛЭГ