| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0391/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/38 |
| Огноо | 2021-02-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/38
2021 02 08 2021/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Лхагвадорж,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Цолмон /онлайнаар/,
Хохирогч М.У,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М,
Шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Б.Батсүх,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сутай С.Т-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон Б. Б-т тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934006830481 дугаартай, 2 хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, С овогтой С.Т, 1971 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг тоотод оршин суух, төрийн бус байгууллагын харьяа мэргэжлийн холбоодын дэд зөвлөлд мэргэжилтэн ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ГН71000000 регистрийн дугаартай.
2.Монгол улсын иргэн, Б овогтой Б.Б, 1992 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын багт оршин суух, байгаль хамгаалагч ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЖИ92000000 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Т-ын өгсөн: 2019 оны 8 дугаар сарын 14-нд Хэнтий чиглэл рүү явж байхад “Цонжинболдог” хөшөөний тэнд авто осол болсон. Би 0000 улсын дугаартай “Лексус 470” маркийн машиныг унаж явсан. Манай байгууллага байнга хөдөө судалгааны ажилд явдаг. Тухайн үед бид цуваагаар явж байсан бөгөөд цуваагаар явахдаа хоорондын зайгаа бариад, аваараа татаад явдаг. Тухайн үед 36 машин явж байсан шиг санаж байна. Манай машин 5 номерт буюу урд машин байхгүй болохоор манайх 4-т явж байсан. Хурдыг бол бид нар хоорондоо яриад яараад яахав дээ гээд зохих ёсны хурдтай нь явж байсан. Эсрэг урсгалаас цэнхэр өнгийн “Портер” маркийн машин яах ийхийн зуургүй урсгал сөрөөд ороод ирсэн. Тухайн үед яах ийхийн завдалгүй тулсан. Би самбаачлах хугацааг ашиглаад тойрч гараад эргээд зам руугаа орох гэсэн чинь машин маань эргээд зам тээврийн осол болсон. Ер нь бол зөндөө олон гэрчийн мэдүүлэг байдаг. Болсон үйл явдал нь тэр гэрчүүдийн мэдүүлгээс гадна машин бариад явж байсан миний мэдүүлэг дээр үндэслэн харахад аль хэдийн шийдэгдчихээр асуудлууд байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл бараг 2 жил шийдэгдэхгүй яваад байдаг. Анх бол мэдүүлэг өгөхөд мөрдөн байцаагч хууль сануулаад зөвхөн үнэнийг хэлнэ, буруу мэдүүлэг өгөх юм бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн бөгөөд би бүх үнэнийг хэлж байсан. Өнөөдрийг хүртэл Б.Б маань мэлзээд худлаа яриад, тэрийг нь өмгөөлөгч нар нь нэг талдаа өөхшүүлээд, хийсэн хэргийг нь хийгээгүй мэтээр яриад байна. Надад хийсэн алдаа байдаг бол би алдаагаа нуухгүй хүлээхэд бэлэн. Би осол болох үед тодорхой хэмжээний самбаачлах хугацаагаа ашиглаад гарсны хувьд зарим эрсдэлээс үлдсэн хүмүүсээ эрүүл мэндийг авраад аваад гараад ирсэн юм болов уу гэж боддог. Ер нь энэ осол юунаас болж гарсан гэдэг гол зүйлээ ярихгүй тойруулаад ийм ч нотолгоо тийм ч нотолгоо гээд байна. Сүүлд нь мэргэжлийн тусгай мэдлэгийн гээд байгаа шинжээч нарын дүгнэлт нь ямар ч осол аваар болоогүй юм шиг гарсан. Би гайхаж байна. Тэнд аваар осол болсон эрдэнэт хүний амь эрсэдсэн. Гэтэл дүгнэлт нь өнөөдөр С.Т ямар ч машин барьж яваагүй, аваар осол хийгээгүй юм шиг, Б.Б ямар ч машин барьж яваагүй, аваар осол гаргаагүй юм шиг, аваар осол хийх үндэс суурийг нь тавиагүй юм шиг сонин дүгнэлт гарсан. Би энэ шинжээч нарын дүгнэлтийг хараад гайхаж, балмагдаж байна. Ер нь маш энгийн бөгөөд тодорхой энэ асуудлыг үнэн зөвөөр нь шийдэж өгөөч гэж гуйх байна. Тэр хар өдрийг санах болгонд сэтгэл эмзэглэдэг, маш их стресстэй байдаг. Энэ асуудлыг үнэн зөвөөр хурдан шуурхай шийдвэрлэж өгөөч. Хохирогчийн ар гэрт 25 сая төгрөгөөр тооцож автомашин, бэлнээр 5 500 000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б-ын өгсөн: 2019 оны 8 дугаар сарын 14-нд би албан ажлаа гүйцэтгэж явсан. Намайг зүүн гар тийш эргэх гээд очоод дохио өгөөд зогсоход өөдөөс гэрэл гялбуулаад асар хурдтай машин ирж явсан. Би тэрийг хараад өнгөрөөгөөд гарна даа гэтэл миний хажуугаар цагаан өнгийн “Приус 20” маркийн машин гүйцэж түрүүлсэн. Тэр машин эгнээндээ орсны дараагаар 470 маркийн машин миний хажуугаар асар хурдтай гараад явсан. Тэгээд би дохио өгсөн өөдөөс машин байхгүй болохоор хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжтой байсан учраас хөдөлгөөнийг үргэлжлүүлээд буугаад явсан. Машин унасан байсныг би мэдээгүй. Тэгээд километр гаран явж байхад араас машин ирсэн. Бичиг баримт байна уу гэсэн энгийн хувцастай хүмүүс байсан болохоор би үзүүлээгүй. Юу болсон бэ гэхэд ард машин уначихлаа гэсэн.Тэгээд би эргэж очоод тэнд бүтэн өдөржин байсан. Бүрэлдэхүүнтэй шинжээч байхад байсан, онхолдсон машин хэмжихэд байсан, хэргийн газарт үзлэгт оролцуулаагүй. Драгер үлээсэн, зураг дарсан өөр зүйл байгаагүй. Хэргийн газар хаана зогсож байсан ямар ч юманд оролцуулаагүй. Мөргөсөн биш шүргэсэн биш би замын хөдөлгөөний дүрмээрээ л явж байсан гэх мэдүүлэг,
Хохирогч Б.М-ын өгсөн: “Миний аав Л.Б нь зам тээврийн осолд орж нас барсан. Миний хувьд хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр нь тогтоож өгөхийг хүсэж байна. Манай аав айлын 4 хүүхдийн 3 дахь хүү болж төрсөн бөгөөд Орос-Монголын 3 дугаар сургуулийг төгссөн, МУИС-ийг Олон Улсын харилцаа мэргэжлээр төгсөж байсан хүн байгаа юм. Манай аав сургуулиа төгсөөд АНУ-руу явсан бөгөөд тэндээ Калифорний их сургуульд магистрт сурч Монголдоо ирээд УБТЗ-ийн хангамжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэгээд тэндээсээ гараад Хөдөлмөрийн яаманд ажиллаж байгаад тэндээсээ гараад Мэргэжлийн холбоодын дээд зөвлөл гэх байгууллагад захирал хийж байсан. Миний аав ер нь дуу цөөтэй уур уцаар багатай, тайван, огцом зангүй хүн байсан. Эцэг, эх маань суугаад 3 хүүтэй болсон би хамгийн том хүү нь миний доор 17 настай, 7 настай 2 хүү байгаа. Би маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1-р хх 32/,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Гэрч А.Э-гийн өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 14-ний өглөө нөхөр Цогтбаяр, хүү Золбоо, таньдаг хүн болох Долгор, Цэлмэг бид нар Хэнтий аймгийн Рашаант гэх газар очихоор явсан. Би машин дотор унтаад явж байтал 11 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжинболдог гэх газарт машин маань зогсохоор нь сэрсэн. Тэгсэн манай хэд машин унасан байна гээд бид нар бууж тусалсан. Би тухайн үед нөхөр Цогтбаярын эзэмшлийн 0000 дугаартай хар өнгийн Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Манай нөхөр Цогтбаяр өөрөө жолоодож явсан. Би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад унтаж явсан. Машин зогсох үед сэрэхэд машин онхолдсон байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 45/,
Гэрч Н.Д-ын өгсөн: “Би 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр их ачаалалтай ажилласан ба Хэнтий аймаг руу 2019 оны 8 дугаар сарын 14-ний өглөө Рашаант хад гэх газар луу Төрийн бус байгууллагынхан явах гэж байна гэхээр нь салхинд гарангаа хамт яваад ирье гэж бодоод явсан. Тэгээд би замдаа халуун гоймон, шөл уугаад унтаж явтал манай машины хүмүүс яанаа гээд машинаас бууцгааж байсан. Тэгээд би гутлаа тайлсан байсан, гутлаа өмсөөд гараад хартал аваар болсон байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 48/,
Гэрч Д-ийн өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 14-ны өдөр 11 цагийн үед 36 тээврийн хэрэгсэл цуваа татуулаад Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явж байсан. Гэтэл миний урд явж байсан цувааны машин зогссон. Тэгэхээр нь би ард талд нь зогссон. Гэтэл урд талын машины жолооч гүйж ирээд засмал зам дээрээс буугаад явсан Портер машиныг заагаад тэр портерыг дуудаад ир энд онхолдсон машины урдуур ороод онхолдуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь би портер машины араас нь очоод та тэр машины урдуур ороод унагаачихлаа харсан уу гэтэл харсан гэсэн. Тэгэхээр нь би бичиг баримтаа аваад ир гэсэн. Гэтэл бичиг баримт байхгүй машин дотроо хайгаад олоогүй. Тэгээд портер машины хамт осол болсон газар буцаад очсон. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний багцаагаар 1 километр гаран зайтай явсан байсан. Өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн болон онхолдоогүй. Би нар Хэнтий аймгийн Биндэр суманд байдаг Рашаан хад гэх газар луу явж байсан. Тэнд их эртний бичиг соёл байдаг гэж сонсоод судалгааны ажил хийх зорилготой явсан.” гэх мэдүүлэг /1-р хх 49-50/,
Б.А-ийн өгсөн мэдүүлэг /хх 36-37/,
шүүгдэгч Б.Б-ын гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 40 ,119-120, 2-р хх 59-60/,
шүүгдэгч С.Т-ын гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 41, 108-109/,
гэрч Э.Ц/хх 42/, Д.Цогтбаяр /хх 43/, Б.Өлзийбаяр /хх 44/, Ц.Золбоо /хх 51-52/, Б.Гомбожав /хх 53/ нарын өгсөн мэдүүлэг,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №130 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 55-56/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №11349 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 59/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №11348 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 61/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №629 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 63-64/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №632 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 66-67/,
Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч С.Батболдын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №122 дугаартай дүгнэлт /хх 69/,
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн №14/05 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт,
2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №09/334 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх 72-75/,
“Жандаг Хордон” ХХК-ийн 2019.9.05-ны өдрийн №50/19 дугаартай дүгнэлт /хх76/,
гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-18/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20-28/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 9/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 8/, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хх 17/, шүүгдэгч Б.Батбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 122/, шүүгдэгч Б.Батбаярын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 129-133/, шүүгдэгч С.Тэгшжаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 247/, шүүгдэгч С.Тэгшжаргалын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 124-128/, СD бичлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Т нь 2019.8.14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт 0000 УББ улсын дугаартай Lexus 470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг мөн дүрмийн 3-р бүлгийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/. хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож М.У-ын эрүүл мэндэд хөнгөн, Б.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Л.Б-ны амь насыг хохироосон,
Шүүгдэгч Б.Б нь 2019.8.14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт 0022 САА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалт мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас С.Т-ын жолоодож явсан 0000 УББ улсын дугаартай Lexus 470 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч М.У-ын эрүүл мэндэд хөнгөн, Б.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Л.Б-ны амь насыг хохироосон,
мөн шүүгдэгч Б.Б нь 0022 САА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:
Шүүгдэгч С.Т-ын өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймаг орохоор Улаанбаатар хотоос 09 цаг өнгөрөөгөөд гарсан. Манай найз Баярсайхан манай гадаа ирээд би ачаагаа ачаад хол явах юм чинь би бариад явъя гээд машиныг нь бариад явсан. Замдаа Налайхын шороон замаар яваад засмал замд нийлээд Цонжинболдог орох гээд явж байтал өөдөөс эсрэг урсгалаас Портер маркийн тээврийн хэрэгсэл дохио өгөлгүй зүүн гар тал руугаа дараад урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би баруун гар тал руугаа дараад тойрч гараад зам руугаа ороод л машин шууд өнхрөөд явчихсан. Тэгээд машин онхолдоод зогссон. Би гараад ард байсан хүмүүсийг гаргаад харахад хажууд байсан найзыгаа хайтал машинаас шидэгдээд газар уначихсан байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан. Би 80 орчим км цагийн хурдтай л явж байсан ба цуваанд ороод явж байсан юм. Би болон миний барьж явсан тээврийн хэрэгсэлд сууж явсан хүмүүс хамгаалах бүс зүүгээгүй байсан. Портер машины жолооч огт эргэх дохио өгөөгүй би зүгээр зөрөөд өнгөрөх нь гэж харж байтал гэнэт дараад тусгаарлах зурвас нэлээн даваад ороод ирсэн. Би тэр үед тэр жолоочийг зүүрмэглэсэн болов уу л гэж бодож байна. Би огт архи уугаагүй мөн их сайн унтаж амарсан байсан. Би яг тулсан учраас самбаачлах боломжоо ашиглаж урдах тээврийн хэрэгслийг мөргөхгүйн тулд тойрч гарах хөдөлгөөн хийсэн бөгөөд эргэж замдаа ороод юу болсныг нь мэдэхгүй өнхрөөд явчихсан. Тухайн үед тоормос гишгэх ямар ч боломж байхгүй байсан ба тойрч гарахаас өөр аргагүй болсон. Замын нөхцөл байдал хэвийн ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан.
Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний зүгээс болсон хэрэгт ямар ч маргаангүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн алдсан алдаанаас үлдсэн асуудлыг аль болох зөв тал руу нь шийдэж хохирол, мөнгөө төлөхөө илэрхийлж байна. Миний зүгээс андыгаа хажуудаа суулгаж яваад зам тээврийн осол гаргаж амь насыг нь хохироосондоо маш их харамсаж гэмшиж байгаа бөгөөд нас барсан андыгаа босгож ирж чадахгүй ч гэсэн үлдсэн ар гэр, эхнэр, хүүхдэд нь аль болох тус дэм болохоо хэлмээр байна. Мөн хохирлын тооцоо нарийн гарвал эхний ээлжинд мөнгөн хэлбэрээр учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.” гэх мэдүүлэг /1-р хх 41,108-109/,
Шүүгдэгч Б.Б-ын өгсөн: “Би 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Эрдэнэ сумын Засаг даргаас өгсөн албан даалгаврыг малчин иргэдэд тарааж өгөхөөр ганцаараа Портер маркийн 0022 САА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан ба Баяндаваа гэх газраас эхлэн 14 айлаар ороод Элстэй гэх газрын айл өрх рүү орох гээд засмал замаар яваад Цонжинболдог гэх газрын баруун талд байрлах шар дэлгүүрийн урдуур салах гээд уулзвар луу дөхөж явтал нэг жижиг тэрэг намайг гүйцэж түрүүлсэн ба урдаас эсрэг урсгалаас жип машин ирж харагдсан. Тэгээд би уулзвар дээр дөхөж ирээд тэр жип машиныг өнгөрөөгөөд гарна даа гээд бодож явсан ба уулзвар хүрээд дохио өгөөд зогсоход миний араас Приус 20 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлсэн тэр үед өөдөөс ирж байсан жип гэрлээ анивчуулаад асар хурдтай ирсэн ба нөгөө цагаан Приус 20 тээврийн хэрэгсэл ам мултас намайг гүйцэж түрүүлсэн. Тэгээд нөгөө жип миний хажуугаар маш их хурдтай түр тар хийгээд өнгөрсөн би айхтар тоогоогүй унасан барьсан талаар нь ч мэдээгүй араас нь машин зайтай явж байхаар нь зам чөлөөлөөд л тэр чигээрээ шороон замдаа ороод явсан. Тэгсэн намайг шороон замаар ороод 1 км орчим явж байтал араас саарал өнгийн машинтай хүмүүс ирээд бичиг баримт нэхсэн би бичиг баримт байхгүй төрийн ажил хийгээд явж байна гэхэд ард машин уначихлаа шүү дээ гэхээр нь би сумын цагдаа нартаа мэдээлэл өгье гэхэд хамт осол болсон гэх газар очиж байж байгаад цагдаа дуудъя гээд намайг авч явсан. Тухайн үед миний жолооны үнэмлэх, бичиг баримт байсан ба ямар хүмүүсийг нь мэдэхгүй болохоор гаргаж өгөөгүй. Би цагаан зураас даваагүй дохио өгөөд зогсож байсан. Нөгөө жип хуртай орж ирээд л хажуугаар тар няр хийгээд өнгөрсөн. Би огт архи уугаагүй байсан, сайн унтаж амарсан байсан юм. Замын нөхцөл байдал хэвийн ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Харин өөдөөс ирж явсан жип л их хурдтай явж байсан.
Тухайн зам тээврийн осол болсон гэх өдөр үргэлжилсэн шугам огт даваагүй бөгөөд тиймдээ ч 2 тээврийн хэрэгсэл хоорондоо шүргэлцсэн мөргөлдсөн асуудал гаргаагүй. Би онхолдсон гэх машиныг мэдэхгүй учир хэлж мэдэхгүй байна харин би өөрийн урсгалдаа дохио өгөөд зогсож байхад миний хажуугаар маш хурдтай Жип машинууд өнгөрч байсан ба цуваа тасраад өөдөөс ойрхон тээврийн хэрэгсэл байхгүй байсан учир шороон зам руу бууж явсан. Миний хувьд урсгал сөрсөн асуудал огт байгаагүй. Миний хувьд осол хэргийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” /1-р хх 40, 119-120/ гэх мэдүүлэг,
“Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Миний хувьд уг нэмэлт, өөрчлөлт оруулж буй ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би зам тээврийн осол болсон гэдгийг мэдээгүй, тухайн зам тээврийн осолд миний буруу байхгүй гэж үзэж байна.” гэх мэдүүлэг /2-р хх 59/,
Хохирогч М.У-ын өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өөрийн нөхөр Л.Б болон 7 настай хүү Т, мөн хамт ажилладаг А, Тнарын хамт манай нөхрийн эзэмшлийн 0000 УББ улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймаг руу явсан. Яг хаашаа явж байсан талаар сайн мэдэхгүй байна. Бид нар Улаанбаатар хотоос 09 цаг өнгөрч байсан санагдаж байна манай машиныг Тэгшжаргал хөгшин нь барих юм уу гэхэд манай нөхөр тэг тэг тэгвэл би хажууд чинь сайхан амраад явна гээд Т тээврийн хэрэгслийг бариад хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад баахан шороогоор яваад засмал дээр гараад Чингисийн хөшөө ойртож харагдаж байсан ба манай нөхөр урд суусан би яг ар талд нь сууж явахад өөдөөс эсрэг урсгалаас цэнхэр портер ирж явсан. Хоёр талаасаа ойртож ирээд явж байтал нөгөө портер гэнэт хамраа манай урсгал руу эргүүлсэн ба хүүе энэ чинь яаж байгаа юм бэ гэхэд бүгд хүүе гээд л гэнэт машин онхолдоод эргэлдээд явчихсан. Тэгээд зогсоод намайг машины дээд талын лүкээр нь Т гаргасан, би нөхрөө хайтал замын хажуу талд хамраас нь цус гарчихсан хэвтэж байсан. Тийм айхтар хурдтай яваагүй манай нөхөр яараад яахав гэдэг аян явж байгаа айхтар яараад байх зүйл байхгүй шүү зөөлөн яваарай гээд инээлдээд л зөөлөн явж байсан. Би бүс зүүгээгүй байсан. Нөгөө хэд зүүсэн эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна, хэрэв зүүсэн бол машинаас шидэгдэхгүй л байсан байх гэж бодож байна. Би хүүхэдтэйгээ явж байсан болохоор хүүхэдтэйгээ тоглоод сайн анзаараагүй.
Миний хувьд гомдолтой байна хэрэв эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл орж ирээгүй байсан бол өдийд ийм зүйл болохгүй байсан гэж бодож байна. Мөн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, бусад урсгал зардлууд гээд бүх хохирлоо нэхэмжлэх хүсэлтэй байна. Үүнээс гадна миний нөхөр ар гэрээ ерөнхийдөө ганцаараа авч явдаг байсан бөгөөд би гэртээ бага хүүхдээ хардаг байсан юм. Одоогоор манай гэр бүл маш хүнд байдалд байна. Байрны зээл, тээврийн хэрэгслийн зээл гээд маш олон зээл төлөлт, өр шир нэхэгдэн сүүлдээ байраа алдаж орох оронгүй болох дээрээ тулаад яахаа ч мэдэхээ байгаад байна. Иймээс уг хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж бидний хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлүүлж өгнө үү.” /1-р хх 34, 46/ гэх мэдүүлэг,
Хохирогч Б.А-ийн өгсөн: “Би 2019 оны 8 дугаар сарын 14-ний өглөө Б гэдэг хүний эзэмшлийн LX 470 гэдэг машинтай Б, Т, У, Т нарын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум орохоор Улаанбаатар хотоос гараад явж байсан уг машин Т жолоодоод явж байсан. Тэгээд бид нар Цонжинболдогийн замаар уруудаад явтал эсрэг урсгалаас цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд бид нарын машины урдуур ороод ирсэн. Тэгсэн манай дарга Б нь “хөөе наад машин чинь яаж байна” гэж хэлэхэд манай жолооч Т нь тойрч гарах гэж жолооны хүрдийг дарсан боловч машин маань замаас гарч онхолдсон байгаа. Ийм л зүйл болсон байгаа. У, Т, Б, Т бид нар явж байсан. Цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл байсан улсын дугаарыг нь харж амжаагүй. Уг Портер маркийн тээврийн хэрэгслийг ослын дараа манай цуваанд явж байсан нөгөө машин маань араас нь очиж хөөж зогсоосон байсан. Ослын улмаас миний нурууны яс хугарч эмчилгээ хийлгэсэн байгаа. Надад гомдол санал байхгүй байна. Эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилж гаргуулж авна.” гэх мэдүүлэг /1-р хх 36-37/,
Гэрч Э.Ц-ийн өгсөн: “Би 2019 оны 8 дугаар сарын 14-ний өглөө Ц гэх хүний 0000 гэсэн дугаартай хар өнгийн машиныг бариад Хэнтий аймгийн Биндэр сум явахаар явж байсан. Би машин дотор арын суудлын гол хэсэгт суугаад унтаад явж байтал 11 цаг өнгөрч байхад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Цонжинболдог" гэх газарт 1 машин замын хажуу талын хөвөө хэсэг рүү онхолдсон байсан. Тэгэхээр нь бид нар машинаа зогсоогоод би 103 руу залгаж Налайх дүүргийн эмнэлэгт дуудлага өгсөн. Би тухайн Ц-ын эзэмшлийн 0000 дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан сер дугаарыг нь санахгүй байна. Би уг тээврийн хэрэгслийн арын гол хэсгийн суудал дээр суугаад унтаж явсан. Би хараагүй унтаж явсан, манай машин маань зогсох үед сэрсэн. Тэгтэл хүмүүс орилох чимээ сонсогдсон. Жолооч Ц харсан байх бусдыг нь би мэдэхгүй байна. Би Налайх дүүргийн эмнэлэгт дуудлага өгөхөд 11:15 цаг болж байсан. Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 42/,
Гэрч Д.Ц-ын өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр манай Их үндэстэн нийгэмлэгийн гишүүд Хэнтий аймгийн Биндэр сум руу хадны бичээс зураг судлахаар 36 тооны машин Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд цуваа татаж би 6 дугаартай цуваанд оролцож явсан ба замдаа Цонжинболдог гэх газарт дөнгөж орохоор явж байтал миний урд явсан 5 дугаартай тээврийн хэрэгслийн эсрэг урсгалд явж байсан цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руугаа бага зэрэг дарсхийсэн маягтай харагдсан ба манай урд талын машин урдуур нь тойрч гарч байгаа харагдсан би ард нь яг хэр зайтай явсан талаараа сайн хэлж мэдэхгүй байна нэг мэдсэн аваар болсон. Нөгөө цэнхэр өнгийн портер яг миний урдуур зам хөндлөн гараад тэр чигээрээ шороон замаар давхиад явчихсан. Би өөрөө машинаа осол авааргүй зам чөлөөлж зогсох үйлдэл хийж байсан учраас яг яаж онхолдсоныг нь сайн харж амжаагүй. Тэгээд араас машинууд ирсэн. Портер давхиад явчихлаа араас олоод ир дууд гээд манай нөгөө машины хүмүүс ямар асуудал болсон гэдгийг нь ч мэдэхгүй араас нь очиж авчирсан. Араас нь явсан хүмүүс над дээр ирэхэд нөгөө портер давхиж яваа нь харагдаж байсан, би тэр цэнхэр портер шүү гэж хэлээд зааж өгөөд явуулсан байгаа. Тэгээд би осол болсон газар очтол талийгаач машинаас гарсан байдалтай газар хэвтэж байсан, машин дотор нэг эмэгтэй нуруу өвдөөд байна гээд байж байхаар нь нөгөө онхолдсон машины жолооч гаргасан байгаа. Би цуваандаа явж байсан, багцаагаар 70-80 км цагийн хурдтай явж байсан байх. Гадаа гэгээтэй, бүүдгэрдүү, үзэгдэх орчин чөлөөтэй, зам эвдрэл гэмтэл байхгүй хэвийн байсан. Миний тээврийн хэрэгсэлд нийт 5 хүн сууж явсан. Манай эхнэр Э, хүү З, Д, Ц гэх эмэгтэй нар сууж явсан.” гэх мэдүүлэг /1-р хх 43/,
Гэрч Б.Ө-ын өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос ажлын хүмүүстэйгээ Lexus 570 маркийн машинтай цуваагаар Биндэр сумын Рашаант Хад гэх газар луу явж байтал Цонжинболдогийн ойролцоо асфальтан замын хажууд саарал өнгийн суудлын машин хажуу талаараа унасан байдалтай харагдсан. Тэгээд явж байтал урд явж байсан машины хүмүүс тэр портерын араас яваад бичиг баримтыг нь шалгаад аваад ир гэж хэлсэн. Тэгээд портерыг зогсоогоод та бичиг баримтаа гаргаад ир гэж хэлэхэд ойр хавийн цүнхнүүдээ үзэж байгаад бичиг баримт, жолооны үнэмлэхгүй гэж хэлэхэд та яагаад хэргийн газраас зугтаад явчив гэхэд юм дугараагүй. Тэгээд машиныг нь унуулаад буцаад замын хажуу руу унасан байсан машин луу явсан.” гэх мэдүүлэг /1-р хх 44/,
Гэрч Ц.З-ийн өгсөн: “Би Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Биндэр сум орохоор түүхийн судалгааны ажлаар явж байсан. Манайх “Их үндэстэн” нэртэй төрийн бус байгууллага байгаа юм. Бид цуваа татаад Хэнтий аймаг орохоор Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог цогцолборын урд талын засмал замаар явж байтал миний сууж явсан машины урд талын машин буюу цувааны урд талаас 5 дахь машины урдуур эсрэг урсгалд явж байсан цэнхэр өнгийн Портер маркийн машин зүүн гар тийшээ эргэж миний сууж явсан машины эгнээ рүү орсон. Тэгтэл миний сууж явсан машины урд талын цувааны 5 дахь Ланд-100 маркийн машин тухайн эсрэг урсгалд орсон портер маркийн машиныг мөргөхгүйн тулд хажуу талаар нь буюу баруун гар талаараа тойроод гарчихсан. Тэгээд эргэж эгнээндээ ороод тогтохгүй цаашаа эсрэг урсгалын эгнээг даваад замын хойд талын хөвөөг даваад онхолдсон. Хэд бөмбөрснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан бөмбөрөөд л явчихсан. Тэгээд манай машин тэр доороо зогсоод бид нар машинаас буугаад онхолдсон машин дээр очиход нэг хүн нь машинаас шидэгдсэн байдалтай газар хэвтэж байсан, бусад нь машин дотор байсан. Нийт 1 хүүхэд, 4 том хүн сууж явсан. Тэгээд тухайн портер машин зам дээр эргэсэн газар очоод хартал үргэлжилсэн цагаан шугамтай газар байсан. Би талийгаачийг зүс танина төрийн бус байгууллагаараа дамжуулан мэднэ. Нэрийг нь мэдэхгүй байна. Тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг би мэдэхгүй байна. Цуваа хоорондоо нэлээд зайтай явж байсан. Осолд орсон 5 дахь машины урд талын машин нэлээн хол тасарсан байсан. Арын машин мөн л зайтай ойролцоогоор 200-300 орчим метрийн зайтай хол явж байсан. Ослыг манай машинд сууж явсан хүмүүс нь харсан. Цуваа дохио асааж явсан эсэхийг мэдэхгүй байна. Налайхын төвөөр дайрч өнгөрч байхдаа дохио асааж байсан. Цааш хөдөө суурингийн гаднах замд дохиогоо асааж явсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн портер машин эргэх үйлдэл хийхдээ дохио өгсөн эсэхийг хараагүй анзаараагүй осол болоход өдөр гэгээтэй байсан. Осол болсны дараа намайг харахад асфальтан зам дээр онхолддог машины дугуйн шарвалтын мөр байсан. Тэр мөр байсан газар нь үргэлжилсэн цагаан шугамтай байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 51-52/,
Гэрч Б.Г-ын өгсөн: "Би зуны амралтаараа ажил хийдэг бөгөөд энэ зун Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог гэх морьт хөшөөн дээр хамгаалалтын албанд хамгаалагч хийж байсан. 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ажлаа дуусгаад хүлээлгэж өгчхөөд өглөө 10 цагийн үед ажлаасаа гараад Улаанбаатар хотод 14 цагийн орчим ирсэн бөгөөд тэр өдөртөө гэртээ байсан. Би осол болохын өмнөхөн цайны газарт орж хоол захиалаад гадаа тамхи татаад зам руу хараад сууж байтал Улаанбаатар хот чиглэлээс 470 маркийн /өнгийг нь сайн санахгүй байна/ тээврийн хэрэгсэл хурдтай орж ирээд багцаагаар 60-70 км цагийн хурдтай явж байсан байх миний хажуугаар өнгөрсөн ба эсрэг урсгалаас нь цэнхэр өнгийн портер маркийн машин дохио өгөхгүй шороон зам руу салах гээд хурдаа бууруулаад нэг секунд зогсох шиг болоод л /зангаад, яах гэж байгаа нь мэдэгдэхгүй хальт зогсоод/ тэгээд нөгөө 470 маркийн тээврийн хэрэгсэл дөхөөд очиход нь яг урдуур нь өөдөөс нь яваад орчихсон. Тэгсэн нөгөө 470 маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдөхгүйн тулд урдуур нь тойрч гарах гээд тойрсон ба цаана нь гараад тэр чигээрээ эрчээрээ яваад онхолдчихсон. Тэгсэн нөгөө портер араар нь шууд шороон замаар буугаад яваад өгсөн. Яг тулаад зөрөхийн завдалгүй зангаад зогсох гэснээ болиод яг урдаас нь урсгал сөрөөд орчихсон ба 470 тойрч гараад онхолдчихсон. Би тэр үргэлжилсэн цагаан шугам байсан эсэх талаар сайн санахгүй байгаа бөгөөд ямар ч байсан яг зөрөхийн завдалгүй урдуур нь дараад орчихсон.” гэх мэдүүлэг /1-р хх 53/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №130 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Талийгаачийн цогцост гавлын суурь ясны баруун чамархайгаас баруун ухархайн дээд хана, баруун их далавчийн дээд ханыг дайрч турк эмээл хүрсэн шугаман хугарал, зүүн их далавчийн дотор хананаас их далавч дайрч хойшоо дагз руу үргэлжилж том нүх рүү чиглэсэн, баруун их далавчны доод хананаас том нүх рүү үргэлжилж олон салаалсан хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн зулай, баруун зүүн чамархайн хэсгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, олон хавирганы хугарал, гол судасны язрал, голтод цус хуралт, элэгний язрал, уушгины эдийн няцрал, няцрал, цус хуралт, өвчүүний зөөлөн эд, ходоодны салст, чацархайд цус хуралт, зулай, баруун чамархайн хуйх, булчинд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, дух, баруун хацар, баруун сарвуу, хэвлий, зүүн гуя, баруун шилбэ, зүүн шагай, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Талийгаачийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 5.6.Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. 7.Талийгаачид 2019.8.14-ний 19:45 цагт хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 6-8 орчим цаг болсон байна. 8.Талийгаачийн цус нь B/III/-р бүлгийн харьяалалтай байна.” гэжээ /1-р хх 55-56/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №11349 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.М.У-ын биед зүүн 11-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэжээ /1-р хх 59/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №632 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Б.А-ийн биед сээрний Th9, Th11 нугалмын их биеийн хугарал, хүзүүний С5/С6-р нугалам, бүсэлхийн L4/L5-р нугалмын мөгөөрсний урагдал, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэжээ /1-р хх 66-67/,
Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч С.Б-ын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №122 дугаартай дүгнэлт: “1.Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад 0000 УББ улсын дугаартай Тоёото Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалт мөн дүрмийн 3-р бүлгийн 3.4. заасан: Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/.Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх." гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2.Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад 0022 САА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалт мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.9-д заасан "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. 3.Дээрх тээврийн хэрэгслүүд нь осол болох үед ямар хурдтай явж байсныг тодорхойлох боломжгүй. 4.Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад 0022 САА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.3, 10-р бүлгийн 10.9 дэх заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн ослын шалтгаан нөхцөл болсон гэж үзэв. 5.Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна гэж үзэв. 0000 УББ улсын дугаартай Тоёото Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Л. Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6 дугаар булгийн 6.1-д заасан "Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ а/.хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх гэсэн дүрмийн заалтыг биелүүлээгүйгээс тээврийн хэрэгслээс шидэгдэж унасан нь асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал гэж үзэж дүгнэлтэд тусгав.” гэжээ /1-р хх 69/,
Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн 50 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт: "...зам тээврийн осол С.Т, Б.Б нарын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдлээс болсон байна." гэж үзэв гэжээ. /2-р хх 45/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-18/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20-28/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Иймд шүүгдэгч С.Т, Б.Б нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч С.Т маргаагүй бөгөөд түүнийг гэм буруугүйд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй. Хавтаст хэрэгт авагдсан Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч С.Батболдын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №122 дугаартай дүгнэлтэд шүүгдэгч С.Т-ыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалт мөн дүрмийн 3-р бүлгийн 3.4. заасан: Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/.Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх." гэсэн заалтуудыг зөрчсөн, 0000 УББ улсын дугаартай Тоёото Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Л. Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6 дугаар булгийн 6.1-д заасан "Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ а/.хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх гэсэн дүрмийн заалтыг биелүүлээгүйгээс тээврийн хэрэгслээс шидэгдэж унасан нь асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал гэж үзэж дүгнэлтэд тусгав.” гэсэн /1-р хх 69/, энэ дүгнэлтийг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн 50 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт баталснаас гадна "зам тээврийн осол С.Т, Б.Б нарын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдлээс болсон байна." гэж үзжээ /2-р хх 45/.
Дээрх шинжээч нарын дүгнэлт нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан,
хохирогч М.У-ын өгсөн: “өөдөөс эсрэг урсгалаас цэнхэр портер ирж явсан. Хоёр талаасаа ойртож ирээд явж байтал нөгөө портер гэнэт хамраа манай урсгал руу эргүүлсэн ба хүүе гээд л гэнэт машин онхолдоод эргэлдээд явчихсан. Би бүс зүүгээгүй байсан. Нөгөө хэд зүүсэн эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна." /1-р хх 34, 46/ гэх мэдүүлэг, хохирогч Б.А-ийн өгсөн: “эсрэг урсгалаас цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд бид нарын машины урдуур ороод ирсэн. Тэгсэн манай дарга Б нь “хөөе наад машин чинь яаж байна” гэж хэлэхэд манай жолооч Тэгшжаргал нь тойрч гарах гэж жолооны хүрдийг дарсан боловч машин маань замаас гарч онхолдсон байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх 36-37/,
Гэрч Д.Ц-ын өгсөн: “цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руугаа бага зэрэг дарсхийсэн маягтай харагдсан ба манай урд талын машин урдуур нь тойрч гарч байгаа харагдсан би ард нь яг хэр зайтай явсан талаараа сайн хэлж мэдэхгүй байна нэг мэдсэн аваар болсон.” гэх мэдүүлэг /1-р хх 43/,
Гэрч Ц.З-ийн өгсөн: “миний сууж явсан машины урд талын машин буюу цувааны урд талаас 5 дахь машины урдуур эсрэг урсгалд явж байсан цэнхэр өнгийн Портер маркийн машин зүүн гар тийшээ эргэж миний сууж явсан машины эгнээ рүү орсон. Тэгтэл миний сууж явсан машины урд талын цувааны 5 дахь Ланд-100 маркийн машин тухайн эсрэг урсгалд орсон портер маркийн машиныг мөргөхгүйн тулд хажуу талаар нь буюу баруун гар талаараа тойроод гарчихсан. Тэгээд эргэж эгнээндээ ороод тогтохгүй цаашаа эсрэг урсгалын эгнээг даваад замын хойд талын хөвөөг даваад онхолдсон.” гэх мэдүүлэг /1-р хх 51-52/,
Шүүгдэгч Б.Б-ын өгсөн: “тэр үед өөдөөс ирж байсан жип гэрлээ анивчуулаад асар хурдтай ирсэн ба нөгөө цагаан Приус 20 тээврийн хэрэгсэл ам мултас намайг гүйцэж түрүүлсэн. Тэгээд нөгөө жип миний хажуугаар маш их хурдтай түр тар хийгээд өнгөрсөн." гэх мэдүүлэг /1-р хх 40/,
Гэрч Б.Г-ын өгсөн: "Цайны газарт орж хоол захиалаад гадаа тамхи татаад зам руу хараад сууж байтал Улаанбаатар хот чиглэлээс 470 маркийн /өнгийг нь сайн санахгүй байна/ тээврийн хэрэгсэл хурдтай орж ирээд багцаагаар 60-70 км цагийн хурдтай явж байсан байх миний хажуугаар өнгөрсөн ба эсрэг урсгалаас нь цэнхэр өнгийн портер маркийн машин дохио өгөхгүй шороон зам руу салах гээд хурдаа бууруулаад нэг секунд зогсох шиг болоод л /зангаад, яах гэж байгаа нь мэдэгдэхгүй хальт зогсоод/ тэгээд нөгөө 470 маркийн тээврийн хэрэгсэл дөхөөд очиход нь яг урдуур нь өөдөөс нь яваад орчихсон. Тэгсэн нөгөө 470 маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдөхгүйн тулд урдуур нь тойрч гарах гээд тойрсон ба цаана нь гараад тэр чигээрээ эрчээрээ яваад онхолдчихсон.” гэх /1-р хх 53/ мэдүүлгүүдээр нотлогдсон.
Үүнээс дүгнэвэл шүүгдэгч С.Т нь хөдөлгөөнд аюул саад тулгармагц тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авах хэмжээний хурдыг тохируулж явсан бол, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигчдын суудлын бүсийг зүүлгэх МУ-ын ЗХДүрмийг биелүүлсэн бол хүний амь нас эрсдэх нөхцөл үүсэхгүй байх боломжтой байжээ. Иймд шүүгдэгч С.Т-ын буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн.
Шүүгдэгч Б.Б улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй “Тухайн зам тээврийн осол болсон гэх өдөр үргэлжилсэн шугам огт даваагүй тийм ч учраас хоёр тээврийн хэрэгсэл хоорондоо шүргэлцсэн мөргөлдсөн асуудал гаргаагүй. Урсгал сөрсөн асуудал огт байгаагүй. ...би зам тээврийн осол болсон гэдгийг мэдээгүй, тухайн зам тээврийн осолд миний буруу байхгүй.” гэж маргасан.
Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч С.Батболдын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан "0022 САА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалт мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.9-д заасан "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад 0022 САА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Батбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.3, 10-р бүлгийн 10.9 дэх заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн ослын шалтгаан нөхцөл болсон." гэх 122 дугаартай дүгнэлт /1-р хх 69/-ийг баталсан Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн "...зам тээврийн осол С.Т, Б.Б нарын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдлээс болсон байна." гэж үзэв гэх 50 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2-р хх 45/ зэргээр дээрх дүгнэлтүүдийг нотолсон,
Хохирогч М.У-ын өгсөн: “өөдөөс эсрэг урсгалаас цэнхэр портер ирж явсан. Хоёр талаасаа ойртоод явж байтал нөгөө портер гэнэт хамраа манай урсгал руу эргүүлсэн ба хүүе энэ чинь яаж байгаа юм бэ гэхэд бүгд хүүе гээд л гэнэт машин онхолдоод эргэлдээд явчихсан. ...хэрэв эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл орж ирээгүй байсан бол өдийд ийм зүйл болохгүй байсан гэж бодож байна.” /1-р хх 34, 46/ гэх мэдүүлэг,
Хохирогч Б.А-ийн өгсөн: “эсрэг урсгалаас цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд бид нарын машины урдуур ороод ирсэн. Тэгсэн манай дарга Б нь “хөөе наад машин чинь яаж байна” гэж хэлэхэд манай жолооч Т нь тойрч гарах гэж жолооны хүрдийг дарсан боловч машин маань замаас гарч онхолдсон байгаа. Уг Портер маркийн тээврийн хэрэгслийг ослын дараа манай цуваанд явж байсан нөгөө машин маань араас нь очиж хөөж зогсоосон байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 36-37/,
Гэрч Д.Ц-ын өгсөн: “замдаа Цонжинболдог гэх газарт дөнгөж орохоор явж байтал миний урд явсан 5 дугаартай тээврийн хэрэгслийн эсрэг урсгалд явж байсан цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руугаа бага зэрэг дарсхийсэн маягтай харагдсан ба манай урд талын машин урдуур нь тойрч гарч байгаа харагдсан би ард нь яг хэр зайтай явсан талаараа сайн хэлж мэдэхгүй байна нэг мэдсэн аваар болсон." гэх мэдүүлэг /1-р хх 43/,
Гэрч Б.Ө-н өгсөн: “Тэгээд явж байтал урд явж байсан машины хүмүүс тэр портерын араас яваад бичиг баримтыг нь шалгаад аваад ир гэж хэлсэн. Тэгээд портерыг зогсоогоод та бичиг баримтаа гаргаад ир гэж хэлэхэд ойр хавийн цүнхнүүдээ үзэж байгаад бичиг баримт, жолооны үнэмлэхгүй гэж хэлэхэд та яагаад хэргийн газраас зугтаад явчив гэхэд юм дуугараагүй.” гэх мэдүүлэг /1-р хх 44/,
Гэрч Д.Ц-ийн өгсөн: “портер машины араас нь очоод та тэр машины урдуур ороод унагаачихлаа харсан уу гэтэл харсан гэсэн. Тэгэхээр нь би бичиг баримтаа аваад ир гэсэн. Гэтэл бичиг баримт байхгүй машин дотроо хайгаад олоогүй. Тэгээд портер машины хамт осол болсон газар буцаад очсон.” гэх мэдүүлэг /1-р хх 49-50/,
Гэрч Ц.З-ийн өгсөн: “миний сууж явсан машины урд талын машин буюу цувааны урд талаас 5 дахь машины урдуур эсрэг урсгалд явж байсан цэнхэр өнгийн Портер маркийн машин зүүн гар тийшээ эргэж миний сууж явсан машины эгнээ рүү орсон. Тэгтэл миний сууж явсан машины урд талын цувааны 5 дахь Ланд-100 маркийн машин тухайн эсрэг урсгалд орсон портер маркийн машиныг мөргөхгүйн тулд хажуу талаар нь буюу баруун гар талаараа тойроод гарчихсан. Тэгээд эргэж эгнээндээ ороод тогтохгүй цаашаа эсрэг урсгалын эгнээг даваад замын хойд талын хөвөөг даваад онхолдсон. ...Тэгээд тухайн портер машин зам дээр эргэсэн газар очоод хартал үргэлжилсэн цагаан шугамтай газар байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 51-52/,
Гэрч Б.Г-ын өгсөн: "зам руу хараад сууж байтал Улаанбаатар хот чиглэлээс 470 маркийн /өнгийг нь сайн санахгүй байна/ тээврийн хэрэгсэл хурдтай орж ирээд багцаагаар 60-70 км цагийн хурдтай явж байсан байх миний хажуугаар өнгөрсөн ба эсрэг урсгалаас нь цэнхэр өнгийн портер маркийн машин дохио өгөхгүй шороон зам руу салах гээд хурдаа бууруулаад нэг секунд зогсох шиг болоод л /зангаад, яах гэж байгаа нь мэдэгдэхгүй хальт зогсоод/ тэгээд нөгөө 470 маркийн тээврийн хэрэгсэл дөхөөд очиход нь яг урдуур нь өөдөөс нь яваад орчихсон. Тэгсэн нөгөө 470 маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдөхгүйн тулд урдуур нь тойрч гарах гээд тойрсон ба цаана нь гараад тэр чигээрээ эрчээрээ яваад онхолдчихсон. Тэгсэн нөгөө портер араар нь шууд шороон замаар буугаад яваад өгсөн. Яг тулаад зөрөхийн завдалгүй зангаад зогсох гэснээ болиод яг урдаас нь урсгал сөрөөд орчихсон ба 470 тойрч гараад онхолдчихсон.” гэх мэдүүлэг /1-р хх 53/ зэргээр нотлогдсон.
Дээрхээс дүгнэвэл шүүгдэгч Б.Б-ыг энэ хэрэгт хамааралгүй замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчөөгүй байна гэж үзэх мөн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих, мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.9-д заасан Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалаас ирж явсан тээврийн хэрэгслийн жолооч С.Т Б.Б-ын тээврийн хэрэгслийг тойрч гарах хөдөлгөөн хийн буцаж замдаа орохдоо тэнцвэрээ алдаж тээврийн хэрэгсэл нь хөрвөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Б машинаас шидэгдэж гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барж, хохирогч М.У-ын эрүүл мэндэд зүүн 11-р хавирганы хугарал бүхий хөнгөн, хохирогч Б.А-ийн эрүүл мэндэд сээрний Th9, Th11 нугалмын их биеийн хугарал, хүзүүний С5/С6-р нугалам, бүсэлхийн L4/L5-р нугалмын мөгөөрсний урагдал бүхий хүнд хохирол учирсан.
Шүүгдэгч Б.Б-ын буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг, авто тээврийн гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч С.Т-ын жолоодож явсан 0000 УББ улсын дугаартай Тоёото Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэлд тээврийн хэрэгслийн эзэмшигч Л.Б, түүний эхнэр М.У, тэдний 7 настай хүү Б.Т, ажлын газрын хүн болох Б.А нар зорчиж явсан бөгөөд гэмт хэргийн улмаас Л.Б-ны амь нас хохирч, М.У-ын эрүүл мэндэд хөнгөн, Б.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, Б.Т-ийн эрүүл мэндэд хохирол учраагүй байна.
Хохирогч Б.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, амь хохирогч Л.Б-ны хууль ёсны төлөөлөгч Б.М, хохирогч М.У нар гэм хорын хохиролд Тоёото Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг 60 саяд үнэлж, оршуулгын зардал 23 932 425 төгрөг, машины эвдрэлд 20 191 300 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 565 000 төгрөг, Хас банкны зээл, хүүд 39 690 051 төгрөг, барьцаалан зээлдүүлэх газраас авсан зээл, хүү 7 653 334 төгрөг, эмчилгээний зардалд 828 777 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрт 7 000 000 төгрөг, 1 хүүхдийн тэжээгчээ алдсаны зөрүү 18 нас хүртэл 224 400 000 төгрөг, Б.М-ын Япон улсад суралцаж байсан төлбөр 42 000 000 төгрөг г.м нийт 404 261 887 төгрөг нэхэмжилж, хохирогч М.У болон Б.Т нарын цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээж өгөхийг хүссэн.
Шүүх амь хохирогчийн оршуулгын болон хоног хураахад зарцуулсан зан үйлийн зардал, хохирогч М.У-ын эмчилгээний зардлыг баримтаар шүүх хуралдаанд ирүүлсэн хэмжээгээр буюу 31 023 390 төгрөг, Тоёото Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийн 1-р хавтаст хэргийн 72-74-р хуудсанд авагдсан үнэлгээгээр буюу 20 191 300 төгрөг нийт 51 214 690 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Энэ хохирлыг шүүгдэгч С.Т, Б.Б нараас хувь тэнцүүлэн гаргаж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч С.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарт Kia.Sportage маркийн тээврийн хэрэгсэл 25 сая төгрөгт тооцож өгсөн мөн бэлнээр 5 500 000 төгрөг өгсөн гэх бөгөөд хохирогч М.У шүүх хуралдаанд "Тухайн үед 25 000 000 төгрөгийн машин өглөө гэсэн бичиг дээр гарын үсэг зуруулж авсан. С.Т зах зээлийн үнэ нь 25 000 000-30 000 000 төгрөгийн хооронд байгаа би дунджаар нь тавьчихлаа гэсэн боловч гэртээ ирээд судалгаа хийхэд зах зээлийн ханш нь дээд тал нь 20 000 000 төгрөгийн үнэтэй машин байсан. Ханшаа мэдэж байсан гэж бодож байна. Бид нар 20 000 000 төгрөгийн үнэлгээтэй машин байна гэж бодож байгаа хохирлоосоо 25 500 000 төгрөг хасуулна." гэсэн тул шүүгдэгч С.Т-ын төлбөл зохих 25 607 345 төгрөгөөс 25 500 000 төгрөгийг хасаж 107 345 төгрөг гаргуулж, хохирогч нарт олгох, шүүгдэгч Б.Б хохирол төлбөр төлөөгүй байх тул 25 607 345 төгрөг гаргуулж, хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч М.У, Б.М нарын нэхэмжилсэн банк болон барьцаалдан зээлдүүлэх газраас авсан зээл, зээлийн хүүг эрүүгийн хэргийн шүүх гэрээний үүрэгтэй холбоотой тул шийдвэрлэхгүй, хүүхдүүдийн сургалтын төлбөр, тэжээгчээ алдсаны зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг хангалттай ирүүлээгүй гэж үзсэн тул хэлэлцэхгүй орхив. Тухайлбал: тэжээгчээ алдсаны зөрүүг шүүх шийдвэрлэхдээ нийгмийн даатгалын дэвтэр, татвар төлсөн байдал, тогтмол авдаг цалингийн хэмжээ зэргийг үндэслэн зөрүүг тооцдог бөгөөд хохирогчийн шүүх хуралдаанд талийгаач дунджаар 2 сая төгрөгийн цалин авдаг байсан гэх мэдүүлгээр тооцоолол хийх боломжгүй болохыг дурдав.
Хохирогч М.У нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд Б.Т-ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хохирол учраагүй тул цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирол гаргуулсантай холбогдуулан ажлын 4 хоногийн завсарлага авсан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч С.Т 107 345 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул түүнийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж,
шүүгдэгч Б.Б 25 607 345 төгрөгийн хохирлын нөхөн төлөөгүй, төлөхөө илэрхийлж холбогдох баримтыг ирүүлсэн болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч С.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар,
шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 хорих ялаар, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 3 сарын хорих ялтай дүйцүүлж нийт эдлэх ялыг 3 жил 3 сар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг,
Шүүгдэгч С.Т-ын өмгөөлөгч Батсүх: Миний үйлчлүүлэгч талийгаач болон хохирогч нартай нэг байгууллагад хамт ажилладаг, найз нөхдийн холбоотой. Урьд нь байгууллагын шугамаар удаа дараа арга хэмжээнд явж, олон удаа ийш тийшээ явдаг байсан. Миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн гэж үзэх нэг талаараа боломжтой, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, авто аваарын гэмт хэрэг нь санаатай гэмт хэргийн ангилалд ордоггүй, хүнийг алъя гэсэн санаа зорилго байхгүй энэ үндэслэлүүдийг харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулах гэсэн саналыг улсын яллагч гаргаж байна. Энэ саналыг дэмжиж байгаа. Иймд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгөөч. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, хохирогчийн ар гэрээс тодорхой хэмжээний уучлалт гуйсан, амь хохирогч Л.Б-ны эцэг, эхтэй очиж уулзсан байдаг. Энэ бүхнийг харгалзан үзэж дээрх саналаа дэмжиж байна гэх,
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч А.Мөнхтулга, Р.Мөнхбаясгалан нар: Б.Б жирийн нэг сумандаа ажилладаг байгаль хамгаалагч залуу байгаа. Эхнэр нь ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай, 0-4 насны хоёр хүүхэдтэй. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг мөн энэ гэмт хэрэг нь санамсар болгоомжгүйн улмаас үйлдэгддэг. Тухайн үед шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч С.Т нь Баянгол дүүрэгт эхнэр, 3 хүүхдийн хамт ам бүл 5-уул амьдардаг, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаарх хавтаст хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 247/, оршин суух газрын тодорхойлолт /хх 126/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 127/ зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р багт эхнэр, 2-5 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, тус сумын Өгөөмөр 1-р багийн байгаль хамгаалагчаар 2017.02.08-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа талаарх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 247/, шүүх хуралдаанд ирүүлсэн Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2017 оноос хойш байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа талаарх 2021.02.05-ны өдрийн 05/147 албан тоот, хүүхдүүдийн 4176000016, 4176000031 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд авагдсан.
Шүүгдэгч С.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн,
түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 "Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно."-т зааснаар мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч С.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгчийн тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрийн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай болон болгоомжгүйн холимог хэлбэрийн гэмт хэрэг тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх үндэслэл байхгүй болно. Иймд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа, шүүгдэгч С.Т-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд авсан албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг дурдав.
Эрүүгийн 1934006830481 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,
битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Тэгшжаргал бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдаж,
хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч С.Т-ын №168427 дугаартай В, C, D ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.Б-ын №818453 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх 1-р хавтаст хэргийн 228-234-р хуудсанд авагдсан эрүүгийн 1834007390045 дугаартай хэргийн талаарх гомдол түүнд холбогдох материалыг энэ хэрэгт хамааралгүй гэж үзэн,
шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд эхнэр Э.Э-ын цалингийн тодорхойлолтыг ирүүлсэн нь ойлгомжгүй /энэ нь шүүгдэгчийн цалин орлогыг нотлохгүй бөгөөд эрүүгийн эрх зүйд "Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй." гэсэн шударга ёсны зарчимтай/, 01306010 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн шимтгэл төлсөн хуулбар нь хэний болох нь тодорхойгүй гэж үзэн,
Мөн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн №14/05 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч нарыг Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаагүй байх тул, Цонжинболдог гэх газар үйл ажиллагаа явуулдаг "Нархан" хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хэрэгт хамааралтай нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн тус тус үнэлээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Сутай С.Т-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Боржигон Б.Б-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
автотээврийн гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч С.Т-ын тэнссэн 3 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг ялыг албадлагын арга хэмжээ авагдсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ын үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан 2 жил 9 сарын хорих ялыг эдэлж дууссаны дараа, шүүгдэгч С.Т-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд авсан албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг мэдэгдсүгэй.
10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 25 607 345 /хорин таван сая зургаан зуун долоон мянга гурван зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11-р хороо Монгол таун хотхон 19-202 тоотод оршин суух хохирогч Алтай М.У /РД:ЭГ74042600/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дагванэрлэг Б.М /РД:УК96052723/ нарт тус тус олгосугай.
11.Хохирогч М.У, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нарын нэхэмжлэлийн шаардлагаас 353 047 197 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч М.У-ын цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
12.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч С.Т-ын №168427 дугаартай В, C, D ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.Б-ын №818453 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.
13.Эрүүгийн 1934006830481 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Т бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
14.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
15.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ