| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0035/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/39 |
| Огноо | 2021-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/39
2021 02 08 2021/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,
Шүүгдэгч А.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Дуулгат А. Л-нд холбогдох эрүүгийн 2134000000026 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Дуулгат А.Л, 1969 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, охины хамт Улаанбаатар хот Налайх дүүргийн 3 дугаар хороо, Усан сан 4 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УЖ69102434 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.Л-ийн өгсөн: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэх,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч А.Д-ийн өгсөн мэдүүлэг /хх 9-10/, шүүгдэгч А.Л-ийн өгсөн мэдүүлэг /хх 15-17, 29-30/, гэрч Ц.П /хх 11-12/, С.Г нарын өгсөн мэдүүлэг /хх 13-14/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №23 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 19/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 31/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 34-36/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 38/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 45/, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх 39/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Д-ийн толгойн тус газар төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зулайн шарх гэмтэл учруулсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т заасан хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч А.Л-ийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Л нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар булаг” гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Д-ийн толгойн тус газар нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зулайд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь;
Шүүгдэгч А.Л-ийн өгсөн: “Би 2021 оны 01-р сарын 02-ны өдөр гэртээ байж байгаад өдөр 12 цагийн үед П гэх хүнтэй нийлж урд байдаг Х гэх айлаас 2 литр монгол /нэрмэл/ архи авч манайд очоод хамт уусан. Архи ууж дуусаад хэсэг байж байгаад 14 цаг өнгөрч байхад дахин архи пиво авч уухаар дэлгүүр явсан. Тэрэлжийн төвд байдаг ‘Хүрэлцэцэг’ гэх хүнсний дэлгүүрээс 2 литрийн Боргио пиво хоёрыг аваад манай гэрт ирээд ууж байгаад хажуу айлын хүмүүс болох А түүний эхнэр Д нарыг дуудаж хамт хувааж уусан. Тэгээд хэсэг байж байгаад орой 19 цагийн үед дахин гэрээс гарч О гэх айлаас П 0,75 граммтай Стандарт нэртэй нэг шил архи 30 000 төгрөгөөр худалдаж авсан гээд аваад ирсэн. Тэгээд бид хоёр хажуу айл болох А ахынд архи авч ороод бид 4 хамт хувааж уугаад архи дуусаад П-ийн хамт гэртээ ороод унтаж байхад миний төрсөн эгч Г бид хоёрыг сэрээгээд нэг том Боргио пиво байна А, Д нарын хамт хэдүүлээ хувааж ууна гээд бид гурав хамт А ахынд орсон. Тэр үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Нэлээд орой болсон байсан. Тэр пивоноос би нэг аягыг уугаад нэлээд согтоод гэртээ ороод унтсан. А ахынд тэд нар буюу А, Г, П, Д нар үлдсэн. Тэгээд унтаж байхад хүмүүс хашхирах чимээ гараад би сэрээд гэрээс гараад хажууд айл болох А ахынд орохдоо Д гэх хүнийг цохисон гэсэн. Би нэлээд согтоод унтаж байсан ба гэрээс гарахдаа гэрт байсан 50 орчим сантиметртэй хөнгөн цагаан төмрөөр Д гэх хүнийг нэг удаа цохиж аваад буцаад гэртээ ороод унтаж байхад удаагүй цагдаа авч явсан. Архи уугаад нэлээд согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн мэдэхгүй байна. Бид айл болоод 4 жил болж тэр хугацаанд хэрүүл маргаан болж байгаагүй. Бидний хооронд өр авлага байхгүй. П гэх хүн намайг таньдаг манайд байгаа юм бид хоёр саяхан хамт самар түүж ирээд хөл хорионд ороод манайд байгаа юм.” гэх мэдүүлэг /хх 15-17/,
“...Би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ П-тэй архи ууж байгаад нэлээн согтоод гэртээ унтаж байтал гадаа хүн орилоод байх шиг чимээ гараад байхаар нь гэрт байсан майхны цагаан төмөр авч гараад хажуу айл болох А ахын гэрт орох гээд гэрийн үүдэнд нь иртэл гэрээс хүн гараад ирэхээр нь барьж явсан төмрөөрөө нэг удаа цохисон. Миний цохисон хүн А.Д байсан гэдгийг нэлээн сүүлд эрүүл болсон хойно мэдсэн. Миний хажууд хүн байгаагүй. Манай хажуу талын хөрш айл байгаа юм. Бид нар хөрш айл болоод 6 жил болж байна. Би нэлээн согтуу байсан харин А.Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би П-тэй андуураад цохисон. Гэрт байсан миний пивийг аваад явчихсан болохоор цохих гээд гэрээс төмөр аваад гарсан.” гэх мэдүүлэг /хх 29-30/,
Хохирогч А.Д-ийн өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багт гэртээ байж байхад шөнө 22 цаг өнгөрч байхад гэрийн үүдэнд эрэгтэй хүн орилох чимээ гарахаар нь хаалгаа онгойлгоод гарах гэтэл өөдөөс нарийн төмөр орж ирээд толгой руу 1 удаа цохихоор нь хартал тухайн газар оршин суудаг Л гэх залуу байсан. Тэгээд миний толгой хэсгээс цус гараад Г гэх хүн манайд байж байсан ба дүү миний толгой хэсэгт даавуу тавиад би өөрийн хүүхдэд хэлэхэд манай охин цагдаад хэлсэн байсан. Тэгээд сумын эмч цагдаа нар ирсэн. Толгойн хэсэгт 1 удаа цохиулаад хагарсан. Оёдол тавиулах шаардлагатай гэсэн.” гэх мэдүүлэг /хх 9-10/,
Гэрч Ц.П-ийн өгсөн: “2021.01.02-ны өдөр 12 цагийн Л гэх хүнтэй нийлж урьд байдаг Х гэх айлаас 2 литр монгол архи авч Л ахынд очоод хамт уусан. Тэгээд уг архи дуусаад хэсэг байж байгаад 14 цаг өнгөрч байхад дахин архи пиво авч уухаар дэлгүүр явсан. Тэрэлжийн төв дээр байдаг “Хүрэлцэцэг” гэх хүнсний дэлгүүрээс 2 литрийн Боргио пиво хоёрыг аваад Л ахынд очиж бид хоёр хувааж уусан. Тэгээд би нэлээд согтоод унтаад өгсөн. Шөнө цагдаа ирээд сэрээж зодсон талаар мэдсэн. Л ах бид хоёр хамт самарт яваад ирсэн. Би Д гэх хүнийг сайн танихгүй. Гэхдээ Л ахын хажуу айлын хүн гэж мэднэ.” гэх мэдүүлэг /хх 11-12/,
Гэрч С.Г-ийн өгсөн: “Би Л-ийг танина. Бид төрсөн эгч дүүс хүмүүс. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй. Намайг А-нд ирэхэд Д дөнгөж сая Л миний толгойг хагалсан гэж хэлсэн. Толгой нь хагарсан цус гарч байсан. Түүнээс миний хажууд тэр хоёр зодолдсон талаар сайн мэдэхгүй байна. Тэр өглөө Л эрт ирээд цай уугаад явсан. Тэрнээс хойш дахин таараагүй. Архи уусан талаар сайн мэдэхгүй. П гэх хүн намайг таньдаг, манайд байгаа. Бид хоёр саяхан хамт самар түүж ирээд хөл хорионд ороод манайд байгаа.” гэх мэдүүлэг /хх 13-14/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №23 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.А.Д-ийн биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэжээ /хх 19/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 31/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 34-36/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 38/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 45/, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх бичиг /хх 39/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч А.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хохирогч А.Д-ийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /39-40/ хавтаст хэрэгт авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж А.Л-нд оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч А.Л нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 550 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч А.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2134000000026 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цагаан өнгийн метал зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дуулгат овгийн А. Л-нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-нг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-нд оногдуулсан 550 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2134000000026 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цагаан өнгийн метал зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Л нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Л-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ