Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 137

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 1-11 тоотод оршин суух Их мянган овгийн Ичинхоролын Цагаачийн /РД: ДЮ60052504/ хүсэлттэй 
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч И.Цагаач нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1960 оны 05 сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн. 1976 оны 08 сарын 21-ний өдрөөс Эрдэнэ сумын Хүүхдийн цэцэрлэгт угаагчаар ажилд орж 1981 оны 05 сарын 16-ны өдөр хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрийн он засвартай бичигдсэн учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1976 оны 08 сарын 21-ний өдрөөс 1981 оны 05 сарын 16-ны өдрийг дуустал Эрдэнэ сумын Хүүхдийн цэцэрлэгт угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
И.Цагаачийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч И.Цагаач нь 1976 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын хүүхдийн цэцэрлэгт угаагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ. 
И.Цагаач нь 1976 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын хүүхдийн цэцэрлэгт угаагчаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 107 дугаартай лавлагаа, Эрдэнэ сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1981 оны 05 сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 14 дүгээр тушаал, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3/110 дугаартай Архивын лавлагаа, 1977 оны 10, 11, 12 саруудын цалингийн цэснүүд, 1978 оны 01- 12 саруудын цалингийн цэсүүд, 1979 оны 01-07 саруудын цалингийн цэснүүд, 1980 оны 09-12 саруудын цалингийн цэсүүд, 1981 оны 01 сарын цалингийн цэс, Ичинхоролын Цагаачийн хөдөлмөрийн дэвтэрт 1976 оны 08 сарын 21-ний өдөр Эрдэнэ сумын Хүүхдийн цэцэрлэгт угаагчаар ажиллуулсан тушаал нь бичигдэж, тамга дарагдсан зэргээр тогтоогдож байна. Баримтаар гаргасан хөдөлмөрийн дэвтэр нь ямар нэг зөрчилтэй зэргээр нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэлгүй байна.
Иймд И.Цагаачийг 1976 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын хүүхдийн цэцэрлэгт угаагчаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Их мянган овгийн Ичинхоролын Цагаачийг 1976 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын хүүхдийн цэцэрлэгт угаагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч И.Цагаачийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.ОЮУНБИЛЭГ