Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/44

 

 

 

 

 

 

 

 

 

   2021           02              10                                                 2021/ШЦТ/44        

         

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шинжээч эмч С.Төгсбуян \онлайнаар\,

Шүүгдэгч, хохирогч З.Ө, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Зуутраг З.Ө, Тавд Б.Б нарт холбогдох эрүүгийн 2034000000447 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Зуутраг З.Ө, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, дээд боловсролтой, сангийн инженер мэргэжилтэй, Их Монгол хийц ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булгийн 19-1202-А тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УЗ90120175 регистрийн дугаартай.

 

2.Монгол Улсын иргэн, Тавд Буянжаргалын Батцагаан, 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 5-р хороо, Ээрмэлийн 12-р байрны 45 тоотод түр оршин суух, Булган аймгийн Баян агт сумын 3-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЖ92113023 регистрийн дугаартай.  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б, З.Ө нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч З.Ө-ын өгсөн: 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажлаараа зугаалгаар явсан. Орой 00 цагийн үед би нэг өрөөнд ортол манай ажлынхан архи ууцгааж байсан, Б мах идээд сууж байсан. Манай ажлынхан Болор нэртэй архи ууж дуустал манай найз цүнхнээсээ Улаанбаатар нэртэй архи гаргаж ирээд бүгд тойроод ууцгаагаад Б-нд нөгөө архи иртэл Б нь би наад найркааг чинь та нар шиг гуйлгачидтай уудаг хүн биш гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ гээд гараа саваад Б-ыг цохисон. Тэр үед Б босож ирээд намайг учир зүггүй нүдсэн. Манай ажлынхан Б-ыг гаргаад өөрийнх нь өрөөнд оруулсан. Буцаад Б гүйж орж ирээд шар өнгийн утас барьчихсан тэр утсаараа миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд манай ажлынхан намайг аваад гарсан. Удалгүй Л гэх залуу ирээд эхлээд чи Б-ыг алгадсан юм байна, уучлалт гуй гэхээр нь Б-ны өрөөнд очоод уучлаарай би санаандгүй цохисон байна гэж хэлтэл Б үгийн зөрөөгүй дахиад нүүр нүдгүй цохиод намайг багалзуурдаад дээрээс дэвслээд байсан. Б-ны өрөөнөөс манай ажлынхан намайг чирч гаргасан. Б над руу хэд хэдэн удаа дайрч зодсон. Бид нарыг өрөөнд ороод сууж байхад Б нүдний шилнийхээ рамыг авна гэж орж ирээд дахиад л намайг зодсон. Би тэр шөнөжингөө Б-нд зодуулсан гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Б-ны өгсөн: 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр миний бие ажил хайж байгаад зарын дагуу Их Монгол хийц ХХК-нд гагнуурчин ажилд авна гэхээр нь очиж уулзаад ажилд орсон. Намайг ажилд ороод 4 хонож байхад байгууллагаараа зугаалгад явна гэж ярьж байсан. Тэгээд амралтын газарт очоод орой 23-00 цагийн үед түлхүүрээ авах гээд өрөө рүүгээ орох гэтэл миний өрөөний эсрэг талын өрөөнд хуучин ажилчид нь шинэ ажилчидтай танилцаад архи уугаад сууцгааж байсан. Намайг ороход нийт 15 хүн болон манай дарга хамт сууцгааж байсан. Намайг архиар шахахаар нь би уухгүй гэж хэлээд ширээн дээр байсан махнаас идээд сууж байтал Ө орж ирсэн. Ө-ын  найз нь над руу агсраад намайг доромжлоод байхаар нь би олон хүмүүсийн дунд биеэ зөв авч явах ёстой гэж бодоод ерөөсөө дуугараагүй цаашаа хараад махаа идээд сууж байсан. Тэгтэл Ө-ын найз нь над руу дайраад доромжлоод байхаар нь би дуугай бай гэж хэлтэл Ө миний ар талаас гараараа цохисон. Тэгтэл миний нүдэнд оч бадраад нүдний шил хага үсрээд бутраад унасан. Дараа нь Ө миний нүүр рүү 7-8 удаа цохисон. Энэ үед ажилчид намайг салгаад Л гэх залуу намайг аваад миний өрөө рүү оруулсан. Би өрөөндөө ороод толинд хартал миний нүүр хавдсан, 7-8 удаа нүүр рүүгээ цохиулсан болохоор нүүр маш их гэмтсэн байсан, бас нүдний шилний рам нь хугарсан хэсгээрээ миний нүдний зовхийг зүсээд нүдний өөх нь харагдаж байсан. Тэгээд би цусаа цэвэрлээд нүдний шилээ олж авах ёстой гэж бодоод буцаад нөгөө өрөө рүү ортол Ө сууж байхаар нь Ө-д хандаж миний нүдийг гэмтээчихлээ гэж хэлтэл Ө тэгээд яадаг юм, хэнд хамаатай юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би уур хүрээд Ө-ын зүүн талын шанаа хэсэгт 1 удаа цохисон. Ө-ын найз нь намайг 2 удаа цохитол тэнд байсан хүмүүс биднийг салгаад буцаагаад өрөө рүү оруулсан. Гэтэл Ө 10 орчим минутын дараа ална, писда гээд хаалга онгойлгоод ороод ирсэн. Би тухайн үед олон удаа зодуулсан учраас шоконд орсон, дахиад миний нүдийг гэмтээчих вий гэсэн айдастай байсан. Өнөболд намайг цохих гэхээр нь би түүний баруун талын шанаа хэсэгт 3 удаа цохиод үүдээр түлхээд гаргасан. Би Ө-ыг үргэлжлүүлж зодоогүй, хүмүүс бид 2-ыг салгасан. Нэг ах над дээр ирээд чи юу хүсээд байгаа юм бэ гэхээр нь би гэмтэл орж нүдэндээ оёдол тавиулмаар байна гэж хэлээд захиралтай уулзаад гэмтэл орох хэрэгтэй талаараа хэлтэл У ахлахтай хамт намайг гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Тэгээд маргааш нь цагдаад хандаж Налайх дүүрэгт очиж гэмтлийн зэргээ тогтоолгосон. Ө нь намайг зодсон талаараа яриагүй, мөн гэрчүүд тэр талаар ерөөсөө яриагүй, 15 гэрч байхад 3 гэрчээс мэдүүлэг авсан байсан. Ө нь надаас уучлалт гуйхаар орж ирсэн гэж хэлсэн боловч тэр нь худлаа, хаалгаар гүйгээд орж ирж намайг ална гэж дайрсан. Хүн надаас уучлалт гуйх гэж орж ирсэн бол би хүлээцтэй хандах байсан. Налайх дүүргийн шинжээч эмчээр гэмтлийн зэрэг тогтоолгож  П гэх прокурор надад танилцуулж, Ө бид хоёрын гэмтлийн зэрэг хөнгөн гарсан байна, манай харьяаллаар нь Төв аймаг руу хэргийг шилжүүлнэ гэж хэлсэн. Ө-ын томографын зурагт эрүүл гарсан байхад шинжээчийн дүгнэлтэд тархины доргилт гэмтэл гэж гарсан байсан. Мөн Ө-ын Т шинжээчид өгсөн мэдүүлэгт Ө-ыг би цохиж ухаан алдаж унагаасан, түүний хоолойг боосон гэх тайлбар өгсөн байсан. Үүнд би гомдолтой байна, үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой байтал тухайн компани нь мөрдөгч, прокурортой хуйвалдаан зохион байгуулсан юм шиг миний эсрэг ажиллагаа явуулж байгаад би гомдолтой байна. Зохих хууль ёсны байгууллагад нь мэдэгдэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж бодож байна. Надад гэм буруу байхгүй гэх мэдүүлэг,  

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Шүүгдэгч Б.Б-ны гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 9-11, 55-56/,

Шүүгдэгч З.Ө-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 12-14, 50-51/,

Хохирогч З.Ө /хх 37-38/, Б.Б /хх 41-42/ нарын өгсөн мэдүүлэг,

Гэрч Ж.Э /хх 15-17/, Н.Г /хх 18-20, 45/, Т.Л /хх 43-44, 73/, Б.У /хх 46/, М.Л /хх 71-72/, Я.О /хх 74/ нарын өгсөн мэдүүлэг,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №435 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 25-26/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №438 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 27-28/,

            гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг шалгах хугацаа сунгах тухай /хх 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/, З.Ө-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64/, З.Ө-ын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 59- 63/, Б.Б-ны урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 65/, З.Ө-ын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 59- 63/, нүдний шилний рам, шилэлгээг 134 000 төгрөгөөр хийсэн талаархи баримт /хх 77/  зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болно.   

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Тэрэлжид байрлах Чанар нэртэй амралтын газар хохирогч З.Ө-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, цээж, баруун ташаанд зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий  хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч З.Ө нь согтуугаар 2020 оны 6 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Тэрэлжид байрлах Чанар нэртэй амралтын газар хохирогч Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд зовхинд шарх, нүүр, зүүн мөрөнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч З.Ө-ын өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Их монгол хийцийн ажилчидтай Улаанбаатар хотоос Тэрэлжид амрах гээд явсан. Очоод бид хэд Болор нэртэй архи уугаад байж байтал ажлын хүн Отгонхүү цүнхнээсээ Улаанбаатар гэх архи гаргаж ирсэн. Тэр архийг тойруулж уугаад Б-нд О хийгээд өгтөл би наад найркааг чинь та нар шиг гуйлгачидтай уудаг хүн биш гэж хэлсэн. Тэгээд би уурандаа гараа хойшоо савтал Б-ны нүднийх нь тэр хавьд цохичихсон. Тэгээд Б босож ирээд намайг хоолойноос боогоод миний толгой руу цохиж эхэлсэн. Тэгээд манай ажлынхан салгаж Б-ыг ажлынхан өрөө рүү оруултал төд удалгүй өрөөнөөс нүдний шил эвдэрчихлээ нүдний шилний гуяа авъя гэж орилж орж ирээд миний толгой руу гараа атгаж байгаад цохисон. Тэгээд манай ажлынхан бид хоёрыг салгаад захирал Г орж ирээд охидууд шиг яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд Л гээд ажлынхаа хүнтэй өрөөнөөс гараад гадаа тамхилаад байж байтал Л надад чи эхлээд цохичихсон юм чинь ороод Б-аас уучлалт гуйчих гэж хэлсэн. Тэгээд би Л-тай хамт Б-ны байгаа өрөө лүү ороод уучлаарай гээд гар барих гээд очтол өө тийм үү гэж хэлээд миний нүүр лүү цохиж өшиглөж унагаасан. Би тэр үед ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй тэгээд манай ажлынхан намайг өрөөнөөс аваад гаргасан. Тэгээд би өрөөнөөс гараад буцаад ороод иртэл Батцагаан байхгүй байсан. Өрөөнд байсан хүмүүсээс Б яасан юм гээд асуутал У, Г хоёртой Гэмтлийн эмнэлэг явсан гэж хэлсэн. Г руу ярих гэтэл миний баруун чих дүнгэнээд чихээ үзтэл чихнээс цус гараад хатчихсан байсан. Тэгээд Г-д чи яагаад намайг авч яваагүй юм, миний чих дүнгэнээд цус гараад хатчихсан байна гэж хэлтэл Г чи ойрхон байхгүй байсан гэж хэлсэн. Би хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байгаа. Хэрэг болсны дараа Б луу залгах гэтэл дугаарыг нь мэдэхгүй байсан. Б ч гэсэн миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэн хэн нь гэм буруутай гээд Батцагаантай эвлэрэх гэхээр янз бүрийн мөнгө нэхээд байдаг би үүнийг ойлгохгүй байна." гэх мэдүүлэг,

 

З.Ө-ын хохирогчоор өгсөн: "Зодуулснаас хойш хамар үе үе битүүрнэ, бас сонсгол муудаж байгаа. Эмнэлэгт үзүүлсэн мөнгө, ажилдаа явж чадаагүй 7 хоногийн цалин, ирж очих унааны зардлаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх 50-51/,

 

Шүүгдэгч Б.Б-ны өгсөн: “Би  2020 оны 6 дугаар сарын дундуур зарын дагуу Их Монгол хийц гэх газар гагнуурчнаар ажилд орсон. Тэгээд ажилдаа ороод 4 хонож байтал 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ажлынхаа хүмүүстэй Тэрэлж амралтын газар явсан. Амралтын газар очоод манай ажлынхан тус тусдаа өрөөнд орсон бөгөөд нөгөө өрөөнд өрөөний түлхүүр авах гээд ортол манай ажлын хэсэг хүмүүс буюу миний таньдгаас Өгөөмөр байсан тэгээд тэнд байсан 25 дугаар эмийн санд гагнуурчин хийдэг гэх нэг залуу хүмүүсийг архиар дайлж байсан. Тэгээд надад өгөхөд нь би уруулдаа хүргээд буцаагаад өгсөн. Тэгээд ярьж хөөрөөд мах идээд сууж байтал өмнө архи хундагалж өгсөн залуу надад дахиж архи хундагалж өгсөн. Тэгэхэд нь зүгээр зүгээр баярлалаа би уудаггүй намайг алгасчих гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу чи шинээр орсон юм байж ямар дөвчигнүүр юм бэ гээд намайг үгээр өдөөд байсан. Тэгээд сууж байтал Ө гаднаас орж ирсэн. Тэгээд надад архи өгсөн. Би архи уухгүй гэж хэлэхэд шахаад байхаар нь би архи уухгүй гээд ойр зуурын зүйл яриад маргалдсан. Ө намайг чимээгүй гээд миний хөл рүү зөөлөн тогшсон. Тэгэхэд нь би чимээгүй болсон. Тэгтэл архи хундагалж өгсөн залуу чи муу юу юм бэ гээд гагнуурын талаар болохгүй бүтэхгүй юм яриад намайг барилдаж чадахгүй гээд доромжлоод байсан. Тэгэхэд нь хоёулаа маргааш гагнуурын талаар яръя гээд зүгээр байгаарай гэж би хэлсэн. Тухайн үед миний уур нэлээн хүрсэн. Тэгсэн чинь Ө миний найзыг чи муу доромжилдог хэн бэ гээд гараараа миний хойноос баруун нүд рүү шилтэй цуг цохисон. Тэгэхэд миний шил хага үсрээд нүдээ дархад миний дээр гараад миний толгой руу цохиж зөндөө нүдсэн. Тэгээд цуг явсан хүмүүс Ө-ыг надаас салгасан. Тэр үед миний нүдний хэсгээс цус гоожоод байсан. Тэгээд манай өрөөний залуу намайг өрөө рүү оруулж тайвшир, цусаа цэвэрлэ гэж хэлсэн. Тэр үед толинд харахад миний нүдний зовхи зүсэгдэж задарсан нүүр хавдчихсан байсан. Миний дотор сонин болоод ямар ч байсан Ө-д үзүүлэх ёстой гэж бодоод өрөө рүү нь орж Ө-д өөрийнхөө нүд рүү заагаад чи миний нүдийг ийм болгочихлоо гээд өөрт нь үзүүлсэн. Тэгтэл тэгээд яадаг юм гээд инээгээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Ө-ыг зүүн гараараа шанаа руу нь цохисон. Тэр үед нөгөө архиар шахдаг нөхөр миний толгой руу цохисон. Ө намайг зөрүүлээд нүүр лүү цохисон. Тэгээд өрөөнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад өрөөнд цуг байсан залуу намайг өрөө лүү оруулаад одоо тайвшир гээд намайг нөгөө өрөө рүү оруулсан. Тэгээд өрөөнд ороод байж байтал Ө цаанаас Ц гээд бархираад өрөөнд ороод ирсэн. Тэгээд яваад очтол баруун гараараа намайг барьж авах гээд гараа өргөхөд нь намайг зодох байна гэж ойлгоод би зүүн талын шанааны хэсэг рүү нь нэг цохиод толгойн дээд хэсэгт хоёр цохисон. Ө намайг өшиглөсөн бид хоёрыг хүмүүс ирж салгасан. Тэгээд би ерөнхий захирал Т гээд хүн дээр очоод би хот орох хэрэгтэй байна миний нүдний зовхи задарчихлаа хот орж оёулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд намайг У болон хүний нөөц менежер хийдэг охин Улаанбаатар хот руу гэмтэл оруулж нүдийг минь оёулж өгсөн.

...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалсан. Угаасаа миний нүдийг гэмтээчхээд өөрт нь үзүүлэхээр тэгээд яадаг юм гээд инээгээд байхаар дургүй хүрээд цохисон. Сүүлд Ө өрөө лүү бархираад ороод ирсэн тэгээд дөхөөд очтол баруун гараараа намайг барьж авах гэж оролдсон. Тэгэхээр нь намайг зодох гэж байна гэж бодоод цохисон. Хэргийн бүрэн бодитой үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна.”  гэх мэдүүлэг,  

 

Б.Б-ны хохирогчоор өгсөн: "Миний биеийн байдал одоо хэвийн байгаа. Би гомдолтой байна миний нүдийг сохлох хүнд гэмтэл учруулахаар завдсан үйлдэлд нь гомдолтой байна. Нүдний шил хагарсан 134 000 төгрөг, эмчилгээний зардалд 150 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2 716 000 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Э-ын өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ажлын газрынхантайгаа спорт арга хэмжээ зохиохоор Тэрэлж рүү явсан. Манай ажлынхан бүгдээрээ явах байсан болохоор би явсан. Шөнө 00 цагийн үед унтаж байтал хажуу талын өрөөнд хүмүүс боль боль гээд орилолдоод байхаар нь гайхаад бостол Б-ы нүд нь цус болчихсон байсан. Тэгээд гайхаад асуутал Ө цохисон гэхээр нь би Ө-ыг загнасан чи яах гэж шинэ хүүхдийг ингэж байгаа юм бэ гэхэд Ө, Б-н би наад архийг чинь уудаггүй гээд томроод байхаар нь цохисон гэж хэлсэн. Тэгээд би Б-ыг нөгөө өрөө рүү аваад ор гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар ажилчдаасаа асуугаад байж байтал гаднаас Б анх хэрүүл зодоон болсон өрөөнд орж ирээд нүдний шилээ авъя гэж хэлээд шууд Ө-ыг цохиод авсан. Тэгээд манай ажлын залуучууд салгаад дахиад өөр өрөө рүү аваад гарсан. Тэгтэл удалгүй дахиж орж ирээд Ө-ыг чи миний шилний гуяыг хугалсан байна гэж хэлээд цохиод авсан. Тэгээд бас манай ажлын залуучууд салгасан. Тэгээд би эндээ чимээгүй амарцгаа гэж хэлээд гараад өрөөндөө унтаад өгсөн. Манай нөхөр буюу захирал Г-ыг сэрээгээд эмнэлэг явмаар байна оёдол тавиулмаар байна гэж хэлэхээр нь манай нөхөр Г, У, Г нарыг Б-ныг аваад эмнэлэг авч яв гээд явуулсан. У, Г нар өглөө 07 цагийн үед буцаад ирсэн. Би Б яасан гэж асуухад эмнэлэгт үзүүлсэн гайгүй байгаа гэрт нь хүргэж өгөөд ирлээ гэж хэлээд ирсэн. Намайг орсноос хойш тухайн өрөөнд Ө Б-ыг цохиогүй. Миний байсан өрөөнд Б 2 удаа цохисон. Эхлээд нүдний шилээ авъя миний нүдний шил хаана байна гэж хэлээд орж ирээд түс тас болоод явсан хаашаа нь яаж цохисныг мэдэхгүй байна ямар ч байсан 2 удаа гараараа цохисон. Дараа нь дахиж орж ирээд нүдний шилний гуя хугарсан байна гэж хэлээд хэдэн удаа юугаар цохисныг нь хараагүй ямар ч байсан Ө-ыг цохисон. Дараа нь хооронд нь эвлэрүүлэх гээд Ө-ыг орж уучлалт гуй гэж манай ажлынхан хэлэхэд Өнөболд за гээд өрөө рүү нь явахад коридорт Ө-ыг цохиод авсан байсан би тухайн үед байгаагүй. Ө манай компанид 3 дахь жилдээ ажиллаж байна. Б 5 хоног ажиллаж байна. Ер нь их тайван хүүхэд тэгж хүн амьтантай хэрүүл хийгээд байдаггүй. Ажилдаа ч их сайн. Батцагаан бол анх ажилд орохдоо би танай ажилчдыг харж байж ажилд орно би өмнөх ажлаасаа асуудалд ороод халагдсан учраас хүмүүсийн харна гэж хэлсэн. Ажилд орох гэсэн өдрөө ирээд эгчээ би их өрөнд орчихсон ломбардад өртэй надад мөнгө зээлээч гээд 16 800 төгрөг надаас зээлээд явсан. Их сонин харьцаатай залуу байсан. Би ирэх 7 хоногоос ажиллуулахаа болъё гэж бодож байсан. Өчигдөр хүртэл их агсам зантай сонин хүүхэд байсан.” гэх мэдүүлэг /хх 15-17/,

 

Гэрч Н.Г-гийн өгсөн: "Яг зодоон болох үед би байгаагүй. Бид нар 2 давхарт нь байрласан би өрөө рүү ороход Батцагааныг Уламаа нөгөө өрөө рүү аваад орж байсан. Тэгээд юу болсон талаар ажлынхаа газрын хүмүүсээс асуугаад Ө-ыг би загнасан шинэ хүнтэй хэрүүл үүсгэлээ яах гэж ингэж байдаг юм бэ гээд. Тэгтэл гаднаас Б ороод ирсэн би шилээ авъя гээд тэгээд шууд Өнөболдыг цохиод авсан. Манай ажилчид салгаад нөгөө өрөө рүү дахиад аваад орсон. Энэ үед манай ажлынхан Ө-ыг уучлалт гуй гээд Б руу явуулахад бас цохиод авсан байсан. Тэгээд манай ажлынхан салгаад захирал Гантулга гарч ирээд Б-ыг дагуулаад нөгөө өрөө рүү орсон. Захирал удахгүй гарч ирээд бид нарыг загнаад У бид 2-ыг аваад Гэмтлийн эмнэлэг рүү яв гэж хэлээд захирал гараад явсан. Түүний дараа бид нар өрөөнд сууж байтал Б дахиж орж ирээд нүдний шилнийхээ гуяыг авъя гээд Ө-ыг дахиад цохиод авсан. Бид нар салгаад У бид 2 Б-ныг аваад Тэрэлжийн Чанар амралтаас машин руугаа алхаад явсан. ...Гэмтлийн эмнэлэг рүү би ороогүй. Эмнэлэг рүү орчхоод гарч ирэхэд нь би яасан гэж асуухад Б томографид харуулах шаардлагатай 100 гаран мянган төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Уламбаяр бичиж өгсөн эмийг нь авах гэтэл эмийн сан олдоогүй. Б, У бид 3 Тэрэлжээс Гэмтлийн эмнэлэг рүү явж байхад Ө над руу залгаад Г миний чихнээс цус гараад байна би бас Б зодуулсан гэмтэл ормоор байна гэж надад хэлэхэд нь би машин бариад явж байна Ө эхлээд Б-ыг үзүүлье гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 18-20, 45/,

 

Гэрч Т.Л-гийн өгсөн: “Б, Ө хоёр хоорондоо маргалдаад барилцаад авсан юунаас болж маргалдсан талаар би сайн мэдэхгүй байна. Тэгээд тэр хоёр луу хартал Б-ы шил нь байхгүй нүднийх нь тэр хавиас цус гарчихсан байсан. Тэгээд барилцаад авангуут нь бид хэд салгаад Б-ыг өөрийнх нь өрөө лүү оруулаад холдуулаад хэсэг хугацаа өнгөрөөд бүгдээрээ тайвшраад байж байтал Б гаднаас шууд орж ирээд Ө-ын толгой руу нь гараараа цохисон. Тэгээд бид хэд бас тэр хоёрыг салгаад би Б-ныг өрөө лүү нь авч ороод чи яаж байгаа юм гэж асуутал миний нүүрийг хараач сорвитой болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь чи эрүүл байна Ө харин согтуу байсан чи эрүүл үедээ учраа ол гэж хэлсэн. Тэгсэн чинь Өнөболд ч намайг цохилоо би ч Ө-ыг цохилоо одоо ахиж ийм асуудал гаргахгүй гээд яриа өрнүүлсэн. Тэгээд би Б-ы өрөөнөөс гараад нөгөө өрөө лүү ортол Өнөболд хоёулаа нойл орчоод ирье гэхээр нь Ө, Б-ны өрөө лүү ороод зодолдчихож магадгүй гэж бодоод цуг нойл ороод Ө-той яриа өрнүүлээд Б чамайг нэг цохисон чи ч Б-ныг цохисон одоо ахиад ийм асуудал гаргахгүй гэж Б хэлж байна гээд үнэнийг нь хэлтэл Ө надад хандан мань чинь түрүүлээд Б-ныг цохичихсон юм чинь түрүүлж уучлалт гуйчихъя гэж хэлсэн. Тэгээд Ө-той цуг Б-ны өрөө лүү ороод Ө, Б-ныг ахыгаа уучлаарай гээд гараа өгтөл гарыг нь ч барилгүй толгой руу нь гараараа хоёр цохих шиг болсон дахиж урдуур нь орж бид хэд салгасан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа Б нүүрээ оёулна оёо тавиулна гээд У, Г хоёртой Тэрэлжээс авч явсан. Б архи өгтөл уухгүй гээд л архи голлоо гээд л маргалдсан юм шиг байна лээ. Миний нүдэн дээр Батцагаан архи ууж харагдаагүй, харин Ө нэлээн согтуу байсан гэхдээ ухаан алдтал согтуу байгаагүй. Ил харагдах гэмтэл бол харагдаагүй. Нүднийх нь дээр язраад сэтэрчихсэн байсан. Өөр хүн гэмтэл учруулж цохисон зүйл байхгүй. Тэр үед Ө, Б хоёр л хоорондоо маргалдаж зодолдсон. Ө нь Б-ныг орж ирэхээс өмнө ажиллаж байсан, харин Б нь сүүлд орж ирсэн байх. Ө, Б хоёр зэргэлдээ сууж байсан. Тэгээд Ө гараараа хойшоо савахдаа шил рүү нь цохичихсон юм шиг байна лээ. Гараараа толгой хэсэг рүү нь цохисон.” гэх мэдүүлэг /хх 43-44/,

"...Би Б-тай нүүрэлдэж мэдүүлэг өгөөд байх шаардлага байхгүй. Би болсон явдлыг үнэн зөв мэдүүлсэн байгаа ахин дахин мэдүүлэг өгөх гэж явахаар ажил төрлөө ч хийж чадахгүй байна. Өгөөмөр гэх хүнийг танина, одоо ажлаасаа гарчихсан.. Батцагаан, Ө хоёрыг зодолдоход Өгөөмөр тухайн үед байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 73/,

 

Гэрч Б.У-ын өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 20-ны үеэр ажлынхантай Тэрэлжийн Чанар амралтын газар очиж амарцгаасан. Манай ажлынхан 1 байшин авсан байсан бөгөөд нэг өрөөнд нь унтаж байтал зодоон болоод пижигнэхээр нь босож ирсэн. Тэгэхэд нь Ө, Б хоёр муудалцсан байдалтай тэр хоёрыг хоёр тийш нь салгаад хоёр өөр өрөөнд оруулсан байсан. Тэгээд миний унтаж байсан өрөөнд Б-ныг Л оруулж ирээд одоо унтаж амар гээд ярилцаад Л гарч явсан. Тэр үед өрөөнд Б бид хоёр үлдсэн хэсэг хугацааны дараа Ө, Л хоёр орж ирээд Ө, Б-ыг уучлаарай гээд гар барих гэтэл Б, Ө-ыг дахиад цохиод авсан. Тэгээд тэр хоёрыг бас салгасан. Тухайн үед ил харагдах гэмтэл бол байгаагүй. Маргааш өглөө нь нүүр нь хавдчихсан байсан. Нүдний дээд тал нь сэтэрчихсэн цус гараад байсан.” гэх мэдүүлэг /хх 46/,

 

Гэрч М.Л-ийн өгсөн: “...Би тухайн үед архи уусан байсан болохоор хэн нь яг яаж цохисон талаар санахгүй байна. Уг нь бүгд л ууж идэж байсан тэр нь ийм байсан тийм байсан гэж мэдэхгүй байна. ...Ямар зүйлийг тодруулах зорилгоор нүүрэлдэж мэдүүлэг өгөхийг би ойлгохгүй байна, шаардлага байхгүй гэж бодож байна. Би Өгөөмөр гэх хүнийг танина. Манайд ажиллаж байсан. Одоо ажлаасаа гарчихсан.” гэх мэдүүлэг /хх 71-72/,

 

            Гэрч Я.О-ийн өгсөн: “...би тухайн үед ямар ч байсан архи хундагалаад хүмүүст өгч байсан. Б-нд архи өгсөн талаараа сайн санахгүй байна. Би архи их уусан байсан болохоор их муудсан. Би Б-ныг цохиж зодсон зүйл байхгүй. Би тухайн үед нэлээн их согтсон байсан өдрөөс хойш архи уусан. Тэгээд нэг мэдсэн өглөө сэрсэн байсан. Би архи ууж согтохоосоо өмнө бол маргалдсан зүйл байхгүй. Харин архи уугаад маргалдсан талаар сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх 74/,         

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №435 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.З.Өнөболдын биед тархи доргилт, хүзүү, цээж, баруун ташаанд зулгаралт, баруун зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэжээ /хх 25-26/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №438 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Б.Б-ны биед тархи доргилт, баруун дээд зовхинд шарх, нүүр, зүүн мөрөнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэжээ /хх 27-28/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Б, З.Ө нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч З.Ө мэтгэлцээгүй болохыг дурдаж, 

            Шүүгдэгч Б.Б "Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалсан. Хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр шийдвэрлэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэж маргасан.

 

            Хавтаст хэрэгт авагдсан оролцогч нарын мэдүүлгээс шүүгдэгч Б.Б нь архиар шахлаа гэх шалтгааны улмаас ажлын газрын хүмүүстэйгээ үл ойлголцож улмаар шүүгдэгч З.Ө архи уусангүй, миний найзыг доромжиллоо гэх шалтгаанаар Б.Б-ны эрх чөлөөнд гараараа нүүрэн хэсэгт нь цохиж нүдний шилийг нь хагалж, баруун зовхинд гэмтэл учруулан халдсаны улмаас шүүгдэгч Б.Б, З.Ө нарын хооронд хэд хэдэн удаагийн харилцан зодоон болсон үйл баримт тогтоогдсон. Хохирогч З.Ө-ын эрүүл мэндэд шүүгдэгч Б.Б гэмтэл учруулсан болох нь;

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №435 дугаартай “1.З.Ө-ын биед тархи доргилт, хүзүү, цээж, баруун ташаанд зулгаралт, баруун зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” шинжээчийн дүгнэлт /хх 25-26/ үүнийг нотолсон,

Шүүгдэгч З.Ө-ын өгсөн: “Тэгээд Батцагаан босож ирээд намайг хоолойноос боогоод миний толгой руу цохиж эхэлсэн. ...орилж орж ирээд миний толгой руу гараа атгаж байгаад цохисон. Тэгээд манай ажлынхан бид хоёрыг салгаад захирал Г орж ирээд охидууд шиг яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд Л гээд ажлынхаа хүнтэй өрөөнөөс гараад гадаа тамхилаад байж байтал Л надад чи эхлээд цохичихсон юм чинь ороод Б-аас уучлалт гуйчих гэж хэлсэн. Тэгээд би Л-тай хамт Б-ны байгаа өрөө лүү ороод уучлаарай гээд гар барих гээд очтол өө тийм үү гэж хэлээд миний нүүр лүү цохиж өшиглөж унагаасан." гэх,

Шүүгдэгч Б.Б-ны өгсөн: “...миний уур хүрээд Ө-ыг зүүн гараараа шанаа руу нь цохисон. ...Тэгээд өрөөнд ороод байж байтал Ө цаанаас Ц гээд бархираад өрөөнд ороод ирсэн. Тэгээд яваад очтол баруун гараараа намайг барьж авах гээд гараа өргөхөд нь намайг зодох байна гэж ойлгоод би зүүн талын шанааны хэсэг рүү нь нэг цохиод толгойн дээд хэсэгт хоёр цохисон.” гэх, 

Гэрч Ж.Э-ын өгсөн: “...Тэгтэл удалгүй дахиж орж ирээд Ө-ыг чи миний шилний гуяыг хугалсан байна гэж хэлээд цохиод авсан. Тэгээд бас манай ажлын залуучууд салгасан. ...Намайг орсноос хойш тухайн өрөөнд Ө, Б-ыг цохиогүй. Миний байсан өрөөнд Б 2 удаа цохисон. Эхлээд нүдний шилээ авъя миний нүдний шил хаана байна гэж хэлээд орж ирээд түс тас болоод явсан хаашаа нь яаж цохисныг мэдэхгүй байна ямар ч байсан 2 удаа гараараа цохисон. Дараа нь дахиж орж ирээд нүдний шилний гуя хугарсан байна гэж хэлээд хэдэн удаа юугаар цохисныг нь хараагүй ямар ч байсан Ө-ыг цохисон. Дараа нь хооронд нь эвлэрүүлэх гээд Ө-ыг орж уучлалт гуй гэж манай ажлынхан хэлэхэд Ө за гээд өрөө рүү нь явахад коридорт Ө-ыг цохиод авсан байсан би тухайн үед байгаагүй.” гэх /хх 15-17/,

Гэрч Т.Л-ийн өгсөн: “...Батцагаан гаднаас шууд орж ирээд Ө-ын толгой руу нь гараараа цохисон. Тэгээд бид хэд бас тэр хоёрыг салгаад би Б-ныг өрөө лүү нь авч ороод чи яаж байгаа юм гэж асуутал миний нүүрийг хараач сорвитой болчихлоо гэж хэлсэн. ...Тэгээд Өнөболдтой цуг Батцагааны өрөө лүү ороод Ө, Б-ныг ахыгаа уучлаарай гээд гараа өгтөл гарыг нь ч барилгүй толгой руу нь гараараа хоёр цохих шиг болсон дахиж урдуур нь орж бид хэд салгасан. ...Тэр үед Ө, Б хоёр л хоорондоо маргалдаж зодолдсон.” гэх /хх 43-44/,

Гэрч Б.У-ын өгсөн: “...Тэгээд миний унтаж байсан өрөөнд Б-ныг Л оруулж ирээд одоо унтаж амар гээд ярилцаад Л гарч явсан. Тэр үед өрөөнд Б бид хоёр үлдсэн хэсэг хугацааны дараа Ө, Л хоёр орж ирээд Ө, Б-ныг уучлаарай гээд гар барих гэтэл Б, Ө-ыг дахиад цохиод авсан. Тэгээд тэр хоёрыг бас салгасан. Тухайн үед ил харагдах гэмтэл бол байгаагүй. Маргааш өглөө нь нүүр нь хавдчихсан байсан. Нүдний дээд тал нь сэтэрчихсэн цус гараад байсан.” гэх /хх 46/,

Гэрч М.Л-ийн өгсөн: “...Би тухайн үед архи уусан байсан болохоор хэн нь яг яаж цохисон талаар санахгүй байна. Уг нь бүгд л ууж идэж байсан тэр нь ийм байсан тийм байсан гэж мэдэхгүй байна. ...Ямар зүйлийг тодруулах зорилгоор нүүрэлдэж мэдүүлэг өгөхийг би ойлгохгүй байна, шаардлага байхгүй гэж бодож байна. Би Өгөөмөр гэх хүнийг танина. Манайд ажиллаж байсан. Одоо ажлаасаа гарчихсан.” гэх /хх 71-72/ мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн эсэхээс үл шалтгаалан шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан бол  гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймээс шүүгдэгч Б.Б-ны гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Ө-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь дээрх баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон Б.Б-ны холбогдсон гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б-аас мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар мэдүүлэг авахдаа түүний хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Хохирогч З.Ө эмнэлэгт үзүүлсэн мөнгө, ажилдаа явж чадаагүй 7 хоногийн цалин, ирж очих унааны зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч үүнтэй холбоотой баримт ирүүлээгүй,

хохирогч Б.Б нүдний шил хийлгэсэн 134 000 төгрөг, эмчилгээний зардал 150 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2 716 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд хавтаст хэрэгт нүдний шилний төлбөр 134 000 төгрөгийн баримт авагдсан байх тул хангаж, эмчилгээний зардал гэх 150 000 төгрөгийн баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, сэтгэл санааны хохирол 2 716 000 төгрөгийг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогч З.Ө-ын гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг, хохирогч Б.Б-ны эмчилгээний зардал гэх 150 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулах тооцох саналыг,

Шүүгдэгч З.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч З.Ө торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү гэх саналыг,

Шүүгдэгч Б.Б сэтгэл санааны хувьд хүнд байна. Ял шийтгэлтэй болчихвол цаашдын амьдралд минь сөргөөр нөлөөлөх учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөөч гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримт хавтаст хэрэгт ирээгүй бөгөөд шүүгдэгч нар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 64-65-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.Б, З.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

 

шүүгдэгч З.Ө-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

 

шүүгдэгч Б.Б-ны гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж,

шүүгдэгч Б.Б-ны 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

            Эрүүгийн 2034000000447 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч З.Ө цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний  баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

ЭХХШт хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор ...хэрэг гарсан газарт үзлэг хийхээр, мөн хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байранд үзлэг хийнэ гэж тус тус  заасан, хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр хэрэг учрал "Чанар" гэх амралтын газрын байранд болсон болох нь тогтоогдож байхад 12 дугаартай гэрт үзлэг хийсэн нь юуг нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар ач холбогдолтой нь ойлгомжгүй байх тул хавтаст хэргийн 5-7-р хуудсанд авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг үнэлэх боломжгүй гэж үзэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Тавд Б.Б-ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Зуутраг З.Ө-ыг согтуугаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч З.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ө-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Өнөболд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

         5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-ны цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 48 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж тооцсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 192 /нэг зуун ерэн хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ө-с 134 000 /нэг зуун гучин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4-р хороо, Ээрмэлийн 13-р байрны 56 тоотод түр оршин суух хохирогч Тавд Б.Б /РД:НГ92113018/-д олгож,  хохирогч Б.Б-ны нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол гэх 2 716 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 8.Хохирогч З.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн, хохирогч Б.Б нь эмчилгээний зардал гэх 150 000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 9.Эрүүгийн 2034000000447 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Ө цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 11.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б-нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Б-ыг энэ өдрөөс эхлэн сулласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ