Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 138

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 3 дугаар баг, Мааньт 3 тоотод оршин суух Цамба овгийн Энхжаргалын Нинжидмаагийн /РД: ДЙ92101408/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн эх багт оршин суух Бага хойд овгийн Буянбатын Мянганбаярт /РД: ДЙ91041616/ холбогдох 
Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 02 дугааар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Мянганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                  
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Нинжидмаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2012 онд Б.Мянганбаяртай танилцаж, үерхэж эхэлсэн. 2014 оны 01 сарын 25-нд хүү М.Сумъяабазар төрсөн. 2015 оны хавар Б.Мянганбаяр цэрэгт татагдаад 2016 онд ирсэн. Ирснээсээ хойш манайд ирэхээ больж, хүү бид хоёртой уулзахгүй, утсаар ч ярихгүй байгаа тул энэ хүнтэй хамт амьдрах бодолгүй байна. Иймд хүү Сумъяабазарт аав Мянганбаяраас хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мянганбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2012 онд Э.Нинжидмаатай танилцсан. 2014 оны 01 сарын 25-нд хүү М.Сумъяабазар төрсөн. 2015 онд цэрэгт татагдаж 2016 онд халагдаж ирсэн. Цэрэгт байхдаа сүлжээгүй газар байдаг байсан. Э.Нинжидмаагийн гаргасан нэхэмжлэлийн дагуу хүүхдийнхээ тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Э.Нинжидмаа нь хариуцагч Б.Мянганбаярт холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Э.Нинжидмаа, 2012 онд Б.Мянганбаяртай танилцаж, үерхэж эхэлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүү Мянганбаярын Сумъяабазар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, М.Сумъяабазарын 8231000006 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. 
Хэрэгт авагдсан 8231000006 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт эцгийн овог нэр Багахойд Буянбатын Мянганбаяр /РД: ДЙ91041616/, эхийн овог нэр Цамба Энхжаргалын Нинжидмаа /РД: ДЙ92101408/ гэсэн байх бөгөөд өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоожээ. 
Мөн хариуцагч Б.Мянганбаяр нь шүүх хуралдаанд М.Сумъяабазарыг өөрийн хүү мөн болохыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байна. 
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар эцэг Б.Мянганбаяр, хүү М.Сумъяабазар нарын хооронд эрх үүрэг үүссэн байх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Иймд 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Мянганбаярын Сумъяабазарыг эх Э.Нинжидмаагийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүү М.Сумъяабазарт тэтгэлэг тогтоож эцэг Б.Мянганбаяраар тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Нэхэмжлэгч Э.Нинжидмаа нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Мянганбаяраас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 999.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.526 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Мянганбаярын Сумъяабазарыг эх Энхжаргалын Нинжидмаагийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Мянганбаярын Сумъяабазарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нар /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Б.Мянганбаяраар тэжээн тэтгүүлсүгэй. 
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Нинжидмаад даалгасугай.
4. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Б.Мянганбаяр нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Мянганбаяраас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 999.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.526 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. 
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ