| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2017/00151/И/ |
| Дугаар | 139 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 139
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багт оршин суух Жалайр овгийн Должингийн Энхцэцэгийн /РД: ДК76030304/ нэхэмжлэлтэй
Ч.Ганболдтой хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Энхцэцэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Чойжилжавын Ганболдтой 2005 онд хамтран амьдрах болсон. Тухайн үед албан ёсоор хурим найр хийгээгүй, гэрлэлтээ батлуулаагүй өдийг хүртэл амьдарч байгаад 2010 онд охин Г.Энхжин төрсөн. Улмаар 2012 онд миний хань Ганболд нь даралт харваж асаргаанд орсон. 6 жил эмчилгээ, асаргаанд байгаад 2017 оны 03 сарын 07-нд нас барсан. Охин Г.Энхжин маань ааваараа овоглодог, тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох боломжгүй болсон. Иймд талийгаач Ч.Ганболд бид хоёрын хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Энхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Д.Энхцэцэг нь Жалайр овгийн Чойжилжавын Ганболдтой хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Д.Энхцэцэг, Ч.Ганболд нар нь 2005 оноос хамтын амьдралтай байсан болох нь Жалайр овгийн Ганболдын Энхжин 2010 оны 05 сарын 16-нд Есөнбулагт төрснийг Халиун сумын төрсний бүртгэлд 2010 оны 06 сарын 14-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов, эцгийн нэр Жалайр овгийн Чойжилжавын Ганболд /РД: ДК58051218/, эхийн нэр Жалайр овгийн Должингийн Энхцэцэг /РД: ДК76030304/ гэх №0392581-24 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Д.Энхцэцэг, Ч.Ганболд нарын фото зураг, охин Г.Энхжинтэй авахуулсан фото зургаар тус тус нотлогдож байна.
Иймд Д.Энхцэцэгийг Ч.Ганболдтой хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэвч Ч.Ганболд нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэртээ нас барсан болох нь №0000180598/ №03 дугаартай нас барсны гэрчилгээ, хүсэлт гаргагч Д.Энхцэцэгийн “...2012 онд миний хань Ганболд нь даралт харваж асаргаанд орсон. 6 жил эмчилгээ, асаргаанд байгаад 2017 оны 03 сарын 07-нд нас барсан...” гэх тайлбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Д.Энхцэцэг нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Жалайр овгийн Должингийн Энхцэцэгийг Жалайр овгийн Чойжилжавын Ганболдтой хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ