Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/476

 

 

 

 

 

 

 

 

 

    2020          12               09                                                2020/ШЦТ/476

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргал,

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигон Г. М-д холбогдох эрүүгийн 2034000000703 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Боржигон Г.М, 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл ганцаараа Төв аймгийн Эрдэнэсант сумын Баргилт 2 дугаар баг хөдөө оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НГ85112617 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Г.М-ын өгсөн: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч М.Б-ын өгсөн мэдүүлэг /хх 6-8/, гэрч М.Б-ын өгсөн мэдүүлэг /хх 9-10/, гэрч Л.Б-ийн өгсөн мэдүүлэг /хх 11-12/, шүүгдэгч Г.М-ын өгсөн мэдүүлэг /хх 13-14, 26-28/,

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №96 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 19/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5/, яаралтай тусламжийн үйлчилгээний хуудас /хх 16-17/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 33-40/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 42/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 47/ зэрэг болно. 

 

            Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Б-ыг хутгалсны улмаас М.Б-ын эрүүл мэндэд зүүн суганд шарх бүхий гэмтэл учруулсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т заасан хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Шүүгдэгч Г.М-ын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.М нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэг шалтаг шалтгаангүйгээр М.Б-ыг хутгалж эрүүл мэндэд нь зүүн суганд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь;

 

Шүүгдэгч Г.М-ын өгсөн: "Би Төв аймгийн Эрдэнэсант суманд хөдөө мал маллан амьдардаг. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 13 цаг өнгөрч байхад хөдөөнөөс сумын төвд ирээд сумын төвөөр ажлаа амжуулж байгаад Сансар гэдэг айлд очиход тэднийд Сансар, Баатараа, Пүүгий, Жонгоо гэх хүмүүс байсан. Тэгээд тэр хүмүүс 0.75 литрийн “Хараа” нэртэй архи уугаад сууцгааж байсан. Тэгээд би тэр хүмүүстэй нийлж уусан. Уугаад сууж байтал М.Батбаяр 0.75 литрийн хоёр шил “Хараа” нэртэй архи, 2.5 литрийн хүрэн савтай нэг пивотой орж ирсэн. Бид нар тэр архи пивийг хувааж уугаад байж байхад Батбаяр гэх залууг “ялаа" гэдэг хочоор нь дуудахад Батбаяр уурлаад өөдөөс ирж байхаар нь би босох гэтэл Жонгоо, Сансар хоёр намайг яах гээд байгаа юм бэ битгий гэж хэлээд суулгасан. Тэгтэл Батбаяр ирээд миний хамар хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөхөд миний хамарнаас цус гараад тогтохгүй байхаар нь хамраа бариад нэлээн суусан. Тэгээд цусаа тогтоогоод байж байсан чинь гэрийн гаднаас Батбаяр уурлаад гараад ир гэж хэлээд үг хэллэгээр доромжлоод байхаар нь гараад очтол надтай зууралдаж зодолдож байгаад газарт унаад би Батбаярын дээр нь сууж байсан ба Батбаяр миний нүүр лүү цохих гээд байсан ба тэр үед миний гутлын түрийнд байсан хутга газар унасан байхаар нь хутгаа аваад хутгатай гараараа Батбаярын зүүн гарын бугалга хэсэгт дархад хутганы үзүүр Батбаярын гарыг зүссэн. Тэр үед Жонгоо, Сансар 2 ирээд салгасан. Батбаярыг хүмүүс "ялаа" гэж хочилдог тэр хочоор нь дуудахад уурласан. Бид нарын дунд өс хонзонгийн зүйл байхгүй. Би хутгаар 2 удаа зүүн гарын бугалга хэсэгт нь хутгалж гэмтээсэн байгаа. Би Батбаярт учруулсан хохирлыг төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч М.Бын өгсөн: "Би Төв аймгийн Эрдэнэсант суманд өөрийн эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн орчим би сумын төвд Сансар гэдэг айлд Баатараа, Пүүгий, Жонгоо гэх хүмүүсийн хамт 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хоёр шилийг уусан. Тэгээд би гэртээ харьчхаад буцаад нөгөө Сансар гэдэг айлд очиход тэднийд Бужгаа буюу Мягмаржаргал ирчихсэн байсан. Тэгээд тэднийд мөн бид хэд 0.75 литрийн хоёр шил “Хараа” нэртэй архи уусан. Тэгтэл М над руу ямар нэгэн шалтгаангүйгээр "пизда минь чамайг ална шүү” гэх зэргээр хэл амаар доромжилж бид хоорондоо маргалдсан. Тухайн айлаас гарч хашаанд нь учраа олох гээд би амьхандаа Мягмаржаргалыг аргадаж тайвшруулах гээд байж байтал Мягмаржаргал дурангийнхаа хайрцгаас л гаргасан шиг санагдаж байна цагаан иштэй эвхдэг хутга гаргаж ирээд "би чамд хутга шаана шүү" гэж хэлхээр нь би хутгыг нь булааж гарнаас нь салгах гэтэл надаас хутгаа булаацалдах үед хутга нь газар унасан. Тэгтэл би тэр хутгыг авч хол шидэх гэсэн боловч амжилгүй би газар ойчсон. Тэгтэл Мягмаржаргал надаас түрүүлж хутгаа авч миний дээр гарч миний зүүн талын суга руу хоёр удаа хутгалсан. Тухайн үйл явдал болох үед хажууд Жонгоо, Сансар гэх хоёр хүн байсан бусад нь энэ талаар юу ч мэдэхгүй бараг согтоод тасарчихсан байсан. Мягмаржаргал гэдэг хүн миний зүүн гарын суга хэсэг рүү 2 удаа өнгөц хутгалсан. Өөрөөр бол намайг цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн үед би хэнд ч гар хүрээгүй М-ыг ч цохиогүй. Бид хоёулаа Төв аймгийн Эрдэнэсант сумынх мөн 10 жилийн сургуулийн нэг үе тэнгийн хүмүүс байгаа юм. Урд өмнө нь бид хоёр хоорондоо маргалдаж муудалцаж байсан асуудал байхгүй. М нь өөрөө архи уухаараа агсам зантай хүн байгаа юм. Би түүнийг нь мэддэг болохоороо түүнтэй маргалдаж муудалцахыг хүсээгүй. Бид хоёр хоорондоо ямар нэгэн хамаатан садангийн харилцаа холбоо байхгүй. Бид хоёр хоёулаа л архи уусан байсан гэхдээ би болсон асуудлыг бүгдийг нь нэг бүрчлэн мэдэж байгаа. Харин Мягмаржаргал нь нэлээн согтсон байсан. М нь надаас уучлалт гуйж бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн. нь миний хохирлыг барагдуулсан. Эмчилгээ хийлгээрэй гэж 1 600 000 төгрөг өгсөн. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх 6-8, 9-10/,

 

Гэрч Л.Б-ийн өгсөн: “Би 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн жижүүр эмчээр ажиллаж үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр ээлжийн сувилагчаар М.Б гэдэг хүн гарч байсан тэр хүн Б гэдэг хүнийг эмнэлгийн байгууллагад ирэхэд нь хүлээн авч эрэмбэлсэн байсан. Тэгээд сувилагч Б нь над руу залгаад "оёдол тавих шаардлагатай хүн ирлээ” гэхээр нь би эмнэлэг дээр ирэхэд Б гэдэг хүн нь биеийнхээ зүүн суганд 2 ширхэг зүсэгдсэн шархтай нэлээн цус гарсан байдалтай байхаар нь тухайн шарханд үнэлгээ хийхэд тэр хоёр шарх нь тус бүр нэг см-ийн гүнтэй, суга хэсэгт байсан. Шарх нь 1.5 см өргөнтэй, бугалганы дотор талын шарх нь 2.5 см өргөнтэй байсан. Тухайн суганы дотор талын шарх хэсэгт нь 1 ширхэг оёдол, харин бугалганы дотор талын шарх хэсэгт нь хоёр  хоёр оёдол тавьсан. Б-ын биед тухайн 2 шархнаас өөр ил харагдах шарх гэмтэл байхгүй байсан. Б-ын биеийн байдал нь дунд зэрэг, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, хөдөлгөөн идэвхтэй, зүрхний авиа тод, хэм жигд, артерийн даралт нь 130/90, зүрхний цохилтын тоо 92, уушги 2 талд цулцангийн амьсгалтай, сатураци 98%, хэвлийн тайван, захад хавангүй. Б нь эмнэлэг дээр эхнэр Э, ээж А нарын хамт явж байсан. Б нь яг хэнд хутгалуулсан гэдгээ хэлээгүй. Би түүнээс яаж байгаад гэмтсэн талаар асуухад надад “нэг хүнд хутгаар хатгуулсан" гэж хэлж байсан. Б нь дунд зэргийн согтолттой, архи тодорхой хэмжээгээр үнэртэж байсан.” гэх мэдүүлэг /хх 11-12/,

 

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №96 дугаартай шинжээчийн дүгнэлт: “М.Б-ын биед зүүн суганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэжээ /хх 19/,

 

эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5/, яаралтай тусламжийн хуудас /хх 16-17/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Хохирогч М.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс эмчилгээний зардал гэх 1 600 000 төгрөг авсан талаар мөн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв. 

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Мягмаржаргал нь хохирогч М.Б учруулсан хохирлоо нөхөн төлж хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Г.М-д оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Г.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчид оногдуулсан 700 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Г.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2034000000703 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 см урттай, өргөн 02 см, төмөр хийцтэй, ажлын хэсэг 07 см, бариул хэсэг 08 см, дэлгээтэй байх үедээ 15 см, Stainless China гэсэн бичиглэлтэй эвхэгддэг хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон Г.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 700 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 2034000000703 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 см урттай, өргөн 02 см, төмөр хийцтэй, ажлын хэсэг 07 см, бариул хэсэг 08 см, дэлгээтэй байх үедээ 15 см, Stainless China гэсэн бичиглэлтэй эвхэгддэг хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ