Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 146

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг 17 дугаар байрны 01-03 тоотод оршин суух Холбооч овгийн Жигжидсүрэнгийн Ганбатын /РД: ДЮ74020314/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин 25.397.937 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 3.138.157 төгрөг, нийт 28.536.094 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямаа, гэрч М.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Ганбат нь Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Б/05 тоот тушаалаар томилогдон ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Б/93 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Үүнийг Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 27 тоот шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилсон. Энэ шийдвэрийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, улсын дээд шүүхэд хариуцагчийн гомдлоор хянан хэлэлцэгдээд эцсийн шийдвэр гарсан. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/59, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 тоот захирамжаар Ж.Ганбатыг Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагчаар ажилд нь эгүүлэн томилсон. Энэ ажилгүй байсан хугацааны цалинг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан нийт хугацааны цалин 25.397.937 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамж болох 3.138.157 төгрөг нийт 28.536.094 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч байгууллагын дарга Д.Энхчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ж.Ганбатын нэхэмжлэлтэй манай байгууллагад холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 25.397.937 төгрөг болон нийгмийн даатгалын шимтгэл 3.138.157 төгрөгийг манай байгууллага төлөх нь үнэн бөгөөд 2017 оны 01 дүгээр сард 2.000.000 төгрөгийг төлсөн, үлдсэн 23.397.937 төгрөгийн цалин болон 3.138.157 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төсөв санхүүгийн байдлаас хамаарч төлөх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн дагуу буруутай албан тушаалтнаас гаргуулж, байгууллагад учирсан хохирлыг барагдуулах талаар шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ. 
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.Ганбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямаа нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 25.397.937 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 3.138.157 төгрөг нийт 28.536.094 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Ганбат нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргаар ажиллаж байгаад Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/93 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгджээ.
Энэхүү ажлаас чөлөөлсөн шийдвэрийг Ж.Ганбат нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай тогтоол тус тус гарч, нэхэмжлэгч Ж.Ганбатыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны буюу 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 11.600.820 /арван нэгэн сая зургаан зуун мянга найман зуун хорин/ төгрөгийг олгож шийдвэрлэжээ.
Улмаар Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/59 дугаар захирамжаар Ж.Ганбатыг Есөнбулаг сумын Засаг даргаар томилсон байна.  
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч М.Хонгорзул нь шүүх хуралдаанд Ж.Ганбатын ажилдаа эргэн орсон хугацааг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэж мэдүүлж байх бөгөөд аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаар захирамжид “...Есөнбулаг сумын Засаг даргын ажил албан тушаалд нь Ж.Ганбатыг эгүүлэн тогтоож, тухайн албан тушаалд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн цалин авалгүй ажилласан байх тул ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлсийг тооцон бодож олгохыг Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн, Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч /М.Хонгорзул/-д тус тус зөвшөөрсүгэй...” гэжээ. 
Иймд Ж.Ганбатын ажилд эргэн орсон хугацааг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэж тооцсон болно. 
Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээр нэхэмжлэгч Ж.Ганбатын хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай болно. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа мөн хамааралтай болно. 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус, харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно. 
Иймд Ж.Ганбат нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй байна. 
Гэрч М.Хонгорзул нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Ганбатын 000251364 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2014 оны 04-08 дугаар сарын цалингийн бичилтийг тайлбарлахдаа “...2014 оны 07 сард ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш ямар нэгэн байдлаар цалин аваагүй. 07 сарын 02-ны өдрөөс 08 сарын 04-ний өдрийг хүртэл амралтын 22 хоногийн мөнгө бодож олгосон, мөн 07 сард ажилласан нэг өдрийн цалин 70.029 төгрөг олгосон, 06 р сарын 16 хоногийн цалин дээр шүүхийн шийдвэрийн мөнгө нэмж 2.393.820 төгрөг олгосон...” гэж мэдүүлж байх бөгөөд энэ нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/52 дугаар захирамж, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай магадлал, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 01-08 саруудын цалингийн тооцооны хүснэгт, 2014 оны ээлжийн амралтын тооцоогоор тус тус тогтоогдож байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу Ж.Ганбатын 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 09 сар 10 хоногийн олговор 10.285.690 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 18.250.404 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Ж.Ганбатын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулсан байх тул шүүх энэ хугацааны олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд “ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн 000251364 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2014 оны 01, 02, 03 дугаар сарын цалингаас дундаж цалин хөлсийг тооцсон болно.
Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж.Ганбатын 000251364 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин 1.085.940 төгрөгөөс ажилгүй байсан хугацааны нийт сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бататгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Хариуцагч байгууллагын дарга Д.Энхчимэгт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10.285.690 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 179.521 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ганбатын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 10.285.690 /арван сая хоёр зуун наян таван мянга зургаан зуун ерэн/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Ж.Ганбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.250.404 /арван найман сая хоёр зуун тавин мянга дөрвөн зуун дөрвөн/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ж.Ганбатын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10.285.690 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 179.521 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
     


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ