Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 149

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би 
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багт оршин суух Нурваагийн Даваанямд /РД: ДЕ81110811/ холбогдох 
133.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 16-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Нурваа овогтой Давааням нь Монгол улсын Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын дагуу хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах болсон тул Нурваа овогтой Даваанямд мөнгөн төлбөр болох 133.000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 01-нд төлүүлэхээр мэдэгдэх хуудас өгөхөд уг төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул иргэн Нурваа овогтой Даваанямаас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасанцог нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Дэлгэр сумын харьяат Н.Давааням нь цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр болох 133.000 төгрөгийг 2017 оны 04 сарын 06-ны өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Даваанямд холбогдох 133.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь “…Дэлгэр сумын харьяат Н.Давааням нь цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр болох 133.000 төгрөгийг 2017 оны 04 сарын 06-ны өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэх хүсэлт, 2017 оны 04 сарын 06-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. 
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
 1.Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Даваанямд холбогдох 133.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
 2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 


ШҮҮГЧ                                    Н.ОЮУНБИЛЭГ