Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/57

 

 

 

 

 

 

 

 

 

    2021           02               25                                               2021/ШЦТ/57

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О овогт Л.Г-д холбогдох эрүүгийн 2034000000523 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О овогт Л.Г, 1972 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл ганцаараа Улаанбаатар хот БГДүүргийн хөдөө 18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд: 

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 871 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ШБ7777777 регистрийн дугаартай. 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Л.Г-ын өгсөн: Амараа намайг ажилд авч яваад тэнд очоод хийж байсан ажил дуусаж байсан юм. Тэгсэн мөнгө төгрөгийг нь тэр Амраа бүгдийг нь авчихсан сүүлдээ хоол ундгүй болсон. Тэгээд би тэрэнд нь уурлаад дээрээс нь жаахан архи уучихсан байсан. Согтуудаа гуянд нь зүсчихсэн байсан гэх мэдүүлэг, 

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Д.Э /хх 7-8/, гэрч Л.Г /хх 9-10, 22-23/, гэрч Л.Дошчулуун /хх 11/, гэрч М.Эрдэнэцогт /хх 12/ нарын өгсөн мэдүүлэг,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн №525 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 14-15/,

            гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, саарал өнгөтэй ишгүй төмөр цаасны хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх 2/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 36-51, 52-54/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болно. 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Л.Г нь согтуугаар Төв аймгийн Заамар сумын нутаг Бат-Өлзийт 4-р хэсгийн 1-02 тоотод 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Д.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар баруун гуя тус газар нь цаасны хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

 

Шүүгдэгч Л.Г-ын өгсөн: " Би Амараа гэх найзын хамт барилгын ажил хийдэг юм. Амараа надад хоёулаа Төв аймгийн Заамар суманд очиж барилгын ажил хийе чамд нэг сая төгрөгийн цалин өгнө гэсэн. 2020 оны 8 дугаар сарын эхээр Заамар суманд ирээд О.Нямдаваа гэх айлын байшинг Д.Э, Л.Дошчулуун, М.Эрдэнэцогт нарын хамт барьсан. 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр биднийг хариуцан ажиллуулж байсан Амараа Улаанбаатар хот руу ажил гарлаа гээд яваад өгөхөөр нь би хамт ажилладаг Цогоо ахын хамт 14 цагийн үед барьж байсан байшингаасаа холдож байгаад арын гудамжинд 1 шил 0.75 литрийн хараа архи хувааж уусан. 15 цагийн үед барилга дээр буцаж ирэхэд намайг Д.Э нь Ганаа ахаа наад архиа боль унтаж амар гэсэн. Тэгэхээр нь би эндээс явлаа би ямар буяны ажил хийж байгаа биш гээд Эрдэнэрагчаатай жоохон маргалдаад барьцалдаж авахад манай тэнд байсан ажилчид салгасан. Түүнээс хойш би их хэмжээгээр согтоод зарим зүйлээ санахгүй байгаа дахиад 1 шил архи ууж байснаа хальт санаж байна. Орой 19 цагийн үед байх Д.Э-тай дахин би амрах гэртээ муудалцаад заамдалцаад байж байхад миний цамцнаас татаад намайг доош тонгойлгоод дараад нүүрэнд гараараа нэг удаа цохихоор нь би өөрийн өмсөж байсан ажлын цамцны халаасанд байсан ишгүй цаасны хутга гаргаж ирээд Эрдэнэрагчаагийн баруун хөлийн гуянд нь нэг удаа хатгахад бөөн цус болоод эмч дууд гээд манай ажилчид орилолдоход нь би жоохон сэргэж ухаан орсон. Би согтуу байсан болохоор зарим гаргасан үйлдлээ сайн санахгүй байна. Бид хоёрт өр авлага, өс хонзонгийн зүйл огт байхгүй. Би цаасны хутгаар байшин барьж байхдаа лампиран тааз, гипсэн хавтан, шилэн хөвөн зэргийг зүсдэг. Би цаасны хутгыг дээгүүр цээжиндээ өмсөж явдаг ажлын хувцасны халаасандаа байнга авч явдаг, миний ажлын нэг багаж хэрэгсэл. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн. 500 000 төгрөг өгсөн." гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Эгийн өгсөн: "Би Төв аймгийн Заамар суманд өөрийн хамт байшин барьдаг бригадын хүмүүс болох Амараа, Жаргалсайхан, Хүрэлсүх, Боогий нарын хамт 2020 оны 7 дугаар сард ирээд байшин барьсан. 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хамт мужаан хийдэг Гантулга, Цогоо нар архи уугаад алга болж байгаад 14 цагийн үед ирэхээр нь та хоёр унтаж амраач гэхэд Гантулга нь чи муу бацааны үгээр би амрах уу гээд намайг энгэрээс заамдахаар нь би зөрүүлээд заамдахад тэнд байсан манай ажилчид салгасан. Бид хоёр нэг нэгэндээ гар хүрээгүй салсан.Тэгээд би барьж байгаа байшиндаа ажлаа хийж байхад 19 цагийн үед Л.Дошчулуун орж ирээд Гантулга агсам тавиад унтахгүй байна гэсэн. Тэгээд би ажлаасаа буугаад амрах гэртээ ороод байж байтал Гантулга над руу чи муу 32-ын бацаан зэвүүн гээд би пааран дээр сууж байхад миний энгэрээс заамдаад намайг татаж босгоод хоолой боохоор нь би зөрүүлээд Гантулга ахын энгэрээс зөрүүлэн заамдаад цамцаар нь доош дарж байгаад тавихад халааснаасаа ишгүй цаасны хутга гаргаж ирээд миний баруун талын гуянд нэг удаа хатгаад гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд би тухайн үед тэнд байсан хүмүүсээр хүргүүлэн эмнэлэгт ирсэн. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна." гэх мэдүүлэг /хх 7-8/,

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Гэрч Л.Дошчулууны өгсөн: “...Л.Г, М.Эрдэнэцогттой гарч яваад дахин архи уугаад 19 цагийн үед орж ирээд хэвтэж байхад нь гаднаас ажлаа дуусгаад Д.Э орж ирсэн. Л.Г Д.Э руу чи муу 32-ын бацаан яагаад намайг өдөөд байна гээд орон дээр сууж байхад нь заамдаад татаад босгож ирсэн. Д.Э зөрүүлэн заамдалцахад би болиулаад салгасан. Л.Г гэрээс гараад явсан удалгүй буцаж орж ирээд Д.Эг орон дээр сууж байхад нь татаж босгож заамдахад Д.Э зөрүүлэн заамдалцаад нэг нэг удаа гараараа нүүр нүүр рүүгээ цохиж харагдсан. Д.Э Л.Г-ыг цамцнаас нь доош дараад тонгойлгоод байж байтал Д.Э намайг хутгалсан байна гээд орилохоор нь хартал баруун хөлийн гуч хэсгээс нь цус гоожиж байсан. Л.Г-ын гарт бариулгүй цаасны хутга харагдаж байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан. Д.Э согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 11/,

 

Гэрч М.Эрдэнэцогтын өгсөн: “Бид Заамар сумын иргэн О.Нямдаваа гэх айлын байшинг 2020 оны 7 дугаар сараас хойш Улаанбаатар хотоос ирж хөлсөөр барьж байгаа бид нарыг хариуцдаг Амараа ах 2020 оны 8 дугаар сарын 31-ний өглөө Улаанбаатар хот ажлаар явсан хойгуур нь би Л.Г-д манай охин өчигдөр төрсөн байна би өвөө боллоо гээд хэлэхэд Л.Г би танд ганц шил архи авч өгье гээд хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр барилгаасаа гарч яваад дэлгүүрээс 0.75 литрийн хараа архи авч өгөхөөр нь хашааны ард хувааж уугаад бид хоёр барилгын ажил дээрээ очсон. Орой 18 цагийн үед Л.Г Цогоо ахаа дахиад нэг шил архи авч уухуу гэхээр нь зөвшөөрөөд дахин дэлгүүр орж хараа нэртэй 0.75 литрийн архи Л.Г аваад бид хоёр амрах гэртээ ирээд хоёулаа хувааж уугаад би согтоод унтаад өгсөн. Гэтэл унтаж байхад шуугилдаад Д.Эг Л.Г нь цаасны хутгаар хутгалчихлаа цус алдаад байна гээд Л.Дошчулуун надад хэлэхээр нь би босоод харахад Д.Эгийн баруун гуянаас цус гоожиж байсан. Л.Г миний баруун талд сууж байхаар нь чи яагаад хутга шөвөг болоод байгаа юм бэ гээд асуухад миний өөдөөс юм яриагүй. Намайг 2 давхарт цахилгааны ажлаа хийж байхад Л.Г Д.Э 2 хэрэлдэж маргалдаад барьцалдаж авсан талаар Л.Дошчулуунаас сонссон яг муудалцаж зодолдож байхыг хараагүй.” гэх мэдүүлэг /хх 12/,

 

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн №525 дугаартай шинжээчийн дүгнэлт: "Д.Эгийн биед баруун гуянд шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэжээ /хх 14-15/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Л.Г нь Төв аймгийн Заамар сумын нутаг Бат-Өлзийт 4-р хэсгийн 1-02 тоотод иргэн О.Нямдаваагийн байшинг бусадтай хамтран хөлсөөр барьж байхдаа 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр архидан согтуурч Д.Эгийн архиа больж унтаж амар гэсэн шаардлагыг эсэргүүцэж Д.Э-тай маргалдаж өмсөж байсан ажлын цамцны халаасанд байсан ишгүй цаасны хутгаар Д.Эгийн баруун хөлийн гуянд нэг удаа хатгасан үйл баримт тогтоогдсон.

 

            Түүний дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Эгийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан баруун гуяны дотор дунд хэсэгт 8х0.1 см зах ирмэг нь тэгш 7 оёдол бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

            Иймд шүүгдэгч Л.Г-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч Д.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Л.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 17 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 136 цагийг эдлэх ялаас нь хасаж тооцох саналыг,

Шүүгдэгч Л.Г нь би өмнө нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан эрүүл мэндийн шалтгааны улмаас биелүүлж чадаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, миний дансанд мөнгө байгаа тул мөнгөн торгууль оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Г нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 871 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж дээрх ялаас 296 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүйн улмаас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.6.12-ны өдрийн 28 дугаар шүүгчийн захирамжаар 37 хоног хорих ялаар сольсон болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.02.05-ны өдрийн 3/1860 дугаартай албан тоот, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 16/ тогтоогдсон. Энэ нь эрх зүйн үр дагаварт хүргэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

 Шүүгдэгч Л.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг дурдаж түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 17 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгуулийн ялаас хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.   

 

Эрүүгийн 2034000000523 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10.7 мм урттай саарал өнгөтэй ишгүй төмөр цаасны хутганы хугархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О овогт Л.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Г-ын цагдан хоригдсон 17 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялаас 255 000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийг хасаж түүний төлбөл зохих торгох ялын хэмжээг 195 000 /нэг зуун ерэн таван мянга/ төгрөгөөр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ын төлбөл зохих 195 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6.Эрүүгийн 2034000000523 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10.7 мм урттай саарал өнгөтэй ишгүй төмөр цаасны хутганы хугархайг шийтгэх шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ