| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0174/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/174 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/174
2021 3 11 2021/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2021/0174/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,
улсын яллагч: Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Э-д холбогдох эрүүгийн 2109000000226 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, шашин судлаач мэргэжилтэй, хувиараа уран бүтээл эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт УБ хот, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овоо 5 дугаар гудамжны 10 тоотод оршин суух хаягтай П.Э /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч П.Э нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Хаан банкны салбарт “Солонгос улсын виз гаргаж өгнө, таньдаг хүн маань “болно” гэж байна” гэж хуурч, Д.Гантуяагаас 2.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Э: “мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Д.Гантуяагийн өгсөн: "...2019 оны 12 дугаар сард өөрийн танил П.Э-тэй уулзахад надад “Солонгосын элчин дээр таньдаг хүн байна уу” гэж би асуухад байгаа гэж хэлсэн. “Виз гаргаад өгөөч” гэж хэлэхэд за, болно хүнээс асууя гэж хэлсэн. Эргээд надад “болно гэж байна, паспорт болон 1.500.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн паспортоо өгөөд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Хаан банкны салбараас өөрийн данснаас 1.500.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 01 дүгээр сард утсаар ярихад нөгөө хүн чинь 500.000 төгрөгийг нэмчихлээ, та өнөөдөр хийчих, маргааш бичиг баримтыг чинь гаргаад өгье гэж хэлсэн. Би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 14а байрны 94 тоотод гэрээсээ 500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Танай визийг хөөцөлдөж өгөх хүн маань Солонгос улс руу явчихсан байна гэж хэлээд 2020 оны зун болохоор нь би П.Этэй ярьж байгаад өөрийн паспортоо авсан. Таны мөнгийг эргүүлж өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/,
“ХААН” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-7 тал/,
П.Э-н яллагдагчаар өгсөн: “...2019 оны 12 дугаар сард манай танил Гантуяа нь надаас Солонгос улс руу явуулах арга байна уу гэж асууж байсан. Би тухайн үедээ нэг хүнтэй холбогдсон гээд Гантуяа гэх эмэгтэйгээс эхлээд 1.500.000 төгрөг дараа нь 500.000 төгрөг өөрийн дансаар авсан. Уг мөнгөнүүдийг аваад өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулаад дууссан. Ингээд дараа нь Баттөр гэх хүнтэй уулзаад Солонгос улс руу Гантуяа гэх хүнийг явуулах хэрэгтэй байна гээд 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Баттөр гэх хүний мэдээллийг мэдэхгүй байна, гэрийн хаяг утасны дугаар, овог нэр, төрсөн он сар, өдөр, фэйсбүүк хаягийг мэдэхгүй байна. Тухайн үед Баттөр гэх хүнтэй танилын холбоотой байдаг байсан. Баттөр дараа нь надад виз бүтэхгүй болчихлоо гээд надад 2.000.000 төгрөгийг мөн бэлнээр өгсөн. Ингээд би Гантуяад виз бүтэхгүй болчихлоо мөнгийг чинь өгнө гэж хэлээд өдийг хүргэсэн. Одоо бол Гантуяад 2.000.000 төгрөгийг нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Гантуяагийн данс руу өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд: Шүүгдэгч П.Э нь БНСУ-ын виз гаргаж өгнө, Солонгосын элчинд таньдаг хүн байгаа гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Далхаагийн Гантуяагаас 2019.12.02-ны өдөр 1 500 000 төгрөг, 2020.01.06-ны өдөр 500 000 төгрөг нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг УБ хотын Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Хаан банкны салбараар шилжүүлүүлэн залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Э-н БНСУ-ын болон тус улсын Элчин сайдын яамны бүрэн эрхэд хамаарах Монгол Улсын иргэдэд тус улсад зорчих виз олгох асуудлыг шийдвэрлэх эрхтэй ажил, албан тушаал хашдаггүй, өөрт нь ийм эрх огт олгогдоогүй гэдгийг мэдсээр байж хохирогч Т.Гантуяад БНСУ руу зорчих виз гаргаж өгнө, Солонгосын элчинд ажилладаг таньдаг хүнээрээ виз гаргуулж өгнө гэж түүнээс 2 удаагийн үйлдлээр 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч П.Э нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч П.Э-н хувьд олны танил, нэр нүүрээр амар хялбар аргаар бусдаас мөнгө төгрөг олж амьдрах, хувьдаа ашиг хонжоо олох гэсэн шууд санаатай шунахай зан байдал нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч П.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Гантуяа нь хавтаст хэргийн 63 дугаар талд “П.Э-с хохирлын мөнгө болох 2.000.000 төгрөгийг бүрэн хүлээн авч ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие шүүх хуралд оролцохгүй” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг П.Э-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч П.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч П.Э-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч П.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР