Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 547

 

 

 

 

 

 

 

 

Д.Батдоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/01663 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Батдоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П.Төмөрбаатарт холбогдох

 

336.000 юань, 8.029.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Цэрэндэжид, Д.Батсүх

Хариуцагчийн өмгөөлөгч С.Даваасүрэн

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Батдоржийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.Батдорж миний бие 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч П.Төмөрбаатарын данс руу 8.029.000 төгрөгийг 336.000 юанийн хамт Хятад улсад явж байхад нь хамтарч ажиллах тохиролцооны дагуу шилжүүлсэн. Гэвч хамтран ажиллах гэрээ  болон ярилцсан зүйл байхгүй. Би 2010 онд мөнгөө авах талаар хэлсэн боловч ашиг муу байгаа учир түр хүлээгээч гэсэн. Дараа нь дахин мөнгөө нэхсэн боловч надад нэг ч төгрөг өгөөгүй. 2012 онд хариуцагчтай уулзахад мөнгөө хүүтэй нь төлнө гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Үүнээс хойш 2014 онд автомашинаа авъя гэж хэлж байсан. Тэгтэл татвар төлөгдөөгүй байгаа учир татвараа бүрэн бүтэн төлөөд өгнө гэсэн. Үүнээс хойш одоо хүртэл мөнгө өгөөгүй. Иймд би зээлсэн 336.000 юань болон 8.029.000 төгрөгөө авах хүсэлтэй байна. Өрөм, Зил-131 маркийн автомашиныг сайжруулаад зассан юм бол түүнийгээ зараад миний мөнгийг өгчихөж яагаад болохгүй байгаа юм. Би мэргэжлийн хүн биш учир мэргэжлийн хүнтэй очиж өрмийн машиныг үзсэн. Тэгтэл хог дээр хаяхаар болсон байсан. Одоо ямар ч ажил хийх боломжгүй гэсэн. Хамтран ажиллах гэрээг бичгээр хийхээр тохирсон боловч бичгээр хийгээгүй. Зээлийн гэрээг бодитоор хийгээгүй учир уг нэхэмжлэлтэй хамааралгүй гэж үзэж байна. Би уг машиныг нэхэмжлэлдээ оруулаагүй нь "Наранталст" ХХК-тай хамааралтай. Би өрмийн машин авахад зээлсэн мөнгөө авъя гэж шаардаж байгаа гэжээ.

 

Хариуцагч П.Төмөрбаатарын гаргасан хариу тайлбарт: 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орчимд 4 хүн уулзсан. Анх би "Монголын алт" буюу "МАК" ХХК-д ангийн даргаар, гэрч Б.Баянмөнх нь өрөмдлөгийн ажил хариуцсан багийн даргаар ажиллаж байгаад бид хоёр С.Дашдэндэв ахад компани байгуулж ажиллах талаар санал тавьсан. С.Дашдэндэв ах уг саналын дагуу Д.Батдоржийг уулзуулсан. Тухайн үед би Д.Батдорж ахад компани байгуулаад өрмийн машин аваад ажиллах боломжтой. Би таныг сайн танихгүй учир та хариу хэлээрэй гэсэн. Удаагүй 10 хоногийн дараа дахин уулзаж, Д.Батдорж ах, П.Төмөрбаатар ах, Б.Баярмөнх бид 4 ярилцаад С.Даншдэндэв ах, Д.Батдорж ах 2 хөрөнгө оруулахаар болж, Б.Баярмөнх бид хоёр компанийн үйл ажиллагааг хариуцахаар тохиролцсон. Мөн гэрч Б.Баярмөнх компани байгуулахад зориулж "Маяти" маркийн автомашинаа өгсөн. Би "Ланд-80" маркийн автомашинаа гаргасан. Д.Батдорж ах, С.Дашдэндэв ах хоёр өрмийн машин болон Зил-131 маркийн автомашиныг авахад хөрөнгө оруулахаар болоод компани байгуулахаар тохиролцсон. Ер нь бол 336.000 юань болон 8.029.000 төгрөгийг өрөм авч ирэх зориулалтаар авсан. Түүнээс биш Д.Батдоржоос зээлээд авсан зүйл байхгүй. Уг шилжүүлсэн мөнгө нь өрөм болоод ирсэн. Тэгээд тодорхой хугацаанд ажил хийсэн. Ажил хийсэн ашгаасаа С.Дашдэндэв гуайд өгч байсан. Д.Батдоржид мөнгө өгч байгаагүй. С.Дашдэндэвт ашгаасаа өгөөд Д.Батдоржтой учраа ол гээд өгсөн. Өрөм 2009 оноос 2012 онд ажил хийгээд явж байсан. Үүнийг Д.Батдорж өөрөө мэднэ. Сүхбаатар аймаг руу ажил аваад явсан боловч өрөнд ороод Д.Батдоржоос түлшний мөнгө авч байсан. Тэр мөнгийг өгсөн. Тэгээд 2012 оноос хойш уул уурхай салбарт ажил муу болсон учир нэг ч ажил хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өрөм болон Зил-131 маркийн автомашин бүрэн байгаа. Дээрээс би засч сайжруулаад бүрэн орчин үеийн болгосон байгаа. Би Д.Батдорж гуайн эд зүйлийг зарах эрх байхгүй. Дээрээс нь уул уурхайн ажил ерөнхийдөө зогссон учир өрмийг авахгүй байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгөөр нь өрмийг авч ирсэн. Харин ч дээрээс нь нэмж засвар хийж сүүлийн үеийн болгосон. Тиймээс өрмийг нь өгье гэсэн бодолтой байна. Тэрнээс биш мөнгийг шилжүүлээд зээлсэн зүйл байхгүй гэжээ.

 

Шүүх: Монгол улсын иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийн 218.1 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Төмөрбаатараас 119.685.160 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Батдоржид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 770.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч П.Төмөрбаатараас 756.375,8 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.Батдоржид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Даваасүрэн давж заалдах гомдолдоо:  Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч хариуцагчийг буруу сонгосон байхад шүүх анхаарсангүй. Нэхэмжлэгч хэдийгээр хариуцагчийг сонгох эрхтэй ч, нэхэмжлэгч өөрөө зориудаар хариуцагчийг "Наран талст" ХХК биш иргэн П.Төмөрбаатар гэж буруу сонгосон энэ нь хэрэгт авагдсан үйл баримтаар хангалттай нотлогдож, энэ талаар хариуцагчийн өмгөөлөгч С.Даваасүрэн миний бие шүүхэд хүсэлт гаргасан байхад шүүх энэ асуудлыг анхаарч дүгнэсэнгүй.

Хариуцагч нь иргэн биш, "Наран талст" ХХК болох нь дараах үйл баримтаар нотлогддог. Нэгд: өрөмдлөгийн үйл ажиллагааг хувь хүн эрхэлдэггүй бөгөөд хэдийгээр талууд компани байгуулахаар ярилцаж нэг сарын өмнө П.Төмөрбаатарын нэр дээр байгуулагдаад бүртгүүлчихсэн "Наран талст" ХХКомпаниар энэ үйл ажиллагааг явуулахаар болж, бусад оролцогч талууд үүнээс татгалзаагүй энэ нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог, хоёрт: Өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг урд хөршөөс худалдан авахаар болж үнийг судлан, авч ирэх даалгавартайгаар мэргэжлийн хүний хувьд П.Төмөрбаатар, Б.Баярмөнх нар яваад, Худалдах худалдан авах гэрээнд "Наран талст" ХХК-ийн тамга дарсан байдаг, гуравт: талуудын бичгээр үйлдсэн баримтуудад нэг талаас Батдорж Дашдэндэв нар гарын үсэг зурж нөгөө талаас "Наран талст" ХХК-ийн захирал П.Төмөрбаатар гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан байдаг, дөрөвт: хамтран ажиллах тохиролцооны дагуу талуудын оруулсан өрмийн тоног төхөөрөмж бусад Зил 131 автомашин болон Майти машин бүгд компанийн нэр дээр, үндсэн хөрөнгөнд нь бүртгэгдээд тайлан тооцоонд ороод явж байгаа нь нотлогддог, энэ талаар маргаагүй юм.

2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт утга агуулга дүгнэлт зөрчилтэй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Үндэслэх хэсэгт хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Хамтран ажиллах гэрээний гол нөхцөл гэж тийм зүйлүүдийг тохиролцоогүй” гэж үзэхдээ Иргэний хуулинд заагаагүй нөхцөл байдлуудыг тохиролцоогүй гэж шүүгч дотоод итгэл үнэмшлээрээ нэмж нөхцлүүд гарган ирж тайлбарласан нь үндэслэлгүй юм.

Талуудын оруулахаар тохиролцсон хөрөнгө оруулалт тодорхой, “Наран талст” ХХК-ийн эзэмшилд тэдгээр нь шилжсэн, хэн ямар үүрэгтэй болох, хамтарч ажиллахаа тохиролцсон, ашгаа хэрхэн хүртэх талаар тохиролцсон, анх шинээр компани байгуулахаар ярилцаж байсан ч нэгэнт 1 сарын өмнө бүртгүүлчихсэн бэлэн байсан “Наран талст” ХХК-иар үйл ажиллагаагаа явуулахаар тохиролцсон.

3. Талуудын хооронд болсон харилцааг зөв тодорхойлж дүгнэсэн атлаа эцэстээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хуулийг буруу хэрэглэлээ.

Талуудын хооронд геологийн өрөмдлөгийн ажил явуулахын тулд шаардлагатай өрөмдлөгийн тоног төхөөрөмж авах болон бусад зориулалтаар ашиглах машин механизм гаргахаар талууд тохиролцсон. Эдгээрийг хэн хэрхэн гаргасан нь тодорхой. Мөн ашгаа 100 хувь гэж үзэх юм бол 4 оролцогч тус бүр 25%-иар тохиролцсон гэдэг нь нэхэмжлэгч Батдорж, хариуцагч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон байхад гол нөхцлийн талаар тохиролцоогүй байна гэсэн нь үндэслэлгүй юм. Анхнаасаа оруулсан бүх хөрөнгө нь хамтран ажиллах тохиролцооны дагуу "Наран талст" ХХК дээр байхыг мэдэж, хүлээн зөвшөөрч байсан талаар оролцогч нар маргаангүй.

Хамтын ажиллагаанд өрмийн тоног төхөөрөмжийн мөнгийг Батдорж, Дашдэндэв нар хамтран гаргаж байгаа юм байна гэж П.Төмөрбаатар ойлгож байсан ба өрмийн машин болон Зил 131 машиныг өөрсдөө хамтран гаргасан гэдгээ илэрхийлж зээлийн гэрээ болон тодорхойлолтонд дурдаж, гарын үсэг зурсан байдаг. Мөн Батдорж элэгний өвчтэй гадагшаа явж эмчилгээ хийлгэх мөнгө хэрэгтэй байна чамаас аваад өг гэсэн гэхээр нь Батдоржид өгөөрэй хэмээн Дашдэндэвээр дамжуулан 2010 оны 11 сарын 04-ний өдөр 8.000 ам.доллар, 2.700.000 төгрөг өгснийг гэрч Дашдэндэв гэрчээр мэдүүлэг өгөхдөө шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн гэрч Дашдэндэвт 2013 оны 03 сарын 04-ний өдөр 5000 ам.доллар, 3.000.000 төгрөг, Баярмөнхөд 2.000.000 төгрөг өгсөн.

Хамтран ажиллах тохиролцоо хуулийн шаардлагыг хангасан, оруулсан хөрөнгө болох өрмийн машин нь анхнаасаа “Наран талст” ХХК-ийн эзэмшилд байхыг Батдорж мэдэж, татгалзаагүй, "Наран талст" ХХК-ийн захирал П.Төмөрбаатар анхнаасаа иргэн П.Төмөрбаатарын хувиар биш "Наран талст" ХХК-ийг төлөөлж, захирлын хувиар хамтран ажиллах харилцаанд оролцож, хэрэгжүүлж байсан нь бичгийн болон бусад үйл баримтаар хангалттай нотлогддог.

"Наран талст" ХХК-ийн захирал П.Төмөрбаатар, Баярмөнх хоёр Хятадаас өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг судалж, авч ирэхээр явахдаа Батдоржийн даалгавраар түүний хөрөнгийг бодитой болгож түүний мөнгөөр худалдан авч ирэхээр явсан, тэр ажлаа л гүйцэтгэсэн.

4.         Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн буруу гарган нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч Батдорж 2010 оноос зээлийн гэрээ хийснээр оруулсан хөрөнгөө буцаан шаардаж эхэлсэн ба уг зээлийн гэрээ болон 2012 онд үйлдсэн тодорхойлолтонд бичсэн агуулга, үндэслэл, үнийн дүнгээс тодорхой харагддаг ба түүний шаардах эрх нь тэр үед үүсч, тэдгээр баримтанд тооцоолж, тодорхойлон тусгасан үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн тодорхойлогдох учиртай. “Наран талст” ХХК-иас өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг Батдоржид өөрт нь шилжүүлж өгөхийг оролдсон боловч татгалзсан болох нь хариуцагч, нэхэмжлэгчийн шүүх хуралд хэлсэн тайлбараар нотлогддог.

5.         Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Батдоржийн шаардах эрх 2010 оноос үүссэн ба 2016 оны 08 сарын 31-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээний үүрэгтэй холбоотой гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг тул энэ хугацаа өнгөрсөн байна.

Иймд дээрх үндэслэлээр иргэн П.Төмөрбаатар нь хариуцагч биш бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь нотлогдоогүй байх тул Сонгино-Хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн дугаар 184/ШШ2016/01663 шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ уг маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй тул хууль хэрэглээний болон агуулгын өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Д.Батдорж нь хариуцагч П.Төмөрбаатараас 336 000 юань, 8 029 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2009 оны 02 дугаар сард иргэн Д.Батдорж, С.Дашдэндэв, Б.Баярмөнх, П.Төмөрбаатар нар хамтран өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилгоор хайгуулын өрөмдлөгийн тоног төхөөрөмж болон Зил 131 маркийн авто машин худалдан авахад зориулан Д.Батдорж, С.Дашдэндэв нар  336 000 юань, 8 029 000 төгрөг, Б.Баярмөнх Майти маркийн авто машинаар, П.Төмөрбаатар Ланд-80 маркийн авто машинаар тус тус хөрөнгө оруулан бий болсон хөрөнгийг П.Төмөрбаатарын үүсгэн байгуулсан “Наран талст” ХХК-ийн эзэмшилд бүртгэсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Шүүх зохигчдыг хэлцлийн гол нөхцөл болох хураамж, ашиг орлогын талаар  хэлэлцэн тохиролцсон байх шаардлагыг хангаагүй учир хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

           

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна” гэж заасан байх бөгөөд талууд гэрээг бичгээр байгуулаагүй, хураамжийн хэмжээ, ашиг алдагдлыг хэрхэн хуваарилах журмыг тухайлан тохиролцоогүй байгаа нь уг гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Талууд өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилгоор тодорхой тоног төхөөрөмж худалдан авахад мөнгөн хөрөнгө гаргаж, уг үйл ажиллагааг  явуулсан болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д “Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно” гэж зохицуулсан ба хэргийн 6 дугаар талд авагдсан ““Наран талст” ХХК-ийн захирал П.Төмөрбаатар миний бие 2009 онд иргэн Д.Батдорж, С.Дашдэндэв нараас 100 853 800 төгрөг авсан нь үнэн. Уг мөнгөөр Хятад улсаас геологи хайгуулын зориулалттай өрөмдлөгийн тоног төхөөрөмж, техникийн захаас Зил-131 маркийн машин зэргийг худалдан авч уг компанийн данс бүртгэлд тусгасан. П.Төмөрбаатар миний бие мөнгийг төлөөгүй ба үндсэн өрийг 2012 онд төлж дуусгах бөгөөд дараагийн жилд хүүг тооцож өгнө" гэх тодорхойлолт бүхий баримтаас үзвэл Д.Батдорж, С.Дашдэндэв нар нь хамтын үйл ажиллагаанаас гарсан гэх үндэстэй байна.

 

Гэрээний нэг тал болох С.Дашдэндэв нь шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо “...би хамтарч ажиллана гэж байсан боловч хөрөнгө оруулж чадаагүй, мөнгийг Д.Батдорж ганцаараа гаргасан...” гэсэн мэдүүлэг гаргасан байх тул хариуцагч П.Төмөрбаатарын төлөхийг зөвшөөрсөн 100 853 800 төгрөгийг нэхэмжлэгч Д.Батдоржид хамтран ажиллах гэрээнээс гарах үед нь ногдох хувь  гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хамтын үйл ажиллагаанаас гарах тохиолдолд тухайн этгээдэд ногдох хувийг өгөх талаар Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт “Нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзана” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Батдоржийг хамтын үйл ажиллагаанаас гарах үед нь ногдох хувийг 100 853 800 төгрөгийн хэмжээнд эргүүлэн олгох талаар П.Төмөрбаатарыг хүлээн зөвшөөрч байсан гэж үзнэ. Нэхэмжлэгч Д.Батдоржид ногдох хувь хэмжээнээс хамтын үйл ажиллагаатай холбоотой гарсан өр төлбөрийг хасч тооцох хуулийн үндэслэлтэй хэдий ч хариуцагч талаас хамтын үйл ажиллагаатай холбоотойгоор ямар үүрэг үүссэн гэдгийг нотлоогүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Ийм учраас нотлох баримтаар нотлогдсон  хэмжээнд 100 853 800 төгрөгийг хариуцагч П.Төмөрбаатараас гаргуулж нэхэмжлэгч Б.Батдоржид олгох нь зүйтэй.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэгч Д.Батдоржийн шаардах эрх 2010 оноос үүссэн ба 2016 оны 08 сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээний үүрэгтэй холбоотой гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Хариуцагч П.Төмөрбаатар нь 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баримт үйлдэж, тэрээр 100 853 800 төгрөгийн үнийн дүн бүхий мөнгөн төлбөрийг 2012 онд төлж дуусгахаар тодорхойлсон байх ба түүний  шүүх хуралдаанд “... 2015 онд Д.Батдорж машин болон өрмөө авъя гэж байсан...” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь 2015 онд хөрөнгө оруулалттай холбоотойгоор хариуцагчид шаардлага гаргаж байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.Батдоржийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

Мөн нэр бүхий 4 иргэн  нэгдэж, ашиг олох зорилгоор өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулахаар тохирсон нь гэрч С.Дашдэндэв, Б.Баярмөнх нарын мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдсон байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...хариуцагч нь “Наранталст” ХХК болно...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
           

Хамтран ажиллах гэрээний зүйл болох өрөмдлөгийн тоног төхөөрөмж, Зил-131 маркийн машин механизмыг хамтран ажиллагч нэг талын үүсгэн байгуулсан “Наран талст” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн нь уг компанийг хамтран ажиллах гэрээний тал, уг гэрээтэй холбоотой үүссэн үргийг хариуцах этгээд гэж үзэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь 8 029 000 төгрөгөөс гадна 336 000 юанийг Монгол банкны 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ханш /332.31 төгрөг /-аар тооцож, нэхэмжлэлийн нийт дүнг   119 685 160 төгрөг гэж тодорхойлсон тул уг шаардлагаас 100 850 800 төгрөгт холбогдох хэсгийг хангаж үлдэх 18 834 360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээр дурдсан үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/01663 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1, 479.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Төмөрбаатараас  100 850 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Батдоржид олгосугай” гэж өөрчилж,

шийдвэрийн 2 дахь заалтыг “756.375,8 төгрөг гэснийг 662.204 төгрөг” гэж өөрчлөн , хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756 376 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                            Б.НАРМАНДАХ

 

                                                А.МӨНХЗУЛ