Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 680

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 12 дугаар сарын 2609, 2009 оны 08 дугаар сарын 523 дугаар шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцуулах, Ашигт малтмалын хайгуулын 7470Х тусгай зөвшөөрөлтэй дүйцэх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал Газрын тосны газарт даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А, нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Э, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Энэ асуудлаар 10 орчим жил явж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2015 хойш өргөдөл өгсөн. Харамсалтай нь миний хүсэлтийг хүлээн авдаггүй бөгөөд уул, ус гол мөрөнтэй, төлбөрөө төлөөгүй тул таны гомдлыг хүлээн авах боломжгүй гэж тайлбарладаг. Энэ тухай хууль зөвлөгөө авахад анх шилжүүлснээс эхлээд хууль бус үйл ажиллагаа явуулсан байна гэж хэлсэн. Энэ нь Х ХХК-ийг шилжүүлэх 2500 доллар манай дансаар дамжигдаж гэнэтийн ашгийн албан татвар болох 30 хувийг татварын байгууллагад төлсөн баримт байхгүйгээс харахад ойлгомжтой. Албан ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хэн нэгэн этгээд хууль бусаар тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байдаг. 2015 онд энэ асуудлыг Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн шийдвэр гарсан даруйд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өргөдөл өгөхөд энэ хүчин төгөлдөр бус байна. Анх 2007 оны хэрэг учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мөн тайлбарладаг. Миний хувьд ингэж хохирсон байхад Кадастрын хэлтэс хүлээж авахгүй байгаа нь хачирхалтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: 1. Х ХХК-тай холбоотой нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай цугласан байна. Компанийн тухай хуулиар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий эзэмшигч нь Н.Э******* гэж хүн байсан байна.
2. Тухайн үед Д ХХК руу шилжүүлэх үедээ хүсэлтээ өгөх үед үүний дагуу шийдвэр гарсан байдаг. Гэтэл энэ үед худалдах худалдан авар гэрээний дагуу үнийн дүнгийн 30 хувийг төлж байсан гэсэн баримт Х ХХК-ийн татварын баримтаас харагдахгүй байна.
3. Хариуцагчийн хариу тайлбарт уг маргаанд гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарладаг. Х ХХК-ийн эзэмшиж байсан 7470Х хайгуулын тусгай зөвшөөрөлд хөрөнгө оруулах тухай Солонгос улсын иргэн, аж ахуйн нэгжтэй байгуулсан хөрөнгө оруулах гэрээ байна. Энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус болохыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн дагуу шийдэгдсэн байна. Уг гэрээг үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. 7470Х хайгуулын тусгай зөвшөөрлийн хайгуулын талаарх анхдагч материалыг Д ХХК-д худалдах нөхцөлтэй байна. Тухайн үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл хайгуулын талаарх анхдагч материал тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид шилжүүлж болно. гэж заасны дагуу хуульд нийцүүлэн хуурамч гэрээ байгуулсан байна. Хэрэв албан ёсны байдлаар шилжүүлсэн бол татвар төлсөн баримт байх учиртай. Тухайн үед хууль зөрчиж нэхэмжлэгчийн эзэмшилд байсан тусгай зөвшөөрөл шилжигдсэн байна. Нэхэмжлэгч анх 2008 онд шүүхэд хандсан учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй юм.
4. Хөрөнгө оруулах гэрээг 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулан уг гэрээг үндэслэн 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Эхэлж хийгдсэн хөрөнгө оруулах гэрээ нь Монгол Улсын Шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон учраас Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна. гэж заасны дагуу уг гэрээ 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хүчин төгөлдөр бус буюу Х ХХК нь 7470Х тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан гэж үзэж байна.
2009 онд урт нэртэй хууль батлагдсан энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглах, хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамтын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд болсон өдрөөс 3 сарын дотор геологи уул, уурхай хариуцсан төрийн захиргааны байгууллагад өргөдөл, гомдол гаргана гэж заасан байна. 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан заалт юм.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шийдвэр 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөр огноологдож гарсан байдаг. Дээр дурдсан хуульд заасны дагуу 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 3 сарын дотор үргэлжлүүлэхийг хүссэн өргөдөл, гомдол гаргана гэдэгт хамаарч байна. Бид геологи уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүсэлтээ өгсөн. Хариу ирүүлэхдээ урт нэртэй хуулийн бүсэд хамрагдсан ба 2009 онд тусгай зөвшөөрөл цуцлагдсан учраас хүлээн авах боломжгүй гэдэг хариу ирсэн. нотлох баримтаас харахад хөрөнгө оруулалтын гэрээнд зурагдсан Н.Эийн гарын үсэг нь өөрийнх нь гарын үсэг биш болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Х ххк 7470Х тусгай зөвшөөрөл эзэмшигч биш учраас тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа дэмжиж байна.
Хөрөнгө оруулалтын гэрээний тухайд уг гэрээ нь төрийн захиргааны байгууллагад бүртгэгдээгүй гэрээ байна. Ашигт малтмал, газрын тосны газарт өгсөн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцсон тухай шүүхийн шийдвэр гарсан зүйл байхгүй. Иймд уг гэрээ хүчин төгөлдөр байна. Төрийн захиргааны байгууллага 2609 буюу 2007 оны шийдвэрээ Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу гаргасан. Хавтаст хэрэгт татвар төлсөн баримт авагдсан байна. 2013 он хүртэл татвар төлсөн дансны хуулгыг үндэслэж шилжүүлдэг байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-д заасан бичиг баримтууд бүрэн учраас уг тусгай зөвшөөрөл шилжиж, бүртгэгдсэн байна. Гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан учраас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2609 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан, хүчин төгөлдөр захиргааны акт юм. Уг захиргааны актыг хүчингүй болгуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Д ХХК тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаанд төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлөө 2009 онд цуцлуулсан байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч төлбөрөө төлөөгүй хуулийн хугацаанд төлөхгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйл, 34 дүгээр зүйл, 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн зохицуулалттай. Үүний дагуу төрийн захиргааны байгууллага өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлсэн байна. Эрх цуцлагдсантай холбоотой тухайн үед ямар нэгэн гомдол гараагүй. Мөн уг тусгай зөвшөөрөл бүхий талбай нь хориглосон хязгаарлалтын давхцалтай тул бусдад олгох боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д эрх ашиг нь хөндөгдөх буюу хөндөгдөж болзошгүй этгээдийн эрх ашгийг хамгаалахаар заасан байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн эрх ашгийг хамгаалах тухай ойлголт байхгүй. Тухайн тусгай зөвшөөрөлтэй дүйцүүлэн олгох тухай асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заасан байна. Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх, томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр дүйцүүлэн олгож болно. гэж заасан байна. Тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байгаа талбайг улс орны эрх ашгийг хангах үүднээс тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд дүйцүүлэн олгох асуудлыг хуульчилсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Х ХХК-ийн захирал Я.Э Ашигт малтмалын газрын Кадастрийн хэлтсийн даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Х ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 7470Х тоот тусгай зөвшөөрлийг Д ХХК руу шилжүүлсэн 2609 дүгээр шийдвэр, мөн ээлжит жилийн төлбөр төлөөгүй үндэслэлээр ашигт малтмалын 7470Х тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрийн хэлтсийн даргын 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 523 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хайгуулын 7470 дугаар тусгай зөвшөөрлийг Х ХХК-д сэргээн бүртгэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 12 дугаар сарын 2609, 2009 оны 08 дугаар сарын 523 дугаар шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцуулах, Ашигт малтмалын хайгуулын 7470Х тусгай зөвшөөрөлтэй дүйцэх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал Газрын тосны газарт даалгах гэж өөрчилжээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Онги Улиастайд 3289 гектар талбайд 7470Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг иргэн Я.Б 2003 оноос эзэмшиж байсан бөгөөд Геологи уул уурхайн кадастрийн хэлтсийн даргын 2007 оны 923 дугаар шийдвэрээр Х ХХК-д шилжүүлж бүртгэжээ.
Улмаар Х ХХК-ийн хүсэлтээр 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2609 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Д ХХК-д шилжүүлсэн бүртгэл хууль зөрчиж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Учир нь маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын 7470Х дугаар тусгай зөвшөөрлийг Х ХХК компаниас Д ХХК-д шилжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-д заасан баримт бичгийг бүрдүүлэн өгч шижүүлсэн болох нь хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай энэ хуулийн зохицуулалттай нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл Х ХХК-ийн 2007 оноос 2009 оны хооронд эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 7470Х дугаартай тусгай зөвшөөрлийг тус компаний шилжүүлэхийг хүссэн өргөдөл, бусад холбогдох баримт бичгийг үндэслэн Д ХХК-д шилжүүлж бүртэгснээр Х ХХК энэхүү тусгай зөвшөөрлийг эзэмших эрхгүй болсон байна.
Ийнхүү Х ХХК-ийн эзэмшиж байсан 7470Х тусгай зөвшөөрлийг компаний өөрийнх нь хүсэлтээр өөр компанид шилжүүлж бүртэгснээр нэхэмжлэгч уг тусгай зөвшөөрлийг эзэмших эрхгүй болсон бөгөөд маргаан бүхий тусгай зөвшөөрлийн эзэмшигч биш этгээд тусгай зөвшөөрөл шилжсэнтэй холбоотой маргаанаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
Түүнчлэн Х ХХК-ийг Я.Б үүсгэн байгуулж 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1 гишүүнтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Я.Э нь тус компанийн захиралаар 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр томилогдсон байна.
Харин нэхэмжлэгч Я.Э тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн нь хууль бус гэх үндэслэлээ 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй орд газарт хөрөнгө оруулах тухай гэрээг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон, 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөөгүй байхад шилжүүлсэн гэж үзэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Учир нь дээрх Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй орд газарт хөрөнгө оруулах тухай гэрээг нэхэмжлэгч Я.Э өөрөө уг гэрээний нэг тал болж байгуулсан атлаа өөрөө нэхэмжлэл гаргаж Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулсан нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1835 дугаар шийдвэрээр тогтоогдож байгаа бөгөөд тусгай зөвшөөрөлтэй талбайд хөрөнгө оруулах гэрээ цуцлагдсан нь тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн бүртгэлийг хууль бус гэж үзэж сэргээх үндэслэл болохгүй.
Түүнчлэн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу Х ХХК 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын банкаар гүйлгээ хийж Хан-Уул дүүргийн татварын хэлтэст Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 292500 төгрөг тушаасан хуулгыг хариуцагчаас тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн хувийн хэргээс хуулбарлан ирүүлжээ.
Мөн тусгай зөвшөөрлийг цуцалж бүртгэсэн тухай 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7-8961 дугаар мэдэгдэх хуудсыг 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Я.Э өөрөө гарын үсэг зурж гардаж авсан атлаа түүнээс 7 жил 6 сарын дараа дээрх тусгай зөвшөөрөл шилжүүлсэн бүртгэл хууль бус гэж шүүхэд хандаж байгаа нь нэхэмжлэгчийн ашигт малмалын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Я.Э 7470Х тусгай зөвшөөрлийг Солонгосын хөрөнгө оруулалттай компанид худалдах үйл ажиллагаанд бичлэн оролцож, гэрээ байгуулан хүсэл зоригоо илэрхийлж байсан, уг тусгай зөвшөөрөл тэрхүү компанид шилжсэнийг мэдсэн, шилжүүлж бүртгэсэн тухай мэдэгдэх хуудсыг гардаж авсан зэрэг үйл баримтууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2002 оны)-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргаааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана. гэсэнтэй нийцээгүй гэж дүгнэв.
Нөгөө талаар Д ХХК-ийн эзэмшлийн 7470Х ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээр цуцалсан хариуцагчийн 523 дугаар шийдвэр хууль зөрчөөгүй.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө. гэж заасан ба Д ХХК 7470Х тоот тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө төлж баримтыг ирүүлэхээр байжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газраас Д ХХК-д тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар цуцлах үндэслэл бүрдсэн талаар 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6-1640 дугаар мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухай баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.
Иймд Д ХХК хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй:, энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө. гэсэн үндэслэлээр Кадастрийн хэлтсиййн даргын 2009 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 523 дугаар шийдвэрээр цуцалсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч Д ХХК энэ 523 дугаар шийдвэртэй маргаагүй байна.
Мөн нэхэмжлэгчийн Ашигт малтмалын хайгуулын 7470Х тусгай зөвшөөрөлтэй дүйцэх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал Газрын тосны газарт даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.
Нэхэмжлэгч Х ХХК нь маргаан бүхий 7470Х ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эзэмшигч бишээс гадна энэхүү тусгай зөвшөөрөл бүхий талбай нь 2009 оны 07 дугаа сарын 16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарч гол мөрний урсац бүрэлдэх эхтэй бүтэн, ойн сан бүхий газрын хилийн заагтай хэсэгчилсэн давхцалтай байна.
Энэ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 06б/2728 дугаар албан бичиг түүний хавсралт зураг[1], Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7/2456 дугаар албан бичиг, түүний хавсралт зургаар[2], мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 7/4333 дугаар[3] албан бичгээр тус тус тогтоогдсон байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.


           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:


1.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 24.2, 49 дүгээр зүйлийн 49.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 12 дугаар сарын 2609, 2009 оны 08 дугаар сарын 523 дугаар шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцуулах, Ашигт малтмалын хайгуулын 7470Х тусгай зөвшөөрөлтэй дүйцэх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал Газрын тосны газарт даалгах нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал Я.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
 
 

 


 
                                                          ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР