Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0723

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн төлөөлөгч Д.Батмагнай

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: М ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 621 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0445/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М ХХК нь М ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2028 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 621 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-021286 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн төлөөлөгч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч давагдашгүй хүчин зүйлийн улмаас төрийн захиргааны байгууллагад хандах, өргөдлөө гаргах, өргөдөлд хавсаргах баримтыг бүрдүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ... сунгуулах өргөдлийг хуульд заасан 1 сарын өмнө гаргаагүй нь тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй, кадастрын хэлтсийн даргад ийм эрхийг хуулиар олгоогүй, зөвшөөрөөгүй байх тул ... нэхэмжлэлийг хангах нь зүйтэй” гэжээ. Дээрх дүгнэлтийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. М ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сунгуулах өргөдлөө ирүүлж чадаагүй гэдэг шалтгаанаа тайлбарлан хүсэлт болон тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг давагдашгүй хүчин зүйлийн улмаас төрийн захиргааны байгууллагад хандах, өргөдлөө гаргах, өргөдөлд хавсаргах баримтыг бүрдүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг зөвхөн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамааруулан дүгнэж байгаа нь ойлгомжгүй, хэт нэг талыг барьсан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3.2. Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй гэж тодорхой заасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага хангах тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3 “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4 “хайгуулын тухай үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.

3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан 1 сарын өмнө гэсэн нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон, тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд эзэмшигч сунгуулах тухай өргөдлийг гаргах журмаар зохицуулж өгсөн.

3.4. Хууль тогтоогчоос тогтоосон дээрх хуулийн дагуу нэхэмжлэгч М ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг гаргах байсан. Гэтэл М ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-021286 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна. Тодруулбал, хайгуулын XV-021286 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч М ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг манай байгууллагад ирүүлээгүй нь тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болсон байна.

3.5. Түүнчлэн Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас компанийн гүйцэтгэх удирдлага Хятад улсын Шанхай хотод гэрийн хориотой, Монгол Улсад байгаагүй гэх шалтгааныг хариуцагчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй бөгөөд өргөдөл хүлээн авах дээрх хугацааг төрийн захиргааны байгууллага бус Ашигт малтмалын тухай хуулиар тогтоосон бөгөөд нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ явахаасаа өмнө сунгуулах өргөдөл гаргах бүрэн боломж байсан байна.

3.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан. М ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахыг хүссэн албан бичгүүдэд тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 8/2165, газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/2488 тоот албан бичгүүдээр “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дууссан байх тул хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг тус тус хүргүүлсэн байна. Гэтэл төрийн захиргааны байгууллагыг компанийн албан хүсэлтүүдэд тухай бүрд нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу сунгуулах өргөдлөө гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныд агуу дуусгавар болсон талаар удаа дараа хариу өгсөөр байхад төрийн захиргааны байгууллагыг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй хууль бус үйлдэл гаргасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд гомдлыг хуулийн дагуу хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

3.1. Нэхэмжлэгч М ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан М ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... манай тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дуусах байсан тул сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд гаргасан, ... компанийн гүйцэтгэх удирдлага Ковид-19 вирусээр өвдөж, БНХАУ-д тусгаарлалтад байсан” гэж тайлбарлан маргажээ.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч М ХХК-д Дорнод аймгийн Гурван загал сумын нутаг дэвсгэрт орших Чулуут нэртэй газарт 3,306.27 гектар талбайд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхийг ашигт малтмалын хайгуулын XV-021286 дугаар тусгай зөвшөөрлөөр олгожээ.

4.1. Нэхэмжлэгч компаниас уг тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан байх ба хариуцагчаас “... хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргаагүй” гэсэн үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж ...” гэж заасан.

5.1 Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч давагдашгүй хүчин зүйлийн улмаас төрийн захиргааны байгууллагад хандах, өргөдлөө гаргах, өргөдөлд хавсаргах баримтыг бүрдүүлэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан боловч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааны дотор багтаан тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах өргөдлөө гаргасан нь уг зөвшөөрлийн хугацааг сунгах үндсэн нөхцөл гэж үзсэн болох бөгөөд нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах өргөдлийг хуульд заасан 1 сарын өмнө гаргаагүй нь тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

5.2. Хайгуулын XV-021286 дугаар тусгай зөвшөөрлөөр М ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхийг олгосон болохоос энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах эрхтэй гэж тайлбарлах боломжгүй.

6. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан 1 сарын хугацаа нь нэг талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид хугацаа сунгуулах хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, шийдвэрлүүлэх эрх олгосон бөгөөд нөгөө талаараа тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хүсэлтээ гаргах ёстойг үүрэг болгосон зохицуулалт юм.

6.1. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж, энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасны дагуу хариуцагч байгууллага нь хуулийн хугацаанд ирүүлсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлт, баримтуудыг хянаж, татгалзах эсэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байна.

6.2. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй байхад анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах өргөдлийг хуульд заасан 1 сарын өмнө гаргаагүй нь тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй, хариуцагчид ийм эрхийг хуулиар олгоогүй, зөвшөөрөөгүй байх тул нэхэмжлэгчийн эзэмших ашигт малтмалын хайгуулын XV-021286 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд нийцээгүй учраас ... нэхэмжлэлийг хангах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т нийцэхгүй байна.

6.3. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.

6.4. Хариуцагчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус гэж үзэх боломжгүй тул түүнд захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэх үндэслэл байхгүй.

7. Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаж чадаагүй үндэслэлээ нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх удирдлага Ковид-19 цар тахлын улмаас БНХАУ-д хөл хорионд орсон байсан гэж тайлбарладаг бөгөөд анхан шатны шүүхээс тус нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж дүгнэжээ.

7.1. Гэвч хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд М ХХК-ийн гүйцэтгэх захирал Tsoi Pun Pun нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл БНХАУ-ын Шанхай хот, Хөх хотод тус тус тусгаарлалтад байсан гэж харагдаж байна.

7.2. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн дуусах хугацаанаас 1 сарын өмнө буюу 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө хэдийд ч сунгуулах хүсэлтээ хариуцагч байгууллагад гаргаж болно.

7.3. Өөрөөр хэлбэл, М ХХК-ийн гүйцэтгэх захирал Tsoi Pun Pun нь Монгол Улсад байхдаа тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, хүсэлт гаргах эрх олгох боломжтой байсан хэдий ч энэ эрхээ хэрэгжүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн явдалд төрийн захиргааны байгууллагыг буруутгаж болохгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 621 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан М ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ШҮҮГЧ                                                                        А.САРАНГЭРЭЛ

    

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ