Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/169

 

2021        3             09                                2021/ШЦТ/169                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2021/0124/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

улсын яллагч Л.Мажигсүрэн,

шүүгдэгч Б.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн “20090000001366” дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Хүүхдийн 100” гэх нэршилтэй газрын орчим үйл ажиллагаа явуулдаг Пума бааранд зөөгч ажилтай гэх, ам бүл 5, ээж дүү нарын хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж,                  ХД-86/2-р байрны 80 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Б.А /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Айлофт бааранд үйлчлүүлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хамт цэргийн алба хаасан У.Амгаланбаяртай тааралдан харилцан маргалдаж, түүнийг баруун, зүүн гараараа нүүрэн тус газарт нь цохих, татах өвдөглөх, өшиглөх зэргээр хүч хэрэглэн эрх чөлөөнд нь халдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч У.Амгаланбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Айлофт гэх бааранд найз Тэмүүжин, Оргил, Гантөмөр нарын хамт орсон. Тэнд хамт цэргийн алба хаасан Б.А, Далантай, Дөлгөөн, Саруулхангай, Буяндэлгэр нартай тааралдсан. Тэгээд уулзаж ярилцаж байгаад тамхи татах цэг дээр намайг зогсож байтал Б.А гарч ирээд пивоны шилээр миний нүүр хэсэг рүү цохисон ба би зөрүүлээд цохих гээд чадаагүй. Тэгэхэд Б.А намайг үсдэж тонгойлгоод нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед хамгаалагч нар бид хоёрыг салгасан бөгөөд тэр үлдэж би найзуудын хамт тухайн баарнаас гарч цагдаагийн байгууллагад хандсан юм. Ариун цэврийн өрөөнд тааралдаад Б.А цэрэгт байсан талаараа яриад надад томроод бид маргалдсан байсан юм. Түүнээс болж намайг зодож, цохисон байх. Миний нүд огт юм харахгүй, хавдаж таглараад өвдөж байна. Миний биед учирсан гэмтэл шарх, хохирлыг Б.Аээр барагдуулж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 10946 дугаартай: “...У.Амгаланбаярын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, зүүн хацарт няцарсан шарх, баруун бугалга, цээж, уруулд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 тал/,

Гэрч Б.Далайцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр найз Б.А, Мөнх-Очир нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Айлофт гэх бааранд шөнийн 00 цагийн үед орсон. Тэнд орохоосоо өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би тэнд ороод бүжиглэж байсан Амгаланбаяр, Б.А нар ирсэн. Ирээд тамхилья гэж хэлэхээр нь би тэд нартай цуг тамхины цэг рүү явсан. Тэр 2 над дээр ирэхдээ маргалдчихсан байсан, тэгээд тамхины цэг дээр очиход Амгаланбаяр болон Б.А нар бүгдээрээ цэргийн он жавууд байж ийм асуудал гаргаад дэмий, зүгээр байж байгаад эвлэр гэж хэлээд тэр хоёрыг хооронд нь хүргэхгүй тусгаарлаад байж байтал үргэлжлүүлээд маргалдаад хоорондоо барьцалдаад авсан бөгөөд би салгаж чадахгүй байсан болохоор түр холдсон бөгөөд тэр 2 зодолдсон. Зодоон удаан үргэлжлээгүй бөгөөд хэн хэнийх нь гарт пивоны шил байгаагүй, тэгээд тэр 2 зодолдохоо больсон тул би ариун цэврийн өрөө рүү явсан. Тэр 2 бужигнаад байсан болохоор яг хэн нь хэнийгээ хаана нь хэдэн удаа цохисон талаар хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

Гэрч Г.Мөнх-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.А, бид хоёр ариун цэврийн өрөөнд орсон чинь тэнд Б.Атэй хамт цэргийн алба хаасан Амгаланбаяр гэх залуутай тааралдсан. Б.А найзыгаа танилцуулахдаа “гичий онжий ш дээ” гэж танилцуулсан бөгөөд Амгаланбаяр нь “гичий байснаа санахгүй юм байна шүү” гээд Б.А-н дагз руу 1 удаа хүчтэй алгадсан. Тэгээд Б.А нь чи намайг цохиж байгаа юм уу гээд маргалдаж эхэлсэн бөгөөд Амгаланбаяр нь уурлаад түүн рүү дайраад байсан. Энэ үед хамгаалагч орж ирээд гаргасан. Тэгэхэд Амгаланбаярын хамт явж байсан найзууд нь ирээд түүнийг боль гэж хэлсэн. Тэр үед тэр 2 хоорондоо ярилцаж байсан бөгөөд би ярианд нь оролцохгүйгээр бүжиглэхээр явсан. Дараа нь зодолдсон талаар нь би мэдэхгүй, хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

Б.А-н яллагдагчаар өгсөн: “...Амгаланбаяр нь өөрөө тухайн өдөр бааранд таараад ариун цэврийн өрөөнд нэг найзтайгаа бие засаж байтал орж ирснээ шууд толгой руу цохисон. Тэгээд би яагаад байгаа юм бэ гэж асуухад намайг чи цэрэгт ийм байсан, тийм байсан гээд доромжлоод байсан. Би эхлээд их хүлээцтэй хандсан бөгөөд сүүлдээ намайг тэсвэр алдтал үгээр идээд байсан. Тэгээд биднийг тухайн өдөр ариун цэврийн өрөөнд хэрэлдээд байж байхад хамгаалагч нар ирж гаргасан. Тэгээд тэр ариун цэврийн өрөөнөөс намайг гаргасан. Ариун цэврийн өрөөнд манай найз Очироо, Амгаланбаярын хамт үлдсэн. Тэгээд би хойноос нь ороход Амгаланбаяр нь манай найз Очироотой муудалцаад байж байсан. Тэгээд би Амгаланбаярыг зодоон хийлгэхгүй гээд урдаас нь тэврээд авахад бид 2 руу “та хоёр намайг нийлж зодох гээд байна” гээд дайраад байсан бөгөөд Амгаланбаяр нь тэнд өөрөө пивоны шил хагалах гэж оролдсон боловч хагараагүй. Энэ үед дахин хамгаалагч орж ирж биднийг салгаад баарнаас гаргасан. Тухайн үед миний баруун гар битүү оёдолтой, гэмтэлтэй байсан. Тэгээд бид хоёрыг гадаа гаргасны дараа бид хэсэг байж байгаад баар руу буцаад орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа би ариун цэврийн өрөөнд буцаад ортол Амгаланбаяр нь бас тэнд байсан бөгөөд намайг дахиад өдөөд байхаар нь үзэх үү гэж асуухад тэрээр үзье гэж хэлсэн тул бид хоёр тамхины талбайд нь очоод Амгаланбаярыг баруун гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиод, дараа нь зүүн гараараа 1 удаа цохисон. Тэр үед нь Амгаланбаяр доошоо тонгойсон бөгөөд би Амгаланбаярыг татаж байгаад 1 удаа өвдөглөсөн. Тэгээд жаахан цаашлахаар нь хойноос нь очиж байгаад нүүрэн хэсэгт нь араас нь очоод өлгөж цохисон. Тэгээд байж байтал баахан хүмүүс биднийг салгасан. Ийм асуудал гаргасандаа гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Б.А нь согтуугаар 2020.09.22-ноос 23-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ай лофт шөнийн цэнгээний газарт урьд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хамт цэргийн алба хаасан хохирогч Удаанжаргалын Амгаланбаяртай тааралдахдаа хамт явж байсан найзуудынх нь дэргэд “цэрэгт байхдаа гичий байсан” гэх утгатай доромж үг хэллэг хэрэглэн хэрүүл маргаан үүсгэж  улмаар харилцан зодолдох явцдаа түүний толгой нүүрэн тус газарт нь цохих өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, зүүн хацарт няцарсан шарх, баруун бугалга, цээж, уруулд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд согтуурсан үедээ бусадтай зүй бус харьцаж өөрийгөө дөвийлгөх үүднээс бусдыг доромжлон доош хийсэн бүдүүлэг үг хэллэг хэрэглэн хэрүүл маргаан үүсгэж улмаар хурцадсан асуудлыг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэх гэсэн ухвар мөчид, болчимгүй зан байдал нь нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.А-н хохирогчийн эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж бие махбодид нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.Амгаланбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүнд шүүх хуралдааны зарыг мэдэгдэхэд “надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хариуг өгсөн бөгөөд хохирогчийн хувьд шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч  Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР