Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/60

 

 

 

 

 

 

 

 

 

    2021           02               26                                               2021/ШЦТ/60

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

  Хохирогч Ж.Г, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

   Шүүгдэгч С.Л, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт С.Л-д холбогдох эрүүгийн 2034003490686 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт С.Л, 1985 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 10 тоотод оршин суух, одоо Баянцагаан суманд оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НЬ75555555 регистрийн дугаартай.

 

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч С.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч С.Л-ын өгсөн: Бид нар бүгдээрээ хамт байсан. Бүгд согтуу хэн нь цохисон гэдгээ ч мэдэхгүй байгаа. Найзын маань эрүүл мэндэд хохирол учирсан учраас гурвуулаа гурван талаасаа эмчилгээний зардлыг нь боломжоороо гаргаад найздаа л тусалсан гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ж.Гийн өгсөн: Тухайн үед бид гурав архидаад гурван шил архи уусан. Сансар юу ч мэдэхгүй гэж байгаа. Хамгийн гайгүй байсан нь Сансар энэ хоёр байсан гэж байгаа. Одоо бол бүх юм өөр болоод байгаа. Тухайн үед бол гурвуулаа л мэдэхгүй гээд байгаа би маргааш өглөө нь бодохдоо тухайн үед намайг дүүтэйгээ нийлээд зодсон гэж бодсон. Би өөрөө шоконд орсон дүүтэйгээ нийлээд зодчихлоо яадаг юм билээ гэж бодоод байсан. Сүүлд дүү нь биш болоод Баяраатай ч болоод өөрөө ч надад хэлсэн. Яс юман дээр би эхлээгүй юм байна лээ шүү. Баяраа та хоёр муудаад та хоёрыг зодолдохоор нь би дундуур нь орсон гэж хэлсэн. Одоо бол Сансарын яриа гээд бүх юм эргэлзчихсэн байгаа юм үнэнээрээ байх хэрэгтэй. Бид гэмгүй сайхан найз нөхөд байсан. Би эцсийн эцэст найз байсан эрүүл мэндийнхээ төлөөл явна. Тухайн хүн одоо надад ямар хандлага гаргана тэр бол энэ хүний л асуудал. Би учиргүй их мөнгө нэхээгүй. Би одоо гадаа гараад явахад хүнд хоёр нүдтэй юм шиг харагддаг ч гэсэн цасанд явахаар утаан дотор явж байгаа юм шиг маналздаг. Заримдаа өөрийн мэдэлгүй өрөөсөн нүдээ аньчихсан явж байдаг. Миний нүд дотор байхад гайгүй гадаа гарахаар нэг л сонин байдаг. Би тэгээд дотроо аав ээжээс заяасан алаг нүдээ архинаас болоод ийм болгох ч гэж дээ гээд боддог. Эцсийн эцэст энэ хүмүүсийн хүн чанар харагдана тэрнээс өнөөдөр би хэдэн цаасны төлөө шуналтайдаа яваад байгаа юм биш өөрийнхөө эрүүл мэндийн төлөө явж байгааг манай найз ч гэсэн өөрөө ойлгох байлгүй дээ. Бид бол гэмгүй сайхан найз нөхөд л байсан. Хэдий найз байсан ч гэсэн юм асуудал гардаг л юм байна. Эрхэм шүүгч хуулийн байгууллагад хандахаас өөр би яах вэ. Өөрөө дураараа шийдвэрлэж болох биш бүх нотолгоо баримт нь байгаа учраас асуудлыг шийдвэрлэх байх гэж бодож байна. Гэхдээ одоо асуудлыг огт мэдэхгүй байсан Сансар, Баяраа нар янз бүрийн юм яриад л байгаа тэр нь миний чихэнд хүрээд л байгаа. Сансар хүртэл нөгөө хоёр чинь чи бид хоёрыг бодоход гайгүй байсан гээд эд нар яриад л байгаа. Баяраагийн нүүр ам нь нил цус болчихсон хоёулаа гол дээр очиж цусаа угаасан гэсэн гэрч байгаа. Хамгийн гол нь бид нар юу ч мэдэхгүй байсан тэр айлын хүн энэ хоёрыг хүргэж өгсөн юм байна лээ гэх мэдүүлэг,

 

 Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

 Шүүгдэгч С.Л-ын өгсөн: “Би 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 12-28 тоотод Өлзий-Оршихын барилга дээр Баярсайханы хамт ажиллаж байсан. Өдөр 16 цагийн орчим Ж.Г миний гар утас руу залгаад Сансар бид 1 юм уучхаад ирлээ чи хаана байгаа юм яваад очъё гэсэн. Тэгэхээр нь би төвд явж байна чи хаана байгаа юм бэ би яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн 6594 УБӨ улсын дугаартай хар өнгийн Хонда Сивик гэдэг машинтай ганцаараа Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байдаг "Мөнх төв” худалдааны төв дээр очоод Ж.Г, Сансар нарыг авсан. Тэгэхэд тэр хоёр 0.75 граммтай Хараа нэртэй архи авсан байсан. Бид 3 хамт миний машинтай Төв аймгийн Зуунмод сумын 12-2 тоотод манай ажил дээр ирсэн. Манай ажил дээр ирээд бид нар хашааны хаалгыг онгойлгож машинаа оруулж тавиад архиа задалж нэг татаад байж байтал надтай уулзахаар С.Лсүрэн нь ирсэн. Тэгээд би С.Лсүрэнтэй уулзаад байж байтал архи нь дуусаж байхаар нь би дүү С.Лсүрэнгийн машинтай төв рүү ороод "Мөнх төв"-өөс дахин 1 шил Хараа нэртэй 0.75 граммтай архи, ундааны хамт аваад ахин Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт 12-28 тоотод өөрийн ажил дээр очоод Ж.Г, Сансар нартай уг архиа хувааж уусан. Бид нар архиа хувааж ууж дуусаад байж байхад Өлзий-Орших манай ажил дээр ирэхээр нь би Өлзий-Оршиход хандан ахдаа 1 шил архи аваад өгөөч гэхэд за гээд Өлзий-Орших 0.75 граммтай Соёрхол нэртэй архи авчраад өгсөн тэрийг нь Сансар, Ж.Г бид нар хувааж уучхаад би Өлзий-Оршихын эхнэр Цэцгээгээр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байх Эрчим-80 нэртэй байранд байх ахындаа хүргүүлсэн.” гэх мэдүүлэг /хх 24-25/,

“...Би өөрөө хувиараа айлуудаар барилгын ажил хийдэг юм тэгээд тухайн үед буюу 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван гэх газар айлын барилга дээр ажиллаж байсан чинь утсаар найз Сансар, Ж.Г хоёр залгаад бид хоёр цуг байна хаана байна гэхээр нь би байгаа газраа хэлсэн чинь тэр хоёр яваад ирье гэсэн. Тэгээд миний байсан газар Сансар, Ж.Г хоёр нэг шил архитай ирээд бид гурав миний машинд сууж байгаад тухайн архиа хувааж уугаад би зөрүүлэн архи авч өгөөд мөн уугаад дахиж нэг шил архи ууж байгаад би согтсон. Юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн намайг ахынд унтаж байсан чинь цагдаа ирээд сэрээгээд цагдаагийн газарт ирээд би юу болсон талаар асуухад намайг Ж.Гийг цохиж зодсон хэргээр шалгаж байна гэсэн. Ж.Г-тай юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй аль хэсэгт нь хаана юугаар цохиж зодсон талаар мэдэхгүй би их согтсон байсан. Би Ж.Г-тай ямар нэгэн хамаатан садны холбоо байхгүй ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй. Хэргийн газарт гадаа байгаа зурган дээр харуулсан малгай хохирогч Ж.Гийн малгай. Ж.Г Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байх хугацаанд нь эмчилгээ хохирлын мөнгө гэж 800 000 төгрөг дансаар өгсөн. Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг 12 дугаар гудамж 28 тоот хашаанд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Гийг цохиж зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 47-49/,

 

Хохирогч Ж.Гийн өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 20-ны үдээс хойш Сансар, С.Л нартай нийлж С.Лагийн гэрийн гадна машинд 2 шил архи хувааж уусан ба хамт архи уугаад сууж байгаад нэлээн согтсон. Тэгтэл С.Л намайг гараад ир гэх зэргээр өдөөд байсан ба намайг чи мэдэх үү гээд нүүр рүү гараараа цохиод, хөлөөрөө хавсарч унагаад нүүр, нүд хэсэгт өшиглөсөн ба би манараад л явчихсан би ухаан алдаад сэртэл эмнэлэг дээр байсан. Сансар, С.Л нарыг барилга дээр ажил хийж байгаа болохоор нь хоол унд аваачиж өгөх санаатай уулзсан юм. Сансар, С.Л нартай найз нөхдийн харилцаа холбоотой. Миний биеийн байдал нүд лугшиж өвдөж байгаа нүдний мэс ажилбарт орсон. Миний биед С.Л гэмтэл учруулсан би маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 16-17/,

 “...Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу гэх газраас 2020 оны 4-р сарын 20-ны өдөр 10 цагийн орчим ажил болох Ирээдүй цэцэрлэг орчоод үсээ засуулах гээд төв орсон. Тэгээд үсчинд үсээ засуулаад буцаад цэцэрлэг орсон. Тэнд Сансартай таараад Сансар шагнал авсан гээд байсан. Би гэр лүүгээ явлаа гэсэн чинь Сансар намайг би шагнал авчхаад байхад чи явах гээд байгаа юм уу гээд байсан тэгэхээр нь би дэлгүүр ороод нэг шил архи аваад 5-р багийн нутагт Сансарын гэрт бид хоёр очоод архи хуваагаад юм яриад сууж байсан чинь Сансар С.Л аймагт байгаа барилга барьж байгаа дуудах уу гэсэн. Тэгэхээр нь би найз С.Л-тай уулзаагүй уулзъя гэсэн. Тэгээд Сансар С.Лагийн утас руу залгаад би мэнд мэдээд би хоол цай нэг шил архи аваад очих уу гэсэн тэгтэл С.Л хоол яахав хүрээд ир гэсэн. Тэгээд С.Лагийн байгаа газрыг заалгаад дэлгүүрээс нэг шил архи аваад Сансар бид хоёр С.Лагийн байсан газар болох Энхтайванд очиход С.Л, Баяраа нэрийг нь мэдэхгүй хоёр залуу нар байсан. Тэгээд С.Лагийн машинд Сансар С.Л Баяраа бид нар суугаад авсан нэг шил архи ууж байтал С.Лагийн хөдөө байдаг дүү ирээд С.Л хоёр найздаа нэг шил архи авч өгнө гээд дүүгээ дэлгүүр лүү явуулсан. Дүү нь нэг шил архи авчирсныг ууж байгаад би согтсон байсан. Нэг мэдэхэд С.Л-тай маргалдаж байсан нэг мэдсэн биедээ гэмтэл авч аймгийн эмнэлэгт очсон байсан. Юунаас болж С.Л-тай маргалдсан талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд С.Л-тай маргалдаад С.Л над руу дайраад би ийм хүн шүү дээ чи мэдэх үү гээд хашхираад байсан. С.Л миний нүд рүү өшиглөсөн. Миний эрүүл мэндэд хохирол учруулсан. Тухайн үед би өөр хүнтэй маргалдсан зүйл байхгүй. Тухайн үед миний баруун нүд бүрэлзэж аргаж байсан. Би Улаанбаатар хотод эмнэлэгт 1 сая 700 гаран мянган төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. С.Л надад эмчилгээний мөнгө 800 000 төгрөг өгсөн байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авна. Хэргийн газарт байгаа зурагт байх хар өнгийн дугуй малгай миний өөрийн малгай байна.” гэх мэдүүлэг /хх 18-19, 20/,

 

 Гэрч Л.Өлзий-Оршихын өгсөн: “Би одоо өдрийг нь сайн санахгүй байна 2020 оны 5 дугаар сарын эхээр намайг Төв аймгийн Зуунмод сумын нутагт ажилдаа яваад орой 20 цагийн орчим гэртээ очиход хашаанд танихгүй нэг согтуу залуу нүүр нь цус болчихсон байж байсан. Тэгэхээр нь би Цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн хүн нь хэнд зодуулсан талаар надад хэлээгүй. Тухайн хүн нь архи согтууруулах ундаа уусан их согтуу байсан өөрөө явж чадахгүй хашаа түшээд зогсоод байсан. Тухайн үед намайг гэрт ирэхэд тухайн танихгүй залуу нүүр нь цус болчихсон байсан. Хашаанд өөр хүн байгаагүй. Манай байшин барьж байсан хүмүүс байхгүй байсан. Тэгэхээр нь би ажлаа дуусаад явсан байна гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх 21/,

 

 Гэрч С.Сансарын өгсөн: “Би 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед манай ажил дээр Ж.Г ирсэн. Тэгээд бид 2 хамт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг үсчин Заяа дээр очиж Ж.Гийн үсийг засуулсан. Тэгээд би тэндээс гараад эмийн сангаас өөрийн уудаг даралтын эм аваад тэгээд бид хоёр ажил дээр эргэж очоод Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Дивизийн 5 давхрын дэлгүүрээс 0.5 граммтай Хараа нэртэй архи аваад 5 дугаар баг 9-13 тоот манай гэрт очиж хувааж уусан. Бид хоёр архиа хувааж уучхаад Ж.Г багш С.Лагийн гар утас руу залгаад гурвуулаа хамт 1 юм ууя гэхэд С.Л тэгье та нар "Мөнх" төвийн дэргэд байж бай гэсэн. Тэгээд тэнд байж байхад С.Л машинтайгаа ирээд тэгэхээр нь багш бид 2 ахин 1 шил 0.75 граммтай Хараа нэртэй архи аваад  С.Лагийн машинд суугаад Зуунмод сумын 6 дугаар баг 12-28 тоотод С.Лагийн ажиллаж байсан газар очсон. Бид нар уг 12- 28 тоот хашаанд аваачсан архиа хувааж уусан. Тэгээд архиа ууж байхад С.Лагийн дүү нь машинтай ирсэн. Тэгэхэд С.Л дүүтэйгээ уулзахаар явсан. Тэгэхээр нь хамт ажиллаж байсан Баярааг дуудаад Баяраад ганц 2 удаа архи татуулаад тэгсэн Баяраа больё ажлаа хийлээ гэхээр нь өгөхөө больсон. С.Л орж ирээд тэгээд юм яриад сууж байсан тэгтэл би согтоод тэгээд би явлаа гэж хэлээд тэгээд би тэнд байдаг цэцэрлэгийн сахиул дээр ороод унтаад өгсөн. Тэгсэн тэндхийн сахиул манай эхнэр хүүхдийг дуудаад надыг хүлээлгэж өгсөн байгаа ийм л зүйл болсон. Би 2020 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр Хуягаа, С.Л, Баяраа бид нар хамт архи уусан. Бид нар 2 шил Хараа нэртэй архи уусан. Бид нар хэрэлдэж муудалцаагүй. Бид нар шилэн стаканд архи хийж уусан. Бөөрөнхий, гадуураа шар өнгийн цэцэгтэй шилэн стакан байсан бас цагаан өнгийн цайны аяганд ундаа хийж уусан. Ж.Г гэдэг хүн архи аягалж байсан. Бид нар зодолдоогүй байх.” гэх мэдүүлэг /хх 22/,

 

 Гэрч Ш.Баярсайханы өгсөн: “Би 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө 06:50 цагт босоод ор дэрээ хураагаад цай ундаа ууж байгаад Төв аймаг Зүүндэлгэрт түр оршин суудаг гэрээсээ 07:50 цагийн орчим Төв аймаг Зуунмод сум Энхтайванд Өлзий-Оршихынд ажил хийх гээд очсон. Тэнд С.Л бид хоёр 15 хоногийн өмнөөс бараг цуг ажиллаж байх шиг байна. Тэгээд өдөр 16 цагийн үед С.Л манай хоёр найз ирэх юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд намайг байшин дээвэрлээд байж байтал хоёр найз нь ирчихсэн байсан ба Хараа нэртэй 1 шил архийг С.Л, С.Лагийн найз Сансар, Хуягаа бид 4 хувааж уусан. Архиа ууж дуусаад би дээврээ засаж эхэлсэн. Тэгээд орой 18 цагийн үед Өлзий-Оршихын эхнэр Цэцгээ гэх хүн намайг гэрт хүргэж ирсэн. Тэгээд хашааныхаа хаалга руу орох гэж байгаад хаалганд байсан төмөр тасарчихсан байсан болохоор янзлах гэж байгаад нүд рүүгээ хатгуулсан тэгээд гэртээ байж байтал цагдаа нар ирсэн. Би Өлзий-Оршихын байшинг барьж байгаа юм ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Нэг шил архи уусан намайг очиход архи нь талдаа орж байсан хэдэн литрийн архи байсан талаар би мэдэхгүй байна ямар ч байсан Хараа нэртэй архи байсан. Маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Ямар нэгэн ил тод харагдах гэмтэл шарх сорви байгаагүй. Би С.Л, Сансараа, Хуягаа гуравтай ууснаас хойш өөр хүмүүстэй архи уугаагүй. Өлзий-Орших гэртээ байж байсан байх аа.” гэх мэдүүлэг /хх 23/,

 

 Гэрч Б.Ганбилэгийн өгсөн: “Би одоо өдрийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед би эргүүлийн цагдаа Баатарын хамт гудамж талбайгаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн газрын жижүүрээс Энхтайванд согтуу хүн байна яваад оч гэсэн дуудлага ирсэн. Тэгээд тухайн дуудлага өгсөн газарт явж очиход нэрийг нь мэдэхгүй нэг хүн согтуу хүн нүүр нүд хэсгээс нь цус гарсан байдалтай хашаа налчихсан байсан. Тэгээд тухайн хүнээс нэрийг нь асууж хэнд зодуулсан талаар асуусан чинь согтуурхаад нэрээ болон хэнд зодуулсан талаар хэлэхгүй бид нарыг цаашаа яв гээд хөөгөөд байсан. Тэгээд бид нар эмнэлэгт дуудлага өгөөд эмнэлэг ирээд тухайн хүнийг аваад явсан. Тухайн хүний нүүр нь цус болчихсон нүд хэсгээс нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх 67/,

 

 Гэрч Г.Баатарын өгсөн: “Тухайн өдөр гудамж талбайгаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад орой гадаа харанхуй болсон байсан. Цагдаагийн газрын жижүүрээс Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн нутаг дэвсгэрт манай ажилчинд архи согтууруулах ундаа уусан согтуу байна гэсэн. Тэгээд цагдаа Ганбилэгийн хамт дуудлага аваад очиход танихгүй нэг хүн архи согтууруулах ундаа уусан байдалтай нүд орчмоос нь цус гарчихсан хашаа түшээд байж байсан. Тэгээд би эмнэлэг рүү залгаж дуудлага өгөөд эмнэлэг ирээд тухайн хүнийг аваад явсан. Тухайн үед тэр хүнээс нэрийг нь асуух болон хэнд зодуулсан талаар асуухад согтуурхаад бид нарыг зайл гээд хашхираад өөдөөс согтуурхаад байсан.  Тухайн хүний нүүр хэсэг нь гэмтсэн нүднээс нь цус гарч байсан. Тухайн үед дуудлага өгсөн хүн нь Оршихоо гэх залуу байсан.” гэх мэдүүлэг /хх 68/, 

 

          Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №239 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 27/,

 Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №94 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 30-31/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №2465 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 38-39/,

 

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 7-8/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-14/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 50/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 53-56/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар: 

 

         Шүүгдэгч С.Л нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 12 дугаар гудамжны 28 тоот хашаанд Ж.Г нартай архидан согтуурч байхдаа Ж.Г-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч С.Л-ын өгсөн: “Би 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 12-28 тоотод Өлзий-Оршихын барилга дээр Баярсайханы хамт ажиллаж байсан. Өдөр 16 цагийн орчим Ж.Г миний гар утас руу залгаад Сансар бид 1 юм уучхаад ирлээ чи хаана байгаа юм яваад очъё гэсэн. Тэгэхээр нь би төвд явж байна чи хаана байгаа юм бэ би яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн 6594 УБӨ улсын дугаартай хар өнгийн Хонда Сивик гэдэг машинтай ганцаараа Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байдаг "Мөнх төв” худалдааны төв дээр очоод Ж.Г, Сансар нарыг авсан. Тэгэхэд тэр хоёр 0.75 граммтай Хараа нэртэй архи авсан байсан. Бид 3 хамт миний машинтай Төв аймгийн Зуунмод сумын 12-2 тоотод манай ажил дээр ирсэн. Манай ажил дээр ирээд бид нар хашааны хаалгыг онгойлгож машинаа оруулж тавиад архиа задалж нэг татаад байж байтал надтай уулзахаар С.Лсүрэн нь ирсэн. Тэгээд би С.Лсүрэнтэй уулзаад байж байтал архи нь дуусаж байхаар нь би дүү С.Лсүрэнгийн машинтай төв рүү ороод "Мөнх төв"-өөс дахин 1 шил Хараа нэртэй 0.75 граммтай архи, ундааны хамт аваад ахин Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт 12-28 тоотод өөрийн ажил дээр очоод Ж.Г, Сансар нартай уг архиа хувааж уусан. Бид нар архиа хувааж ууж дуусаад байж байхад Өлзий-Орших манай ажил дээр ирэхээр нь би Өлзий-Оршиход хандан ахдаа 1 шил архи аваад өгөөч гэхэд за гээд Өлзий-Орших 0.75 граммтай Соёрхол нэртэй архи авчраад өгсөн тэрийг нь Сансар, Ж.Г бид нар хувааж уучхаад би Өлзий-Оршихын эхнэр Цэцгээгээр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байх Эрчим-80 нэртэй байранд байх ахындаа хүргүүлсэн. ...Ж.Г-тай юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй аль хэсэгт нь хаана юугаар цохиж зодсон талаар мэдэхгүй би их согтсон байсан. Би Ж.Г-тай ямар нэгэн хамаатан садны холбоо байхгүй ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй. Ж.Гийн эмчилгээ хохирлын мөнгө гэж 800 000 төгрөг дансаар өгсөн. Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг 12 дугаар гудамж 28 тоот хашаанд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Гийг цохиж зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 24-25, 47-49/,

 

Хохирогч Ж.Г-ийн өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 20-ны үдээс хойш Сансар, С.Л нартай нийлж С.Л-гийн гэрийн гадна машинд 2 шил архи хувааж уусан ба хамт архи уугаад сууж байгаад нэлээн согтсон. Тэгтэл С.Л намайг гараад ир гэх зэргээр өдөөд байсан ба намайг чи мэдэх үү гээд нүүр рүү гараараа цохиод, хөлөөрөө хавсарч унагаад нүүр, нүд хэсэгт өшиглөсөн ба би манараад л явчихсан би ухаан алдаад сэртэл эмнэлэг дээр байсан. Сансар, С.Л нарыг барилга дээр ажил хийж байгаа болохоор нь хоол унд аваачиж өгөх санаатай уулзсан юм. Сансар, С.Л нартай найз нөхдийн харилцаа холбоотой. Миний биеийн байдал нүд лугшиж өвдөж байгаа нүдний мэс ажилбарт орсон. Миний биед С.Л гэмтэл учруулсан би маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 16-17/,

 ...Юунаас болж С.Л-тай маргалдсан талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд С.Л-тай маргалдаад С.Л над руу дайраад би ийм хүн шүү дээ чи мэдэх үү гээд хашхираад байсан. С.Л миний нүд рүү өшиглөсөн. Миний эрүүл мэндэд хохирол учруулсан. Тухайн үед би өөр хүнтэй маргалдсан зүйл байхгүй. Тухайн үед миний баруун нүд бүрэлзэж аргаж байсан. Би Улаанбаатар хотод эмнэлэгт 1 сая 700 гаран мянган төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. С.Л надад эмчилгээний мөнгө 800 000 төгрөг өгсөн байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авна. Хэргийн газарт байгаа зурагт байх хар өнгийн дугуй малгай миний өөрийн малгай байна.” гэх мэдүүлэг /хх 18-19, 20/,

 

 Гэрч Л.Өлзий-Оршихын өгсөн: “Би одоо өдрийг нь сайн санахгүй байна 2020 оны 5 дугаар сарын эхээр намайг Төв аймгийн Зуунмод сумын нутагт ажилдаа яваад орой 20 цагийн орчим гэртээ очиход хашаанд танихгүй нэг согтуу залуу нүүр нь цус болчихсон байж байсан. Тэгэхээр нь би Цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн хүн нь хэнд зодуулсан талаар надад хэлээгүй. Тухайн хүн нь архи согтууруулах ундаа уусан их согтуу байсан өөрөө явж чадахгүй хашаа түшээд зогсоод байсан.” гэх мэдүүлэг /хх 21/,

 

 Гэрч Б.Ганбилэгийн өгсөн: “Би одоо өдрийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед би эргүүлийн цагдаа Баатарын хамт гудамж талбайгаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн газрын жижүүрээс Энхтайванд согтуу хүн байна яваад оч гэсэн дуудлага ирсэн. Тэгээд тухайн дуудлага өгсөн газарт явж очиход нэрийг нь мэдэхгүй нэг хүн согтуу хүн нүүр нүд хэсгээс нь цус гарсан байдалтай хашаа налчихсан байсан. Тэгээд тухайн хүнээс нэрийг нь асууж хэнд зодуулсан талаар асуусан чинь согтуурхаад нэрээ болон хэнд зодуулсан талаар хэлэхгүй бид нарыг цаашаа яв гээд хөөгөөд байсан. Тэгээд бид нар эмнэлэгт дуудлага өгөөд эмнэлэг ирээд тухайн хүнийг аваад явсан. Тухайн хүний нүүр нь цус болчихсон нүд хэсгээс нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх 67/,

 

 Гэрч Г.Баатарын өгсөн: “Тухайн өдөр гудамж талбайгаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад орой гадаа харанхуй болсон байсан. Цагдаагийн газрын жижүүрээс Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн нутаг дэвсгэрт манай ажилчинд архи согтууруулах ундаа уусан согтуу байна гэсэн. Тэгээд цагдаа Ганбилэгийн хамт дуудлага аваад очиход танихгүй нэг хүн архи согтууруулах ундаа уусан байдалтай нүд орчмоос нь цус гарчихсан хашаа түшээд байж байсан. Тэгээд би эмнэлэг рүү залгаж дуудлага өгөөд эмнэлэг ирээд тухайн хүнийг аваад явсан. Тухайн үед тэр хүнээс нэрийг нь асуух болон хэнд зодуулсан талаар асуухад согтуурхаад бид нарыг зайл гээд хашхираад өөдөөс согтуурхаад байсан.  Тухайн хүний нүүр хэсэг нь гэмтсэн нүднээс нь цус гарч байсан. Тухайн үед дуудлага өгсөн хүн нь Оршихоо гэх залуу байсан.” гэх мэдүүлэг /хх 68/,  

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №94 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ж.Г-ийн биед эвэрлэгийн нэвтэрсэн шарх, хоройд хавчигдалт, шилэнцэрт цус харвалт, болорын цайлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 5.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэжээ /хх 30-31/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №2465 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн С.Лагийн өмсөж явсан гэх богино түрүүтэй хар өнгийн гутал дээр цус илэрсэн. 2.Шинжилгээнд ирүүлсэн гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүнийх байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Ж.Г гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэжээ /хх 38-39/,

 

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 7-8/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-14/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

           

            Шүүгдэгч С.Л нь согтуурсан үедээ танхай сэдэлт, санаатай үйлдлээр хохирогч Ж.Гийн нүүрэн тус газар өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь эвэрлэгийн нэвтэрсэн шарх, хоройд хавчигдалт, шилэнцэрт цус харвалт, болорын цайралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцралт бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.

 

            Шүүгдэгч С.Л-ын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн,    

 

            хяналтын прокуророос шүүгдэгчийг дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

            Хохирогч Ж.Г нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1 662 312 төгрөгийн хохирлын баримт ирүүлж, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна гэв.

 

            Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэргийн 59-63-р хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Үүнээс шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид өгсөн 800 000 төгрөгийг хасаж үлдэх 862 312 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирогчид Ж.Г-т учирсан гэм хорын хохиролд Баярсайхан 500 000 төгрөг, Сансар 400 000 төгрөг тус тус өгсөн гэх бөгөөд үүнийг хохирогчийн шүүх хуралдаанд нэхэмжилсэн хохирлоос хасаж тооцох үндэслэлгүй гэж шүүх үзсэн. Учир нь: Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй шударга ёсны зарчмын дагуу Иргэний хуулийн 497 дугаар зүйлд бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүйн үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул хохирогч Ж.Г-т учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч С.Л хариуцан арилгах үүрэгтэй.            

 

            Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

            Улсын яллагч шүүгдэгч С.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай ямар нэг санал гаргаагүй, шүүгдэгч С.Л нь торгуулийн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх санал тус тус гаргав.  

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэжээ.   

 

            Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 50-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Баянцагаан суманд амьдардаг /хх 56/ зэрэг баримтууд авагджээ.

 

            Шүүгдэгч С.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид гэм хорын хохиролд 800 000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн түүнд дээрх зүйл хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

            Эрүүгийн 2034003490686 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн богино түрүүтэй нэг ширхэг гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Л-д буцаан олгож,

            хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

            Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б овогт С.Л-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-с 862 312 /найман зуун жаран хоёр мянга гурван зуун арван хоёр мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Зуунмод сумын 3-р баг оршин суух хохирогч Т овогт Ж.Г /РД:ЗА00000000/-т олгосугай.

 

            6.Хохирогч Ж.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

 

            7.Эрүүгийн 2034003490686 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн богино түрүүтэй нэг ширхэг гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Л-д буцаан олгосугай.

 

            8.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            10.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.БАТЖАРГАЛ