Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/85

 

 

 

 

 

 

 

 

 

    2021              3                05                                                2021/ШЦТ/85

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, 

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овогт С.Б-д холбогдох эрүүгийн 2034000000681 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д овогт С.Б, 1993 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Төв аймгийн Цээл сум, 5 дугаар баг 80 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НА93050600 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч С.Б-ын өгсөн: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй гэх,   

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Гэрч А.Гэрэлмаа /хх 3/, насанд хүрээгүй гэрч Б.З /хх 4-6, 43/ нарын мэдүүлэг, С.Б-ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 26-27, 37-40/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, нас тоолсон тэмдэглэл /хх 28-29/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44/, Төв аймгийн Цээл сумын 5-р багийн Засаг даргын 2020.11.25-ны өдрийн 15/135 дугаартай албан тоот /хх 50/, ЭХЭМҮТ-ийн 2020.10.07-ны өдрийн төрөлтийн түүх №/хх 52-59/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болно. 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь 15 нас 9 сартай Б.З-той 2020 оны 4, 5 дугаар сард Төв аймгийн Цээл сумын нутагт бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон болох нь;

 

Насанд хүрээгүй хохирогч Б.З-гийн өгсөн: “Би Төв аймгийн Цээл суманд ах, эмээгийн хамт амьдардаг. Харин миний төрсөн эх Батцэцэг Өлзийсайхан гэх хүнтэй 2014 онд суугаад түүнээс хойш хамтран амьдарч одоо дундаасаа 2 хүүхдийн эцэг болсон. Тэгээд миний хойд аав болох Өлзийсайханы хамаатан С.Б гэж надаас ах хамаатны залуу минь байдаг. Тэгээд тус залууг эртнээс мэддэг бөгөөд 2020 оны 3 сард С.Б үерхэж эхлээд 2020 оны 4 сарын сүүл орчмоор С.Б гэх залуутай бэлгийн харьцаанд орсон. Тухайн үедээ бол би жирэмсэн болсон гэдгээ огт мэдээгүй байж байгаад миний сарын тэмдэг 2 сарын турш ирэхгүй байхаар нь 2020 оны 6 сарын сүүл орчмоор С.Б-ад энэ талаараа хэлэхэд надад 2020 оны 7 сарын 01-ны өдөр жирэмсний тест авчирч өгөөд би түүгээр нь маргааш нь буюу 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шалгаж үзэхэд 2 зураастай гарч ирсэн. Тэгээд энэ талаараа тэр даруй өөрийн эмээ Өсөхбаярт хэлэхэд эмээ минь уурлаад хүмүүсээс асууж сурч байгаад Моданна гэх нэртэй эмийг 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр авчирч өгөөд энийг уугаад үз хэрвээ бага сартай байх юм бол зулбачихдаг гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хэлсний дагуу нийт 10 ширхэг эмийг өдөр болгон уухад ямар нэгэн өөрчлөлт мэдэгдэхгүй байж байгаад 2020 оны 8 дугаар сарын эхээр миний сарын тэмдэг ирж байгаа юм шиг цус гарсан. Тэгээд би миний сарын тэмдэг ирчихлээ гэж бодоод тайвшраад байж байтал 2020 оны 9 дүгээр сард сарын тэмдэг мөн адил ирээгүй. Тэгэхээр нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эмээд дахиж сарын тэмдэг ирээгүй гэж хэлтэл миний ээж Батцэцэг ирээд чи жирэмсэн болчихсон юм уу гэж асуухаар нь би бүх үнэнээ хэлсэн. Тэгтэл миний нагац ах Батболд, эгч Отгонсүрэн нартай яриад намайг унаанд суулгаад Улаанбаатар хотод Драгон төв дээр ах Батболд, эгч Отгонсүрэн нар тосоод Нийслэлийн 2-р төрөх эмнэлэг рүү очиж ЭХО-д харуулахад чиний хүүхдийг авах сараас хэтэрсэн байна тийм учраас ЭХЭМҮТ-рүү очоод үз гэж хэлсэн. Тэгээд ЭХЭМҮТ-ийн яаралтай түргэн тусламжийн төвд ирэхэд эмч нар нь үзээд хэвтээд яаралтай эмчилгээ хийсэн. Би өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би 3-4 удаа бэлгийн харьцаанд орсон. Хамгийн анх бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт хэрэглээгүй бусад үед нь бол хэрэглэсэн. Би 2020 оны 4 дүгээр сарын сүүл орчмоор Төв аймгийн Цээл суманд С.Б-ын гэрт нь бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед гэрт нь бол хүн байгаагүй. С.Б надаас бэлгийн харьцаанд орж үзсэн үү гэж надаас асуухаар нь би бэлгийн харьцаанд орж үзээгүй гэж хэлтэл хоёулаа бэлгийн харьцаанд орж үзэх үү гэж надаас асуугаад бэлгийн харьцаанд орсон. Өөр хэн нэгэнд бол огт хэлээгүй. С.Б нь миний найз Нансалцэцэгийн ах нь бөгөөд бага наснаасаа нэгнийгээ мэддэг байсан. Миний найз Агиймаа мэдэж байсан. С.Б нь надад таалагдаад хамгийн анх үерхэх болсон. С.Б нь намайг жирэмсэн болсон талаар мэдсэн бөгөөд ерөнхийдөө би эмээдээ жирэмсэн болсон талаараа хэлээд дахиж намайг гэрээс гаргаагүй.” /хх 4-6/,

“Тухайн үед хүч хэрэглээгүй. Би тухайн үед 15 настай байсан. С.Б хэдэн настай байсныг мэдэхгүй байна. С.Б надтай бэлгийн харьцаанд орохдоо намайг 15 настай гэдгийг мэдэж байсан. Надад гомдол, санал байхгүй. Цаашид хамт амьдрах эсэхээ мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 43/,

 

Шүүгдэгч С.Б-ын өгсөн: “Би Б.З-д хайртай эцэг, эх хүлээн зөвшөөрч байгаа. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Цаашдаа гэрлэлтээ батлуулж хамтдаа амьдарна. Эцэг хүний үүрэг хариуцлагаа хүлээнэ. Би Б.З-той 2020 оны 5 дугаар сарын эхээр хамгийн анх бэлгийн харьцаанд орсон гурав хоногийн зайтай дахиж бэлгийн харьцаанд орсон. Нийтдээ таваас зургаан удаа бэлгийн харьцаанд орсон. Энэ хугацаанд бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орсон. Би Б.З-той бэлгийн харьцаанд орохдоо Б.З-гийн эсрэг ямар нэгэн хүч хэрэглээгүй Б.З өөрөө зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон. Б.З надтай үерхэж байхдаа арван таван настай байсан. Би Б.З-г жирэмсэн болсныг мэдэж байгаа. 2020 оны 7 дугаар сард надад жирэмсэн болсон юм шиг байна гэхээр нь би тест авч өгөхөд хоёр зураас гарсан. Би арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох нь гэмт хэрэг гэдгийг мэдэхгүй. Б.З бид хоёр үерхэж байгаа, цаашдаа хамтран амьдарна." гэх мэдүүлэг /хх 37-40/,

“Б.З-гийн эмээ Өсөхбаяр, ээж Батцэцэг нар манай аав Сүхчулуун ээж Батхүү нартай гэр бүлийн найз нөхөд. Бид хоёр нэгнийгээ танина заримдаа утсаар ярьж фейсбүүкээр чат бичдэг байгаад уулздаг болж улмаар дотно үерхэх болсон. Бид хоёрыг үерхдэг талаар манай эцэг, эх мэдэхгүй. 2020 оны 5 дугаар сарын эхээр байх Б.З бид 2 уулзаж гадуур манай машинтай явж байгаад Цээл сумын төвийн хойд талд машинд бэлгийн харьцаанд орсон. Тэрнээс хойш таван удаа бэлгийн харьцаанд орсон. Энэ хугацаанд ямар нэгэн бэлгэвч хэрэглэдэггүй байсан. Б.З өөрөө зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон. Би 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж болохгүй талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх 26-27/,

Шүүх хуралдаанд өгсөн: "Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүүхэд, Б.З хоёртойгоо хамт амьдарна. Төрсний дараа 800 000 төгрөг өгсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү." гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Гэрэлмаагийн өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн орчим яаралтай түргэн тусламжаар тус тасагт 16 настай Б.З гэх охин хууль бусаар, эмээр жирэмслэлт тасдахыг завдсан жирэмсний хяналтад ороогүй гэх оноштой хүргэгдэж ирсэн. Жирэмслэлтийн хувьд 24 нидельтэй буюу 6 сартай, журамд заасны дагуу жирэмслэлтийг тасдах нөхцөл илрээгүй байна.” гэх мэдүүлэг /хх 3/,

 

ЭХЭМҮТ-ийн 2020.10.07-ны өдрийн төрөлтийн түүх № /хх 52-59/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч С.Б "Би Б.З-д хүч хэрэглээгүй, бид хоёр үерхэж байгаад бэлгийн харьцаанд орсон, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж болдоггүй гэдгийг мэдээгүй." гэж мэдүүлсэн хэдий ч түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй. Учир нь: С.Б хохирогч Б.З-г 15 нас 9 сартай байхад нь бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон. Энэ  нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Хэрэг учрал болох үед буюу 2020 оны 4, 5 дугаар сард Б.З нь 15 нас 9 сартай байсан болох нь түүний 2004 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн талаарх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 11/-аар тогтоогдсон.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

 

            Шүүгдэгч С.Б нь насанд хүрсэн, тодорхой хэмжээний боловсролтой, эцэг, эх нь хохирогчийн ар гэртэй гэр бүлийн харилцаатай найз нөхөд, хохирогч Б.З-гийн өгсөн: "С.Б нь миний найз Нансалцэцэгийн ах нь бөгөөд бага наснаасаа нэгийгээ мэддэг." гэх мэдүүлэг зэргээс Б.З-г арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжгүй байсан, мэдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн арван зургаан настай хүнтэй бэлгийн харьцаанд орж болдоггүйг мэдээгүй гэснээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

            Шүүгдэгч С.Б нь Б.З-той 2020 оны 3 дугаар сараас эхлэн үерхэж улмаар түүнийг 16 насанд хүрээгүй 15 нас 9 сартай байхад нь 2020 оны 4, 5 дугаар сард 4-5 удаа бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Б нь хохирогч Б.З-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 800 000 төгрөг өгсөн болохыг дурдаж, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Улсын яллагч хүүхдийн эрх ашгийн үүднээс цаашид гарах зардлыг нээлттэй орхих санал оруулсныг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Хохирогч Б.З нь эрүүл мэндийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд хүүхдийн асрамж, тэжээн тэтгэхтэй холбоотой зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар зохицуулагдахгүй харин Гэр бүлийн тухай хуулиар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар зохицуулагдах болохыг дурдав.     

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл  байдал байна. Хохирол, хор уршиг арилсан. Хохирогч тухайн үед 15 нас 9 сартай бараг 16 нас хүрсэн байсан. Монгол улсад шинэ иргэн мэндэлсэн зэргээс Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэн тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44/, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймаг Цээл сумын Майхан 3-р баг Муурын байшин 3-р гудамжны 80 тоотод оршин суудаг, Би 1996 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн. Эхээс 6-уулаа нэг ах, эгч, гурван дүүтэй. Бага насандаа эцэг, эхийн гар дээр өссөн. Дараа нь Төв аймгийн Цээл суманд сургуульд сурч бүрэн дунд боловсрол эзэмшиж, 2016 онд хугацаат цэргийн алба Зэвсэгт хүчний 032 ангид хааж сумандаа ирж 2017 оноос мал маллах болсон талаар Төв аймгийн Цээл сумын Засаг даргын тодорхойлолт /хх 50/ болон бусад баримтууд зэрэг баримтууд авагджээ.

 

Шүүгдэгч С.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж гэмт хэргийн шинж, чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан /хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бага насны эмэгтэй хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал халамж сул байдал нь Хүүхдийн эрхийн тухай хууль зөрчигдөж, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн гэж үзэн/ зэргээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн 2034000000681 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д овогт С.Б-ыг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж  жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Б-ыг 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ад оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн 2034000000681 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ