| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0049/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/88 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/88
2021 03 05 2021/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З овогт Х.М-д холбогдох эрүүгийн 2034005990639 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, З овогт Х.М, 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЛН8888888 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Х.М-ын өгсөн: Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Э.Ч /хх 23, 28/, Х.Мын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 24-25, 50-51/, гэрч Д.Пүрэвсүрэн /хх 26, 27/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020.9.22-ны өдрийн №559 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 31-32/,
“Хас Үнэлгээ” ХХК-ний 2020.9.17-ны өдрийн №688 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 40-42/,
Хэргийн газар хийсэн тэмдэглэл /хх 6/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /хх 7-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-19/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 20/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Х.М нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5-р багийн нутагт 1010 ЭАА улсын дугаартай Хино Ренжер /HINO RANGER/ маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Арван нэгдүгээр бүлгийн 11.3 дахь заалт "Эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.", Арван хоёр дугаар бүлгийн 12.5 дахь хэсгийн а/. заалт "Автобус, троллейбусаар хүн тээвэрлэх үед суурин газарт цагт 50 км, суурин газрын гадна цагт 70 км-ээс хэтрүүлэхийг хориглоно."-ыг зөрчсөний улмаас Д.Пүрэвсүрэнгийн жолоодож явсан 6060 ААА улсын дугаартай Хино Дутро /HINO DUTRO/ маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Э.Ч-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Х.М-ын өгсөн: “Би 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө үүрээр 03 цагийн үед Улаанбаатар хотоос найз Чулуунбаатарын хамт түүний эзэмшлийн Хино Ренжер 1010 ЭАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар аймаг руу явахаар гарсан. Би уг машиныг бариад Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт явж байсан. Тэгтэл миний машины хажуу талаар машин зөрөх шиг болсон. Тэгтэл тэр машинтай жолоочийн эсрэг талаараа мөргөлдөөд зогссон. Тэгээд бид нар цагдаа дуудаад шалгуулсан. Би уг машиныг жолоодож явсан. Би найз Чулуунбаатартай хамт явж байсан. Би 70 орчим километр цагийн хурдтай явж байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Би 2013 онд жолооч болсон, BCDE ангилалтай. Зам чөлөөтэй харагдаж байсан бөгөөд зам дээр хөдөлгөөн сийрэг байхаар нь цагаан шугам руу шахаад явж байсан. Би найз Э.Ч болон нөгөө машины жолоочийн хохирлыг төлж барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг /хх 24, 25/,
Хохирогч Э.Ч-ын өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сар 16-ны өглөө 3 цагийн орчим Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг орох гээд өөрийн эзэмшлийн Хино Ренжер маркийн 1010 ЭАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй найз Х.М жолоодоод би жолоочийн хажууд суугаад унтаж явсан. Юу болсныг сайн мэдэхгүй байна, сэртэл машинтай мөргөлдсөн байсан. Зүүн хөл хавдаад хатгуулаад өвдөөд байна, баруун хөмсөг бага зэрэг хавдсан шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гадаа харанхуй байсан, цаг агаар тогтуун зам хуурай байсан. Би бүс зүүгээгүй. Тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл." гэх мэдүүлэг /хх 23, 28/,
Гэрч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн: “Би 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгаас Улаанбаатар хот орох гээд Э.Даваажав гэх манай хуурай дүүгийн эзэмшлийн Хино Дутро маркийн 3066 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа явсан. Тэгээд Эрдэнэ сум өнгөрөөд явж байтал Хино маркийн цагаан өнгийн том оврын тээврийн хэрэгсэл урдаас ирж байгаад гэнэт урсгал сөрөөд ороод ирсэн. Миний машины зүүн урд хэсгийг мөргөөд цааш яваад зогссон. Бэртэл гэмтэл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. 60 км цагийн хурдтай явж байсан. Нэг хүний хөл өвдөж байна гэсэн өөр бэртсэн хүн байгаагүй. Би бүс зүүсэн байсан. Гадаа тогтуун үзэгдэх орчин чөлөөтэй гадаа харанхуй зам хуурай ямар нэгэн саад байгаагүй. BCDE ангилалтай 101010 дугаарын үнэмлэхтэй. Энхболд овогтой Даваажав гэх манай хуурай дүүгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Үнэлгээ хийлгэнэ.” гэх мэдүүлэг /хх 26/,
“...Би уг дүгнэлтүүдтэй танилцлаа надад санал хүсэлт, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 27/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020.9.22-ны өдрийн №559 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Э.Ч-ын биед лямбда заадаснаас дагзны том нүх хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн шилбэний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэжээ. /хх 31-32/,
Мөрдөгчийн магадалгаа: "3266 СҮА дугаартай Хино ренжер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.М нь МУ-ын ЗХДүрмийн Арван нэгдүгээр бүлгийн 11.3 дахь заалт "Эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.", Арван хоёр дугаар бүлгийн 12.5 дахь хэсгийн а заалт "Автобус, троллейбусаар хүн тээвэрлэх үед суурин газарт цагт 50 км, суурин газрын гадна цагт 70 км-ээс хэтрүүлэхийг хориглоно."-ыг тус тус зөрчсөн байна. 1010 ЭАА улсын дугаартай Хино дутро маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Пүрэвсүрэн нь МУ-ын ЗХДүрэм зөрчөөгүй байна." гэжээ /хх 43/,
“Хас Үнэлгээ” ХХК-ний 2020.9.17-ны өдрийн №688 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 40-42/,
Хэргийн газар хийсэн тэмдэглэл /хх 6/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /хх 7-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-19/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Х.Мыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ч-ын эрүүл мэндэд хүнд хохирол, түүний эзэмшлийн 1010 ЭАА улсын дугаартай Хино Ренжер /HINO RANGER/ маркийн тээврийн хэрэгсэлд хохирол, Д.Пүрэвсүрэнгийн жолоодож явсан Э.Даваажавын эзэмшлийн 6060 ААА улсын дугаартай Хино Дутро /HINO DUTRO/ маркийн тээврийн хэрэгсэлд 8 795 000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулан, гомдол саналгүй болгосон болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мөрдөгчийн: "Э.Даваажавтай ярьж иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлагатай байгааг хэлэхэд тээврийн хэрэгслээ Х.М-од 13 сая төгрөгөөр бодож зараад мөнгөө авчихсан, одоо надад хамаагүй." гэх тэмдэглэл /хх 63/, хохирогч Э.Ч-т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар зэргээр тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Х.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулах санал,
шүүгдэгч Х.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.М-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Х.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 55-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон.
Шүүгдэгч Х.М нь дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Хуульд зааснаар тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд шүүгдэгчид оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг дурдав.
Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн 101010 дугаартай BCDE ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,
эрүүгийн 2034005990639 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч З овогт Х.М-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Х.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Х.М-ын тэнссэн 1 жил, 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Х.М-ын №780344 дугаартай BCDE ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185.2, 186.1-т зааснаар шүүгдэгч Х.М-ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Эрүүгийн 2034005990639 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ